Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01492

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022             08           12                                              210/МА2022/01492

 

 

Х.З.Ү.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00745 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.З.Ү.Хгийн хариуцагч Б.З ХХК ХХК-д холбогдуулан гэрээний  үүргийн төлбөрт 1,680,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мандалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нямбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х.З.Ү.Х нь Б.З ХХК ХХК-тай 2010 оноос эхлэн хамтран ажиллаж, 2012 оны 3-р сарын 27-ний өдөр сэтгүүл борлуулалтын гэрээ байгуулсан. Тус компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай байгууллагад 1,680,600 төгрөгийн үлдэгдэлтэй, Б.З ХХК ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/2014 тоот албан бичгээр төлбөр тооцоог барагдуулах тухай манайд мэдэгдсэн боловч одоог хүртэл арга хэмжээ авч, төлбөрөө барагдуулаагүй, хохирол учруулаад байна. Бид тус компанид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хариуцагч Б.З ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэнгийн оршин суугаа хаягыг тогтоосон. Хариуцагч нь хуучин захирал Б.Батцэрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэдэг нь Б.З ХХК ХХК болон Б.Батцэрэн нарын хоорондын асуудал бөгөөд эрүүгийн хэргээр Б.Батцэрэн эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь Б.З ХХК ХХК-д учирсан хохирлыг Б.Батцэрэнгээс гаргуулах эсэх талаарх маргаан юм. Тус эрүүгийн хэргийн шийдвэр Б.З ХХК ХХК-ийг Х.З.Ү.Хд төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд иргэний маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч Б.З ХХК ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэл, редакцийн захиалгын орлого 1,680,600 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2017 оноос 2019 оны 09 сар хүртэл Б.З ХХК ХХК-ийн гүйцэтгэх захирлаар н.Батцэрэн гэх хүн ажиллаж байсан. Тухайн үед Х.З.Ү.Хгийн хохирол гэх 1,680,600 төгрөгийг н.Батцэрэн нь хувьдаа завшиж, захиран зарцуулсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б.З ХХК ХХК-аас Х.З.Ү.Хд хүсэлт гаргасан. Тухайн үед дээрх төлбөр тооцоог барагдуулах хүсэлттэй байна гэсэн хүсэлтийг захирал н.Батцэрэн гаргаж, өөрөө гарын үсэг зураад Х.З.Ү.Хд хүргүүлсэн. н.Батцэрэн захирал нь Б.З ХХК ХХК-ийг дампууруулах үндэслэл бий болгож нийт 121 сая төгрөгийн хохирол учруулсан. Х.З.Ү.Хгийн хохирол 1,680,600 төгрөг орсон байгаа. Гэвч 2017-2019 оны хооронд н.Батцэрэн гэх хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа Х.З.Ү.Хд хохирол учруулсан гэж үзэж байна. Б.З ХХК ХХК-ийн дансаар орж ирсэн орлого, зарлага байхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн н.Батцэрэнгийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч нь Б.З ХХК ХХК биш харин гүйцэтгэх захирал н.Батцэрэнд холбогдох хэрэг учраас хариуцагчийг солих шаардлагатай гэж үзэж байна. Манай компани хариуцагч байх ямар ч үндэслэл байхгүй, одоо манай компаний гүйцэтгэх захирал нь 2022 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Я.Лхагвасүрэн бүртгэгдсэн тул түүний гэрийн хаягаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяалалын дагуу шилжүүлж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.З ХХК ХХК-аас 1,680,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.З.Ү.Хд олгож, нэхэмжлэгч Х.З.Ү.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч Б.З ХХК ХХК-аас 41,839 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2017-2019 оны хооронд н.Батцэрэн гэх хүн гүйцэтгэх захиралаар ажиллаж байх хугацаандаа Х.З.Ү.Хд хохирол учруулсан гэж үзэж байгаа боловч Б.З ХХК ХХК-ийн дансаар орж ирсэн орлого, зарлага огт байхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тухайн үед гүйцэтгэх захирал байсан н.Батцэрэн нь Х.З.Ү.Хд төлбөр тооцоог барагдуулах хүсэлтэй байгааг бичгээр илэрхийлсэн байдаг тул нэхэмжлэгч нь хохиролоо Б.З ХХК ХХК-аас нэхэмжлэх бус иргэн н.Батцэрэнгээс нэхэмжлэх, мөн хариуцагчийг солих боломжтой байтал Анхан шатны шүүх авч хэлэлцээгүй. ИХШХШ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж Б.З ХХК ХХК-ийн захиралаар томилогдсон Я.Лхагвасүрэнгийн хаягаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2012 оны 03 дугаар сарын 27-нд сэтгүүл борлуулалтын гэрээг иргэн Н.Батцэрэнтэй бус Б.З ХХК ХХК-тай байгуулсан. Иймд гэрээний эрх, үүрэг, хариуцлагыг борлуулагч талын эрх бүхий албан тушаалтан бус компани өөрөө хариуцах үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч талд учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн албан хүсэлтийг мөн хариуцагчийн нэр, хаяг, лого бүхий хэвлэмэл хуудсан дээр хуулийн этгээдийг төлөөлөн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдгээр албажуулан ирүүлсэн. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үеэс эхлэн хуулийн этгээдтэй иргэний эрх зүйн харилцаанд орсон бөгөөд Б.З ХХК ХХК хариуцагч мөн болох нь хэргийн үйл баримт, нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. 2021 оны 08 дугаар сарын 13-нд хариуцагч нь хариу тайлбартаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Батцэрэн нь байгууллагын мөнгийг хувьдаа завшиж хохирол учруулсан асуудлаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэж байсан ч тус эрүүгийн хэргийн үйл баримт нь талуудын маргаанд хамааралгүй, эрүүгийн хэргийн шийдвэр нь хариуцагчийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Х.З.Ү.Х нь хариуцагч Б.З ХХК ХХК-д холбогдуулан сэтгүүлийн борлуулалтын гэрээний үүрэгт 1,680,600 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь манай компани хариуцахгүй, гүйцэтгэх захирал н.Батцэрэн хариуцна гэх үндэслэл заан маргажээ. /хх1-2/

3. Нэг талаас Улаанбаатар шууданг төлөөлж Б.З ХХК ХХК-ийн ажилтан Б.Батхишиг, нөгөө талаас Х.З.Ү.Хг төлөөлж ажилтан Б.Хулан нар нь 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдөр сэтгүүлийн борлуулалтын гэрээ байгуулсан, Х.З.Ү.Хгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/637 дугаар албан бичгээр Улаанбаатар шуудан ХХК-аас сэтгүүлийн үнэ шаардсан, Улаанбаатар шуудан ХХК-тай тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, мөнгөн гүйлгээний дэлгэрэнгүй журнал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. /хх 7,9, 74-85/

Дээрхээс үзэхэд Улаанбаатар шуудан болон Б.З ХХК ХХК нь нэг хуулийн этгээд мөн эсэх, Улаанбаатар шуудан нь тусдаа хуулийн этгээд бол тухайн компанийн эрх, үүргийг Б.З ХХК ХХК хариуцах хууль зүйн үндэслэл байгаа эсэх нь тодорхой бус байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй тохиолдолд зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх, хариуцагч Б.З ХХК ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээх эсэхийг тодорхойлох боломжгүй.

Иймд маргаанд ач холбогдолтой үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2022/00745 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,839 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Ж.ОЮУНТУНГАЛАГ

                ШҮҮГЧИД           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

          Д.БЯМБАСҮРЭН