Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 387

 

"Г т л” ТӨҮГ-ын гомдолтой,

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт

 шалгалтын тасгийн татварын улсын Д.Х,

Ч.М нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн

Шүүгчид:               М.Батсуурь

                              Б.Мөнхтуяа

                              Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:     Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0303078 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0425 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ний өдрийн 520 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагч Д.Х, Ч.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарыг оролцуулан, 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0425 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11.2, Татварын ерөнхий хуулийн /2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн/ 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг тус тус баримтлан “Г т л” ТӨААТҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын Д.Х, Ч.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0303078 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “Г т л” ТӨҮГ-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 520 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0425 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагч Д.Х, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Татварын ерөнхий газрын даргын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 531 дугаар тушаалаар баталсан “Аж ахуйн нэгжийн тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох заавар”-ын 1.3-т “Татвар төлөгч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн заалтуудын хүрээнд татварын тайланг хянаж баталгаажуулан, татварын тайлангаар гарсан алдагдлыг хуулийн хүрээнд ирээдүйд шилжүүлэн тооцож хасалт хийх зарчмыг үйл ажиллагаандаа баримтлана.”, 5.4-т “Татварын улсын байцаагч нь татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоо” ТТ-02в маягтын тооцооллын үнэн зөв эсэхийг хянан, маягтын холбогдох багананд баталгаажуулсан алдагдлыг тооцоог бөглөж, тасгийн дарга /ахлах байцаагч/-аар хянуулан холбогдох програмд шивнэ. Тухайн аж ахуйн нэгжийн алдагдал баталгаажуулах хүсэлтийг үндэслэн ТТ-02, ТТ-02в тайлан, тооцооны  маягтуудын 1 хувийг тухайн татварын албаны хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгжид хүргүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016 оны 4 дүгээр улирлын тайланг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр татварын албанд илгээж, татварын алба 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тайланг хүлээн авсан.

4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016 оны 4 дүгээр улирлын тайланг илгээхдээ 678,948,505.60 төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн тайлагнасан бөгөөд 2016 оны борлуулалтын орлого болох 15,231,671.00 төгрөгийг дутуу тооцож тайлагнасан болох нь хяналт шалгалтын явцад илэрч, илэрсэн зөрчлийн дүнгээр алдагдал бууруулан 663,716,834.60 төгрөг болгосон.

5. Шийтгэлийн хуудсыг гаргахдаа “Г т л” ТӨҮГ-ын 2016 оны алдагдлыг бууруулж тооцон алдагдал бууруулснаас үүссэн 15,231,671.00 төгрөгт үүссэн нөхөн татвар 1,523,167.00 төгрөг, торгууль 456,950.00 төгрөг, алданги 304,633.00 төгрөг нийт 2,284,750.00 төгрөгийг хасч тооцон 425,185,321.65 төгрөгийн шийтгэл ногдуулахаар тооцоолсон байсныг нийт 422,900,571.00 төгрөг болгон бууруулж шийтгэл ногдуулсан нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үйл ажиллагаа болсон.

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоодсон байна” гэж заасны дагуу 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хугацаандаа төлөөгүй зөрчилд 2,339,445.00 төгрөгийн торгууль, 1,216,511.00 төгрөгийн алданги нийт 3,555,956.00 төгрөг өршөөлд хамрагдана.

7. Иймд, холбогдох тооцооллын зөрүү тодорхой, бүх нотлох баримт хэрэгт авагдсан тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 520 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

8. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт  шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Х, Ч.М нар нь “Г т л” ТӨҮГ-ын албан татварын ногдуулалт төлөлтийн /2014-2018 оны/ байдлыг шалгаж, дараах: 2016 онд 15,213,671.0, 2018 онд 9,501,091.0 төгрөгийн албан татвар ногдох орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй; 2016 онд 16,963,160.0 төгрөгийн хувь хүнд олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогыг суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй,татвар ногдуулж төлөөгүй; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт,төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 2015 онд 10,643,372.30,  2018 онд 33,942,995.50 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 50-310 хоног хожимдуулсан; Хувь хүний орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар ногдуулсан албан татвар 2016 онд 63,932,108.30, 2017 онд 41,359,453.60, 2018 онд 21,401,290,10 төгрөгийг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй 50-263 хоног хожимдуулсан; 2016 онд 226,868,965.10, 2017 онд 388,235,237.10, 2018 онд 408,472,349.60 төгрөгийн тайлангаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй  320-324 хоног хожимдуулсан гэх нийт 1,291,051,693.60 төгрөгийн зөрчил илрүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0303078 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар 275,461.264.80 төгрөгийн торгууль, 144,792.881.20 хохирол, 2,646,425.00 төгрөгийн нөхөн төлбөр зэрэгт 422,900,571.00 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

10. Гомдол гаргагч “Г т л” ТӨҮГ-иас шүүхэд уг шийтгэлийн  хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрхгүй этгээдийг холбогдогчоор тогтоож оролцуулсан, байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд нь холбогдогчоор тогтоолгож, оролцох хүсэлтэй байхад оролцуулаагүй, түүнд зөрчлийн материалыг танилцуулаагүй, тайлбар, санал гаргах  боломж олгоогүй, шийтгэлийн хуудсыг гардуулж өгөөгүй, ...шийтгэлийн хуудасны тогтоох хэсэгт болон тооцооллын хүснэгтэд заасан хохирол буюу нөхөн татварын дүн зөрүүтэй байгаа нь шийтгэлийн хуудас илт алдаатай байгааг харуулж байна, ... НӨАТ-ын дутуу үлдэгдэлд торгууль алданги тооцохдоо тооцвол зохих хугацааг буруу тооцсон, илүү төлбөр тогтоосон, төлөөгүй төлбөрийн үлдэгдэлд тухайн сарын төлөх ногдлыг оруулж тооцоогүй” гэх зэргээр маргасан байна.

11. Түүнчлэн, гомдлын шаардлагынхаа үндэслэлийг нотлох зорилгоор нэмэлт тайлбар, зөрчлийн тооцооллын алдааг харьцуулсан дүн, тооцооллын хүснэгт зэргийг гаргаж, нотлох баримтаар үнэлүүлэхээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд өгсөн ба эдгээр баримтад холбогдуулж хариуцагчаас бичгээр тайлбар, няцаах баримт сэлт гаргаагүй; анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, хариуцагч нь “...уг тооцооллоор тооцвол 90 гаруй сая төгрөг нэмж бодогдоно” гэснээс өөр тайлбар өгөөгүй, шүүгч “...тооцоолол  дээр дүгнэлт хийх боломжгүй, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах бол шинжээчийн зардал хэрхэн шийдэгдэх талаар та мэдэж байгаа. Та шинжээч томилуулах эрхтэй, энэ дүнгээр хууль хэрэглээний хувьд шүүхийн зүгээс дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой” гэж хэлсэн нь тусгагдсан байна.

12. Дээрх байдлаас үзвэл, анхан шатны шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх”-ээр, 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх”-ээр, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх”-ээр заасныг хэрэгжүүлээгүйн зэрэгцээ маргаж буй зөрчилтэй холбогдуулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй  шаардлагын үндэслэл,  хариуцагчийн татгалзлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн атлаа үүнийгээ дүгнэж, шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй болжээ.

13. Энэ талаар дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв, давж заалдах шатны шүүх, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул хариуцагч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нарын хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 520 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.БАТСҮРЭН

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Ч.ТУНГАЛАГ