Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 426

 

М.А-, Т.З-,

Г.Э-, Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.А-, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 565 дугаар магадлалтай, М.А-, Т.З-, Г.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.З-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, А овогт М-н А-,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Т-н З-,

3. Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Г-н Э-,

4. Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Ө овогт Б-н Б-.

М.А- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мэлхий хад" гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бусдад буюу Т.З-т 2.3 граммыг өгсөн,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 162 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн Т.З-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 5.6 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” гэх газрын орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 0.4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Б-, С.Эрмүүн нарт 10,000 төгрөгөөр худалдсан,

Т.З- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

2019 оны 08 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 86-1260Г тоот хашаа, байшинд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 758 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.2 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хууль бусаар хадгалсан,

мөн М.А-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжинд байрлах эзэнгүй байшинд М.А-гийн 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын зүүн хойд талд байрлах уулын бэлээс түүж бэлтгэсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисноос худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй 7.9 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн,

Г.Э-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200,000 төгрөгөөр худалдахыг завдсан,

2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Г.Э- нь үргэлжилсэн үйлдлээр буюу Т.З-тай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төв орчим Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200,000 төгрөгөөр худалдахыг завдсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.З-аас олж авсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан,

Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх” орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан 0.4 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.А-г хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, мөн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Т.З-ыг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, мөн хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Г.Э-г хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б.Б-ийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Т.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтыг хүчингүй болгож, М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 болон 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.А-д оногдуулсан хорих ялуудыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3 жил 6 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил хугацаагаар эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоосугай” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Боржигон овгийн Тамирын З-ыг ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодич, тэдгээрийн түүхий эдийг худалддаалах зорилгоор хадгалсан, худалдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд...” гэж,

2 дахь заалтыг “...шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял...” гэж,

8 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 5 дахь заалтуудын Б.Б-т холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч Г.Э-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Л.Нинжбат нарын  гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Б.Б-ийг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч М.Нинжбат гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх “Г.Э- нь ... “шавар” гэх нэршилтэй гялгар уутны хамт 2,3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад 200,000 төгрөгөөр худалдахыг завдсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн, ... худалдаалах зорилгоор Т.З-аас олж авсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай... тогтоогдож байна” гэж шууд дүгнэсэн нь өрөөсгөл байна.

Г.Э-г гэм буруутайд тооцсон үйлдлийн нөхцөл байдлаас харахад Г.Э- анхны мэдүүлгээсээ л эхлээд сайн дураараа, хэнээс, яаж тэрхүү “шавар” гэгч бодисыг юу гэж хэлж авснаа мэдүүлж мөрдөн шалгах ажиллагаанд хамтарч ажилласан байдаг.

Г.Э- өмнө нь нэг удаа “шавар” гэгч бодисыг хэрэглэж үзсэнээ ч үнэнээр мэдүүлсэн байдаг. Тэрээр сэтгэл санааны тавгүй байдалтай байсан тул өөрийн эгчийн найз болох Т.З-аас “шавар” гэх зүйлийг авахдаа мөнгөгүйн улмаас “Бусдад худалдах гэсэн юмаа” гэж худал захидал бичиж авсныг шүүх бусдад худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ.

Бодит байдалд Г.Э- хэнд ч тэр бодисыг худалдах зорилгогүй байсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э-с хэн нэгэн этгээд уг “шавар” гэх зүйлийг худалдан авах гэж байсан нөхцөл байдал огт тогтоогдоогүй, тийм худалдаа, борлуулалт бодитоор явагдах гэж байсан эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолын 2.6-д “Борлуулсан” гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг худалдах, арилжих, солилцох, бэлэглэх эсхүл ямар нэгэн үүргийн гүйцэтгэлд тооцох (өрөнд өгөх г.м) зэргээр аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хэлнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл Г.Э- “шавар” гэх зүйлийг үнэхээр хэн нэгэн этгээдэд борлуулах, худалдах талаар ярилцаж тохиролцсон, нөгөөх этгээд нь Г.Э-с “шавар” гэх зүйлийг ямар үнээр, хэр хэмжээтэйгээр, хаана өгч авалцах талаар тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоод тэрхүү үйлдэл нь хуулийн байгууллагын ажилтнуудын зролцоотойгоор таслан зогсоогдсон бол “худалдахыг завдсан, худалдаалах зорилгоор олж звсан, мөн худалдаалах зорилгоор өөрийн биедээ хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох юм. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн бодит худалдан авагчийг олж тогтоогоогүй, Г.Э-н бусдад “шавар” борлуулах талаар тохиролцсон худалдаа арилжааны талаар нэг ширхэг ч нотлох баримт энэ хэрэгт байдаггүй.

Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Г.Э-г... бодисыг бусдад худалдах санаа зорилгыг агуулж, улмаар санаа зорилгоо гүйцэлдүүлэх гэсэн үйлдэл нь түүнээс үл хамаарах нөхцөл байдпын улмаас таслан зогсоогджээ” гэж дүгнэсэн нь объектив үйлдлийн цаг хугацаа, орон зайг хольж, бодит бус дүгнэлт болсон байна.

Шүүхийн тус дүгнэлтээс харахад Г.Э-г “шавар” гэх бодисыг бусдад худалдах гэж байгаа үйлдэл дээр нь ХТТХ-ийн ажилтнууд барьж таслан зогсоосон мэт ойлгогдож байна. Гэтэл хэрэгт цугларсан баримтаар Т.З- гүйж ирж асаагуурыг Г.Э-д атгуулаад л 5 секундын дотор Г.Э- шууд цагдаад саатуулагдсан байдаг. Шүүх хэргийн үйл баримтыг ингэж төсөөллөөрөө дүгнэсэн нь эцэстээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдпыг хэт дордуулж, үйлдээгүй гэмт хэрэгт ял оногдуулсан явдал боллоо.

Г.Э- “шавар” гэх зүйлийг гагцхүү өөрөө хэрэглэх зорилгоор Т.З-аас авсан бөгөөд үүнийг үгүйсгэх нотлох баримт нь Т.З-, Г.Э- нарын хооронд бичсэн захидлууд гэж шүүх үзсэн нь учир дутагдалтай юм. Хэн ч тэр, өөрийн тодорхой зорилгод хүрэхийн тулд бусдад худал үнэн ярьж хүссэн зүйлээ олж авч болох боловч түүнийг цааш нь ярьсан зүйлээ хэрэгжүүлэх бодит үйлдэл хийгдсэн эсэх нотлох баримтгүй байхад, бүр тодруулбал ирээдүйд болоогүй, болохоор бодитоор төлөвлөгдсөн, бэлтгэсэн үйлдэл, нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ял халдаах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх “Г.Э- нь ... 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд ... “шавар” гэх нэршилтэй ... бодисыг... Т.З-аас олж авсан” гэжээ.

Бодит байдалд Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талд Т.З- “шавар” гэх зүйлээ Г.Э-н гарт атгуулаад цааш гүйх агшинд Г.Э-н ар нуруун дээр алгадаад эргээд харахад Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын ажилтан үнэмлэхээ үзүүлээд саатуулсан байдаг. Г.Э- Т.З-ын өгсөн асаагууранд наасан “шавар” гэх зүйлийг халаасандаа ч хийж амжаагүй гартаа барьсан чигээрээ цагдаагийн байгууллагын ажилтантай нүүр тулсан байна. Ердөө 5-6 секундын хооронд болоод өнгөрсөн үйл явдал юм. Т.З- цагдаагийн байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллах хүрээнд Г.Э-н гарт “шавар” гэх зүйлийг атгуулсан байна гэж бид үзэж байгаа. Ийм байдлаар залуусыг гэмт хэрэгт холбогдуулах нь цагдаагийн байгууллагын бохир технологи юм болов уу гэсэн бодол төрж байгааг нуух арга алга. Ийм байдлаар хэнийг ч гэмт хэрэгт холбогдуулах боломжтой гэдгийг хаа хаанаа анхаармаар байна. Энэ тохиолдолд зөвхөн шүүх бодит үнэнийг, шудрага дэнслэн тогтоох үүрэгтэй, эрхтэй аж.

“Олж авах” гэх ойлголтыг Улсын дээд шүүхийн 2008 оны 29 дүгээр тогтоолын 2.2-т “”Олж авсан” гэдэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1-д зааснаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгоход чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Хэн нэгэн этгээд ирээд гарт нэг зүйл атгууллаа, тэрнийх нь яг юу вэ гэдгийг нь ч ухаж ойлгоогүй байхад цагдаагийн байгууллагын ажилтанд баригдлаа. Үүнийг яг идэвхтэй үйлдэл хийсэн гэж үзэх үү, Эргэлзээтэй л дүгнэлт. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэж заасан байна.

Гарт нь атгуулсан зүйлийг хэрхэх эсэх талаар бодох ч сэхээ олголгүй, 5-6 секундад түүнийг баривчилж саатуулсан нь Г.Э-д сайн дураараа гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэгтнүүдийг илчлэх сэдэл, санаа бодлоо хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна гэж би үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд Г.Э- мэдүүлэгтээ энэ чухал нөхцөл байдлыг мэдүүлсэн боловч мөрдөгчийн зүгээс “Чиний гарт хэдхэн секунд болоход л хангалттай. Эрүүгийн хуульд энэ хугацааны талаар заасан зохицуулалт байхгүй” гэж загнуулаад мэдүүлэгт тусгаагүй байна.

Иймд хяналтын шатны шүүхээс дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгч Г.Э-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа байдлыг харгалзан үзэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөн ялаар сольж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлэгдсэн ноттлох баримтуудаар хангалтай тогтоогдсон байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж ял оногдуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх зарим нэг хууль хэрэглээтэй холбоотой өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хууль зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан гомдлыг гаргасан гомдлыг үндэслэн М.А-, Т.З-, Г.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

М.А- нь 2019 оны 09 дүгээр сард Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мэлхий хад” гэх газрын орчмоос дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, мөн Т.З-тай бүлэглэн өмнө нь түүж бэлтгэсэн “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг боловсруулан “шавар” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болгож бэлтгэсэн, 2019 оны 10 дугаар сарын 08-ний өдөр “шавар” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан, бусдад худалдсан,

Т.З- нь 2019 оны 08 дугаар сард “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хууль бусаар хадгалсан, мөн Г.Э-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдахыг завдсан, худалдаалах зорилгоор хууль бусаар биедээ хадгалсан,

Б.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын эрх”-ийн орчим өөрийн биедээ “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх М.А-, Т.З-, Г.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч М.А-, Т.З- нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, шүүгдэгч Г.Э-н үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч М.А-, Т.З- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг  оногдуулсан, мөн давж заалдах шатны шүүх Б.Б-т оногдуулсан ялыг тэнсэн харгалзахаар хөнгөрүүлэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Г.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинж, оролцоо, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хууль бусаар биедээ хадгалсан мансууруулах бодисын тун, хэмжээ, жин, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан гомдол зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг зохистой хэмжээгээр өөрчлөх үндэслэлтэй байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Үүний зэрэгцээ анхан шатны шүүх Т.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисийг худалдаалах зорилгоор хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх түүний үйлдлийг дүгнэхдээ хүндрүүлэн дээрх гэмт хэргийг төгс үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхээр хэлэлцэж тогтоогдсон хэргийн үйл баримтанд тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхдээ, гэмт хэрэг үйлдэхийг завдсан шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн дүгнэж, эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй байх тул магадлалын тус заалтыг хүчингүй болгох нь зүйтэй болно.

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн агуулга, үйл баримтын талаар прокурорын яллах дүгнэлтэнд тусгахдаа нэг үйлдлийг олон дахин нуршиж, гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг буруу тодорхойлж, олгомжтой бус байдлаар бичсэнийг анхан болон давж заалдах шатны шүүх мөн адил байдлаар хуулбарлан дурдсан байгаа нь хянан хэлэлцэгдсэн  нотлох баримтанд тулгуурлан  хэргийн  үйл баримтыг шүүх өөрөө  тогтоох,  шүүхийн  шийдвэр тодорхой,  ойлгоход  энгийн хялбар бичигдсэн байх шаардлагад нийцээгүй байгааг цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэж байна.   

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалын зарим заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э-д оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлтийг тус тус оруулж, өмгөөлөгч Л.Нинжбатын “...Г.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, оногдуулсан ялыг хөнгөн ялаар сольж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 565 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын Т.З-т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Л.Нинжбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН