| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2503 00989 0165 |
| Дугаар | 2026/ДШМ/727 |
| Огноо | 2026-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2026/ДШМ/727
2026 06 03 2026/ДШМ/727
Н.Э-т холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн өмгөөлөгч С.Соёлмаа,
шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2026/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, шүүгдэгч Н.Э- нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Э-т холбогдох 2503 00989 0165 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
З- овогт Н-гийн Э-, 1968 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Н- ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ЧН-/,
Шүүгдэгч Н.Э- нь 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам, Товчооны автобусны буудлын зүүн талын явган гарц дээр “Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Ч-ы С-ыг мөргөж улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: З- овогт Н-гийн Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн өмгөөлөгч С.Соёлмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг/. Шүүгдэгч Н.Э- нь 2025 оны 8 дугаар сарын 06 -ны өдрийн15 цагийн орчимд БЗД-ийн11 дүгээр хороо Уурхайчдын зам, Товчооны автобусны буудлын зүүн талын явган гарц дээр Н- УАУ улсын цугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам түүнд нийцүүлэн ‘аргасан захиргааны хэм хэмжээний акт болох МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн В.4, 16.1,12.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй арцаар гарч явсан явган зорчигч Ч.С-ыг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон зүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдсон.
Гэхдээ шүүгдэгч Э- нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ 2025 оны 8 дугаар сарын 6-ны өглөөний 04 цагт ажилдаа ирэхэд жолооч нь ирээгүй ачаа ачсан Нyundai porter маркийн Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг механик нь бариад гар гэж механикийн өгсөн үүргийн дагуу дээрх тээврийн хэрэгслийг бариад гарсан байна. Энэ тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш гэсэн.
Үүнээс дүгнэлт хийхэд өглөө ирээд техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаад гарах бүрэн мэдэх боломж байхгүй. Нөгөө талаас компанийн зүгээс шүүгдэгч Н.Э-ыг өөрийн эзэмшлийн машиныг байхад нь бариулалгүй техникийн бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гаргасан. Тээврийн ослын хэрэг гарахад компанийн буруутай ажиллагаа зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна. Энэ нь Авто тээврийн Үндэсний төвийн Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Б.Ц-ийн гаргасан 2025 оны 8 сарын 24-ний өдрийн “....Уг тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн зүүн талын хойд тоормосны хүч муу зүүн талын зогсоолын тоормос зогсоогүй, зорчигч талын хамгаалах бүс тасарсан, зүүн талын их гэрлийн бүрхүүл цайр хагарсан, зүүн талын ойрын гэрэл асахгүй.зүүн талын багана гол хэсэгт бага зэрэг хонхойсон эвдрэл гэмтэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийн ойрын гэрэл асахгүй, зорчигчийн хамгаалах бүс тасарсан, зүүн талын хойд дугуй тоормосны хүч муу, зүүн талын зогсоолын тоормос зогсоогүй эвдрэл гэмтэл нь хуучин гэмтэл байх боломжтой. Авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангадахгүй байна гэх дүгнэлтээр нотлогдож байна. / 2-р хавтаст хэргийн 12-18/
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 зааснаар хохирогчид учирсан хохирлыг эхний ээлжид иргэний хариуцагч А- компаниар төлүүлж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би улсад 36 жил жолоочоор ажилласан бөгөөд “Н-” ХХК-д сүүлийн 4 жил ажилласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Өөрийн буруутай үйлдлээс болж хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө маш их дүгнэлт хийж байна. Хохирогчийн оршуулгын зардал 10,000,000 сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөг төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршигт 30,424,080 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 6,826,000 төгрөгийг төлнө. “Н-” ХХК нь хуулийн дагуу иргэний хариуцагчаар тогтоогдсон боловч ямар ч хариуцлага үүрдэггүй замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гэмтэл гаргасан жолооч нарт хариуцлагаа тохдогт гомдолтой байна. Миний зүүн хөлийн шилбэний судас бөглөрөлтэй мэс заслын заалттай 5 сард хагалгаанд байсан юм. Одоо өвдөлт өгөөд явахад хүндрэлтэй байгаа. Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү, хохирогчийн сэтгэл санааны хохирлыг төлнө”... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүхийн шатанд 16,000,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Сая шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч “зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэж хэллээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар ял тэнсэж өгнө үү. “Н-” ХХК-д хэд хоногийн өмнө хүсэлт гаргаж, өчигдөр тус компаниас 35,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн. “Н-” ХХК нь шүүгдэгчийн эхнэртэй 1,5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, 35,000,000 төгрөгийг 48,000,000 төгрөг болгож өгөх зээлийн гэрээ байгуулсан болохыг шүүх хуралдааны өмнө мэдсэн учраас тус гэрээг гаргуулж, өгч чадсангүй. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж, төлбөрийг төлөхгүй бол эдийн засгийн хүнд байдалд орж байгаа учраас нэг удаа боломж олгоно уу. Өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй бол шүүгдэгчийн хүсэлтийг дэмжиж өгнө үү...” гэв.
Прокурор А.Марал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Н.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу явган хүний гарц дээр гарсан зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Тээврийн цагдаагийн газраас “Н-” ХХК-ийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татаж, “Н-” ХХК-ийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон. “Н-” ХХК нь бүрэн бус тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулсан. Гэхдээ бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй байсан нь явган хүний гарц дээр болсон осолтой шалтгаант холбоогүй байсан. Шүүгдэгч “миний тээврийн хэрэгсэл биш өөр хүний тээврийн хэрэгслийг унаж гарсан” гэж байгаа боловч жолооч өөрөө Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т зааснаар барьж явах ёстой байсан...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Н.Э-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, шүүгдэгч Н.Э- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Н.Э- нь 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам, Товчооны автобусны буудлын зүүн талын явган гарц дээр “Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Ч.С-ыг мөргөсний улмаас түүний амь нас хохирсон болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 8/,
- дуудлага лавлагааны хуудас /1хх 9/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх 10-11/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-15/,
- жолоочийн спиртийн агууламжийг шалгасан тэмдэглэл /1хх 16/,
- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-21/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22-23/,
- хохирогч Ч.С-ын өвчний түүх /1хх 28-189/, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /1хх 192-193/,
- иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...гэмт хэргийн улмаас хохирогч Ч-ы С- /рд: ШГ-/ нь эрүүл мэндийн байгууллагаас нийт 6.826.000 /зургаан сая найман зуун хорин зургаан мянга / төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, уг зардал нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Н.Э-- гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан MN090090100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” /1хх 195/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-гийн: “...Хамгийн сүүлд эх үрсийн баяраар уулзсан. Тухайн үедээ зээтэй болно гээд баяртай байсан. Дүүтэйгээ утсаар ер нь өдөр тутам холбогддог байсан. Муу зуршил ерөнхийдөө байхгүй ээ. Архи дарс огт хэрэглэдэггүй байсан. Амь хохирогч АШУИС-ын харьяа Япон Монголын нэгдсэн эмнэлэгт 8 хоног ухаангүй байж байгаад нас барсан. Гомдолтой байна. Оршуулгын зардал болох 10.000.000 сая төгрөгийг жолоочийн зүгээс гаргаж өгсөн. Одоо сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” /1хх 204/,
- иргэний хариуцагч Д.Ө-гийн: “...Би ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед хамт байгаагүй. Н- ХХК-ны эзэмшлийн автомашин. Ослын улмаас танай байгууллагын эзэмшлийн явсан Hyundai Porter маркын Ө- УАО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд маркийн автомашинд ямар эвдрэл учраагүй ээ. 2025 оны 3 сард нэгдсэн журмаар манай компани машинууд үзлэгт ордог. Манай байгууллага Э-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй. Гэрээн дээр жолооч өөрийн буруутайгаас үйлдэгдсэн зам тээврийн осол, торгуул хэрэг зөрчлийг өөрөө хариуцна гэж заасан байгаа...” /1хх 220/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 0625/2621 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Амь хохирогч Ч.С-ын цогцост гавлын баруун, зүүн зулай, зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, суурийн дэлбэн, баруун тал бөмбөлгийн чамархай, зулай, дагзны дэлбэн, бага тархины дээд хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, их тархины баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, тархины зөөлрөл, хажуугийн ба гурав, дөрөвдүгээр ховдлын цусан хураа, хуйхны цус хуралт, цээжний баруун 1-6-р хавирганы хугарал, баруун шанаанд шарх, баруун шанаа, хүзүү, баруун ташаа, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хөмсөг, шанаа, баруун чамархайн хуйх, шанаа, хамар, эрүү, баруун, зүүн сарвуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх авто ослын үед үүссэн байх боломжтой. Амь хохирогч нь гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн дотор давхаргын үрэвсэл, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчнүүдтэй байна. 2025.08.13-ны өдрийн 23:55 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээс нас бараад 2-4 цаг болсон байжээ. Гуравдугаар бүлгийн цустай байна....” /1хх 231-241/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн ЕГО 825/4265 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Д- овогтой Д- /РД: УД-/-ийн сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна...” /2хх 247-248/,
- Авто тээврийн үндэсний төв, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх 13/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 8 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0225/1059 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 24-30/
- мөрдөгчийн магадалгаа: “...Hyundai Porter маркийн Ө- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Э- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно." гэсэн заалтыг зөрчиж мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэх заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна. Явган зорчигч Ч.С- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов.
Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч Н.Э-, Д.Д- түүний өмгөөлөгч С.Соёлмаа, Д. Ө- нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. Ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Б- би, магадалгаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж сертификат баримт бичгийг магадалгаанд хавсаргав...” /2хх 45-46/,
- шүүгдэгч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагийн үед Н- ХХК-ны эзэмшлийн Б- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ачигтайгаа Налайхаас Улаанбаатар хотын чиглэлд явж байхад явганы гарцаар нэг эмэгтэй гарч байхад амжаад явчихна гэж бодоод гарц дээр жоохон хурд нэмтэл явган зорчигчийг мөргөж, газарт унагаасан. Би тухайн үед машинаасаа буугаад очтол мөргүүлсэн хүн маань ухаантай байсан. Тэгээд би сандраад түргэн тусламж дуудаж цагдаад мэдэгдсэн. Эхлээд түргэний машин ирээд үзээд эмнэлэг авч явах хэрэгтэй байна гээд тухайн хүнийг аваад явсан. Удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд миний жолоодож явсан машиныг түр саатуулах байранд журамласан. Хохирогчийн ар гэрт 15 сая төгрөг төлсөн байгаа. Гэм буруугаа хүлээж байна. Тухайн хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна...” /2хх 59/,
- Н- ХХК-ийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт /2хх 66-68/, ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилгаа бүртгэлийн журналын маягт /2хх 69-70/ зэрэг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Э-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй, нотлох баримтын шаардлагыг хангасан байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн Д Н.Э- нь 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын зам, Товчооны автобусны буудлын зүүн талын явган гарц дээр “Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон,... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно; мөн дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Ч.С-ын амь нас хохирсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болохыг тэмдэглэж байна.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Соёлмаагаас ...хохирогчид учирсан хохирлыг эхний ээлжид иргэний хариуцагч А- компаниар төлүүлж өгнө үү үү...” гэсэн,
шүүгдэгч Н.Э-аас ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөртөө маш их дүгнэлт хийж байна. “Н-” ХХК нь хуулийн дагуу иргэний хариуцагчаар тогтоогдсон боловч ямар ч хариуцлага үүрээгүй. Эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргажээ.
а/ Шүүгдэгч Н.Э- “Н-” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, байхдаа буюу ажлаа хийж байхдаа явган зорчигч Ч.С-ыг мөргөсний улмаас түүний амь хохирсон үйл явдал болжээ.
Хэрэгт “Н-” ХХК-ийн ...Н.Э- нь жолоочоор ажилладаг, үндсэн цалин 2.200.000 төгрөг гэсэн тодорхойлолт, 2025 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ажлын хуваарилалт, ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилгааны бүртгэлийн журнал, жолоочийн ажлын байрны тодорхойлолт, “Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Н-” ХХК...гэсэн баримтууд авагдсан байна.
Эдгээр баримтуудаас үзвэл ажлын байран дахь өдөр тутмын давтан зааварчилгааны бүртгэлийн журналын зааварчилгааны 17-д ...автомашин жолоодож явах үедээ хууль, дүрэм, журам удирдлагаас өгсөн заавар, даалгавар зэргийг зөрчин ямар нэгэн осол, зөрчил, хохирол учирсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодогч хохирлыг бүрэн хариуцна... гэж зааж, шүүгдэгч Н.Э- зөвшөөрөн гарын үсэг зуржээ.
“Н-” ХХК-нь ажлын байрны өдөр тутмын зааварчилгаанд ...жолооч гаргасан хохирлоо... өөрөө хариуцна гэж гарын үсэг зуруулснаар ямарваа нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй байна гэсэн ойлголт байхгүй юм.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хуульд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг тусгасан дотоод журмыг боловсруулж, журмыг гэрээнд оролцогч талууд дагаж мөрддөг. Харин гэрээний үндсэн дээр харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, хамтын хэлэлцээрийг үндэслэн шийдвэрлэдэг.
Тодруулбал, эхлээд хууль, дараа нь дүрэм журмыг баримтлах учиртай. Гэтэл анхан шатны шүүх энэ асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж, шүүгдэгчээс оршуулгын зардлыг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл хуулиас давсан гэрээ гэж байх учиргүй, эрэмбээрээ эхлээд хууль дараа нь дүрэм журам гэсэн ойлголт байх учиртай.
“Н-” ХХК-иас Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Н.Э-т өөрөө шилжүүлэн өгсөн буюу Н.Э- зөвшөөрөлгүйгээр компанийн тээврийн хэрэгслийн дур мэдэн унаж явсан гэх үйл явдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн оршуулгын зардал 16.000.000 төгрөгийг эхлээд шүүгдэгч Н.Э-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан бөгөөд хуулийн энэ заалтын хүрээнд иргэний хариуцагч “Н-” ХХК-нь хохирогчид учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй болно.
Иймд “Н-” ХХК-аас 16.000.000 сая төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д- олгуулахаар шийдвэрлэв.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Автотээврийн тухай, Автозамын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2020 стандартад тус тус зааснаар аж ахуй нэгж байгууллага нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээдэг.
“Н-” ХХК нь Hyundai porter” загварын Н- УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж ажилд гаргах байтал эсрэгээрээ ...дугуй тоормосны хүч муу, урд дугуйн тоормосны хүч авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй, зүүн талын зогсоолын тоормос зогсоохгүй, гэрэл авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй, ашиглалтын явцад үйлчилгээ зүгшрүүлэлт хийгдээгүйгээс үүссэн хуучин эвдрэл гэмтэл...-тэй байхад жолоочид шилжүүлэн ажилд гаргасан байна.
Иймд “Н-” ХХК-нд цаашид өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.
b/ Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Харин Иргэний хуулийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус зааснаас үзвэл хэнд, ямар тохиолдолд, хэчнээн хэмжээний нөхөн төлбөр тогтоохыг нарийвчлан, тодорхой заасан байх тул энэ тохиолдолд сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх шаардлагагүй юм.
Өөрөөр хэлбэл, хохирогч нас барсан бол сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцохоор хуульд заасан бөгөөд гагцхүү хохирогчийн нас, эсхүл бага насны бүтэн өнчин хүүхэд үлдсэн зэрэг нөхцөл байдлаас бусад тохиолдолд хуулиар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхөөргүй байна.
Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон уг хүний амь насыг үнэлэхдээ гэмт хэрэг гарах үеийн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулах нь зүйтэй юм.
Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг 792.000*150=118.800.000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч Н.Э-аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 16.000.000+34.849.080 төгрөгийг хасаж 67.150.920 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-д олгуулахаар шийдвэрлэв.
c/ 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” хэмээн шударга ёсны зарчмыг хуульчилж өгсөн. Энэ зарчим нь Эрүүгийн хууль шударга хэрэгжих, шүүгдэгчид оногдуулж буй ял түүний үйлдэлд нь тохирсон, оновчтой байхын бодит илэрхийлэл юм.
Шүүх гэмт хэргийн нийгмийн хор аюул, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан, алагчлан үзэлгүйгээр, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тохирсон ял оногдуулна.
Ял бол эрх зүйт ёсны зайлшгүй шаардлага, шүүхээс шударга ёсыг хангуулах хэрэгсэл болдог. Ялыг оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж болон нийгмийн шударга ёс сэргээгдсэн эсэхийг харгалзана.
Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй болно.
Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ялыг тооцох хугацааг хорих ял оногдуулсан үеэс гэж хуулийг буруу ойлгож хэрэглэжээ.
Тодруулбал Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа...хугацааг тоолно” хуульчилсан.
Иймд шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хассан хугацааг 2 жилийн хорих ял эдэлж дууссаны дараачаар тооцохоор зөвтгөв.
d/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо ... гэмт хэргийн улмаас хүний амь нас хохироосон бол... гэж хуулийн нэр томьёог буруу ойлгож бичсэн алдааг гаргажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2026/ШЦТ/935 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Э-ын шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2026/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалт “...Шүүгдэгч З- овогт Н-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч З- овогт Н-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...”,
4 дэх заалт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай...”,
6 дахь заалт “..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-аас 34,849,080 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х- овогт Д-ын Д-/РД:УД-, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Д- хотхон Д- байрны 21 тоот/-д олгож...“ гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Э-аас 67.150.920 төгрөгийг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Н-” ХХК-иас 16.000.000 сая төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х- овогт Д-ын Д-/РД:УД-, Хан-Уул дүүрэг, 03 дугаар хороо, Д- хотхон Д- байрны 21 тоот/-д олгож...” гэж тус тус өөрчил, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Соёлмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Н.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Э-ын шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА