Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01528

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2022              08             17                                                210/МА2022/01528

 

У.Б.Т.Т.С”

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02729 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК-ийн хариуцагч Ш.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12,220,349 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай компани үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэн Ш.Атай 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 16,875,000 төгрөгийг такси үйлчилгээний автомашин авч, такси үйлчилгээ эрхлэх зорилгоор сарын 3 хувийн хүүтэй, 37 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээний хугацаанд ковидын улмаас зээлийн гэрээнд хэд хэдэн удаа өөрчлөлт орсон бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний сард төлөх төлбөрийн хэмжээг 550,000 төгрөг байсныг 660,000 төгрөг болгож хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 72 cap болгон өөрчлөн байгүулсан юм. Зээлдэгч гэрээний үүргээ анх зээл авснаас хойш дутуу биелүүлж байсан, 2021 оны 01 дүгээр сарын 11-нд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Гэрээ цуцлагдах үед зээлийн төлбөр 15,830,974.22 төгрөг, хүү 1,044,025.78 төгрөг, нийт 20,945,797.22 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ төлбөрөөс Ш.А нь 7,917,000 төгрөгийг төлж 13,028,797.22 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Энэ үлдэгдэл дээр тээврийн хэрэгслийн татвар төлхөөр зээлсэн 71,252 төгрөг, мөн торгууль төлхөөр зээлсэн 50,300 төгрөгийг нэмээд нийт 13,150,349.22 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон байна. Иймээс дээрх төлбөрүүдийг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 12,220,349 төгрөгийг хэрхэн тооцоолсон нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн агуулга хэсэгт 13,150,349.22 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч гэрээ цуцлагдах үед зээлийн төлбөр 15,830,974,22 төгрөг, хүү 1,044,025,78 төгрөг, нийт 20,945,797,22 гэсэн нь тооцооллын алдаатай байна. 15,830,974.22+1,044,025,78=16,875,000 төгрөг болно. Үүнээс хариуцагчийн төлсөн 7,917,000 төгрөгийг хасахад: 16,875,000-7,917,000=9,079,552 төгрөг үлдэх ёстой. Гэвч нэхэмжлэгч: 15,930,974.22+1,044,025,78=20,945,797,22 төгрөг. Үүнээс хариуцагчийн төлсөн 7,917,000 төгрөгийг хасахад: 20,945,797.22-7,917,000=13,150,349.22 төгрөг гэж буруу тооцоолсон байна. 2019.11.07-нд анх зээлийн гэрээ байгуулахад гэрээний хугацаанд буюу 37 сарын хугацаанд хүү 3 хувь байсан. Гэвч гэрээний хугацаанд харилцан тохиролцолгүй, нэг талын санаачилгаар нэг сарын 3 хувь болж өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдөх явцад би зээлийн төлбөрөө хожимдуулж байсан учир маргаан хийлгүй, хойшлуулж орхидог байсан. Зээлийн хүү анх гэрээ байгуулснаас хойш өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд зээлийн хүү анх гэрээ байгуулах үеийнхээр буюу 37 сарын хүү 3 хувь буюу үндсэн зээл 16,875,000 төгрөгийн 37 сарын хүү нь 3 хувь нь 506,250 төгрөг болно. Нэг сарын хүү 506,250 төгрөгийг 37 сард хуваахад нэг сарын хүү 13,683 төгрөг болно. Зээлдэгч 7,917,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгчтэй маргах зүйлгүй байгаа. Зээлдэгчийн төлсөн 7,917,000 төгрөгөөс 4,761,380 төгрөгийг хүүгийн төлбөрт суутгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ байгуулснаас хойш 22 сарын дараа гэрээг зээлдүүлэгч талын санаачилгаар цуцалсан. Энэ хугацааны хүү нь 13,683 төг *22 cap = 301,026 төгрөг болох ёстой. Гэтэл нэхэмжлэгч 301,026 төгрөгөөр биш 4,761,380 төгрөгөөр тооцож хариуцагчийн төлсөн төлбөрөөс хасч байгаа тооцоог үндэслэлгүй гэж үзэж байна. Ш.А нь зээлийн гэрээ байгуулж нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дүнтэй дүйцэх үнэлгээ бүхий буюу 16,875,000 төгрөгийн үнэ бүхий автомашин авсан. Улмаар зээлдэгч тал гэрээгээ цуцалж 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус автомашинаа буцааж авсан. Тус автомашины үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан зээлийн үлдэгдлийн тодорхойлолтуудад дараах байдлаар тусгасан: Үүнд: 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолтод 16,916,408 төгрөг байсан, 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолтод 17,537,646 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн үлдэгдлийн тодорхойлолтод 20,926,772 төгрөг тус тус байсан. Ийнхүү хураасан автомашины үнийг зээлдэгчийн төлөх ёстой хүүгийн төлбөрөөс хасч тооцох ёстой гэж үзэж байна. Автомашины татвар-71,252 төгрөгөөс 69,752 төгрөгийг, торгууль-50,300 төгрөгөөс 50,000 төгрөг төлөхийг тус тус төлөхөд маргах зүйлгүй байна. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус компанид автомашинаа зээлийн төлбөрт тооцуулан хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэлийн шаардлагад 20,926,772 төгрөгийн үнэ бүхий автомашинаа хүлээлгэн өгсөн учир одоо төлбөргүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Ш.Ааас торгуульд төлсөн 50,300 төгрөг, татварт төлсөн 71,252 төгрөг, нийт 121,552 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 13,028,797 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 4,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Ш.Атай байгуулсан зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ юм. Урт хугацааны гэрээний харилцааг дуусгавар болгох бол цуцлах эрх зүйн үр дагавар үүсэх бөгөөд цуцалсан гэрээний үүргийн харилцаа өргөн утгаараа дуусаагүй байх боломжтой юм. Манай байгууллага 16,875,000 төгрөгийн үнэ бүхий автомашин хүлээлгэж өгсөн, харин зээлдэгчээс 7,917,000 төгрөгийн үнэлгээтэй автомашин хүлээлгэж өгсөн нь бодитой хохирол учир гэрээний дагуу үлдэгдэл 13,150,349 төгрөгийг шаардах эрхтэй.

4.б. Хоёр жилийн хугацаанд 16,875,000 төгрөгөөс 7,917,000 төгрөгийн үнэлгээтэй болж буурсан нь шүүх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байхад шүүхээс манай байгууллага үнэлгээг дураараа тогтоосон мэт дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас 16,875,000 төгрөгийг бодитоор өгөөгүй гэж тайлбарладаг. Манай байгууллага нь төрлийн шинжээр тодорхойлогдох 16,875,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин хүлээлгэж өгсөн тул зээлийн гэрээний зүйлийг бодитоор хүлээлгэж өгсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэлгээтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан байна. Уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулсан гэхээс илүү такси тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу хоног тутамд тодорхой дүнтэй, сард нэгдсэн дүнгээр 770,000 төгрөгийн төлбөрийг тогтмол шилжүүлээд энэ хугацааны дараа тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж авахаар тохиролцсон. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн сунгалтуудад талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй. 7,000,000 төгрөгийн үнэлгээг тооцуулан авсан автомашинаа 2,3 сарын дараа гуравдагч этгээдэд 16,000,000 төгрөгөөр бусдад шилжүүлэн такси тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсантай холбоотой нотлох баримтыг гаргуулах гэсэн боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээтэй холбоотой зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаж байгаа гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянааданхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК нь хариуцагч Ш.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,220,349 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна. /хх1-2, 36-37/

 

3.а. Талууд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт 3 гэрээ байгуулжээ.

Үүнд: Зээлийн гэрээгээр “У.Б.Т.Т.С” ХХК нь 16,875,000 төгрөгийн зээл олгох, Ш.А нь сард 770,000 төгрөг буюу ажлын 5 өдөр бүр 35,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна.

3.б. “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” нэртэй гэрээ /фидуци/-гээр Ш.А нь 94-06 УБӨ улсын дугаартай Хьюндай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг эзэмших, ашиглах эрхтэйгээр нэхэмжлэгчийн өмчлөлд байлгах, зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд “У.Б.Т.Т.С” ХХК нь тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК нь хариуцагч Ш.Аыг зээлийн гэрээний үүргээ төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Хьюндай Соната-6 маркийн автомашиныг түүний эзэмшлээс хураан авсан байна. /хх103-105/

3.в. “Таксины үйлчилгээ эрхлэх гэрээ” нэртэй гэрээгээр “У.Б.Т.Т.С” ХХК нь такси дуудлагын төвөөр дамжуулан үйлчлүүлэгчтэй Ш.Аыг холбож өгөх, Ш.Аын хувьд гэрээний хугацаанд зорчигч тээвэрлэх буюу таксийн үйлчилгээ эрхлэх, хариу төлбөр төлөх үүрэг тус тус хүлээжээ. /хх49-51/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор талууд Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан. 

Зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч Ш.Ат зээлийн гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК нь шилжүүлээгүй, харин нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй Хьюндай Соната-6 маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байна.

Хариуцагч Ш.Аын хувьд уг автомашинаар таксийн үйлчилгээ эрхэлж, сар бүр 770,000 төгрөгийг нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК-д төлдөг, нэхэмжлэгч “У.Б.Т.Т.С” ХХК нь такси дуудлагын төвөөр дамжуулан үйлчлүүлэгчтэй хариуцагчийг холбож өгөх үйлчилгээг үзүүлж байжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа эсхүл бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон үүргийн харилцааны аль нь үүссэн болохыг тодруулж, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх нь түүнтэй холбогдон гарах гэрээний үр дагаварыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/02729 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,094 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ЦЭНД

                ШҮҮГЧИД                           С.ЭНХБАЯР

                                                                          Д.БЯМБАСҮРЭН