Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 285

 

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган улсын яллагч *******, шүүгдэгч *******-ий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1975 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, хүүхэд, 2 зээгийн хамт амьдардагулсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, регистрийн дугаартай, ******* овогт *******

Шүүгдэгч *******-ий нь согтуугаар 2018 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр *******ын ******* тоотын гадна иргэн *******гийн хүзүүнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-ий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч *******-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...******* гэх залуу архины халуундаа чи муу хөлгүй пиздаагаа аваад зайл гээд намайг доромжлоод байсан. Бүр сүүлдээ намайг заамдаад босч унагаасан ба би ухаан балартсан. Нэг сэрэхэд ******* гэрт байхгүй байсан ба би боолгуулсандаа уурлаж гэрт байсан шар өнгийн иштэй хутгыг аваад гэрээс гарсан. ******* хашааны гадна намайг чиглээд ирж явсан. Тэгэхээр нь би “чи намайг тахир дутуугаар минь доромжилдог хүн мөн үү” гээд хүзүү орчимд нь нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Хохирогч *******гий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... яг юунаас болж хэрэлдсэнээ мэдэхгүй байна. Хэрэлдэж байгаад ******* гэрээс нь гараад явж байсан. Намайг ******* хашааны гадаа зогсож байхад хүзүү рүү маань нэг юм орох шиг болсон. Х-ий намайг хутгалсан байсан. Тухайн үед миний дэргэд Х-гээс өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 659 тоот дүгнэлтэд: "1. *******гийн биед хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  3.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч *******-ий нь согтуурсан үедээ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны  өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр *******ын ******* тоотын гадна хохирогч *******гийтай хувийн таарамжгүй харилцаанаас улмаас маргалдаж улмаар хохирогчийн хүзүүнд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн:  “Чи намайг тахир дутуугаар минь доромжилдог хүн мөн үү” гээд хүзүү орчимд нь нэг удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/ түүнийг давхар нотолсон хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 659 тоот дүгнэлт /хх-ийн 25/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч *******гийн биед учирсан “хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий  хөнгөн хохирол /гэмтэл/ нь шүүгдэгч *******-ий санаатайгаар шар иштэй хутгаар хохирогчийн хүзүүн тус газарт нэг удаа хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч *******-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг шар өнгийн бариултай хутгыг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шүүгдэгчид буцаан олгобол зохино.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 500000 төгрөг өгсөн/ болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч ******* овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 50000 төгрөг өгсөн/, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг шар өнгийн хутгыг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шүүгдэгчид буцаан олгосугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР