Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       2022             08              19                                                 210/МА2022/01536

 

 

 

Д.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Оын хариуцагч “У.Б.Ц.Т.С /цаашид “УБЦТС” гэх/ ТӨХК холбогдуулан гаргасан “УБЦТС ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Д.Оын 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өмчилж авсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Консулын 18 дугаар гудамж, 448 тоот нутаг дэвсгэрт байрлах 18645310397486 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 236 мкв газрыг 2009 онд гэр хороолол дахин төлөвлөлтийн асуудлаар түүнээс зөвшөөрөл авалгүйгээр орчны газартай нь хамтруулан орон сууцны айлуудыг цахилгаанаар хангах дэд өртөө барьсан. Тухайн үед газар өмчлөгч нартай уулзан хувийн өмчийн газрыг байр болон бэлэн мөнгөөр үнэ тохирон худалдаж авах, үнэ тохироогүй хүмүүст газрын нөхцөл байрлалыг дордуулахгүйгээр газар өмчлүүлж өгнө гэж байсан боловч уг саналыг хүлээн аваагүй байдаг. Нэхэмжлэгч нь газар өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаараа 2021 оны 12 сарын 18-нд УБЦТС ТӨХК-нд гомдол гаргаж, улмаар Барилга хот байгуулалтын яаманд хандахад ирүүлсэн хариу мэдэгдэлд дурдсанаар дахин “УБЦТС ТӨХК-нд хандахад “УБЦТС ТӨХК-ийн зүүн түгээх хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг ирүүлсэн. УБЦТС ТӨХК-ийн зүүн түгээх нь 2021 оны 4 сард 8-ны №32/2.87 тоотоор хариу ирүүлэхдээ асуудлыг мөн нэгэн адил шийдвэрлэж өгөөгүй. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 18 дугаар гудамж, 448 тоот 18645310397486 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 236 мкв газар дээр баригдсан цахилгаан дэд өртөө ХТП-2567-г ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, дэд өртөөг буулгаж газар албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зам тээвэр барилга, хот байгуулалтын яамны орон сууцны 14 дүгээр хороолол төслийн хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 6 дугаар хэсэгт гадна шугам сүлжээ, инженерийн байгууламжууд, орон сууцны барилгыг ашиглалтад оруулан ажиллаж байсны дагуу 2007 оны 2 сарын 08-ны өдрийн 135/2007 тоот техникийн нөхцөл орон сууцны санхүүжилтийн корпораци дээр гарсан. Үүний дагуу угсралтын ажлыг ЧММ ХХК хийсэн нь 2009 оны 11 сарын 16-ны 192 тоот Шинээр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичигт тусгагдсан байдаг. Хариуцагч байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд тухайн байршилд байгаа шугам дэд өртөөний ХТП-2567 зөвхөн ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус дэд өртөө нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын хариуцагч “УБЦТС” ТӨХК-нд холбогдуулан гаргасан “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дэд өртөө ХТП-2567-г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан өмчлөлийн газрыг бусдын хууль бус эзэмшилээс албадан чөлөөлүүлэх шаардлага нь хариуцагч компанийн ашиглалтын үйл ажиллагааг Улаанбаатар хотын хэмжээнд бүхэлд нь зогсоох шаардлага биш юм. Хариуцагч нь хууль зөрчин ашиглалтын үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрсөн байхад ямар ч төлбөр хураамж төлөлгүйгээр нэхэмжлэгчийн эрхэд халдсан талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн хувийн өмчийн газрыг ашигласан нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зөвтгөгдсөн агуулгатай дүгнэлт тусгагдсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч УБЦТС” ТӨХК-д холбогдуулан тус компанийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 39/

 

3. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

3.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ““УБЦТС” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлөхийг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг” “УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дэд өртөө ХТП-2567-г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх” гэж буруу бичжээ.

3.б. Шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дээрх маргаан бүхий газрыг өмчилж авсан байх ба 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх газрыг өмчлөх эрхгүй гэж маргаагүй, буюу нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн тухай маргаан үүсээгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрөх аргыг хэрэглэх шаардлагагүй юм. Харин нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан аргаар эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3.в. Шүүх шийдвэртээ хариуцагч нь эрчим хүчээр хангах, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна гэж дурьдаад тэрээр ХТП-2567-г хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байх тул түүний хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад шүүх хариуцагч уг газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүй,  нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй цахилгааны трансформаторын дэд өртөө ХТП-2567-г хариуцагч тусгай зөвшөөрөлтэйгээр эзэмшиж, ашиглаж байна гэж хууль буруу хэрэглэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр баригдсан барилга байгууламжийг 2008 оны 08 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусган, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулжээ. Нэхэмжлэгч нь эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхээр 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч нь хөршийн зөвшөөрөлгүйгээр хил зөрчин барилга байгууламж барьсан бөгөөд хөрш нь ийнхүү хил зөрчихөөс өмнө буюу хил зөрчсөн үйлдэл эхэлсэн даруй тухайн эзэмшигчид уг үйлдлээ зогсоох шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “УБЦТС” ТӨХК өөрийнх нь газар дээр барилга байгууламж барьж эхлэх үед тухайн үйлдлийг зогсоохыг нэн даруй шаардах эрхтэй байсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд тэрээр хариуцагчийн хил зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй бөгөөд харин Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхийг энэхүү шийдвэр хөндөхгүй болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/02689 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “106 дугаар зүйлийн 106.1 гэснийг “137 дугаар зүйлийн 137.1 гэж, ““УБЦТС” ТӨХК-ийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоож, цахилгаан дэд өртөө ХТП 2567-Г буулгаж, газар албадан чөлөөлүүлэх” гэснийг “ХТП-2567-г буулгаж, “УБЦТС” ТӨХК-ийн хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                              С.ЭНХБАЯР

 

                                                                                        Д.БЯМБАСҮРЭН