| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0105/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М-д холбогдох эрүүгийн.... дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.М-д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.М нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-н толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж өгөх мэдүүлэг байхгүй гэв.
Шүүгдэгч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дожоо эгч Б бид 3 хувааж ууж дуусаад молдокоо аваад явъя гэхэд Б явахгүй гээд байхаар нь би солгой гараараа 2 удаа баруун шанаа руу нь цохьчихоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-33 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М над руу агсраад чи муу юу юм, чамайг яаж ч чадна шдээ гээд босож ирээд миний баруун талын шанаа тус газар гараараа цохихоор нь би Мийг суу ахын дүү, чи бид хоёрт хэрэлдэж маргаад байх юм байхгүй гэж хэлээд түлхээд суулгасан чинь М босож ирээд дахиад миний баруун талын шанаа тус газар 2 удаа цохихоор нь би гараад байрлаж байгаа байрлуугаа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийг чи яаж байгаа юм гээд юу болсон талаар асуусан чинь Б нь Мтэй хамт архи ууж байсан чинь М намайг дээрэлхээд намайг 2,3 удаа цохьсон. Би дээрэлхүүлж чадахгүй гэж надад хэлээд...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлтэнд: “...Даланжаргалан сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоос үзэхэд Ц.Б-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй...” гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/,
Хохирогч, яллагдагч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцсон баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б-н толгойн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дожоо эгч Б бид 3 хувааж ууж дуусаад молдокоо аваад явъя гэхэд Б явахгүй гээд байхаар нь би солгой гараараа 2 удаа баруун шанаа руу нь цохьчихоод гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М над руу агсраад чи муу юу юм, чамайг яаж ч чадна шдээ гээд босож ирээд миний баруун талын шанаа тус газар гараараа цохихоор нь би Мийг суу ахын дүү, чи бид хоёрт хэрэлдэж маргаад байх юм байхгүй гэж хэлээд түлхээд суулгасан чинь М босож ирээд дахиад миний баруун талын шанаа тус газар 2 удаа цохихоор нь би гараад байрлаж байгаа байрлуугаа явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийг чи яаж байгаа юм гээд юу болсон талаар асуусан чинь Б нь Мтэй хамт архи ууж байсан чинь М намайг дээрэлхээд намайг 2,3 удаа цохьсон. Би дээрэлхүүлж чадахгүй гэж надад хэлээд...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Мэд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Мэд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэрэгт тохирсон байх тул ялын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М-д г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД