Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/772

 

2026           06            16                                                                        2026/ДШМ/772

 

С.У-т холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч С.У- /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2026/ШЦТ/968 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.У-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2408 00000 1918 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М- овогт С-ын У-, 1994 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт ..........тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,

урьд: - Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

- Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1-д тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 234 дүгээр зүйлийн 234.2-т тус тус зааснаар 5 жил жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

- Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 572 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 782 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1- т зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусаж, суллагдсан, /РД: РС-/,

 

Шүүгдэгч С.У- нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 25 иргэнд цагдаагийн үнэмлэх болон бусад баримт үзүүлж ".. цагдаагийн байгууллагаас явж байна, эсхүл би эрүүл мэндийн яамнаас ярьж байна, танайх насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа, эм зарсан, мөн тамхи ширхэглэж зарсан байна, эмчилгээний зардал, торгууль төлөхгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгуулна, хэрэг үүсгэнэ.." гэх зэргээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Орхон, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлсэн нийт 13,119,390 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: С.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч М- овогт С-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан "хуурч, баримт бичиг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан" гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.У-ыг долоо /7/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч С.У-ын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 373 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С. У-аас хохирогч Б.У-т 163,000 төгрөгийг, М.Ө-т 97,500 төгрөгийг, Т.С-ад 350,000 төгрөгийг, Н.О-т 1,208,000 төгрөгийг, Ю.Г-т 878,490 төгрөгийг, Б.Д-д 500,000 төгрөгийг, С.С-т 250,000 төгрөгийг, Ч.Н-д 346,000 төгрөгийг, Б.С-д 560,000 төгрөгийг, З.Д-ад 405,000 төгрөгийг, М.О-д 312,000 төгрөгийг, Ц.Э-т 120,200 төгрөгийг, Д.Ц-д 440,000 төгрөгийг, Н.Н-т 405,000 төгрөгийг, Б.Б-т 680,000 төгрөгийг, М.Д-д 795,500 төгрөгийг, Г.О-д 385,000 төгрөгийг, Б.А-т 610,000 төгрөгийг, Н.Ц-д 400,000 төгрөгийг, С.Б-д 872,000 төгрөгийг, Н.Г-т 791,900 төгрөгийг, П.Б-ад 700,000 төгрөгийг, Э.Б-т 720,000 төгрөгийг, Б.О-т 590,000 төгрөгийг тус тус гаргуулан эдгээр хохирогч нарт олгуулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасны дагуу шүүгдэгч С.У-ын эзэмшлийн Хаан банкны 5О-4 тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа хохирогч Ү.Ц-гаас шилжүүлэгдсэн 515,000 төгрөгийг хязгаарласныг шийдвэр гүйцэтгэлийн журмаар хохирогч Ү.Ц-д шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг цуцлахыг мөн газарт даалгахаар...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.У- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нийт нийт 28 үйлдэл гарч шүүх рүү хэргийг минь шилжүүлсэн болно. 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр шүүх хурал болж 968 шийтгэх тогтоол гарч 25 үйлдэл гарч ирсэн гэж дурдсан байдаг. Гэтэл ял үнэндээ 28 үйлдэл гарч ирээд байдаг аа дутуу байгаа гурван үйлдлийг цухас дурдвал 2025 оны  дугаар сарын 6 сарын 25-ны өдрийн 1928 шүүгчийн захирамж дээр уг гурван үйлдэл тод харагддаг.

1. 2024 оны 11 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Норжин Худалдааны төвийн 1 давхарт өөрийгөө Цагдаагийн алба хаагч Н.А-д байна гэж хэлээд 300,000 мянган төгрөг авсан гэх,

2. 2025 оны 3 сарын 20-ний өдөр БЗД 6 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Гүн нэртэй Караоке ажилдуулдаг Г.О-д өөрийгөө Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагч хошууч Анхбаяр гэж хүн байна насанд хүрээгүй хүнд архи зарсан,тэр хүүхэд хүчиндсэн байна гэж хэлээд нийт 540,200 төгрөгийн төлбөр гарсан юм байна гэж хэлээд 700,000 төгрөг авсан гэх.

3. Зээл гаргаж өгнө зуучилна гэх зарыг байршуулан уг зарын дагуу холбогдсон Э.Э-ыг төөрөгдөлд оруулж 2025 оны 02 сарын 28-ны өдөр Голомт банкны 19Э- тоот дансанд авсан гурван үйлдэл байхгүй.

Мөн хохирогч нарын мөнгө өгсөн гэх хугацаа зөрүүтэй овог нь бас буруу байна аа. Давж заалдах шатны шүүхийн 2025/дшм/1269 дугаар магадлал гарч уг магадлал дээр У- гэх этгээд хэрэг хийж байх хугацаандаа ажил хөдөлмөр хийж байсан эсэхийг шалга гэрч нараас мэдүүлэг ав гэж гарсан учраас гурван шүүгч нартай маш их баярлаж байсан яагаад гэвэл хэдий хэрэг хийж байсан нь үнэн ч үүний хажуугаар маш олон хүнтэй хамт ажил хийж мөн улсын байгууллагад болон хувын байгууллагад ажил хийж байсан учраас хамт ажиллаж байсан хүмүүс мөн байгууллагууд мэдүүлэг байцаалт аваад өгөхөөр үнэн тодроод гараад ирнэ гэж бодож баярлаж байсан. Гэтэл байцаагч, прокурор хоёр шүүхийн заасан ажиллагааг хийгээгүй, өмгөөлөгч бид хоёрын хуулийн дагуу товлосон ажиллагааг хийж өгөөгүй хийсэн ганц ажил нь гэрч М.Д-гээс мэдүүлэг авсан байдаг.  Энэ хүнтэй гурван удаа уулзаж байсан. Тийм сайн танихгүй хүнээ таньдаг хүн шиг худлаа мэдүүлэг өгч болохгүй биз дээ. Мөн хамт ажил хийж цалин авахдаа цалин 1 2 3 гэх нууц үгээр цалин мөнгөө авч байсан дансны хуулга байдаг үүнийг хараагүйгээр хэргийг шийдсэн байдаг. Урьд өмнө бас ингэж шийтгүүлж яваад гарахын өмнө дуудлагаар ирж байсан болно. Мөн энэ эрх зүйн байдал маш их дорддог, залилан мэхлэх зүйл ангиар удаа дараа ял шийтгүүлээд байгаа юм шиг харагддаг түүнээс хэн нэгний хайнга ажлаа хийснээс энэ хүн дуудлагаар ирсэн хүн гэж харагддаггүй нь маш их хохиролтой байдаг. Ийм учир дээр дурдсан асуудлыг минь шалгаж хэргийг минь нэгтгэж яг хуулийн дагуу үнэн зөв гэрч нараас мэдүүлэг авах нөхцөл боломжоор хангаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.

Харин миний бие нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ийм учраас гэм буруу дээрээ маргадаггүй хохирогч нарынхаа хохирлыг нэн даруй барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж үнэн зөв ял шийтгэл аваад эр хүн шиг шийтгэлээ эдэлж дуусаад сайн хүү сайн аав шиг өөрийнхөө үүрэх ачааг эр хүн хань шиг амьдралаа алдсан маш их цаг хугацаагаа хурдан нөхөх болно оо гэж эрхэм гурван шүүгч дээ амлаж байна. Миний охины төлөө ээжийн минь төлөө бас амьдралын төлөө тэмцэж байгааг минь харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.У-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд С.У-ыг өмнө залилах гэмт хэргийг үйлдэж байсан эсэхийг шалгаж тогтоохоор тусгасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар өмнө залилах гэт хэрэг үйлдэж байсан эсэхийг шалгаж тогтоохгүйгээр гэрч Д-гээс мэдүүлэг авч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэрч Д- шүүгдэгчтэй хамтран амьдардаг эсэх нь тодорхойгүй хүнээс мэдүүлэг авсан. Гэтэл гэрч Д- “С.У-ыг орлого олдог эсэхийг мэдэхгүй” талаар мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс гэрчийн мэдүүлгийг үндэслэж залилангийн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж шүүхээс ял оногдуулсан нь ойлгомжгүй байна. С.У- нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хугацаа сунгах захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ сунгаж байсан. Дээрх 3 үйлдэл нь шийдэгдсэн 25 үйлдэлд хамаарахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж өгнө үү...” гэв.    

Прокурор Ц.Сайнзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.У- өөрийн үйлдсэн 3 хэргийг нэмж нэгтгүүлэх тухай ярьж байгаа хэдий боловч түүнд холбогдуулан яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг байхгүй. Прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэл сангаас өчигдөр би шүүж үзсэн. С.У- залилангийн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй гэж байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар магадлалд заасан. Хэргийг хүлээж авч гэрч Д-гээс мэдүүлэг авсан. Гэрч Д- “шүүгдэгчтэй дотно харилцаатай байсан” талаар мэдүүлсэн. Гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль заасан эрх үүргийг танилцуулж авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн. Шүүгдэгч С.У- залилангийн гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Шүүгч С.У- өмнө залилангийн гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан. Мөн оны 08 дугаар сард 1, 10 дугаар сард 1, 11 дүгээр сар 8, 12 дугаар сард 4, 2025 оны 02 дугаар сард 6, 3 дугаар сард 5 удаагийн үйлдлүүдээр нэр бүхий хохирогч нарт шүүгдэгч өөрийгөө төрийн байгууллагын хууль сахиулах байгууллагын ажилтан мэтээр танилцуулж хуурч мөнгө шилжүүлж авсан. Дээрх гэмт хэрэг үйлдсэн хугацаанд шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг байсан талаар мэдүүлдэг байгаа боловч энэ талаарх нотлох баримт тогтоогдохгүй байгаа. Харин гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, гэмт хэргийн улмаас олсон орлогоор амьжиргаагаа залгуулдаг байсан нь дансны хуулга гэрч Д-гийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Мөн шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ 3 сар ажил хийсэн талаар мэдүүлдэг. 5 дугаар хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан. Прокуророос яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд болон 2 шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын үндэслэж С.У-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.У-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.У- нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 25 иргэнд цагдаагийн үнэмлэх болон бусад баримт үзүүлж ".. цагдаагийн байгууллагаас явж байна, эсхүл би эрүүл мэндийн яамнаас ярьж байна, танайх насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа, эм зарсан, мөн тамхи ширхэглэж зарсан байна, эмчилгээний зардал, торгууль төлөхгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгуулна, хэрэг үүсгэнэ.." гэж баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Орхон, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус шилжүүлсэн нийт 13,119,390 төгрөгийг өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь:

- хохирогч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд / 1хх 142-143/, Б.У-, С. У- нарын Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 100-101, 107/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 121-129/,

- хохирогч М.Ө-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 97.500 төгрөгийг шилжүүлэн авсан хэргийн нотлох баримтууд: Цагдаагийн 3 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх 159/, хохирогч М.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх 170/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 161-166/,

- хохирогч Т.С-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх 246/, - гэрч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх 4-5/,

 

- хохирогч Н.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх хх 8-9/, "Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Ц- 0750 дугаар "..виски 120.000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 11-13/, "Н--2" нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 16-20/,

- хохирогч Ю.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх 140-142/, хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4хх 148-150/, "Дамно" ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЧД1-24-1264 дугаар 'Лекёр 71.090 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 154-157/,

- хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх 217/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 221-223/, хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 224-231/,

- хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх хх 38/, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29/13643 дугаартай албан бичиг, хавсралт /2хх 48-49/, хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 65-68/,

- хохирогч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх 186-187/, хохирогчоос гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга, бусад гэрэл зураг /2хх 190-193/,

- хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх 92-93/, Хаан банкны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 29/258 дугаартай албан бичиг, хавсралт /2хх 99-100/,

- хохирогч 3.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх 126/, "Ази Фарм" эмийн сангийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 130-131/, хохирогчоос мөнгө шилжүүлсэн талаарх Хас банк, Хаан банзны дансны хуулга /2хх 139-140/,

- хохирогч М.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх 23/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 24-29/,

- хохирогч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх 161-162/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 170-172/,

- хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх 223-224/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 230- 232/,

- хохирогч Н.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /6хх 98-99/, хохирогчоос гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн талаарх Хаан банкны дансны хуулга /6хх 118/,

- хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх 216-217/, Хаан банкны дансны хуулга /4хх 224/,

- хохирогч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх 159/, Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5045/25/246 дугаартай албан бичиг, хавсралт /3хх 161-162/, Мобиком Корпораци ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/975 дугаар албан бичиг, хавсралт /3хх 183-184/,

- хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /5хх 82-83/, С.У-ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /5хх 102/,

- хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх 51-52/, Хаан банкны 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 29/3094 дугаартай албан бичиг хавсралт /4хх 64-67/,

- хохирогч Н.Ц-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 9-р хуудас/, хохирогчоос мөнгө шилжүүлсэн талаарх шилжүүлгийн мэдээлэл /4хх 25/,

- хохирогч Ү.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх 217-218/, С.У-ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /3хх 176/,

- хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /5хх 15-16/, Хас банкны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5в/4119 дугаартай албан бичиг, хавсралт /5хх 17-20/,

- хохирогч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /5хх 46/, Хас банкны 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5в/4119 дугаартай албан бичиг, хавсралт /5хх 50-54/,

- хохирогч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх 183/, П.Б-ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулганууд /4хх 188/,

- хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх-115/, Хас банкны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07/213 тоот албан бичиг, хавсралт /3хх 118-119/,

- хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх  93/, Хас банкны 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5в/3660 дугаартай албан бичиг, хавсралт /4хх 105-106/, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогчид, шүүгдэгч С.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.У-ын үйлдсэн бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг хангалттай нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

 

Шүүгдэгч С.У- нь хохирогчдоос мөнгө шилжүүлэн авахдаа цагдаагийн үнэмлэх болон баримт бичиг үзүүлж "... өөрийгөө цагдаагийн байгууллагаас явж байна, эсхүл би эрүүл мэндийн яамнаас ярьж байна, танайх насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундаа, эм зарсан, мөн тамхи ширхэглэж зарсан байна, эмчилгээний зардал, торгууль төлөхгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг нь хүчингүй болгуулна, хэрэг үүсгэнэ.." гэх зэргээр хуурч, бичиг баримт ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.

 

Хулгайлах, дээрэмдэх, залилах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн хууль бус орлогоос гадна өөр хууль ёсны орлоготой байсан эсэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого нь түүний өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг нь хангахад хүрэлцэж байсан эсэх, мөн нэг удаагийн үйлдлийн хохирлын хэмжээ нь үлэмж, эсхүл их хэмжээнд хүрсэн эсэх нь түүний үйлдсэн гэмт хэргийг “Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхэд саад болохгүй.

Шүүгдэгч С.У-ын хувьд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 25 иргэнээс нийт 13,119,390 төгрөгийг залилан авсан үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны шаардлагыг шүүхээс оногдуулсан ял хэрхэн хангаж байгаа болохыг дүгнэх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсан болохыг илэрхийлэх “хуульд захирагдах” зарчмын үндсэн шалгууруудын нэг бөгөөд хуульд заасан ялын төрлүүдээс тухайлан сонгосон үндэслэл, тусгай ангид заасан интервалаас ямар хэмжээг сонгон авсан шалтгаанаа заавал тайлбарлахыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.У-ыг “урьд залилах гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлэн ялыг эдэлж дууссаны дараа дахин энэ төрлийн гэмт хэргийг адил арга, сэдэлтэйгээр хохирогч нарт хохирол учруулсан байх тул шүүгдэгч С. У-ыг тодорхой хугацаанд эрх чөлөөг нь хязгаарлаж, олон нийтээс тусгаарлаж, тусгай хорих байгууллагад байлгах нь түүний хийсэн үйлдэл, хэрэг явдал, тэдгээрээс үүсэх үр дагаврыг өөрийн биеэр хариуцах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх буюу шударга ёсны зарчимд нийцнэ” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар /7/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч С.У-аас ...3 үйлдлийг орхигдуулсан байгаа тул нэгтгэн шийдвэрлүүлж өгнө үү...гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Түүнд холбогдох 2408 00000 1918 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэн, ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасныг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Хууль тогтоогчоос шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг Эрүүгийн хуульд хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүрэгтэй ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.У-т холбогдох яллагдагчаар татагдсан өөр гэмт хэрэг байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гомдолд дурдсанаар хэрэг нэгтгэж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

 

Иймд шүүгдэгч С.У-т өөрт нь холбогдох гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл байгаа бол энэ хэргээс тусад нь шалгуулах боломжтой гэж үзэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 2026/ШЦТ/968 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ын цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БААСАНБАТ

                                    ШҮҮГЧ                                                                      Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА