Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 116

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Э-д холбогдох эрүүгийн 1819001990097 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А.Э-д

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Э нь 2018 оны 06 дугаар сары 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Аын хүзүү тус газарт заазуурдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Архи ууж байгаад маргалдсан. А надруу заазуур бариад дайрсан. Би сандраад булааж аваад эргээд цохиход хүзүүнээс нь цус гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв,

 

Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.А нь гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй заазуур гаргаж ирээд над руу далайгаад дайрахаар нь би заазуурыг нь булааж аваад С.Аын шилэн хүзүү тус газарт нь заазуураар цохитол зоогдоод цус гарч эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим 0.75 л Ерөөл архи хоёр шилийг уусан Э, Мөнхбаатар бид нар архи уугаад сууж байгаад би тасраад унтаад өгсөн ба нэг ухаан ороод сэртэл Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаас хуудас/,

 

Гэрч Х.Идэрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..нэг сэртэл С.Аын гэрт цагдаа эмнэлгийн хүмүүс ирчихсэн намайг сэрээсэн ба С.Аын хүзүүг хамт байсан Э гэдэг залуу заазуурдчихсан гээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу Айраг сумын цагдаад мэдэгдээд дуудлагаар газар дээр нь очиход манай сумын С.А гэгч нь хүзүүн тус газраа зүсэгдсэн ил шархтай хүзүү дээр нь даавуугаар дарчихсан хажууд нь А.Э сууж байсан. Ингээд юу болсон талаар асуухад А.Э нь С.Аын хүзүү тус газар заазуурдсан гэж хэлээд сууж байсан..." гэсэг мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0219 дугаартай дүгнэлтэнд: “...2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр яаралтай тусламжийн хуудсыг үзэхэд С.Аын биед хүзүүний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйл үгүй..." гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл /хх-3-4/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37/,

 

Хохирогч, яллагдагч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцсон баримт зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь 2018 оны 06 дугаар сары 29-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Аын хүзүү тус газарт заазуурдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Архи ууж байгаад маргалдсан. А надруу заазуур бариад дайрсан. Би сандраад булааж аваад эргээд цохиход хүзүүнээс нь цус гарсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.А нь гал тогооны шүүгээнээс хар өнгийн иштэй заазуур гаргаж ирээд над руу далайгаад дайрахаар нь би заазуурыг нь булааж аваад С.Аын шилэн хүзүү тус газарт нь заазуураар цохитол зоогдоод цус гарч эхэлсэн..." гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим 0.75 л Ерөөл архи хоёр шилийг уусан Э, Мөнхбаатар бид нар архи уугаад сууж байгаад би тасраад унтаад өгсөн ба нэг ухаан ороод сэртэл Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Идэрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..нэг сэртэл С.Аын гэрт цагдаа эмнэлгийн хүмүүс ирчихсэн намайг сэрээсэн ба С.Аын хүзүүг хамт байсан Э гэдэг залуу заазуурдчихсан гээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу Айраг сумын цагдаад мэдэгдээд дуудлагаар газар дээр нь очиход манай сумын С.А гэгч нь хүзүүн тус газраа зүсэгдсэн ил шархтай хүзүү дээр нь даавуугаар дарчихсан хажууд нь А.Э сууж байсан...." гэсэг мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0219 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч А.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б овогт А.Э-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч А.Эад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэрэгт тохирсон байх ялын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирогч С.А нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ Миний эмчилгээний зардал буюу эмнэлэгт хэвтсэн мөнгө болох 281 000 төгрөгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн дансанд тушаасан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А.Э-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэг 11 см, ажлын хэсэг 16 см урт заазуурыг устгасугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД