| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0110/э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Л-д холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.Л-д
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Л нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газарт иргэн Б.Мгийн хээр болон духан дээрээ жижиг сартай хээр зүсмийн 2 тооны морь хулгайлан түүнд бага хэмжээний буюу 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйлгүй. Худаг дээр 2 адуу ирэхээр нь цагаан сарын юм бэлдэх зорилгоор хийгээд зарсан. Б ,Т нар хулгайлсан гэж мэдээгүй гэв,
Шүүгдэгч Т.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 01 дүгээр сарын дундуур ..... Иххэт сумын төвөөс урагш 30 км зайд Ар цагаан худаг дээр өөрийн 1 морийг барьж аваад төхөөрөх санаатай байж байтал худаг дээр зөв талын ташаан дээрээ зуузай тамгатай сартай хээр зүсмийн морь 1 ширхэг, цул хээр зүсмийн 1 ширхэг морь нилээд 2 тооны морь байхаар нь уургалж бариад хазаарлаад өөрийнхөө морьны хамт Хашаат гэх газар байдаг ээжийнхээ гэр лүү хөтлөөд явсан юм. Тухайн үед цаг 15 цаг өнгөрч байсан санагдаж байна. Тэгээд гэртээ иртэл манай ээжтэй хамтран амьдардаг Б ах малаа эргүүлэх гээд гарч байсан ба би тэр хооронд авч ирсэн 2 морио янзалж эхэлсэн. Эхлээд цул хээр морийг янзалж дуусчихаад 2 дахь сартай хээрийг янзлах гэж байтал Б ах малнаасаа хүрч ирээд надад тусалсан. Тэгээд бид 2 авч ирсэн бүх адуугаа янзалчихаад байж байтал 17 цагийн үед манай дүү Т.Агийн нөхөр Ш.Т өөрийн Стана маркийн авто машинтай ирж сүүлийн адуунаас бага зэрэг хамжиж тусалж өгчихөөд махаа ачаад сумын төв орж Аг замаараа авч Улаанбаатар хот руу явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Дорноговь аймгийн ...ы худаг гэх газар нутагладаг байсан. 2018 оны 01 сарын сүүлээр 2 дугаар сарын эхний ойролцоо тус газраас хоёр тооны хээр зүсмийн адуу алдсан. Уг хоёр адуу хоёулаа зөв талын гуяан дээрээ зуузай тамгатай адуу, нэг хээр адуу нь жижигхэн сартай хоёр адуу алдаад одоог болтол эрээд олдохгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Л миний санаж байгаагаар 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх надруу утсаар 11 цагийн орчим утсаар залгаад Улаанбаатар хот явж байгаа юу гэж асууж байсан. Би өөрөө ... улсын дугаартай Стана маркийн тээврийн хэрэгслээр Иххэт сумаас Улаанбаатар хот руу хүн болон ачаа ачиж явдаг байсан. Тус өдөр би Улаанбаатар хот явах байсан. Тэгээд Т.Л ах надад 3 адуу 1 хонины махыг арьс, шир, толгойны хамт ачуулж явуулсан. Би уг махыг Иххэт сумын төвөөс урагш 20 орчим км зайд Баян-Өлзийт хайрханы зүүн урд байдаг Б гэх айлаас очиж ачсан...” гэсэн мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/,
Гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх над руу утсаар 16 цагийн орчимд залгаж ах хөдөө мал төхөөрч байна, ажлын цаг тарахаас өмнө малын бичиг өгвөл авчих, би им болон тамгийг хэлээд өгье гээд надаа бор болон хоёр хүрэн зүсмийн адуу бүгд хайруулга тамгатай, мөн цуулбар имтэй нэг хонины бичиг авахуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Сн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим байх би яг сайн санахгүй байна, манай сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогч ажилтай Т.А нь надад хэлэхдээ манай ах хөдөө гурван адуу хийж байгаа юм. Орой болохоос өмнө бичиг авмаар байна гээд ирсэн. Би тухайн үед өгөхгүй заавал харж байгаад өгнө гэж хэлээд 3 удаа буцааж явуулсан. Тэгээд сүүлдээ ирж байгаад шалгуулна гэхээр нь мал махны гарал үүслийн бичиг хийж өгөөд цагдаагаар ороод үзүүлээрэй гэж хэлээд яуулсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ... цагаан сарын өмнөхөн өвөл байсан юм. Би тус өдөр хонио хариулж явж байгаад оройхон гэртээ иртэл Л гэрт ирчихсэн 3 тооны адуу хашаанд авч ирчихсэн эхний 1 адууг янзлаад гэдэс дотрыг нь гаргаад уутанд хийгээд бэлдчихсэн байж байсан. Тэгээд би Т.Л өөрийнхөө адуунаас төхөөрч байгаа юм байна гэж бодсон юм. Тэгтэл Т.Л над дээр ирээд гэдэс дотрыг нь цэвэрлээд өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би сүүлийн 2 адууны гэдэс дотрыг цэвэрлэж туслалцсан. Тэгтэл удалгүй Т.Лийн дүү Агийн нөхөр Т өөрийнхөө цагаан өнгийн микро автомашинтай ирээд төхөөрсөн мах болон гэдэс дотор, толгой шийрийг нь ачаад хаашаа явах аа надад хэлэлгүй яваад өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ДГО 845 дугаартай хохиролын үнэлгээ “...нийт 1400000 төгрөг...” гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.Л нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн ... гэх газарт иргэн Б.Мгийн хээр болон духан дээрээ жижиг сартай хээр зүсмийн 2 тооны морь хулгайлан түүнд бага хэмжээний буюу 1400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Т.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...худаг дээр зөв талын ташаан дээрээ зуузай тамгатай сартай хээр зүсмийн морь 1 ширхэг, цул хээр зүсмийн 1 ширхэг морь нилээд 2 тооны морь байхаар нь уургалж бариад хазаарлаад өөрийнхөө морьны хамт Хашаат гэх газар байдаг ээжийнхээ гэр лүү хөтлөөд явсан юм. .." гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ... 2018 оны 01 сарын сүүлээр 2 дугаар сарын эхний ойролцоо тус газраас хоёр тооны хээр зүсмийн адуу алдсан. Уг хоёр адуу хоёулаа зөв талын гуяан дээрээ зуузай тамгатай адуу, нэг хээр адуу нь жижигхэн сартай хоёр адуу алдаад одоог болтол эрээд олдохгүй байна..." гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Л ах надад 3 адуу 1 хонины махыг арьс, шир, толгойны хамт ачуулж явуулсан. Би уг махыг Иххэт сумын төвөөс урагш 20 орчим км зайд Баян-Өлзийт хайрханы зүүн урд байдаг Б гэх айлаас очиж ачсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байх над руу утсаар 16 цагийн орчимд залгаж ах хөдөө мал төхөөрч байна, ажлын цаг тарахаас өмнө малын бичиг өгвөл авчих, би им болон тамгийг хэлээд өгье гээд надаа бор болон хоёр хүрэн зүсмийн адуу бүгд хайруулга тамгатай, мөн цуулбар имтэй нэг хонины бичиг авахуулсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ... цагаан сарын өмнөхөн өвөл байсан юм. Би тус өдөр хонио хариулж явж байгаад оройхон гэртээ иртэл Л гэрт ирчихсэн 3 тооны адуу хашаанд авч ирчихсэн эхний 1 адууг янзлаад гэдэс дотрыг нь гаргаад уутанд хийгээд бэлдчихсэн байж байсан. ... " гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ДГО 845 дугаартай хохиролын үнэлгээ “...нийт 1400000 төгрөг...” гэжээ зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Лид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Лид холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил хорих ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Мгийн ХААН банкны ....................... дугаартай дансанд гэмт хэргийн хохирол 1400000 / нэг сая дөрвөн зуу/ төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид хохирлыг нөхөн төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Л-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лид 350 / гурван зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД