| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2408 03523 1618 |
| Дугаар | 2026/ДШМ/773 |
| Огноо | 2026-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2026/ДШМ/773
2026 06 16 2026/ДШМ/773
Ш.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сайнзаяа,
шүүгдэгч Ш.Н- /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Батдулам,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ш.Н-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2408 03523 1618 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ш-ын Н-, 1966 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, эмэгтэй, 60 настай, дээд боловсролтой, малын зоо техникч, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 охины хамт .......... тоотод оршин суух,
урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1659 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жил хорих ял шийтгэгдсэн, /РД:АК66112807/,
Шүүгдэгч Ш.Н- нь "...2024 оны 5 дугаар сарын 28-аас 29-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ш- 1-8 тоотод оршин суух иргэн Д.Г-тай түүний гэрт очиж уулзан түүний БНХАУ-аас оруулж ирсэн мопедыг худалдан аваад сонгуулийн сурталчилгаанд ашиглан, дараа нь мөнгийг өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 20 ширхэг мопедыг залилан авч нийт 26,200,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан..." гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Ш.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Би хүн хуурч аваагүй, хэлэлцээ тохироо хийж авсан. Би нийгмийн сайн сайхан, хүүхдийн төлөө маш олон зүйл хийдэг. Хийж байсан ажлаа дуусгаж хүмүүсийн хохирлыг барагдуулах байтал цаг хугацаа алдаж байгаад сэтгэл зовж байна. Би хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ш.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
- хохирогч Д.Г-ын цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол болон уг гомдолд хавсарган ирүүлсэн "Г-" гэх фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан чатын хуулбар /хх-н 15, 18/,
- хохирогч Д.Г-ын: "...2024 оны 04 сард Н- гэх хүнтэй найзаараа дамжуулж танилцсан. Тэгээд би 2024 оны 04 сарын сүүлээр Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 30 ширхэг мопед оруулж ирсэн. Тэгээд 2024 оны 06 сараас эхэлж зарна гээд байж байтал Н- эгч надаас би сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх гэсэн юм яаралтай 20 ширхэг мопедыг чинь худалдаж авъя гэж хэлээд надаас 2024 оны 05 сарын 28-ны өдөр 10 ширхэг, 2024 оны 05 сарын 29-ний өдөр 10 ширхэг, нийт 20 ширхэг мопедыг сонгуулийн дараа буюу 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор мөнгийг гаргаж өгөхөөр тохиролцож авч явсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл мөнгөө асуугаад залгахад утсаа авахгүй мессежээр хугацаа хэлээд өгнө гэж хэлээд тэр хугацаандаа өгөхгүй удаж байна. Надад нийт 26,200,000 төгрөгийн хохирол учирсан..." /хх-н 22-23/ "... Би 2024 оны 60v32ah-72v20ah загварын нэг бүрийн 1,250,000 төгрөгийн үнэтэй 17 ширхэг мопед, мөн 2024 оны Бяцхан дайчин 20/48V20AH/ загварын нэг бүр нь 1,650,000 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг мопедыг Ш.Н-тай аман байдлаар тохироод 2024 оны 05 дугаар сарын 28-аас 29-ны өдрийн хооронд аваад сонгуулийн дараа мөнгийг нь өгөхөөр тохироод манай хашаанаас буюу Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Г- 1 дүгээр гудамж, 8 тоот хашаанаас Ш.Н- өөрөө портер машин хөлсөлж ирээд ачиж авч явсан. Ш.Н- нь надаас мопед ачиж явснаас хойш нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд би хүлээж байгаад тэвчихгүй цагдаагийн байгууллагад хандсан..., ... Би Ш.Н-ыг анхнаасаа төлөвлөж намайг залилсан гэж үзэж байна, би мопедны мөнгөө авах хугацаа буюу 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойшоо нэг ч удаа уулзаагүй, залгаад утсаа авдаггүй, мессеж бичдэг л байсан, би аргаа бараад цагдаад хандсан, надад учирсан хохирлыг огт барагдуулаагүй, би хөрөнгийн үнэлгээгээр гарсан 26,200,000 төгрөгөө нэхэмжилж байна...” /хх 86/,
- хохирогч Д.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх 87-89/,
- "Тэргүүн Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 24/017 дугаартай "20 ширхэг мопедын зах зээлийн үнэлгээ нийт 26,200,000 төгрөг” гэх хөрөнгийн үнийн магадалгаа /хх-н 32-33/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ш.Н-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Н-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгчийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Ш.Н-ын гэмт үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэсэн шинжүүдийг хангажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Н-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч Ш.Н-аас ...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн зорилгыг “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тодорхойлсон. Үүнтэй холбоотойгоор шүүх “хэргийн үйл баримт төдийгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн эсэх”-ээс гадна “шүүгдэгчийн хувийн байдал” зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах бүхий л нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоож, түүнд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг сонгох болсон шалтгаан, хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэдэг.
Шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Шүүгдэгч Ш.Н- урьд 3 удаа “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байжээ.
Гэтэл шүүгдэгч Ш.Н- нь зөв төлөвшиж, хууль бус үйлдэл хийхгүй байхаар хүмүүжиж чадаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдан хохироож буй буруу үйлдлээ ойлгож ухамсарлан таслан зогсоолгүйгээр дахин “Залилах” гэмт хэрэг үйлдэж, хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан.
Ийнхүү удаа дараа гэмт хэрэг үйлдэж буй болон өмнө нь хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй этгээдэд оногдуулах ял шийтгэлийн талаарх хууль зүйн дүгнэлт ялгамжтай буюу тухайн хүний хувийн байдалд тохирсон байх нь эрүүгийн хариуцлагын зорилго төдийгүй шударга ёсны зарчимд нийцэх юм.
Тиймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Н-т ял оногдуулахдаа “урьд энэ төрлийн гэмт хэрэг удаа дараа холбогдон боловч хууль бус үйлдлийн үр дагаврыг ухамсарлаагүйг түүний хувийн байдалд тооцон дүгнэснийг буруутгах үндэслэлгүй ба шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирчээ.
Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 1659 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийг энэ гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6/зургаа/ жил 10/арав/ сар 19 /арван ёс/ хоногийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зорилго, зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хэмжээнд нийцжээ.
Гэхдээ давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргүүдийг нэг мөр шийдвэрлээгүй байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тухайн зүйлд заасан ялын хэмжээний дотор багасгаж шүүгдэгч Ш.Н-т оногдуулсан ялыг “1 жил хорих” ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 1659 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийг энэ гэмт хэрэгт оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Шүүгдэгч Ш.Н- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 67 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2026/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтад “...Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай...” гэснийг “...Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Н-т Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 1659 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан энэ гэмт хэрэгт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6/зургаа/ жил 10/арав/ сар 19 /арван ёс/ хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Н-т Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дүгээр сарын 24-ны өдрийн 1659 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 4 сар 19 хоногийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай...” гэж,
5 дахь заалт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т оногдуулсан 6 /зургаа/ жил 10 /арав/ сар 19 /арван ёс/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-т оногдуулсан 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сар 19 /арван ёс/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ш.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н-ын цагдан хоригдсон нийт 67 /жаран долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАЯРМАА