Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/01524

 

 

 

Э ХХК, Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01347 дугаар шийдвэртэй, Э ХХК, Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б-д холбогдох, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  Иргэн Н би өөрийн өмч хөрөнгө болох ... байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Б-д шилжүүлж бэлэглэсэн. Ингэж бэлэглэх болсон шалтгаан нь манай нөхрийн буюу Э компанийн бөх гэж цоллогдон барилдаж байсан бөгөөд цаашдын хамтын ажиллагаа амжилтыг ерөөж, харцага цол авсан зэрэгт талархсан юм. Гэтэл 2018 оны 2 дугаар сард телевизээр цагаан сарын бөхийн барилдаанд ... бөх гэж цоллогдон барилдахыг өөрийн нүдээр үзэж цочирдож бухимдсан. Энэхүү үйлдэл нь ... аймгийн төдийгүй улсын хэмжээнд бидний нэр хүндийг үл тоосон, гутаасан зохисгүй үйлдэл болсон. Б нь Нийг ноцтой гомдоосон үйлдлийг гаргасан гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар хандсан. Э компанийн захирал нутгийн бөхөө дэмжиж туслая гээд тухайн үед шинээр гарч байгаа бөхөд биш аймгийнхаа Б гэх залууг сонгоод харилцан туслалцаатай ажиллахаар болсон. Э компанийн захирал аймгийнхаа бөхийг дэмжих зорилготой байсан тул Бийг Улаанбаатар хотод амьдруулахаар болж, 2015 оны намар өөрийн барьсан орон сууцнаас өгч, мөнгөн тусламж өгч Б Э компанийн нэрээр цоллогдон барилдсан. 2018 оны 2 дугаар сард цагаан сарын барилдаанаар Н өөрийн компанийн бөхөө үзээд сууж байхад Эийн бөх гэж цоллогдож байсан бөх нь нутгийн буян компаний бөх гэж цоллогдож улс орон даяар гарснаар энэ гэнэтийн үйл явдлыг мэддэг. 2018 оны 05 дугаар сард шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах төвд хандаж, Б руу залгаад утсаа авдаггүй, эвлэрүүлэн зуучлах төвд ирээгүй. Бийг Эийн бөх гэдгийг тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг. Гэтэл огт мэдэгдэхгүйгээр өөр компанийн бөх гэж цоллогдон гарч байгаа нь ноцтой гомдоосон буюу Нд хүнд туссан. Энэ залууд маш их итгэж, жудагтай бөх болоосой гэж итгэж байсан учраас өөрийн орон сууцаа өгсөн. Э компаниас өгсөн байсан байрыг зарж машин болгоход нь бөх хүн аятайхан машин унах ёстой гэж үзээд өнгөрөөсөн, дараа нь дахин байр бэлэглэсэн шалтгаан нь 2013 оны 07 дугаар сараас Б бөх амжилттай барилдаад харцага цол авсанд нөхрийнх компанийн бөх тул Эийн компани болон Б нарын хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад их талархаж байсан гэдэг. Э компанийн захирлын хувьд Бид цалин өгч, нийгмийн даатгалыг төлж байсан. Өөр мөнгөн тусламж өгч байсан. Дараагаар нь байр өгсөн. Тэр нь машин болсон. Ноцтой гомдоосон гэдэгт заавал үг хэлээр доромжлох хамаарахгүй. Энэ хүн хамтарч ажиллаж байгаа ... аймгийн бөхийг хотод тодорхой амжилтад хүрэх суурийг Э компанийн захирал Энхтөр өгсөн, Н өөрийн сул орон сууцыг нөхөртэй нь хамтран ажиллаж байгаад баярлаж, хамтын үйл ажиллагааг ерөөж харцага цол авахад өгсөн. Нэхэмжлэгчийг гомдоосон үйл баримт 2018 оны 01 сарын 29-нд гарсаэ тул энэ үйл явдлаас хойш 5 дугаар сард шүүхэд хандсан. Хариуцагчийн зүгээс бэлэглэлийн гэрээнд маргаагүй, тухайн үед хариу үүрэг үүсээгүй. Э компанийн захирал Энхтөр нь Нийн нөхөр. 2015-2017 оны хугацаанд хамтарч ажилласан гэдэг үгүйсгэгдсэнгүй. Б руу залгаад байхад утсаа аваагүй, Нийн хувьд олон хоногийн сэтгэлийн зовиурийг тээж явсан гэж тайлбарласан. Тухайн үед Б талархаад би насаараа энэ компанийн бөх байна гэж хэлж байсан тул маш ихээр ноцтой гомдоосон гэж үзэж байна. Өнөөдөр Бийн хувьд машин тэрэгтэй, байртай болсон, ажил нь амжилттай яваа бөх. Эвлэрэх асуудал байвал эвлэрнэ гэснээ эвлэрээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 280 дүгээр зүйлийн 280.1.1-д заасныг ноцтой гомдоосон үйлдэл нь нийтэд ил болсон. Тиймээс сөрөг үр дагавар бий болсон гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гол үндэслэл нь нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч Н нь ... байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн боловч Б, Н нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, Нийг төлөөлж эсхүл түүний нэрийг гаргаж барилдаагүй. Э компанийн нэрийг гаргаж барилдаж байсан. Харилцааны хувьд 2015 оноос эхлэн Э компанийн нэр дээр барилдаж, 2015-04-27-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу 2 жилийн хугацаанд Эийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг 7 сарын хугацааг төлсөн. Энэ талаарх баримт хэргийн 44, 45 дугаар хуудсанд авагдсан. Э ХХК нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг болох ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 7-р сараас 2018 оны 2-р сар хүртэлх хугацаанд ердөө 7 удаа төлсөн. Тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар нэр дээр барилдах болсон бөгөөд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлдөггүй байсан ч Э ХХК-ийн бөх гэж цоллуулан барилдаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар гэрээний хугацааг нэг жил байсан бөгөөд ажил олгогч нэгэнт үүргээ биелүүлээгүй тул гэрээг дуусгавар болсон гэж үзсэн.

Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэхийн тулд бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь нэр хүндэд халдсан тодорхой үйлдэл гаргасан байх ёстой. Гэтэл Бийн зүгээс нэр хүндийг гутаах ямар нэгэн үг хэлээгүй, өөр компанийн нэр дээр барилдсан нь Нийн нэр хүндийг ноцтой гомдоосон гэх үндэслэл байхгүй. Б нь энэ компанийг ямар нэгэн байдлаар гутааж доромжлоогүй. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх шаардлага нь гомдоох үйлдэл гаргахад нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлагатай. Тамирчин хүнд шаардлагатай хангамжийг гаргаж өгдөггүй, цалин өгдөггүй байсан тул өөр компанийн нэр дээр барилдах болсон нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч Н болон Э компанид хохирол учирсан талаарх нотлох баримт байхгүй. Тэгээд ч шинжээчийн дүгнэлт дээр маргасангүй. Яагаад шинжээчийг асуух болсон гэхээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл байр шилжих ёстой, байр шилжих гэхээр манайх одоо боломжгүй болсон тул үнийг шаардана. Энэ дүн 80 сая биш гэдгийг бид тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл м.кв зөрүүтэй байгааг үндэслэлтэй тайлбарлаагүй. 2002 оноос эхлээд бүх талбайн хэмжээг оруулж тооцоод улаан гэрчилгээ гаргадаг болсон гэж тайлбарласан боловч Бийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2017 оных. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ цаашдын хамтын ажиллагааг ерөөж гэж бичсэн байх боловч гэрчүүдийн мэдүүлгээр харцага цол авсан баярын найран дээр харцага цолыг мялааж байр бэлэглэсэн гэдгийг мэдүүлж хүлээн зөвшөөрсөн. Бэлэглэлийн гэрээнд цаашдын хамтын ажиллагааг ерөөх зорилго агуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 279 дүгээр зүйлд тусгай зориулалттайгаар хийсэн бэлэглэлийн гэрээ гэж тусгай заасан. Үүнд тодорхой үр дүнд хүрсний дараагаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцохоор заасан. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тайлбарласан агуулгаас харвал энэ бэлэглэлийн гэрээний талууд цаашид хамтын ажиллагаатай байж л дараа нь гэрээ хүчин төгөлдөр болохоор байсан. Энэ тусгай зориулалтын талаар дурдаагүй тул нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа болохоос үүнээс гадна үр дагаврын талаар шаардлага гаргаагүй гэв.

  Шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан Н-ийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 30 000 /гучин мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алтанчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01347 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримт болон хэлэлцэгдсэн үйл баримт, бодит нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлтийн хувьд зөрүүтэй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Холбогдох эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй, зөрчилдаж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байх бөгөөд энэ нь зөвхөн хууль ёсны дагуу эрх, эд юмсыг мэдэлдээ авах зарчим, гэрээний чөлөөт байдлын зөрчим болон хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийсэн баримт үгүйсгэгдэж, нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн үйл баримтад зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Бэлэглэгч нь хуульд болон гэрээнд заасан ноцтой гомдоосон үйл явдал болсон тухай энэ нь нийтэд буюу улс орон, аймаг, сум, ажил хэргийн болон хамаатан садангийн дунд бэлэглэгчийн нэр хүндэд сөрөг үр дагавар үүсгэсэн бодит байдлыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл гэж тайлбарласан. Тодруулбал, Б 2015 оны тохиролцооноос үүдэлтэйгээр нэхэмжлэгчийн гэр бүлийн компанийн бөхөөр цоллогдон харилцаа холбоотой байж, сумын бөхөөс улсын цолтой бөх болох хүртлээ Э ХХК-ийн бөх гэж дуудагдаж байснаа шалтгаангүйгээр 2018 оны цагаан сарын барилдаанаар Н ХХК-ийн бөх гэж цоллогдон шудрага бус, зохисгүй үйлдэл гаргасан.

Энэхүү үйл явдал болсон талаар талууд маргаагүй буюу Б нь М.Н-д болон түүний гэр бүлийн компани болох Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Э-д ч огт мэдэгдэлгүйгээр ёс зүйгүй, хүндэтгэлгүй, жудаггүй үйлдэл гаргасан болох нь шүүх хуралдаан дээр тогтоогдсон.

Хариуцагчийн өөрийнх нь гарын үсэг бүхий тайлбар дээр болсон үйл явдлыг үгүйсгэж маргаагүй, зөвхөн орон сууцны үнийн дүнгийн хувь өндөр байгаа талаар шүүхэд илэрхийлсэн байдаг. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвхөн бэлэглэгдсэн оронсууцны үнэ өндөр байна. 80 000 000 төгрөгт хүрэхгүй гэсэн үндэслэл тайлбар, нотлох баримт гаргасан. Мөн шүүх хуралдаан дээр М.Н, Э нараас асуух болон тэдэнд мэдэгдэх шаардлагагүй гэж тайлбарласан. Талуудын нотариатаар гэрээний үнэн зөвийг батлуулсан бэлэглэлийн гэрээнд бэлэглэгчийг гомдоож болохгүй, ноцтой гомдоовол уг гэрээ нь хүчингүй болох тухай, бэлгийг буцаан шаардах тухай хуулийг тайлбарлаж өгснийг Б ойлголоо гэж тусгайлан гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн байдаг.

Гэрээгээр бэлэглэгч нь орон сууц бэлэглэхээр амласан үүргээ биелүүлсэн, харин бэлэг хүлээн авагч түүнийг ноцтой гомдоосон үйлдэл гаргахгүй байх үүргийг хүлээсэн.

Гэтэл шүүхийн шийдвэрт бэлэглэлийн гэрээгээр бэлгийн оронд харилцан тооцох ямар нэг хариу үүрэг ногдуулахгүй байх тул бэлэглэлийн гэрээ хүчингүй байх нөхцөл тогтоогдохгүй, бэлгийг буцаан шаардах эрхийн тухайд бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоохдохгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Мөн гэрээгээр болон хуулиар бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үр дагавар үүсгэхгүй байх бэлэг хүлээн авагчийн үүрэг, энэ нь бэлэглэгчийн хуулиар болон гэрээгээр хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримр, Си Ди бичлэг, нийтэд тараагдсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээр бэлэглэгчийн ашиг сонирхол, нэр хүндэд сөрөг нөлөөлөл бүхий үйл явдал болсныг үгүйсгэж дүгнээгүй. Түүнчлэн ... бөх гэж нэрлэгдэн барилдаж байгаа үйлдэлд нэхэмжлэгч гомдсныг үгүйсгэхгүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа Б.Нийг гомдоогоогүй байна гэж зөрүүтэй дүгнэсэн.

Нэхэмжлэгчээс Н-ийн нэрийг дурдаж байгаагүй гэж тайлбарласаар байтал түүний бөх гэж барилдаагүй байн гэсэн утгагүй, үндэслэлгүй дүгнэлтээр түүнийг гомдоогоогүй байна гэжээ. Э ХХК-ийн ТУЗ-ын дарга болох баримт, мөн компанийн гүйцэтгэх захирал нар нь нэг гэр бүл болох нь судлагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хариуцагч үгүйсгээгүй байхад Э ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн баримтаас зөрүүтэй дүгнэжээ.

Гэрч Э.О нь Б.Нийг сайн танихгүй гэж хууль сануулсан мэдүүлэг өгсөн байхад Н гэдэг хүнийг танихгүй гэж мэдүүлсэн хэмээн шүүх хуралдаан дээр болсон үйл явдлыг зөрүүтэй дүгнэлтээр шийдвэрлэжээ.

Иймд дээрх дүгнэлтүүд нь Иргэний хуулийн 280 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3, 6.3, 37,40, 42, 44 дүгээр зүйлийн холбогдох заалтад нийцэхгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Б.Н, Э ХХК нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч Б-д холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүх 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7092 захирамжаар татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагч Б нэхэмжлэгч Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ннь өөрийн өмчлөлийн ..... талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Бийн өмчлөлд нь шилжүүлсэн, шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч нь Э ХХК-ийн ТУЗ-ийн дарга болох нь хэргийн 41, 42 дугаар талд авагдсан тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, удирдлага, зохион байгуулалтын бүтцийн бүдүүвч зураглалаар тогтоогдож байна. Тэрээр орон сууц бэлэглэх болсон шалтгаанаа .., Б нь манай нөхрийн Э ХХК-ийн бөх гэж цоллогдон барилдаж байсан бөгөөд цаашдын хамтын ажиллагаа, амжилтыг ерөөж, харцага цол авсанд нь талархаж байр бэлэглэсэн .., гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн бол бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн дээрх тайлбараар хариуцагчийн тухайн үед гаргасан амжилт буюу харцага цол авсанд нь талархаж орон сууцыг бэлэглэсэн гэж үзэхээр байна. Хариуцагч 2018 оны 02 дугаар сард цагаан сарын барилдаанд Н ХХК-ийн бөх гэж цоллогдон барилдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хариуцагчийн уг үйлдлийг бэлэглэгчийн хувьд зохисгүй үйлдэл гэж тайлбарлаж байгаа ч талууд бэлэглэлийн гэрээндээ тусгай нөхцөл заагаагүй, тодруулбал хариуцагч нь зөвхөн Э ХХК-ийн нэрийг гаргаж барилдах, өөр бусад хуулийн этгээдийн нэрээр барилдахгүй байх үүрэг хүлээсэн байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс маргааны талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Харин шүүх иргэний хэрэг үүсгэх захирамж, шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж тодорхойлсон нь буруу байх ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01347 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ