Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/774

 

2026           06            16                                                                        2026/ДШМ/774

 

Н.М-д холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Хонгорзул,

шүүгдэгч Н.М- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/1234 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2409 02772 0217 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ө- овогт Н-гийн М-, 1993 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автоматжуулалтын инженер мэргэжилтэй, П- ХХК-д автоматжуулалтын инженерээр ажилладаг, ам бүл 1, ...........тоотод оршин суух,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/2230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, /РД: ЙП-/,

 

Шүүгдэгч Н.М- нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр "давтамж хуваарилагч төхөөрөмжийг худалдан авч, үнэ нэмэн зарж, 7 хоногийн дотор авсан мөнгө, ашгийг нэмж өгнө" хэмээн иргэн Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Б- хотхон 456-157 тоотод байх үед нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаартай дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

үргэлжилсэн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад ард улсаас цахилгаан автоматжуулалтын тоног төхөөрөмж оруулж ирэхэд, хамтран ажиллана хэмээн иргэн Н.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "А-" төвийн 504 тоот өрөөнд "Хамтран ажиллах гэрээ" байгуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаартай дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "П-" ХХК-тай Морингийн даваан дээр хуваарилах самбар 2 ширхгийг барих ажилд гэрээ байгуулчихсан. Бараа материал авах мөнгө хүрэхгүй байна. 3.800.000 төгрөгийг нийлүүлчих хамтран ажиллаж орлогоо хуваая" хэмээн хохирогч Ц.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчийг Баянгол дүүргийн 24 дүгээр хороо М- байр 42 тоотод байх үед нь 3,800,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Б-8 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Н.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…Шүүгдэгч Ө- овогт Н-гийн М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг зургаа /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ос 7,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч хохирогч Б.Б-эд 4,000,000 төгрөг, хохирогч Ц.М-д 3,800,000 төгрөгийг тус тус олгуулахаар, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг "СиДи"-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.М- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би М.Ж- (8 настай) М. Э- (6 настай) 2 хүү болон өндөр настай аав, ээж, өөрийн эхнэрийнхээ сэтгэл санааг зовоож байгаадаа үнэхээрийн их харамсаж байгаа. Өнгөрсөн хугацаанд буюу энд цагдан хоригдсоноосоо хойш бүх зүйлийг ойлгож ухаарлаа. Цаашид хичээж амьдарч аав, ээж, эхнэр, хүүхдүүдээ асарч сэтгэлийг зовоохгүй ажил хөдөлмөрөө хийж амьдарна. Та бүхэн миний ар гэрийн байдал ажил, мэргэжил, хувийн байдлыг минь харж ойлгон сүүлчийн удаа ганцхан боломж олгож 6 сарын хорих ялыг тэнсэн харгалзаж өгөөч гэж хүсэж байна. Би Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл технологийн сургуулийг төгсөөд мэргэжлээрээ 12 жил гаруй ажиллаж байгаа. Би 5 хүнийг цалинжуулж ажилладаг. Сүүлийн 2 жил орчим буюу 2023, 2024 онуудад цахим тоглоом тоглож буруу зүйл хийснээ ойлгоод одоо тоглохоо болсон. Энэ хүрээллийн найз нөхдөөсөө холбоогоо тасалсан байгаа. Та бүхнээс сүүлийн удаа ганцхан удаа миний амьдралд боломж өгөөч, намайг засарч хүмүүжхэд итгэж тэнсэн болгож өгөөч гэж хүсэж байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан. Шүүгдэгч өмнө 1 удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү, шүүгдэгч эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч 2023, 2024 онуудад мөрийтэй цахим тоглоом тоглосон учраас санхүүгийн асуудалд орсон талаар хэлдэг. 2024 оны 02, 04 дүгээр саруудад дээрх гэмт хэрэг үйлдэгдсэн. 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр шийтгэх тогтоолоор шийтгэгдэхээс өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Шүүгдэгчийн засарч хүмүүжсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгч инженерээр ажилладаг. Ажил байдал мэргэжлийн ур чадвар сайн учраас хамт олны зүгээс шүүгдэгчийг засаж залруулж авах зорилгоор цалингийн урьдчилгаа өгч хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн. Цаашид шүүгдэгч хорих ялаас чөлөөлөгдсөн нөхцөлд ажилдаа орж цалин авч компаниас авсан 7,800,000 төгрөгийг төлөх зорилготой байгаа. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн үйлдлийг харахад 2 жилийн өмнөх үйлдлүүд байна. Энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан атлаа хохирол төлбөр төлөөгүй. Нэг хохирогчийн хохирлыг шүүх хуралдааны өмнө төлсөн. Дараагийн хохирогчийн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд орохын өмнө төлсөн. Шүүгдэгч өөртөө бодит дүгнэлт хийсэн эсэхэд эргэлзээтэй байна. Эрүүгийн хариуцлагын зорилго гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

                

                 Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

                 Анхан шатны шүүхээс хохирогч Б.Б-ийн ...Н.М- нь фейсбүүк чатаар холбогдож 4,000,000 төгрөг байвал өгөөч, хамтран барилгын холбооны хэрэгсэл болох давтамж хуваарилагч төхөөрөмжийг 6,000,000 төгрөгөөр худалдаж аваад, цааш 8,800,000 төгрөгөөр нийлүүлэх ажил байна. Яаралтай мөнгөө шилжүүлээд хамтран ажиллая" гэсэн. Н.М- нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг болохоор нь би итгээд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг "ХААН" банкны 5Б-8 тоот данс руу шилжүүлсэн. Одоо хүртэл Н.М- нь надтай хамтран хийе гэсэн ажлаа хийгээгүй, миний мөнгийг өгөөгүй. Н.М- надад өөрийн ажиллуулдаг аж ахуй нэгжийнхээ танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын гэрчилгээг фейсбүүк чатаар явуулсан болохоор би итгээд гэрээ байгуулаагүй... Бид хоёр Ерөнхий боловсролын сургууль төгстөл найзалж нөхөрлөсөн. Барилгын холбооны хэрэгсэл болох "Давтамж хуваарилагч төхөөрөмжийг 6,000,000 төгрөгөөр худалдаж аваад, цааш 8,800,000 төгрөгөөр байгууллагуудад нийлүүлээд, 7 хоногийн дотор буцааж өгнө" гэж авсан... 4.000.000 төгрөгөөс буцааж нэг ч төгрөг аваагүй... /1хх 172-173/, гэрч Х.Д-ын ... Би "ХААН" банкны 5Д-7 тоот дансыг 2023 оны 02 сард өөрийн нэр дээр нээлгэж, одоог хүртэл эзэмшиж байгаа. Би 2024 онд Англи улсын "GG-Poker"-ийн тоглогч нарын дансыг монгол төгрөгөөс доллар руу, доллароос монгол төгрөг рүү шилжүүлдэг байсан. Тус покерын аккаунт надад байдаг байсан. Монгол Улсаас иргэд тоглохдоо монгол төгрөгийг доллар болгож байж тоглодог байсан. Тухайн үед над руу "Миеэ Н-" гэх фейсбүүк нэртэй 2 хэрэглэгч над руу 3,700,000 төгрөгийг 5Б-8 тоот данснаас миний "ХААН" банкны 5Д-7 тоот дансанд шилжүүлж, улмаар би өөрт байгаа 1,000 долларыг, тухайн үеийн ханшаар Н- М- гэх хүний "GG-Poker" тоглодог хаяг болох gД[email protected] руу Н- М- утгаар (шилжүүл гэж утгыг илгээсэн) ... 1,000 доллароор цэнэглэлт хийж өгсөн.... Над руу 3,700,000 төгрөг шилжүүлсэн "Н- М-" гэх хүнийг би огт таньж мэдэхгүй,... над руу "Миеэ Н-" гэх фейсбүүк хаягаас 2023-2024 оны хооронд чатаар харилцаж "GG-Poker"-ийн gД[email protected] хаягаа доллароор цэнэглүүлдэг байсан. Би хүмүүст монгол мөнгийг доллар болгож шилжүүлсний ажлын хөлс гэж 1 доллароос 100 төгрөг авдаг байсан.../1хх 179-180/, Х.Д-ын эзэмшлийн Хаан банкны 5Д-7 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 245, 2хх 25/, Н.М-ын эзэмшлийн Хаан банкны 5Б-8 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 199-235/, хохирогч Б.Б-ээс хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн чатын хуулбарууд /1хх 238-242/, хохирогч Н.А-ийн ... Миний бие Зетта инженеринг захирал гэх Н.М- гэдэг залуутай өөрийн найз болох М-аар дамжуулж таних болсон. Н.М- гэгч нь над руу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр холбогдож Сэлэнгэ аймгийн Баянгол суманд үйл ажиллагаа явуулах "М-" ХХК-д автоматжуулалтын чиглэлээр нийт 15,000,000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Бүгд найрамдах Хятад Ард Улсаас худалдан авч, тус компанид 23,214,240 төгрөгөөр нийлүүлж 8,214,240 төгрөгийн ашиг гаргах боломжтой байна гэдэг санал тавьсан. Тэгээд би М-ыг тоног төхөөрөмж цахилгаан автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай, түүнтэй ярилцаад суухад тоног төхөөрөмж автоматжуулалт ажлын туршлагатай санагдсан. Тэр хэлэхдээ би М- ХХК-ны автоматжуулалтын ажлыг хийх явцад хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг энэ мэтчилэн нийлүүлчихдэг юм гэж хэлэхээр нь би түүнд итгээд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Н.М- манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Сүхбаатар дүүргийн 1-р хороо А- төвийн 504 тоот өрөөнд ирж надтай уулзаад надаас авах 7,500,000 төгрөг дээр өөрөө нэмж 7,500,000 төгрөг гаргаан нийт 15,000,000 төгрөгөөр Бүгд Найрамдах Хятад ард улсаас 15,000,000 төгрөгөөр бараа татаж "М-" ХХК-д тоног төхөөрөмж нийлүүлэхэд хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, мөн ажлын байранд байхдаа Н.М-ын 5Б-8 дугаартай хаан банкны дансанд 7,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд надаас мөнгө авснаас хойш БНХАУ-аас тоног төхөөрөмж захиалаагүй ба түүний М- ХХК-тай хамтран ажилладаг гэдэг нь худлаа болох нь тодорхой болсон.../2хх 28-29/, гэрч Х.Д-ын ... 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр над руу "Миеэ Н-" гэх хаягтай хэрэглэгчээс покер цэнэглүүлэхээр надтай холбогдож Хаан банкны 5Б-8 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5Д-7 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 7,300,000 төгрөг шилжүүлж, би доллар болгон покерын данс руу шилжүүлсэн.../2хх 72-73/, хохирогч Н.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5М-0 дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 54-55/, Х.Д-ын эзэмшлийн Хаан банкны 5Д-7 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 75-124/, Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01-2-3367, 01-2/3368 дугаартай албан бичгүүд /2хх 38-39/, Н.М-ын эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаарын дансны хуулга /2хх 41-51/, хохирогч Н.А- нь хохирлын мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг Н.М-ос буцаан шилжүүлж авсан талаар мөрдөгчид зурвас ирүүлснийг зурган хэлбэрээр хавсаргасан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 67/, хохирогч Ц.М-гийн ... Би өөрийн 10 жилийн дээд ангийн танил залуу болох Н.М- 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр надтай фейсбүүкээр холбогдож "З- ХХК" гэх өөрийн компанийн танилцуулгаа чатаар явуулж би "П- ХХК"-тай Морингийн даваан дээр 2 ширхэг хуваарилах самбар хийх ажлаар гэрээ байгуулсан чи надтай хамтарч хийх үү гэх санал тавиад цахимаар тухайн компанитай байгуулсан гэрээгээ файлаар явуулсан. Тэр гэрээ нь ямар ч тамга тэмдэггүй байсан. Тэгээд би хамтарч ажиллахаар зөвшөөрсөн юм. Тэр гэрээ нь 10,8 сая төгрөгийн гэрээтэй байсан өөрөө урьдчилгаа 30 хувийг авчихсан байсан гэж хэлсэн. Тэгээд М- надад хэлэхдээ ажлаа эхлэх гэсэн боловч бараа материал дутчихлаа би 30 хувийн урьдчилгаа гээд авчихсан юмаа энэ мөнгөөр бараа материал авч хүрэхгүй байна бараа материал нь ойролцоогоор 7, 8 сая төгрөг болж байна. Миний авсан 30 хувь дээр чи надад нэмээд 3,8 сая төгрөг өгчих тэгээд ажлаа эхлүүлээд гүйцэтгэж дуусгаад олсон орлогоо хоёр тэнцүү хувааж авъя гэх санал надад тавьсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өөрийн данснаасаа 3.800.000 төгрөг шилжүүлсэн.../2хх 42-43/, хохирогч Ц.М-гээс хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн чатын хуулбарууд /2хх 131-134/, Н.М-ын эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаарын дансны хуулбарууд /2хх-ийн 147-150-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг зөв сэргээн тогтоож түүндээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг бүрэн, эргэлзээгүй нотолж чадсан байх тул шүүгдэгч Н.М-ыг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр "давтамж хуваарилагч төхөөрөмжийг худалдан авч, үнэ нэмэн зарж, 7 хоногийн дотор авсан мөнгө, ашгийг нэмж өгнө" хэмээн иргэн Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, үргэлжилсэн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад ард улсаас цахилгаан автоматжуулалтын тоног төхөөрөмж оруулж ирэхэд, хамтран ажиллана хэмээн иргэн Н.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "П-" ХХК-тай Морингийн даваан дээр хуваарилах самбар 2 ширхгийг барих ажилд гэрээ байгуулчихсан. Бараа материал авах мөнгө хүрэхгүй байна. 3.800.000 төгрөгийг нийлүүлчих хамтран ажиллаж орлогоо хуваая" хэмээн хохирогч Ц.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаарх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Учир нь, Залилах гэмт хэргийн үндсэн шинж гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх, төөрөгдөлд оруулах аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн харилцаанаас ялгагддаг.

 

Хэргийн үйл баримтын хувьд, Н.М- нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр "давтамж хуваарилагч төхөөрөмжийг худалдан авч, үнэ нэмэн зарж, 7 хоногийн дотор авсан мөнгө, ашгийг нэмж өгнө" хэмээн иргэн Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Б- хотхон 456-157 тоотод байх үед нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаартай дансаар 4,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

үргэлжилсэн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад ард улсаас цахилгаан автоматжуулалтын тоног төхөөрөмж оруулж ирэхэд, хамтран ажиллана хэмээн иргэн Н.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "А-" төвийн 504 тоот өрөөнд "Хамтран ажиллах гэрээ" байгуулан өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаартай дансаар 7.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр "П-" ХХК-тай Морингийн даваан дээр хуваарилах самбар 2 ширхгийг барих ажилд гэрээ байгуулчихсан. Бараа материал авах мөнгө хүрэхгүй байна. 3.800.000 төгрөгийг нийлүүлчих хамтран ажиллаж орлогоо хуваая" хэмээн хохирогч Ц.М-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогчийг Баянгол дүүргийн 24 дүгээр хороо М- байр 42 тоотод байх үед нь 3,800,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5Б-8 тоот дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хохирогч Б.Б-э /1хх 172-173/, гэрч Х.Д- /1хх 179-180/, Х.Д-ын эзэмшлийн Хаан банкны 5Д-7 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 245, 2хх 25/, Н.М-ын эзэмшлийн Хаан банкны 5Б-8 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 199-235/, хохирогч Б.Б-ээс хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн чатын хуулбарууд /1хх 238-242/, хохирогч Н.А- /2хх 28-29/, гэрч Х.Д-ын ... 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр над руу "Миеэ Н-" гэх хаягтай хэрэглэгчээс покер цэнэглүүлэхээр надтай холбогдож Хаан банкны 5Б-8 тоот данснаас миний эзэмшлийн Хаан банкны 5Д-7 тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр 7,300,000 төгрөг шилжүүлж, би доллар болгон покерын данс руу шилжүүлсэн.../2хх 72-73/, хохирогч Н.А-ийн эзэмшлийн Хаан банкны 5М-0 дугаартай дансны хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 54-55/, Х.Д-ын эзэмшлийн Хаан банкны 5Д-7 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх 75-124/, Гаалийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01-2-3367, 01-2/3368 дугаартай албан бичгүүд /2хх 38-39/, Н.М-ын эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаарын дансны хуулга /2хх 41-51/, хохирогч Н.А- нь хохирлын мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг Н.М-ос буцаан шилжүүлж авсан талаар мөрдөгчид зурвас ирүүлснийг зурган хэлбэрээр хавсаргасан мөрдөгчийн тэмдэглэл /1хх 67/, хохирогч Ц.М- /2хх 42-43/, хохирогч Ц.М-гээс хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн чатын хуулбарууд /2хх 131-134/, Н.М-ын эзэмшлийн Хаан банкны 5Б-8 дугаарын дансны хуулбарууд /2хх-ийн 147-150-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдоно.

Тодруулбал шүүгдэгч Н.М- нь бизнес хийж төхөөрөмж оруулж ирээгүй атлаа бараа материал авах гэж байна, бизнес хийх гэж байна гэж хохирогч нарт итгүүлж нийт 15.300.000 төгрөгийг шилжүүлэн авч, мөрийтэй тоглоом тоглосон нь дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангасан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.М- “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Надад оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгосон байхаас гадна хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байх тул буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ял нийцсэн байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал шүүгдэгч Н.М- дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад хохирол төлбөр төлөөгүй, төлье гэж илэрхийлээгүй, өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулахаар хичээл зүтгэл гаргаагүй байгаа зэргийг харгалзан үзсэн болно.  

 

Иймд, шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хохирогч Г.Б-эд 4.000.000 сая төгрөг, хохирогч Ц.М-д 3.800.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Н.М-ын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2026/ШЦТ/1234 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2026 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцохыг, шүүгдэгч нь хохирогч Г.Б-эд 4.000.000 сая төгрөг, хохирогч Ц.М-д 3.800.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.БААСАНБАТ

                                    ШҮҮГЧ                                                                      Ц.МӨНХТУЛГА

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БАЯРМАА