Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 118

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Хохирогч Н.С,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б-т холбогдох эрүүгийн 1819001940107 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.Б-т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Сайншанд сумын 5 дугаар баг Залуучуудын 60-01 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Н.Сгийн нүүрлүү шилэн аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Сгийн аав нь миний хамтран амьдрагч. Аавыг нь зайл гэхэд С орж ирсэн юм. С орж ирээд 3 хүүхдийг өшиглөөд яагаад манай хүүхдийг зодож байгаа юм гэхэд өөдөөс май янхан авгай минь гээд байсан би муу ч гэсэн айл гээд шилэн аяга шидсэн. Гэхдээ би нүүрэнд нь ононо гэж бодоогүй. Дахин ийм асуудал гарахгүй. Хоорондоо эвтэй байж, эцэг хүүхдийг муудалцуулахгүй байхыг хичээнэ гэв,

 

Хохирогч Н.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б эгч согтуу байсан. 3 хүүхдийг зодсон гэж байна. Би зодоогүй. Аав над руу залгахдаа эд нар намайг зодоод байна. Энд байсан цусыг арчсан гэж хэлсэн. Намайг зогсож байхад нүд ирмэхийн зуур аяга шидсэн. Би 3 оёдол тавиулсан. Сар сарын давтамжтай 450 000 төгрөг хэрэгтэй. Би Улаанбаатар хотоос 2 удаа ирсэн. Бас эмчилгээнд мөнгө хэрэг болсон. Үүдэн 2 шүд хөдөлгөөнтэй болсон. Эмчид үзүүлэхэд утас гүйлгэвэл 180 000 төгрөг авмаар  байна гэв,

 

Шүүгдэгч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би уурандаа ширээн дээр байсан жижиг шилэн аягыг аваад “болиоч та нар энэ чинь муу ч гэсэн айл юм шүү” гээд шидчихсэн чинь Сгийн уруул дээр нь оночихсон..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ...Б ...ширээн дээр байсан шилэн стаканыг аваад надруу шидэж миний дээд уруулын орчим оносон. Бийн надруу шилэн стакан шидэж оноход миний уруул язраад цус гарахаар нь би ээж Г рүү утсаар ярьж дуудсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б шилэн аяга авч шидээд Сг оночих шиг болсон бөгөөд Сгийн уруул амнаас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-21 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...С Нынх руу явсанаас хойш 20 орчим минутын дараа байхаа надруу залгаад "эд нар аавыг дээрэлхээд байхаар нь би болиоч гэхэд Б эгч нүүр лүү аяга аваад шидчихлээ, цус гараад байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Нынхруу явж байхад С өөдөөс гарч ирж таарсан. Тухайн үед охины маань дээд уруулын дээд хэсэгт нь язарсан байдалтай, цус гараад уруул нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

 Гэрч О.Сод-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б эгч шилэн аяга аваад шидэж Сгийн нүүрэнд нь оносон. Тухайн үед С шилэн аяганд оногдоод уруулынх нь дээд хэсэгт язраад цус гараад байсан..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02/0213 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Сгийн биед тархи доргилт, дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, 2, зүүн 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Н.Сгийн биед учирсан тархи доргилт, дээд уруулын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1, 2, зүүн 1 дүгээр шүдний ганхаа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй гэжээ / хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ шинжлэн судлав.

 

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Н.Б нь  2018 оны 06 дугаар сарын 25-ны шөнө Сайншанд сумын 5 дугаар баг Залуучуудын 60-01 тоотод байрлах өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хамтран амьдрагч Нын охин хохирогч Н.Сгийн нүүрлүү шилэн аяга шидэж уруулын шарх гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  ...Аавыг нь зайл гэхэд С орж ирсэн юм. С орж ирээд 3 хүүхдийг өшиглөөд яагаад манай хүүхдийг зодож байгаа юм гэхэд өөдөөс май янхан авгай минь гээд байсан би муу ч гэсэн айл гээд шилэн аяга шидсэн. гэв, Хохирогч Н.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Аав над руу залгахдаа эд нар намайг зодоод байна. Энд байсан цусыг арчсан гэж хэлсэн. Намайг зогсож байхад нүд ирмэхийн зуур аяга шидсэн. Би 3 оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б шилэн аяга авч шидээд Сг оночих шиг болсон бөгөөд Сгийн уруул амнаас нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...С Нынх руу явсанаас хойш 20 орчим минутын дараа байхаа надруу залгаад "эд нар аавыг дээрэлхээд байхаар нь би болиоч гэхэд Б эгч нүүр лүү аяга аваад шидчихлээ, цус гараад байна” гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Нынхруу явж байхад С өөдөөс гарч ирж таарсан. Тухайн үед охины маань дээд уруулын дээд хэсэгт нь язарсан байдалтай, цус гараад уруул нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Сод-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б эгч шилэн аяга аваад шидэж Сгийн нүүрэнд нь оносон. Тухайн үед С шилэн аяганд оногдоод уруулынх нь дээд хэсэгт язраад цус гараад байсан..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 02/0213 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Б овогт Н.Б-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Н.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хохирогч Н.С нь өөрт учирсан гэмтлийг эмчлэхтэй холбоотой зардал гэж лазер эмчилгээ 450000 төгрөг, шүдний эмчилгээнд 180000 төгрөг шинжилгээ 20000 төгрөг, унааны зардал 10100 төгрөг нийт 660100 төгрөгийн шаардлага гаргасныг шүүх хянаж үзээд шүүгдэгч Н.Бээс хохирогч Н.Сд мөрдөн шалгах ажиллагааны явцад 400 000 төгрөгийг төлснийг хасаж бусад эмчилгээтэй холбоотой 260100 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаанаас үүдэлтэй байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н.Б-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.С нь 260100 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Х.ГАНБОЛД