| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0111/э |
| Дугаар | 119 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-т холбогдох эрүүгийн .... хэргийг 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ц.Д-т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бийн эрүүн тус газар архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 07 дугаар сарын 29-ний орой архи уусан. Эхнэр хоол хийхээр нь идчихээд амрах гээд байж байхад З дүүгийн найз Б гэдэг хүн ирсэн. Мөн Бах, Г нар ирсэн. Г, Б хоёр гараад явсан. Тэр хооронд Бах З хоёр маргалдаад байхаар нь би боль гэхэд Бах гараад явсан. Би араас нь гараад муудаж хэрэггүй гэж хэлэхэд намайг баруун гараараа цохихоор нь уур хүрээд барьж явсан архины шилээрээ цохьсон. Тэрнээс хойш эхнэр хаалга цоожлоод амарсан. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв,
Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Сум руу бензин авахдаа гэр лүү нь ороход Д, З хоёр ууж байсан. Тэрнээс нь нэг уучихаад гарч дэлгүүрээс 3 том пиво авчираад хоёрыг нь уусан. Г манай хажуу айлын залуутай гараад явсан. Муудаад байгаа юм болов уу салгая гээд гарахад Д өөдөөс тосч ирээд шилээр цохьсон. Маргааш нь яагаад цохиж байгаа юм гэхэд Гэд ууралсан уурандаа таныг цохьчихлоо, уучлаарай гэж хэлсэн. Тэр оройдоо эхнэрийнхээ эгчийнд очиж унтахад өвдөөд байхаар нь сумын эмчийн гэрт нь очоод үзүүлэхэд шүд биш эрүү чинь хугарсан байна гэж хэлсэн. Одоо толгой их өвдөж байгаа, мэс засалын эмч толгой чинь их өвдөнө гэж хэлсэн. 09 дүгээр сарын 03-нд аппаратаа авах байсан. Үзүүлэхэд авах болоогүй байна, их үрэвссэн байна, сайн амаа зайлж, эм тариа хийлгэ гэсэн. Шүүгдэгч 2 000 000 төгрөг өгсөн. Эмчилгээний зардал гэж 7 000 000 төгрөг гарна гэсэн. Тэрийг л гаргаад өгчих гэж хэлсэн. Цаашид гарах зардал их байгаа. хамрын хагалгаанд орно, мөн аппаратаа авахуулна гэсэн... гэв.
Шүүгдэгч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах М 2 маргалдаад байсан. Би М Б ахаас жоохон өмөөрөөд гэр оронд муудлаа гээд Б ах бид хоёр манай гэрээс гараад урагшаа явж байтал Б ах баруун гараараа миний зүүн шанаа хавьцаа эхлээд цохьсон. Тэгээд миний уур хүрээд 2, 3 удаа цохиж, ууж байсан архитай шилээр 1 удаа л цохьсон...” /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дийн гэрээс М, Д нар маргалдаад байгаа бололтой гараад явсан. Тэгээд би муудаад байгаа юм байхдаа гээд очиход Д архитай шилээр цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах бид хоёр жоохон үг сөрсөн гэсэн, би согтсон байсан. Тэгээд Д гэр оронд хэрүүл хийлээ гэсэн чинь Б гэрээс гараад явсан. Араас нь Д гарч очоод муудаад байхаар нь би гараад болиулах гээд хориод дийлээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүүхэд уйлаад байхаар нь сэрсэн чинь манай нөхөр Д, Б ах хоёрын дуу нь гараад байсан. Тэгээд би гэрээс гараад харсан чинь манай нөхөр Д, Б ахыг гараараа цохих гээд байхаар нь би Дийг салгаж гэрт оруулаад хаалгаа цоожилсон. Б ахын амнаас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...Д.Бийн биед эрүү ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэжээ. /хх-ийн 20 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас гэрийнхээ гадаа түүний нүүр болон эрүүн тус газар архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Бах З хоёр маргалдаад байхаар нь би боль гэхэд Бах гараад явсан. Би араас нь гараад муудаж хэрэггүй гэж хэлэхэд намайг баруун гараараа цохихоор нь уур хүрээд барьж явсан архины шилээрээ цохьсон..... гэв, Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Муудаад байгаа юм болов уу салгая гээд гарахад Д өөдөөс тосч ирээд шилээр цохьсон... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Д гэр оронд хэрүүл хийлээ гэсэн чинь Б гэрээс гараад явсан. Араас нь Д гарч очоод муудаад байхаар нь би гараад болиулах гээд хориод дийлээгүй..." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрээс гараад харсан чинь манай нөхөр Д, Б ахыг гараараа цохих гээд байхаар нь би Дийг салгаж гэрт оруулаад хаалгаа цоожилсон. Б ахын амнаас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Дт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Дт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид хүүхэд нь өвчтэй байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцлийг харгалзан тухайн зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр шийтгүүлэх санал тус тус гаргаж ирүүлснийг шүүх хянаж үзээд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Д.Б нь шүүгдэгч Ц.Доос хохирол төлбөр 7 000 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хохирогчоос нийт 2 338 853 төгрөгийн хохирлыг нотлох баримттайгаар нэхэмжилснээс шатахууны зардал 521 347 төгрөг, эм тариа, эмчилгээнд зарцуулсан 910 510 төгрөг, зочид буудлын төлбөр 355 000 төгрөг, тээврийн хэрэгслээр зорчсон зардал 105 600 төгрөг, салфетка-28 000 төгрөг, нийт 1920 457 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэн нэхэмжлэлийг хангаж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан хүнс ахуйн хэрэглээний зардал 198 920 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр худалдан авсан хүнс ахуйн хэрэглээний зардал 215 476 төгрөг, ганданд ном хуруулсан 4 000 төгрөг нийт 418 396 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэгтэй холбогдуулан гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй байх тул хангахаас татгалзах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 2000000 төгрөгийг төлсөн ба хэрэгт нотлох баримтаар хавсаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 920 457 төгрөгийн хохирлыг хохирогч Д.Бд төлсөн гэж үзлээ.
Хохирогч Д.Бийн цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5000 000 төгрөгнөөс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 2000 000 төгрөгний зөрүү 79 543 төгрөгийг хасч, хохирогч нь 4 920 457 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь 600000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Б нь 4920457 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД