Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/760

 

2026            06            09                                                                       2026/ДШМ/760

 

 

А.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч М.Алдар, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Өнөбат /томилолтоор, цахимаар/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Заантогтох,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий өмгөөлөгч Б.Заантогтохын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч А.Л-д холбогдох 2509 00633 1903 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт А-ий Л-, 2000 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 25 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ....... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:ОБ-/.

Шүүгдэгч А.Л- нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ц- ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байх үедээ өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн компанийн орлогоос 34.059.000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б- овогт А-ий Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж” Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Л-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Л- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.Л- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Л-гээс 35.159.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “Ц-” ХХК-д олгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий өмгөөлөгч Б.Заантогтох давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэж давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч А.Л- нь 2024 оны 02 дугаар сараас хойш 10 сарын хугацаанд удаа дараагийн гүйлгээгээр өөрийн болон тухайн үед хамт амьдарч байсан гэх Т.Б-ын данс руу мөнгө шилжүүлэн авсан. Мөрдөн байцаалтын шатанд мөнгө шилжүүлсэн асуудал дээр шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч “А.Л- өөрийн данс руу шилжүүлж, өөрийн данснаас Т.Б-ын данс руу шилжүүлсэн гүйлгээг тооцохгүйгээр Т.Б- 3.000.000 төгрөг хүлээж авсан” гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт дансны хуулганууд авагдсан бөгөөд А.Л-гийн данснаас Т.Б-ын данс руу шилжүүлсэн мөнгийг шүүж үзэхэд 17.000.000 төгрөг байсан. Анхан шатны шүүх хуралдаанд А.Л- “би 16.000.000 төгрөгийг зарцуулаагүй, Голомт банкны карт даа хийдэг байсан, тухайн картыг Т.Б- ашигладаг байсан” гэж тайлбарласан. Мөн “Ц-” ХХК-ийн данснаас Т.Б-ын данс руу мөнгө шилжүүлэхдээ дандаа “барааны төлбөр” гэж шилжүүлсэн байсан. Мөрдөн байцаалтын шатанд Т.Б- “ямар нэг худалдаа, наймаа хийдэггүй, барилга дээр ажилладаг” гэж өөрийн ажил байдлыг тодорхойлсон. Т.Б- нь “Ц-” ХХК-иас 17.000.000 төгрөг орж ирснийг мэдэж байсан, бараа, бүтэгдэхүүн худалддаггүй байсан. Тиймээс Т.Б-ыг тус хэрэгт холбогдолтой гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд бид энэ талаар тайлбарласан. Анхан шатны шүүх Т.Б-ын үйлдэл, түүний үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй. Прокуророос Т.Б-ыг иргэний хариуцагчаар татсан байхад үүнийг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй, мөн Т.Б-т хариуцлага оногдуулахгүй байх үндэслэлийг тайлбарлаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, мөн тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” шийтгэх тогтоолыг хүчингүй болгох зохицуулалттай. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/875 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

А.Л- анх “Т.Б- хувиараа хүмүүсийг барилга дээр ажиллуулдаг байсан, тэр хүмүүсийн цалинг тавих хэрэгтэй” гэж мэдүүлсэн. /1 хх 60/ Анхнаасаа Т.Б-т зориулж мөнгө авч эхэлсэн. Тиймээс гэмт хэрэгт хамтран оролцсон, хамтран оролцоогүй байлаа гэхэд Т.Б- тухайн мөнгөний эх үүсвэрийг мэдэж байсан, өөрийнх нь үйл ажиллагаатай хамааралгүй гэдгийг мэдэж байсан. Хууль бус мөнгийг ашигласан гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А- тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.

Прокурор Б.Өнөбат дүгнэлтдээ: “... 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “А.Л-г бусад этгээдтэй хамтарч гэмт хэрэг үйлдсэн, тухайн этгээдэд үүссэн санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд гэмт хэрэг үйлдэж, мөнгө өгсөн. Тиймээс мөнгө авсан хүнийг хамт шалгах шаардлагатай” гэж тайлбарлаж байна. Аливаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулах нь зүй ёсны хэрэг. Мөрдөн байцаалтын шатанд нотлох ажиллагааг хангалттай хийсэн. Шүүгдэгчийн хамаарал бүхий харилцаатай хүнд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогддог. А.Л- өөрийн хамаарал бүхий хүнд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад туслах зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн талаар мэдүүлдэг. А.Л-гийн үйлдлийг бусад этгээдэд халдааж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх ажиллагаа хийх нь хууль зүйн үндэслэлгүй. Т.Б- нь А.Л-г гэмт хэрэг үйлдэн мөнгө олж, өөрт шилжүүлэн өгөх талаар гуйж, ятгасан нөхцөл байдал тогтоогдоогүй. А.Л- завших гэмт хэрэг үйлдэж, мөнгөн хөрөнгө бий болгож, түүнд өгч байгааг ойлгож, ухамсарлаагүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тиймээс өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий өмгөөлөгч Б.Заантогтохын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай компани 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн А- овогтой Л- (РД:ОБ-)-г нягтлан бодогчоор ажилд авсан. А.Л- манай байгууллагад 9 сарын хугацаанд ажилласан бөгөөд 2024 оны 10 дугаар сард өөр байгууллагад ажиллахаар болсон тухайгаа хэлж ажлаас гарсан...” гэх /1 хх 25- 27, 29/,

Яллагдагч А.Л-гийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “... Би “Ц-” ХХК- д нягтлан бодогчоор 2024 оны 02 дугаар сард ажилдаа ороод 2024 оны 11 дүгээр сард ажлаасаа гарсан...” гэх /1 хх 75/,

Яллагдагч А.Л-гийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би “Ц-” ХХК-д нягтлан бодогчоор 2024 оны 02 сард ажилдаа ороод 2024 оны 11 сард ажлаасаа гарсан. Ажлаасаа гарсан шалтгаан гэвэл тухайн үед би давхар өөр газарт нягтлан хийдэг байсан ба тухайн газар нь өөр нягтлантай болж байгаа тул ажлаа хүлээлгэж өгөх гээд “Ц-”-г бас хамт хүлээлгэж өгөхөөр болсон. Нөгөө газрын ажлыг 2 хоногт хүлээлгэж өгсөн ба “Ц-”-ийн ажлыг хүлээлгэж өгөх гэсэн боловч А- гэх хүн дараагийн хүнийг олох хүртэл түр хугацаанд ажиллаж бай гэсэн. Дараа нь шинэ нягтлан бодогч томилогдсоны дараа ажлаас гараад ажлаа хүлээлгэж өгье гэсэн боловч ажлаа хүлээж авах талаар надтай ерөөсөө холбогдолгүйгээр манай С- гэх эгчтэй холбогдсон байсан. Тухайн үед би уул уурхайн компанид нягтлан бодогчоор ажилд орсон байсан...” гэх /1 хх 75/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Л- манайд ажиллах хугацаандаа хувь хүнээс бараа материал авах нэрийдлээр удаа дараа мөнгө шилжүүлэн авч байсан бөгөөд өөрийнх нь дурдсан шиг ямар нэг бараа материал хүлээн авсан анхан шатны ямар ч баримт үйлдээгүй, байхгүй болохыг бид олж мэдсэн. Мөн “Даян Софт” санхүүгийн программ дээр дансны авлага байгууллага дансанд 21.256.000 төгрөг, дансны авлага тодорхой хувь хүний дансанд 35.526.444,43 төгрөгийг тус тус бүртгэсэн байгаа юм. 2024 оны 11 -р сарын эхэнд А.Л-тэй удаа дараа холбогдож, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардан, хувь хүнээс авсан бараа материал болон холбогдох баримтуудыг асуухад “Наана чинь үлдээсэн байгаа, би орон нутагт уул уурхайн компанид ажилд орсон ажлаа хаяж явж чадахгүй байна” гэх хариу өгч байсан болно. Үүний дараагаар 2024 оны 11-р сарын 07-ны өдөр “Даян Софт” программ дээр Худалдан авалтын бичилтүүд оруулан засварласан байсан. Мөн дээр дурдсан дансны авлагын бичилтүүдийг энэ өдөр тус тус зассан байсан...” гэх /1 хх 25-27, 29/,

Иргэний хариуцагч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Хаан банкны 5С-2 дугаартай данс нь миний өөрийн данс байгаа юм. Би яг хэдэн сая төгрөг орж ирсэн талаар мэдэхгүй байна, тухайн үед мөнгө бол орж ирдэг байсан ч Л- эргээд Хаан болон Голомтын дансандаа эргүүлэн авдаг байсан. Би тухайн мөнгөнөөс 2 сая гаран төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан байх гэж бодож байна. Би тухайн үед ямар учиртай мөнгө ороод байгаа юм гэхэд зүгээрээ хайраа би буцаагаад хийчихнэ гэж хэлдэг байсан. Би буцаан өгсөн зүйл байхгүй. Тухайн үед хамт амьдарч байсан болохоор дундын хэрэгцээнд зарцуулагдсан гэж бодоод эргүүлж өгөөгүй...” гэх /1 хх 36-37/,

Гэрч Х.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Ц-” ХХК-д 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна Уг “Ц-” ХХК-ийн дансанд А- болон нягтлан бодогч Л- нар нэвтрэх эрхтэй байсан. Ингээд бусад байгууллагад төлөх төлбөрийг нягтлан бодогч нь шивэлт хийснээр захирал болох А- нь баталж гүйлгээ хийх замаар үйл ажиллагаа явагддаг. Ер нь бол гүйлгээнүүдийг нь харахад бол 2024 он 03 дугаар сараас эхлэн “хувь хүн”, “дараа тооцоо”, “касс руу орлого” гэх мэт утгатайгаар гүйлгээнүүд гарсан байсан. Миний харж байгаагаар бол 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл үргэлжилсэн байсан. Энэ гүйлгээнүүд бол Л- гэх хүний өөрийнх нь дансанд болон өөр нэг хүний данс болох Хаан банкны 5С-2 дугаартай Төрбат Б- гэх нэртэй дансанд орлогын гүйлгээнүүд хийгдсэн байсан. Сард ойролцоогоор 4-5 удаагийн давтамжтайгаар гүйлгээ хийгдсэн байсан. Өөр бол ямар нэгэн сэжигтэй гүйлгээ байхгүй байна. ...Бэлэн мөнгийг бол А- захирлаас өөр хүн авах боломжгүй. А- захирал өөрөө чекээр бэлэн мөнгө гаргаж авдаг. Тэгэхээр энэ дансны хуулга дээр байгаа дансаар шилжүүлсэн мөнгөнүүд л Л-тэй холбоотой юм...” гэх /1 хх 44-45/,

Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бэлнээр авч байсан. Бэлэн орлогоос байгууллагад хэрэгтэй зүйлсийг аваад Л-д баримтуудыг нь өгдөг байсан. Дансаар шилжүүлж авсан зүйл байхгүй. 2024 оны 06 дугаар сард Монгол Улсын Их хурлын сонгуулийн үеэр явсан. Архи согтууруулах ундааны зүйл 3 хоног худалдан борлуулахгүй гэх шийдвэр гарсан болохоор энэ үеэр амралт болгож Сэлэнгэ аймгийн Түнхэл гэх нэртэй газар луу явсан. Байгууллагаас тус аяллын зардлыг гаргасан. Бэлэн орлого аваад би өөрийн Голомт банкны 2Л-2 тоот данс руу 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр бэлэн мөнгөний машинаас 1.200.000 төгрөг хийсэн. Тус 1.200.000 төгрөгөөр хоол хүнс, очоод байрлах байшин, вагоны билетийн мөнгө гээд зүйлсийн төлбөр тооцоог хийсэн...” гэх /1хх 57-58/ мэдүүлгүүд,

“Ц-” ХХК болон “Баян суварга аудит” ХХК-ийн хооронд байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 84/2025 дугаартай “Аудитын үйлчилгээ үзүүлэх гэрээ” /1 хх 63-65/,

Баян суварга аудит” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай: “...Ц- " ХХК-ийн 2025 оны 10-р сарын 03-ний өдрийн 15 тоот албан бичгийн дагуу 2024 онд нягтлан бодогчоор ажиллаж байсан А- овогтой Л-тэй холбоотой 34.059.000 төгрөгийн харилцахаар шилжүүлсэн гүйлгээнд аудитын ажлыг хийж гүйцэтгэлээ. Нягтлан бодогч А.Л- нь ажиллах хугацаандаа 03 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нийт21 удаа компанийн Голомт банкны данснаас дараа тооцоо болон барааны төлбөр гэсэн шилжүүлгээр өөрийн данс болон Б- Төрбатын данс руу нийт 34.059.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Дээрх гүйлгээнүүдийг нэг бүрчлэн нягталж үзэхэд анхан шатны баримтгүй, бүртгэлийн давхар бичилт нь тодорхой бус, ажлаасаа гарсны дараа санхүүгийн программ руу орж бичилтүүдийг зассан зөрчлүүд илэрсэн болно. Дараа тооцоо гэсэн утгатай гүйлгээгээр өөрийн данс руу мөнгө шилжүүлсэн байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 20 дугаар зүйл Ерөнхий нягтлан бодогчийн эрх, уургийн 20.2.13-т “эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах” гэсэн заалтыг зөрчсөн байна. Барааны төлбөр гэсэн утгаар шилжүүлсэн мөнгөн дүнгүүд худалдаж авсан анхан шатны баримт, нэхэмжлэхээр дэмжигдэхгүй, бараа материалын тайлангийн орлого талд бүртгэгдээгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 13 дугаар зүйл Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт 7 заалт “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна. ...Дээрх гүйлгээнүүдийг 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 17,11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд А.Л- санхүүгийн программ руу орж өөрийн данс руу шилжүүлсэн дараа тооцоо гэсэн гүйлгээнүүдийг Д- гэсэн нэр лүү шилжүүлэн зассан, бүртгэлийн бичилт нь тодорхой бус, барааны төлбөр гэсэн утгаар Б.Т-ын данс руу шилжүүлсэн дүнгүүд бараа материалын тайлангийн орлого талд бүртгэгдээгүй байгаа нь нягтлан бодогч бүртгэлийн аргаар мөнгө завшсан болохыг нотолж байна...” гэх “Нягтлах гэрээт ажлын дүгнэлт” /1 хх 66-71/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 90-91, 2 хх 119/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

А.Л- нь 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ц-” ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байх үедээ өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн компанийн орлогоос 34.059.000 төгрөгийг хувьдаа завшиж, хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг албан тушаалын хувьд хариуцсан, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, А.Л- нь “Ц-” ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Л-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ц-” ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байх үедээ өөрт итгэмжлэн хариуцуулан өгсөн компанийн орлогоос 34.059.000 төгрөгийг завшсан гэж дүгнэж, А.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий өмгөөлөгч Б.Заантогтох давж заалдах гомдолдоо: “... А.Л- болон Т.Б- нар нь гэмт хэргийг хамтран үйлдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоож, эрүүгийн хариуцлагыг хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, хэрэгт авагдсан баримтууд болох дансны хуулга, гэрч Т.Б-ын мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад А.Л- нь Т.Б-ын дансанд шилжүүлсэн мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан үйл баримт тогтоогддог. Т.Б-, А.Л- нар нь хамтран амьдардаг байсан бөгөөд Т.Б- нь мэдүүлэхдээ “... хамтын амьдралынхаа хэрэгцээнд зарцуулсан гэж ойлгосон. Би ч өөрөөсөө мөнгө гаргаж амьдралдаа зарцуулж байсан. Компаниасаа мөнгө аваад завшсан үйлдлийн талаар мэдэхгүй. А.Л- нь өөрийнхөө данс руу мөнгийг авч байсан бөгөөд би энэ талаар тайлбарлаж мэдэхгүй байна” /1 хх 36-37/ гэж мэдүүлдэг бөгөөд түүнийг энэ хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг А.Л-гээс өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2026/ШЦТ/875 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-ий өмгөөлөгч Б.Заантогтохын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

                       ШҮҮГЧ                                                                    Н.БААСАНБАТ

 

 

                       ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР

 

       ШҮҮГЧ                                                                   П.ГАНДОЛГОР