Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00211

 

Ц-ийн нэхэмжлэлтэй

                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 183/ШШ2018/02767 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 650 000 төгрөг, гарсан зардал 89 000 төгрөг, нийт 28 739 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:  “Х нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Цгаас 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сар бүрийн 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Уг зээлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулах нөхцөлтэй байсан боловч зээлээ төлөөгүй. Гэхдээ эхний 2 сарын хүүг төлсөн. 3 дахь сараас нь төлөөгүй алга болсон байдаг. Ц удаа дараа утсаар асууж шаардаж байсан боловч хариуцагч утсаа ч авахаа больсон, сураг тасарсан. Ингээд 2016 оны 09 сард Х өөрөө утсаар холбогдож, “та надад нэгэнт л тус болсноороо тус болоо, дахиад 7 сая төгрөг зээлээч” гэж гуйсаар байгаад 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 7 000 000 төгрөгийг сар бүрийн 5%-ийн хүүтэйгээр нэмж зээлж, зээлийн хүүг сар бүрийн 12-ны өдөр төлөх нөхцөлтэй тохирч 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг 7 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүндээ суутгаж үлдээлээ гээд буцааж өгсөн. Ингээд 2 зээлийн гэрээний үүрэг өнөөдрийн байдлаар хангагдаагүй. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл болох 10 000 000 төгрөг огт төлөгдөөгүй, харин зээлийн хүүг нь төлчихсөн гэж тооцож байгаа. Иймд үндсэн зээл, алданги 5 000 000 төгрөгийн хамт 15 000 000 төгрөг гаргуулна. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг үлдээгээд явсан боловч өмнөх зээлийн хүүнд 500 000 төгрөгийг суутгаж тооцсон. Учир нь 6 сарын хугацаанд төлөх хүүгийнхээ 3 сарын хүүг нь Г гэх хүний дансаар хийсэн. Эхний 2 сарын хүүгээ бэлнээр өгсөн. Ингээд 6 сарын хүүг төлсөнд тооцсон. Энэ 2 000 000 төгрөгөөс 1 сарын хүүг суутган тооцоод хариуцагч 5 500 000 төгрөгийг зээлсэн гэж тооцсон. Тэгэхээр 5 500 000 төгрөгийн эргэн төлөлтийг шаардах эрхтэй болж байгаа. Ингээд 5 500 000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү огт төлөгдөөгүй байгаа тул хүүний төлбөрт 1 650 000 төгрөг, алданги 3 575 000 төгрөгийг шаардаж байна. Мөн 89 000 төгрөгийг нэмж шаардсан, энэ нь нэхэмжлэл гаргахад нотариатын үйлчилгээний хураамж, мөн Хыг эрэн сурвалжлуулсан 70 200 төгрөг орсон. Нийт 25 725 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч Хын хариу тайлбарт:  “2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарын сонинд зээл өгнө гэсэн зарын дагуу Тгэх хүнтэй анх уулзсан. Тнь намайг дагуулж яваад Ц гэх хүнтэй уулзуулж, Ц нь Г гэх хүнтэй уулзуулсан. Ц нь тухайн үед хийдийн оёдолчин хийдэг байсан. Анх ярихдаа Ц, Т хоёр 10 000 000 төгрөгийн зээлийг Г гэх хүнээс авч өгөөд 1 000 000 төгрөгийг шагналд нь авъя гэж яриад 4 хоногийн турш зээлийн асуудлаар  хүүгийн хамт очиж уулзсан. Ц нь надтай зээлийн гэрээ байгуулна гэсний дагуу мөнгө олж өгч байгаа болохоор Цтай гэрээ хийх юм байна гэж ойлгоод гэрээ байгуулсан. Ингээд үл хөдлөхөд барьцаа хөрөнгөө бүртгүүлээд буцаж очоод Г ламтай уулзсан. Ингээд Г лам 10 000 000 төгрөгийг тоолж өгсөн. Гээс 10 000 000 төгрөгөө аваад буцаж гараад тус болсон юм чинь Цтай уулзахгүй бол болохгүй гээд Цтай уулзсан. Ц тухайн үед 1 000 000 төгрөгийг авсан. Үүний дараа зээлийнхээ эргэн төлөлтийг дандаа Гд өгдөг байсан. Эхний 2 сарын мөнгийг Гд бэлнээр өгсөн. Сүүлийн 3, 4, 5 дугаар саруудын зээлийн эргэн төлөлтийг Гийн дансанд нь хийдэг байсан. Ийм л үйл баримт болсон. Дараа нь 7 000 000 төгрөгийг Ц өгөөгүй. Бас л Гээс зээлж авах гэж байгаад 7 000 000 төгрөгийг өгөөгүй гэж ярьдаг. Анх зээлсэн 10 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг өгч чадаагүй. Бодит байдал дээр 10 000 000 төгрөг гэсэн боловч 9 000 000 төгрөгийг авсан. Анх зээл олж өгсөн Ц  н.Т-тай ярихдаа хоёулаа 500 000, 500 000 төгрөгөөр нь авъя гэж ярьж байсан гэсэн. Замынхаа дундаас н.Т-тай мөнгөө хуваахаасаа татгалзаад Ц нь зөвхөн надтай харьцаарай гэсэн байдаг. Бодит байдал дээр ийм л зүйл болсон тул Ц-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Хын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: 2 удаагийн зээлийн гэрээ дагуу Ц нэг ч төгрөгийг бодитой гардуулаагүй гэдгийг миний хүүхэд гэрчлэнэ. Цтай зээлийн гэрээ байгуулсан атлаа надад нэг ч төгрөг бодитойгоор өгөөгүй, Цтай 10 000 000 төгрөг өгсөн, авсан гэсэн бичиг үйлдсэн хэдий боловч яг мөнгийг Г гэх хүнээс тоолж авсан. Энэ үйл баримтыг харахад Г гэх лам хийдийн мөнгийг бусдад зээлүүлэх хууль бус байдлаас болоод өөрийн шашин номын үйлээс олж байгаа орлогын мөнгөөрөө бусдад хүүтэй зээлдүүлсэн байдал нь заавал Цгаар дамжуулж зээлдүүлэх сонирхолтой байсан гэдэг нь харагдаж байгаа. Г гэх хүн гэрчээр асуугдсан боловч худлаа ярьсан. 10 000 000 төгрөгийн зээлээ эргэн төлөхгүй байгаа хүнтэй 7 000 000 төгрөгийг тоолж өгчихөөд 2 000 000 төгрөгийг нь аваагүй гэдгээ хэлсэн. Ийм зүйл огт болоогүй. 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний аль аль нь хүчин төгөлдөр бус хэлцэл, учир нь гадаад илэрхийллийг бий болгохын тулд байгуулсан. Ц угаасаа 10 000 000 төгрөггүй атлаа зээлийн гэрээ байгуулсан. Ц-д тухайн үед 10 000 000 төгрөг байгаагүй. Харин Гд 10 000 000 төгрөг байсан, Гээс тэр 10 000 000 төгрөгийг зээлж авсан учраас. Гд төлбөрийг төлөх үүрэгтэй гэдгээ Х өөрөө ойлгоод төлөөд байгаа. Дараагийн зээл 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулчихаад 7 000 000 төгрөгийг өгөөгүй.  Өмнөх 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг төлөх чадваргүй байсан учраас 7 000 000 төгрөгийг өгөөгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц Х нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь зээлийн гэрээгээр нотлогдож байна. Дүр эсгэн, халхавчилж хийсэн бол хариуцагч өөрийнхөө хөрөнгийг барьцаалахгүй байсан. 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ хийхэд хариуцагч Цд л хандаж зээлийн гэрээ хийсэн. Хэрвээ Гээс мөнгө авах байсан бол Ц.Г-тэй гэрээ хийх байсан.  Бодит байдал дээр 2 удаагийн зээлийн гэрээний үүргийг хангуулах нь зүйтэй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Сонины зарын дагуу утсаар яриад Аз молл дэлгүүр дээр н.Т-тай гэх хүнтэй уулзаад намайг Гэсэр сүм рүү дагуулж явсан. Тэгээд Ц гэх хүнтэй уулзсан. Аз молл дэлгүүр дээр зээл авах гэсэн зөндөө хүмүүс байсан. Тта нар нийлээд 30 000 000 төгрөг ав гэсэн, би танихгүй хүмүүстэй нийлж зээл авахгүй, байраа барьцаалж байгаа болохоор өөрийнхөө хэрэгцээний мөнгөө зээлмээр байна гээд Г ламтай уулзаад энэ 10 000 000 төгрөгийг ламаас авсан. Ц оёдолчин хийдэг ба түүний өрөөнд ороод 1 000 000 төгрөгийг нь өгөөд би 9 000 000 төгрөг авсан. Дараа нь надад дахиж 7 000 000 төгрөгийг өгөөгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар Хоос зээлийн гэрээний үүрэг, гарсан зардалд нийтдээ 28,739,200 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүссэн Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар Ц, Х нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ, мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371 850 /301 650+70 200/ төгрөгийг, хариуцагчийн төлсөн 242 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Цгаас 242 950 төгрөгийг гаргуулж  хариуцагч Х-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжидийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлээгүй, хуурамч нотлох баримтаар хэргийг шийдвэрлэсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдаж нотариатаар баталгаажуулж, улмаар Оюуны өмч, эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүнийг давхар нотлох баримт бол хавтаст хэрэгт авагдсан Ц, Х нарын 2015 оны 12 дугаарсарын 23-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримт бөгөөд мөнгийг 20 000-ын дэвсгэртээр 400 ширхэг, 8 000 000 төгрөг, 10 000-ын дэвсгэрт 200 ширхэг, 2 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг Х тоолон өгч, уг баримтад хүлээн авч гарын үсгээ зурсан байдаг. Үүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №5857 дугаар шинжээчийн дүгнэлтээр 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөнгө хүлээлцэх тухай баримтад зурсан гарын үсэг нь Хын гэх гарын үсгийн туршилтын загваруудтай тохирч байна гэж дүгнэгдсэн. 10 000 000 төгрөгийг Цгаас хүлээн авсан нь нотлогдсон. Мөн гэрч Гийн мэдүүлгээр Х-т зээлдүүлсэн 10 000 000 төгрөг, мөн 7 000 000 төгрөг хэний мөнгө вэ гэж асуухад тэрээр Ц өөрийнх нь мөнгө, надад хадгалагдаж байсан ба бид хамтарч ажилладаг байсан. Мөн хамаатан садан хүмүүс, бидний хооронд үүнээс өөр мөнгө төгрөгийн тооцоо байгаа. Х, Ц хоёрыг 10 000 000 төгрөгийг хүлээлцэхэд нь би харж байсан, мөн 2016 оны 09 дүгээр сард Ц-ийн 7 000 000 төгрөгийг би Х-т тоолж өгөөд явуулсан гэж тодорхой мэдүүлсэн ... зэргээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний мөнгө Ц-ийнх гэдгийг нотолсон.

2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний 10 000 000 төгрөгийн хүүгийн төлбөр бэлэн болон бэлэн бусаар төлөгдөж байсныг шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Ж-ийн мэдүүлгээр нотлогддог. Тухайлбал: шүүх хуралдааны тэмдэглэлийн 9 дэх нүүрэнд шүүх хуралдаан даргалагчаас ... “10 000 000 төгрөгийн зээлийн хүүг хэзээ, хэнд хэрхэн төлж байсан бэ, энэ талаар мэдэх үү” гэхэд гэрч Ж “бэлнээр аваачиж өгч байсан, сүүлийн саруудын хүүг ламын дансаар шилжүүлсэн”. Ээж бид 2 банк ороод тушааж байсан гэхэд Даргалагчаас давтан “эхний 2 сарын хүүг Цд бэлнээр нь аваачиж өгсөн юм уу” гэхэд гэрч “тийм” гэсэн. Даргалагчаас дахин “бэлнээр аваачиж өгснийг мэдэж байгаа юу” гэхэд гэрч “мэдэж байгаа, тийм хамт байсан” гэх мэдүүлгээр Цгаас авсан зээлийн хүүг өөрт нь өгч байсан гэдгийг нотолдог.

Хариуцагч Х би Цгаас мөнгө аваагүй гэж илт худал гүтгэсэн тайлбарыг өмгөөлөгчийнхөө зөвлөснөөр хэлдэг. Уг тайлбар нь талуудын хооронд байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээнүүд, мөн   2015 оны 12 дугаар сарын 23-ны  өдрийн   мөнгө  хүлээлцсэн  баримт, гэрч Гийн, мөн Хын хүү Ж-ийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг шүүгч анхаарч үзээгүй, хэт нэг талыг барьсан, хариуцагчийн өмгөөлөгчийн баримтгүй таамаглаж ярьсан тайлбарт хэт ач холбогдол өгч, түүнд хөтлөгдөж авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүй, төөрөгдөж буруу дүгнэсэн.

Хариуцагч Х нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 7 000 000 төгрөг огт аваагүй гэж мэлзсэн.   Х уг мөнгийг “цайны газартаа бараагаа татахад өдөр бүр таксинд мөнгө төлдөг, манай хамаатан машинаа 5 000 000 орчим төгрөгөөр зарах гэж байгаа авмаар байна туслаач гэж гуйж авсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр Ц нь Гийн утас руу залгаад миний мөнгөнөөс 7 000 000 сая төгрөгийг Х-т өгөөд явуулаарай хүүхэд нь машин авахаар болсон гэж ярьснаар лам Хыг очиход 7 000 000 төгрөгийг тоолж өгсөн. Үүнийг гэрч Г нотолсон. Ламаас 7 000 000 төгрөгөө хүлээж аваад Ц-ийн ажил дээр ирэхдээ өмнөх 10 000 000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр гэж 2 000 000 төгрөг тоолж өгөөд явсан. Үүнийг Ц мөнгө хулээлцсэн баримтын доор огноог нь тэмдэглэсэн байдаг. Гэтэл Х өмгөөлөгчийнхөө хууль бус зөвлөгөөгөөр 7 000 000 төгрөгийг Ц, Г нараас огт аваагүй гэж гүтгэж ярьсан.

Шүүх хуралд дээр шүүх хуралдаан даргалагч "Хариуцагчийн тайлбарыг сонсьё гэхэд Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчаар тайлбар хэлүүлэлгүйгээр өмнөөс нь үйл баримтыг илт гуйвуулж худал ярьсан Тухайлбал: Шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар нүүрт лам 10 000 000 төгрөг тоолж өгсөн, 10 000 000 төгрөгөөс 1 000 000  төгрөгийг Цгаас өгсөн гэж өөрөө харсан мэтээр ярьсан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн өмнөөс хэлсэн тайлбартаа .... дараа нь 7 000 000 төгрөгийг Ц өгөөгүй бас л Г өгсөн гэж ярьдаг ба үйлчлүүлэгчийнхээ ярьсан зүйлийг хэлэхдээ 7 000 000 төгрөгийн зээлийг авсан гэдгээ тайлбараараа нотолдог. Гэрч Г нь Х-т зээлдүүлсэн мөнгө миний мөнгө биш, Ц-ийн мөнгө гэж мэдүүлдэг.

Гэтэл шүүх талуудын хооронд бодитойгоор байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдийг буруугаар мушгиж дүр үзүүлэн хийсэн, зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгохын тулд Х-той байгуулсан гэж хариуцагч талын худал, хуурамч тайлбарт хөтлөгдөн гэрээ болон хуулийг буруу тайлбарласан, хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтууд болон гэрчийн гэрчийн мэдүүлгийг зөв үнэлээгүй, зээл авсан мөнгөө эргүүлж төлөөгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүх  шийдвэртээ 2015 оны 12 сарын 23-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох орон сууцны нэг өмчлөгч Н.Б-ын итгэмжлэл хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд талууд болон гуравдагч этгээдийн маргаагүй зүйл дээр шүүх буруу дүгнэлт хийж хэт нэг талыг барьж хувийн ашиг сонирхолтой байдлаа харуулсан гэж үзэж байна. Учир нь орон сууцыг барьцаанд тавихад шаардагдах хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл авсан эсэхийг нотариатч шалгаж гэрчлээд хамтран өмчлөгчдийг Х төлөөлж гарын үсэг зурсан нь барьцааны гэрээнээс харагддаг. Оюуны өмч эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар зээлийн болон барьцааны гэрээг бүртгэсэн нь барьцааны гэрээ хуулийн хүчин төгөлдөр болсоны нотолгоо гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хянаж, 25 814 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 28 650 000 төгрөг, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 89 000 төгрөг, нийт 28 739 200 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 10 000 000 төгрөг, 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хэргийн 10-11 дүгээр талд авагдсан байх ба эхний буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч  Ц 10 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, сарын 5 хувийн хүүтэй хариуцагч Х-т зээлдүүлэх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцох, зээлийн гэрээний барьцаанд ... дугаартай, ...талбай бүхий Н.Б, Х нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дахь гэрээгээр 7 000 000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байна. /хх10, 11, 12/

Шүүх талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг болоод бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

Хариуцагчийн, эхний гэрээний хувьд 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс аваагүй, Гээс авсан гэх тайлбар үндэслэл муутай болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох бөгөөд зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, зээлийн хүүг дансаар шилжүүлж байсан үйл баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйлийг шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно.

Гэрч Г “10 000 000 төгрөг бол Ц-ийн мөнгө, бидний хооронд тооцоо байсан, 10 000 000 төгрөгийг надад хадгалуулж байсан гэж мэдүүлсэн байх ба хариуцагч Х 10 000 000 төгрөгийг Гээс авч, 2 сарын зээлийн хүүд 2 удаагийн төлөлтөөр 1 000 000  төгрөг нэхэмжлэгч Цд, 3 удаагийн төлөлтөөр 1 600 000 төгрөгийг Гд төлсөн” гэж, нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгөө Гд хадгалуулж байсныг хариуцагчид өгсөн гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч 10 000 000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэхээр байна.

Талууд гэрээний үүрэг гүйцэтгэх арга замын талаар тохиролцоогүй байх бөгөөд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоор заасан тул нэхэмжлэгч гэрээгээр мөнгө шилжүүлэх үүргээ Гээр дамжуулан гүйцэтгүүлэх боломжтой, түүнчлэн Г нэхэмжлэгч Ц-ийн мөнгөн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг түүний нэрлэн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Иймд хариуцагч 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэх нь хуульд нийцнэ. 

Хариуцагч 10 000 000 төгрөгийн зээлийн хүүд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 600 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 500 000 төгрөгийг Гийн Хаан банкны ...тоот дансаар өгсөн нь тогтоогдсон, гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үндсэн зээл 10 000 000 төгрөг, 6 сарын хүү 3 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийн үүргээс хүүд төлсөн 2 600 000 төгрөгийг хасч 10 400 000 төгрөг төлөх тооцоолол гарч байна.

Зээлийн гэрээний 1-д зааснаар зээлдэгч нь зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг үндэслэн хариуцагчийн гүйцэтгээгүй нийт үүрэг 10 400 000 төгрөгөөс тооцоолон алдангид 5 200 000 төгрөг гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр алдангид 5 000 000 төгрөг гаргуулах нь талуудын зарчимд нийцнэ.

 

2 дахь зээлийн гэрээний тухайд гэрээнд заагдсан мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна. /хх11/

Хэдийгээр, гэрч Г “... 7 000 000 төгрөгийг Х манай өрөөнд ирээд надаас тоолж авсан, ямар ч байсан 7 000 000 төгрөгийг Х-т хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлсэн боловч энэ талаар бичгийн баримтгүй байна. Хариуцагч нь “7 000 000 төгрөгийг аваагүй” гэж тайлбарладаг бөгөөд зээлийн гэрээний хувьд байгуулагдсанд тооцогдох нөхцөл буюу Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл баримтаар тогтоогдсонгүй. /хх53,54, 87/

Нэхэмжлэгч Ц, гэрч Г нар нь ашиг сонирхол нэгтэй тул уг мэдүүлэг нь хариуцагчийг 7 000 000 төгрөг авсан гэдгийг нотлох хөдөлшгүй баримт болж чадахгүй, дан ганц гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэхэд хангалтгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлснийг нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй болно.

Иймд хариуцагч Хоос 10 000 000 төгрөгийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүүд 10 400 000 төгрөг, алдангид 5 000 000 төгрөг, нийт 15 400 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 339 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

 

Хэргийн 12 дугаар талд авагдсан  зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд орон сууцны хамтран өмчлөгч Б гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, хариуцагч Х өмнөөс нь гарын үсэг зурсан байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Талуудын хооронд 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл дээр дурьдснаар тогтоогдсон тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Харин 7 000 000 төгрөг зээлдүүлэх талаар бичгээр гэрээ хийгдсэн боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй тул гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ. Хариуцагчийн дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10ы өдрийн 183/ШШ2018/02767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хоос 15 400 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 339 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... байрлах 27 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, хангуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

            2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасныг баримтлан хариуцагч Хын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ц, Х нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7 000 000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

3 дахь заалтын “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 371 850 төгрөг, хариуцагчийн 242 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Хоос 234 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цд олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ

 

     ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

 

                                                 А.МӨНХЗУЛ