Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2018/0597

 

О.М-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор О.М-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх заалтыг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.Мөнх-Одыг томилсон шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /С.Г/-аас дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон боловч сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоолгож Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар багийн Засаг даргыг томилохдоо ямар нэгэн этгээдээс хамааралгүй өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах үүрэгтэй байна. Гэтэл сумын Засаг дарга нь О.М-ыг томилох эсхүл томилохоос татгалзах эсэх талаар ямар нэг шийдвэр гаргалгүй орхигдуулсан. Ийнхүү орхигдуулсан эс үйлдэхүйгээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж буй нь түүний эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргыг томилох шийдвэр гаргах хугацааг нарийвчлан тодорхойлоогүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “Захиргааны үйл ажиллагаанд шуурхай, тасралтгүй байх”, 4.2.1-д “Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” зарчмыг тус тус тодорхойлсон байна. Анхан шатны шүүх дээрх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхдээ сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг захиргааны байгууллага “хуульд үндэслэх”, Захиргааны ерөнхий хуульд заасан зарчимд нийцүүлэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтууд нь хууль зүйн үндэслэлтэй болоогүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч миний бие сумын Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилохыг даалгах” шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт “илт хууль бус” гэж бичиж буй нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг андуурч бичсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.       

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаартай албан бичиг илт хууль бус болохыг тогтоолгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүхээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлд хамааруулан илт хууль бус болохыг тогтоосон байх ба энэ талаар давж заалдах гомдол гараагүй тул тус шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүх холбогдох хуулийг зөв тайлбарласан атлаа нэхэмжлэлийг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасантай нийцээгүй, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг илт хууль бус гэж өөрөөр тодорхойлсон зэрэг алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой гэж үзлээ. Тодруулбал,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сонгогчдын олонхийн буюу 50.2 хувийн санал авсан О.М-ыг багийн Засаг даргад сонгогдсоноор тооцож, түүнийг тус багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад санал гаргасан байх ба энэ тохиолдолд хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж зааснаар сумын Засаг дарга томилох, эсвэл томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах үүрэгтэй.

Гэтэл Баян-Өндөр сумын Засаг дарга нь Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар албан бичгээр түдгэлзүүлэх чиглэл өгсөн гэх үндэслэлээр томилох, эсвэл томилохоос татгалзах шийдвэрийг гаргалгүй орхигдуулсан нь захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байх тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн, хэргийн оролцогчид маргаагүй тул багийн Засаг даргад нэр дэвшигч О.М-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх шаардлагыг хангасан гэж үзэх ба хариуцагч сумын Засаг даргаас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1421 дүгээр албан бичгээр “...тогтоолоо ирүүлсэн тохиолдолд О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохоос татгалзах үндэслэл байхгүй болно” гэсэн тайлбарыг ирүүлсэн, Оюут багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолыг Засаг даргад хүлээлгэн өгч байгаа бичлэг хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгчийн “Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилохыг даалгах”-ыг хүссэн шаардлагыг хангах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг:

 “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын О.М-ыг Оюут багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоон, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Засаг даргаар О.М-ыг томилсон шийдвэр гаргахыг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчлөн, 4 дэх заалтыг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

                                  ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН