Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 320

 

   “Ө М ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Б.Н, О.Н нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: “...татварын улсын байцаагч нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2020/0211 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Э.Б нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2020/0211 дүгээр шийдвэрээр: 2008 оны Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.13, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий “Ө М ө” ХХН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар магадлалаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Ө М ө” ХХН-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.Н нарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Г.С нар гомдолдоо: “...Нэг. Маргааны тухайд: ...Хариуцагчаас “Баримт бичиг шаардах тухай” шаардлагуудаар нөхөрлөлийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацааны татварын баримт бичгүүдийг шаардсан ба тус шаардлагад хэрэв дуудсан цагт ирэхгүй бол Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.6 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл хүлээлгэхийг сануулсан. Маргаан бүхий захиргааны акт болох “Баримт бичиг шаардах тухай” шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасанд хамаарах захиргааны үйл ажиллагааны хэлбэр болох захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг бүрэн агуулж байхын зэрэгцээ албан шаардлага өгснөөр захирамжилсан шийдвэрийг гаргасан. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно" гэж заасанд хамаарах сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

4. Хариуцагчаас нөхөрлөлд 2013-2017 оныг хамарсан татварын төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 25180800579 дугаартай томилолт олгогдсон. Томилолтын хүрээнд “Ө М ө” ХХН-ийн санхүүгийн анхан шатны баримтанд шалгалт хийх гэхэд Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.13 “татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах" гэсэн заалтыг зөрчиж баримт материалаа ирүүлэхгүй байсаар шалгалтад хамрагдаагүй гэж тайлбарладаг.

5. Хоёр: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тухайд: Баримт бичиг шаардах шаардлага нь татвар төлөгчийн хувьд эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэн хууль зүйн шууд үр дагавар үүсгэж байх тул нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөх юм. Анхан шатны шүүхээс шийдвэртээ “...шаардлагууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх боловч дээрх үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн. Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт “...татвар төлөгч нь татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу татвартай холбоотой баримтуудыг татварын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй, харин татварын улсын байцаагч шаардах эрхтэй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны баримтуудыг татварын байгууллагад гаргаж өгөхгүй байх эрхтэй байна” гэжээ.

6. “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх гаргаж өгөхгүй байх эрхтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч дээрх хугацаанд холбогдох баримт бичгийг татварын хэлтэст гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй байгаа тул баримт бичгийн шаардлагын хугацаанд өөрчлөлт оруулах тухай татварын байцаагч нарт хэлсэн байдаг. Гэтэл шүүхээс энэ асуудалд холбогдох хэсгийг дахин шүүхэд гомдол гаргаснаар шийдвэрлүүлэх эрхийг зааж өгсөн нь энэ хэргийг бүрэн шийдвэрлээгүй гэж үзэж байна. Үүнээс үзвэл, нөхөрлөл нь баримт бичиг шаардах шаардлагыг биелүүлэхгүй байснаар хариуцлага хүлээсэн тохиолдолд түүнд марган эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүхээс маргаан бүхий акт болох “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Б.Н, О.Н нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын холбогдох хэсгийг хууль ёсны гэж дүгнэснээр манай байгууллагад хяналт, шалгалт хийгдэх үр дагаврыг бий болгож байгаа бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, уг хуулийн зорилгыг үгүйсгэсэн шийдвэр болсон.

7. Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь ямар нэгэн хоёрдмол утгыг агуулаагүй бөгөөд захиргааны байгууллын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн агуулгыг бүрэн илэрхийлж байна.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Татварын улсын байцаагч нь аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд уг хяналт шалгалтаа Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 30 дугаар зүйлд заасан Татварын улсын байцаагчийн хориглох зүйлсийг зөрчөөгүй байна” гэсэн нь нөхөрлөлийн зүгээс хяналт шалгалт явуулах байцаагчийн эрхийг үгүйсгээгүй байтал шүүхээс ийнхүү дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн магадлалд “Татварын улсын байцаагч нар хяналт тавих эрхтэй тул нэхэмжлэгч нь хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлага, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Баримт бичиг шаардах тухай” шаардлагын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх бус Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар олгогдсон эрх зөрчигдөж байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байтал үүнийг ялгаж салгаж ойлгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Захиргааны хэргийн шүүхээс хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа гэдгийг огт харгалзаж үзэхгүй байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл болж байна. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн хуулийн хүрээнд гаргасан нэхэмжлэлийг хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх нэхэмжлэл гэж дүгнэж байгаа нь харамсалтай.

10. Учир нь, 2015 онд Монгол Улсын Их Хурлаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж тус тус заасныг үндэслэн манай нөхөрлөл 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг хамруулан санхүү, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан байгаагаа дурдсан ба Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу хуулийн үйлчлэлд хамаарах хугацаанд хяналт шалгалт хийх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

11. Түүнчлэн магадлалд “нэхэмжлэгч “Ө М ө” ХХН-д татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийх үндэслэл бий болохоос бус нэхэмжлэгчид шууд чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэхээргүй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд баримт бичиг шаардсан шаардлага нь эрх зүйн дагавар нэхэмжлэгчид үүсгэж байгаа гэдгийг шүүх дүгнээгүй байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэн, “Баримт бичиг шаардах тухай” шаардлагыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасанд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд, шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна. 

13. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Н, Б.Н нар нь “Баримт бичиг шаардах тухай” 2019 оны 10 дугаар сарын 04, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр “Ө М ө” ХХН-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлант хугацааны татварын баримт бичгүүдийг шаардсан, нэхэмжлэгчээс тухайн шаардлагуудын 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тайлант хугацаанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...тухайн албан бичиг нь эрх зүйн шууд үр дагаврыг үүсгэсэн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт, ...2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үйлчлэлд хамруулан санхүү, татварын тайлангаа сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан... учраас тус шаардлагыг хэрэгжүүлж, уг хугацааны баримт бичгийг гарган өгөх боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

14. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2-т зааснаар татварын улсын байцаагч нь татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх; татварын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг татвар төлөгчтэй харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулан авах бүрэн эрхтэй бөгөөд хуулиар олгогдсон хяналт шалгалт хийх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч “Ө М ө” ХХН-өөс 5 жилийн байдлаар хяналт шалгалттай холбоотой материалаа ирүүлэхийг шаардсан албан бичгийг хүргүүлсэн нь буруу биш юм.

15. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамааруулснаас бусад, тус хуульд хамааралгүй зөрчил бий эсэхийг тодруулж, хянан шалгах эрх нь татварын улсын байцаагчид хуулиар үүссэн, нөгөөтэйгүүр, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.13-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын тайланг үнэн зөв гаргаж, татварын хяналт шалгалтад хамрагдах үүрэгтэй тул “...Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулсан хугацааны баримт бичгийг гарган өгөх боломжгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэнэ.

16. Түүнчлэн нэхэмжлэгчээс “...бичиг баримт шаардах шаардлага нь захиргааны актын эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг бүрэн агуулсан, албан шаардлага өгснөөрөө захирамжилсан шийдвэрийг гаргасан, ...татвар төлөгчийн хувьд эс биелүүлбэл хариуцлага хүлээлгэн хууль зүйн үр дагаврыг үүсгэж байгаа учраас нөхөрлөлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөх юм...” гэж гомдлын агуулгаа тодорхойлжээ.

17. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

18. Хариуцагчийн “Баримт бичиг шаардах тухай” 2019 оны 10 дугаар сарын 04, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгүүд нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, тухайлбал, тодорхой хуулийн этгээдэд чиглэсэн боловч эрх зүйн үр дагавар учруулаагүй буюу шууд үүсгэсэн шинжгүй байна. Учир нь, тухайн байгууллагыг хяналт шалгалтад хамруулснаар эцсийн үр дүнд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарах эсэх нь тодорхойгүй, хяналт шалгалт хийхтэй холбоотойгоор баримт бичиг шаардсан шаардлага бүхий албан бичиг нь дангаараа захиргааны акт болохгүй, захиргааны цуврал үйл ажиллагааны нэг л үе шат юм.

19. Гэтэл анхан шатны шүүх “...захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн” нь буруу, энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн “...баримт бичиг шаардсан албан бичгүүд нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан...” гэсэн дүгнэлт зөв байна. 

20. Дээрх үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ө М ө” ХХН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Г.С нарын хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.