| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0108/э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Адъяасүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Иргэдийн төлөөлөгч Л.Лхагваа,
Хохирогч С.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Ганболдын хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
МЦ.Бд
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Мийн цээжин тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Б-ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С.М намайг 3 удаа цохьсон учраас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Энэ хүн намайг цохиогүй бол би хутгалахгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Айлгая гэж л бодсон гэв,
Хохирогч С.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.
Шүүгдэгч Ц.Б-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Мийн гэрт очтол гэртээ ирчихсэн байхаар нь гэрлүү нь явж ороод Мийг гараад ир гэж хэлээд би түрүүлээд гараад явж байсан. Тэгтэл М араас гүйгээд гараад ирсэн. Би хутгаа бариад эргэж хараад түүнийг айлгах гэж байгаад санаандгүй Мийг хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-98 дугаар хуудас/,
Хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б орж ирээд намайг асуусан. Тухайн үед манай эхнэр Л М байхгүй гэж хэлээд гараад явуултал жоохон байж байгаад Сбайна уу гээд ороод ирсэн ба ардаа хутга өмдөндөө хавчуулчихсан байсан ба хүүе чи хутгатай байна шүү дээ гээд хэлтэл би байна яасан гэж хэлээд дагаад гартал яагаад хаяад явчихав гэж хэлээд солгой гараараа миний цээжин тус газар 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас нэг хүн орж ирээд М байна уу гэж асуухаар нь би нөхөрөө амраг гэж бодоод М байхгүй ээ гэж хэлээд гаргаад явуулсан. Тэгтэл удалгүй би гал тогоондоо хоолоо хуураад байж байтал гаднаас нэг хүн орж ирээд шууд коридороор алхаад том өрөө рүү яваад орохоор нь би хойноос нь хартал тэр хүний өмдний ар талд хутга харагдаж байсан. Тэгэхээр нь би та хутгатай байна шүү дээ гэж хэлтэл тэр хүн надад зүгээр зүгээр гэж хэлээд манай нөхөр Мийг аваад гарж байгаа харагдахаар нь би Мэд наад хүн чинь хутгатай байна шүү дээ чи гарч болох юм уу гэж хэлсэн чинь манай нөхөр зүгээр яавал гэж, юм асуух гэж байгаа байлгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд нэг их удалгүй 2,3 минут болсон байх гаднаас цээжээ дараад намайг хутгалчихлаа гэж хэлээд гэртээ ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...би Мийн гэрт ороод унтаж байсан чинь 17 цагийн үед хүмүүс шуугилдаад сэрсэн чинь М цээжээ дарчихсан намайг хутгалчихлаа гээд гэртээ ороод ирсэний араас Б орж ирсэн. Тэгээд хэн хутгалсан талаар Мээс асуухад Б би хутгалчихсан гэж хэлэхээр...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “...эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд С.Мийн биед цээжний хөндийд нэвтэрч венийн судсыг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй...” гэсэн 02/0220 дугаартай дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-4-5 /,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-121 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Мтэй маргалдан улмаар нүүрэндээ цохиулсан байдалтай бухимдан хохирогчийг гэрээс нь дагуулан гарч түүний цээжин тус газарт хутгаар хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох Шүүгдэгч Ц.Б-ншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: С.М намайг 3 удаа цохьсон учраас миний биед хөнгөн гэмтэл учирсан. М араас гүйгээд гараад ирсэн. Би хутгаа бариад эргэж хараад түүнийг айлгах гэж байгаад Мийг цээж рүү нь хутгалчихсан...” гэсэн мэдүүлэг, Хохирогч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дагаад гартал яагаад хаяад явчихав гэж хэлээд солгой гараараа миний цээжин тус газар 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М .... цээжээ дараад намайг хутгалчихлаа гэж хэлээд гэртээ ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"...би Мийн гэрт ороод унтаж байсан чинь 17 цагийн үед хүмүүс шуугилдаад сэрсэн чинь М цээжээ дарчихсан намайг хутгалчихлаа гээд гэртээ ороод ирсэний араас Б орж ирсэн. Тэгээд хэн хутгалсан талаар Мээс асуухад Б би хутгалчихсан гэж хэлэхээр...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 02/0220 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Бд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 жил хорих ял оногдуулахаар дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хувийн байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаас доогуур ял болох 3 жил 6 сарын хорих ял оногдуулахаар санал тус тус гаргасныг шүүх хэргийн хүрээнд хянаж үзээд шүүгдэгчийн ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан, хохирогчийн хууль бус үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан оногдуулах хорих ялаас хөнгөрүүлж түүнд 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь бусад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Н.АДЪЯА
Д.АДЪЯАСҮРЭН