| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2505000001611 |
| Дугаар | 2026/ДШМ/748 |
| Огноо | 2026-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/748
2026 06 08 2026/ДШМ/748
Ц.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Энхжаргал,
хохирогч С.Ц-гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Ц-, шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 2505000001611 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш- овгийн Ц-ын Б-, 1974 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ......... тоотод оршин суух, /РД: ЧЦ-/,
Шүүгдэгч Ц.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц-” хотхоны Ц--11 тоотод хохирогч С.Ц-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж унаган өшиглөж, зодон түүний эрүүл мэндэд “зүүн богтос ясны далд хугарал, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун хацрын төвгөр, баруун, зүүн завж, дээд, доод уруулын дотор салст, цээж, зүүн бугалгад цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн 7, 8 дугаар хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 6 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гаас 7.920.000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ц-д олгуулж, хохирогч С.Ц- нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Хохирогч С.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхээс шүүгдэгч Ц.Б-д 6 сарын хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хуульд заасан ял болон хэрэг учрал болсон шалтгаан нөхцөл хохирогчид учруулсан гэмтэл болон хор уршгийг анхаарч үзэлгүйгээр хэт хөнгөн ял оногдуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл нь хэт хөнгөн буюу үүссэн нөхцөл байдалтай тохирохгүй байна гэж хохирогч би гомдолтой байна.
Учир нь Ц.Б- гэгч нь ямар ч шалтгаангүйгээр намайг зодож гэмтэл учруулсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас хүн ирснийг мэдээд дахин цагдаа дуудлаа гэж зодож танхайрч байгаа хүн чинь хэрвээ цагдаа ирээгүй бол намайг алах ч байсан байж болзошгүй байдалд оруулсан бөгөөд энэ нь хувийн сэдэлттэй биш харин ч өс хонзон санаж дахин зодсон билээ.
Хохирогч миний биед шинжээчийн дүгнэлтээр маш олон тооны гэмтэл үүссэн бөгөөд хохирогч С.Ц- надад 2 хавирга, зүүн богтос ясны хугарал, 2 шүдний сулрал гэх мэт ясны хугарал үүсгэнэ гэдэг маань миний эрүүл мэндэд маш их гэмтэл , хор хохирол учруулсан билээ. Мөн тухайн үед Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан. Хэрвээ хүмүүс салгаагүй бол өнөөдөр ямар нөхцөл байдал үүсэхийг таамаглах боломжгүй маш их агсарч танхайрч байсан билээ. Гэтэл шүүх хохирол хор уршгийг арилгаагүй байхад балмад танхай этгээд болох Ц.Б-д хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.
Миний бие нь өөрийн эрүүл мэндийн талаар зохих эмнэлгийн байгууллагат үзүүлж зөвлөгөө, тусламж авсан бөгөөд эмнэлгийн байгууллагаас өгсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх тус баримтыг үнэлэхгүйгээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг хянан үзэж хэргийн зүйлчлэл болон хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан болохыг хянан үзэж хохирол хор уршгийг арилгаагүй гэм буруугаа хүлээж байна гэх боловч хэзээ нэгэн цагт намайг дахин яаж эрүүл мэндэд маань хор уршиг үзүүлэхийг төсөөлөхөөс айдастай амьдрах болсон нөхцөл байдлыг анхаарч түүнд оногдуулсан ял болон зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэн түрүүнд шүүгдэгч Ц.Б- болон түүний өмгөөлөгч нарын зүгээс түүнд холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргахгүй болохыг үүгээр дурдах нь зүйтэй гэж үзэв.
Харин Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтуудыг журамлахдаа: “...шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг баримтын хүрээнд төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож...” гэсэн байх боловч хохирогчид учирсан хохирол ... арилаагүй байдал ... зэргийг тус тус харгалзан гэсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хохирол барагдсан ба хохирол төлөгдөөгүй гэсэн ойлгомжгүй байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тайлбарласан байх ба шүүх баримтаар тогтоогдож байгааг бодит хохирол гэдэгт тооцоогүй бөгөөд хохирогчийн сэтгэцэд учруулсан 7,920,000 төгрөгөөр нөхөн төлөгдөх хор уршгаас 2,253,500 төгрөгийн нөхөн төлбөр хасагдсан, цаашид баримтаар тогтоогдож буй эмчилгээний зардлыг нөхөн төлөхийг бүрэн илэрхийлсэн зэрэг шүүгдэгчид эергээр нөлөөлөх нөхцөл байдлыг дүгнэж эрүүгийн хариуцлага оногдуулаагүй байна.
Ц.Б-д холбогдох эрүүгийн 2505000001611 дугаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхэд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан бодит баримтаар тогтоогдож буй хохирлыг төлсөн бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд хохирогчийн зүй бус үйлдэл байсан буюу хохирогч нь шүүгдэгчийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан үйл баримтууд байдаг.
Тодруулбал, хохирогчийн зүгээс баримтаар тогтоогдож буй хохирол нь 746,500 төгрөг байх бөгөөд гэхдээ энэхүү баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй хэдий ч шүүгдэгчийн болон түүний өмгөөлөгч нарын зүгээс уг баримттай холбоотой маргаагүйн дээр 3,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгийг хохирогчид шилжүүлсэн буюу хохирлыг бүрэн барагдуулсан. Харин 2,253,500 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгаас хасуулж тооцуулах боломжтой бөгөөд 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар шүүгдэгч хохирогчид 2,000,000 төгрөгийг мөн шилжүүлсэн.
Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн цагаас хэргийн талаар бодитой үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа гэм буруугийн асуудлаар маргалгүй, харин ч эсрэгээрээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг 2 удаа гаргаж байсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч Ц.Б-гийн эцэг нь Хятад хүн буюу хятадын эрлийз гэх зэргээр зүй бус үг хэллэг хэрэглэн түүнийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхсан үйл баримт байдаг буюу үүнийг баримтаар үгүйсгэх боломжгүй.
Харин ажил хөдөлмөр эрхлэлтийн хувьд Ц.Б- нь “С-” нэртэй хязгаарлагдмал компанитай /эхнэрийн хамт нийт хувьцаа тэнцүү эзэмшдэг/ буюу барилгын ажил хийж амьдрал ахуйгаа авч явдаг, түүнийг ажлын онцлог нь дулааны улиралтай уялддаг тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг даруй арилгах боломжтой ба үүнийг анхан шатны шүүх хуралдаанд амаар илэрхийлж байснаас гадна баримтаар тогтоогдсон буюу бодит тогтоогдсон хохирлоос 2,253,500 төгрөг илүү хохирогчид шилжүүлсэн нь сэтгэцэд учирсан хор уршгаас төлөхөө илэрхийлж байгаа нь баримтаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Эдгээрээс үзэхэд, Ц.Б-д анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтууд, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломж хууль зүйн хувьд байсан боловч үүнийг харгалзаж үзээгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх”-ээс гадна “гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх,”-д оршдогоос гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод “зөрчигдсөн эрхийг сэргээх” багтдаг.
Иймд Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа өгч байсан, мөн баримтаар тогтоогдсон бодит хохирлыг барагдуулсан, цаашид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахаа илэрхийлсэн зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан” оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу торгуулийн ял оногдуулах эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж, зорчих нутаг дэвсгэрийн талбайг өргөжүүлэх байдлаар шүүгдэгчид хөдөлмөр эрхэлж зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлэх байдлаар эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Иймд Ц.Б-д холбогдох 2505000001611 дугаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн Б-гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 565 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч С.Ц-гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь шүүгдэгч Ц.Б-гийн буруутай үйлдлийн улмаас биедээ олон тооны гэмтэл авсан. Шүүх шинжилгээний байгууллагаас томилогдсон шинжээч эмчийн дүгнэлтээр түүний биед хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон. Энэ гэмт хэргийн улмаас түүний эрүү, шүд гэмтэж, 4 шүд унасан. Манай үйлчлүүлэгч нь “Evada” /Эвада/ шүдний эмнэлэгт шүдээ янзлуулсан, энэ талаарх баримт нь хавтаст хэргийн 211 дэх талд авагдсан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үйлчлүүлэгчийн Evada” /Эвада/ шүдний эмнэлэгт эмчлүүлсэн баримтыг үнэлэхгүйгээр хохирол, төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо миний үйлчлүүлэгчид эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг өгсөн гэх тайлбарыг гаргаж байна. Тухайн 3,000,000 төгрөг нь С.Ц-гийн биеийн бусад хэсгийн гэмтэл буюу “зүүн богтос ясны далд хугарал, зүүн мөр, цээжинд зулгаралт” бүхий гэмтлийн эмчилгээнд зарцуулагдсан. “Evada” /Эвада/ шүдний эмнэлгээс бүх шүдийг төгс эмчлэхэд 42.000.000 төгрөгийн зардал гарна гэх тодорхойлолтыг хийж өгсөн. Эхний ээлжинд унасан 4 шүдээ янзлуулах шаардлагатай байгаа, унасан шүднүүдийг янзалж, эмчилгээ хийхэд 7,000,000 төгрөгийн зардал гарна гэж эмнэлгийн зүгээс тайлбарлаж, тодорхойлолт гаргаж өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэх тайлбарыг давж заалдах гомдолдоо дурдаж байна. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-гийн буруутай үйлдлийн улмаас манай үйлчлүүлэгчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь хангалттай тогтоогдож байгаа. Хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглаж С.Ц-гийн биед халдсан байдаг. Шүүгдэгч нь манай үйлчлүүлэгчид учирсан бодит хохирол болон сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчид хэтэрхий хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Талуудын гаргасан давж заалдах гомдлуудтай танилцсан. Хохирогчийн гаргасан гомдолтой холбоотой дараах тайлбарыг хийе. Хохирогчийн зүгээс давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хөнгөдсөн” гэх тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол хор уршиг зэргийн тал бүрээс нь харгалзан үзэж тухайн зүйл ангийн төрөл хэмжээний доторх хамгийн хүнд ялыг ногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүх хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэж, шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч Ц.Б- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 3,000,000 төгрөгийн хохирол төлсөн. Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид төлсөн 3,000,000 төгрөгөөс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 746,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,254,000 төгрөгийг шүүхийн тогтоосон сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн төлбөрт оруулан тооцох нь зүйтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогч С.Ц-, шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Б- нь 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ц-” хотхоны Ц--11 тоотод хохирогч С.Ц-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж унаган өшиглөж, зодон түүний эрүүл мэндэд “зүүн богтос ясны далд хугарал, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун хацрын төвгөр, баруун, зүүн завж, дээд, доод уруулын дотор салст, цээж, зүүн бугалгад цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн 7, 8 дугаар хавирганы далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 7),
хохирогч С.Ц-гийн “...Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С- хотхон Ц- байрны 11 тоотыг найз БНХАУ-ын иргэн С- түрээсэлдэг. Тэгээд би тухайн найзындаа түүний найз нэг хятад хүн, дахиад Ц- гэдэг залуу бид 4 байсан. Тэгээд байж байтал Б- гэдэг залуу нэг Өвөр монгол найзтайгаа ирсэн, тухайн цуг ирсэн найзыг нь анх удаа харсан. Харин Б-тай гуравдах удаагаа таарсан. Ц- тэгэхэд яваад өгсөн. Тэгээд пиво ууж байгаад би унтлагын өрөөнд орж гурван цаг унтаад сэрсэн. Тэгтэл Б- согтуу надтай маргалдаж тэгээд намайг зодож эхэлсэн. Миний нүд рүү цохиход би хойшоо газарт савж унаад дээрээс өшиглөж зодож гутлын улаараа нүүрэн дээр дэвслээд “та нар намайг яаж ч чадахгүй шүү” гэж доромжлохоор нь 01 цаг 35 минутад Н- дүү рүүгээ 5 удаа залгаад, төрсөн дүү П- рүү 1 удаа залгаад, төрсөн ээж рүүгээ 02 цаг 44 минутад залгаж тусламж гуйж ярьсан. Тэгээд 02 цаг 56 минутад 102 дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгч 2 цагдаа ирээд тухайн 2 цагдаа зодоон хийхгүй шүү гэж анхааруулан нөхцөл байдлыг баримтжуулан авч явсан. Түүний дараа намайг дахиад цагдаа дуудлаа гэж дахин зодож эхэлсэн, намайг олон удаа хаа хамаагүй миний биеийн бүх хэсэг рүү цохиж зодож байсан. Тухайн үед С- салгах гэж оролдсон боловч дийлээгүй, нөгөө 2 хүн маань хараад орон дээр сууж байсан. Тэгээд би унтлагын өрөөнд ороод дүүтэйгээ ярьж гурван цаг зодуулсан гэдгээ хэлчхээд би унтлагын өрөөнд хэвтэж байсан. Гэтэл миний дүү болон цагдаа нар орж ирээд цагдаагийн газарт ирсэн. Миний зүүн гар даагдахгүй хөндүүртэй, уруул сэтэрсэн, шүд унасан, нүүр тэр чигээрээ хавдартай, чих хөхөрсөн, толгой маш ихээр өвдөж байна. ...” (12-13) гэсэн мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10112 дугаар “...“...С.Ц-гийн биед зүүн богтос ясны далд хугарал, баруун доод 2 дугаар шүдний сулрал, зүүн чихний дэлбэн, доод уруулын дотор салстад шарх, баруун, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун хацрын төвгөр, баруун, зүүн завж, дээд, доод уруулын дотор салст, цээж, зүүн бугалгад цус хуралт, дээд уруулын дотор салстад язрал, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. С.Ц-гийн биед үүссэн зүүн богтос ясны далд хугарал гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэг, баруун доод хоёрдугаар шүдний сулрал, зүүн чихний дэлбэн, доод уруулын дотор салстын шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн чихний дэлбэн, баруун хацрын төвгөр, цээж, зүүн бугалгад үүссэн цус цус хуралт гэмтлүүд нийлээд болон тус тусдаа Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. ...” (хх 59-61),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр “...Нэмэлтээр ирүүлсэн материалаар С.Ц-гийн биед зүүн 7, 8 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ...” (хх 65-69),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 292 дугаар “...С.Ц-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй. ...” (хх 81-83) гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.
Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд нь нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
Прокуророос шүүгдэгч Ц.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчин явах Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч С.Ц-гээс “...хохирол хор уршгийг арилгаагүй байхад балмад танхай этгээд болох Ц.Б-д хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч С.Ц- нь анхан шатны шүүхэд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой 746,500 төгрөгийн баримтыг гаргаж өгснийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн шүүгдэгч Ц.Б-г хохирогч С.Ц-д 3,000,000 төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,920,000 төгрөгөөр тогтоон дүгнэж, хохирогч С.Ц-г цаашид гарах эмчилгээний зардал болон хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заажээ.
Гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөдсөн үндэслэлээр хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар “...анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтууд, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломж хууль зүйн хувьд байсан ... торгуулийн ял оногдуулах эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж, зорчих нутаг дэвсгэрийн талбайг өргөжүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Үүнээс гадна, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Шүүгдэгч Ц.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 3.000.000 төгрөгийг төлсөн хэдий ч түүний гэм буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хор уршиг учирсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хөнгөрүүлэх эсхүл өөрчлөх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний халдашгүй байдлын эсрэг хууль бусаар халдаж, хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10112 дугаар, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогч С.Ц-гийн биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл нь хэзээ үүссэн, гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг тогтоосон бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь Ц.Б-гийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтын агуулгаас үзэхэд, тухайн зүйл хэсгүүдэд заасан шаардлагыг бүрэн хангасан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх эрхийг шүүхэд олгосон.
Дээрх хуулийн заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй, заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Мөн шүүгдэгч Ц.Б- нь анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогч С.Ц-д төлсөн 3,000,000 төгрөгөөс хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 746,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2,254,000 төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт оруулан хасаж тооцуулах тухай саналыг прокуророос давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар, дүгнэлт гаргасныг хохирол, хор уршиг сайн дураараа нөхөн төлсөн зардал гэж үзлээ. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө дахин 3,000,000 төгрөг нөхөн төлснийг сэтгэцэд учирсан хор уршиг буюу 7,920,000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Ц-, шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б- нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч С.Ц-д 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг магадлалд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б-гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/565 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Ц-, шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч Э.Баярбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Б- нь гэм хорын хохирол 3,000,000 төгрөгийг хохирогч С.Ц-д төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР