Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00213

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2019/00213

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02534 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т, Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 71 882 750 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу, Н.Цогтсайхан, хариуцагч Э, Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Т, Э нар нь 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ктай 168 тоот зээлийн гэрээ байгуулж, 75 000 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ... хаягт байршилтай 50,67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нараас үндсэн зээл 69 418 852,35 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 458 127,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 770,76 төгрөг нийт 71 882 750,93 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 517 363.75 төгрөг, 70 200 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа болох улсын бүртгэлийн ... тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд тус мөнгөн хөрөнгө болон барьцаа хөрөнгийг хариуцагч Э, Т нараас гаргуулж, банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Т, Э нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт:  К ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнгээс зээлийн хүүг хасч, тооцуулах хүсэлтэй байна. Бид 5 000 000 төгрөг бэлнээр төлж, хугацаа хэтрүүлснийг хасуулж байсан бөгөөд зээл авсан 5 жилийн хугацаанд 26 000 000 төгрөг төлсөн. Энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүг хасч тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ................  /РД:.............../, ....................../РД:............../ нараас  64 515 295 /жаран дөрвөн сая таван зуун арван таван мянга хоёр зуун ерэн таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК /.............../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 367 455,93 /долоон сая гурван зуун жаран долоон мянга дөрвөн зуун тавин таван төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл ... дугаарт бүртгэлтэй, ... хаягт байршилтай 50.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 587 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т, Э нараас улсын тэмдэгтийн хураамжид 480 526 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Нэхэмжлэгч К ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуупийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бухий байж чадаагүй гэж үзэж мөн хуулийн 120 дугаар зуйлийн 120.2, 161 дүгээр зүйпийн 161.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу давж заапдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч К нь хариуцагч Э. Т нарт холбогдуулан зээпийн гэрээний үүрэгт 71,882,750 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелуүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардпага гаргасныг анхан шатны шүүх шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэпбэл нэхэмжлэпийн шаардлага болох 71,882,750 төгрөгөөс 7,367 455 93 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэспэх хэсгийн 9. 10. 11 дахь догол мөрөнд "Банк 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Э 186 хоног зээл төлөх хугацаа хэтэрсэн. 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг хүртэп хугацаанд эээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдье гэх агуулга бүхий зээл, хүү төлөх шаардлагыг хүргүүлсэн. Зээлдэгг Э 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуваарьт хугацааны зөрчигдсөн зээл, зээлийн хүүг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлнө, төлөөлөгүй тохиолдолд шүүхэд өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн агуулгах бүхий хүсэлтийг гаргасан. Дээрхээс үзэхэд зээлдүүлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зуйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгапзах саналыг хүргүүлж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр ба мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тап гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар эээлдэгч 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлахаар шаардах эрх үүссэн байна.

Гэтэл зээлдүүлэгч эрхээ хэрэгжүүлээгүй шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж, мөн хугацааны зээлийн хүү төлүүлэхээр шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй буюу бусдын өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлсний хариу төлбөр болох зээлийн хүүгийн зорилгод нийцэхгүй байна. Иймд зээлийн хүү нь эрхээ хэрэгжүүлээгүй этгээдийг хөрөнгөжүүлэх хэрэгсэл биш тул шүүх зээлдэгч нарын төлбөр төлөх хуваарьт өдөр буюу 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөрт харгалзуулан үндсэн зээл 69 418 852 төгрөг, зээлийн гэрээний хуваарь зөрчигдсөн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 3 723 325 төгрөгийг зээлдэгч нар төлөх үүрэгтэй гэж дүгнээд, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүтэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд зээлдэгчээс төлсөн 8 626 952 төгрөгийг гүйцэтгэвэл зохих үүргээс хасч тооцов гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Зээлийн гэрээний 8.3.3-т зааснаар зээлдэгч зээл, зээлийн хүү болон бусад төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нь гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл байхаар талууд тохирсноос зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй бол зээлдүүлэгч буюу авсан зээлийн нэг талын санаачлагаар цуцлах үүрэг хүлээсэн зүйл огт байхгүй. Түүнчлэн Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус заасан байхад шүүх нэхэмжлэгч нь нэг талын санаачлагаар гэрээг цуцлах үүрэг хүлээсэн мэтээр хууль буруу тайлбарлан хэрэглэж, хуулийн заалтуудыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч К ХХК зээлийн гэрээний үүрэгт 71 882 750 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ... дугаарт бүртгэгдсэн ...................... талбайтай 2 өрөө орон сууцаар хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т, Э нарт холбогдуулан гаргажээ.

 

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 168 дугаартай 75 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээл буцаан төлсөн мөнгөн дүнгийн хувьд маргасан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй боловч гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нийт хэдэн төгрөгийн төлбөр төлсөн, үүнээс үндсэн зээл, зээлийн хүүд тус тус хичнээн төгрөг тооцон авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, зөвхөн 2016 оны 09 сараас хойшхи төлбөрийн дүнгийн жагсаалт ирүүлсэн байна /хх8-17,36/

 

Хэргийн 11-14 дүгээр талд авагдсан банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх гэрээний хавсралтаас үзэхэд зээлдэгч 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 625 200,63 төгрөгийг төлж, 2033 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэхэд зээлийн төлбөрийг төлж дуусгах үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч 5 000 000 төгрөг бэлнээр төлж, 5 жилийн хугацаанд 26 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаарх баримтыг зохигчдын хэн аль нь ирүүлээгүй, зээлдэгчээс гэрээний хугацаанд төлөгдсөн төлбөрийн дүн тодорхойгүй, энэ нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Хэргийн 36 дугаар талд авагдсан зээлийн хүү тооцоолол, 34 дүгээр талд авагдсан хариуцагч Эын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... эргэн төлөлтийн хугацаа хэтрээд байгаа тул 4 500 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна, уг хугацаанаас хойш шүүхэд өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тодорхойлолтыг үндэслэн зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолох боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 829,29 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ