Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/749

 

2026            06            08                                                                           2026/ДШМ/749        

 

     У.Т-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Анхбаяр,

шүүгдэгч У.Т-ын өмгөөлөгч Б.Буянхишиг,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/781 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Т-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч У.Т-д холбогдох эрүүгийн 2306030782711 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн У-гийн Т-, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: УУ-/,

Шүүгдэгч У.Т- нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-ны өдөр шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард рок”-ын хойд талд байрлах 226 дугаар байрны баруун урд хохирогч Б.Г-тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: У.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: У.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Т-д 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч У.Т-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Т-аас 117.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Б.Г- нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч У.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч У.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие У.Т- нь хохирогч Г-гийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна.

Хохирогч болон түүний ар гэрээс чинь сэтгэлээсээ уучлалт гуйж хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон учраас холбогдсон учраас хэргийнхээ учир холбогдлыг сайн ойлгохгүй байсан. 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдсоноос хойш маш их зүйлийг ойлгож ухаарч хохирогч болон өөрийн гэр бүл, ах, эгч, 3 хөөрхөн охиныхоо өмнө маш их гэмшиж өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгож чинь сэтгэлээсээ гэмшиж байна. Би 2 настай, 6 настай, 10 настай гурван охинтой аав хүн. Тэднийхээ төлөө үргэлжлүүлэн супер аав нь байж цаашид зөв шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, хөтлөгчийн ажлаа хийж бусдад гэрэл цацруулсан үлгэр жишээ иргэн байж гэмт хэрэг зөрчилд холбогдолгүй муу зүйлээс холуур байж эхнэр хүүхдүүдийнхээ төлөө бүхэл чадах сайн сайхан эерэг бүхнийг зориулан амьдрах болно. Өмгөөлөгчийн минь саналыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч У.Т-ын өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс У.Т-д тус зүйл ангид заасан торгох, хорих гэсэн ялын төрлүүдээс хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгт нь тохирохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Миний үйлчлүүлэгч У.Т-ын хувьд хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлдээ маш ихээр харамсаж байгаа. Гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргахгүй. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 117,000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг, тайлбар өгөхдөө болон анхан шатны шүүх хуралдаан дээр эрүүл мэндийн шалтгааны улмаас хэд хоног ажилдаа явж чадаагүй мөн эмнэлгийн төлбөр гээд 3,000,000 төгрөг гарсан талаар мэдүүлж, нэхэмжилсэн. У.Т-ын зүгээс хохирогчийн нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Б.Г-гийн “Хаан банк”-ны 5Г-8 тоот данс руу шилжүүлсэн. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр ямар нэгэн гомдол санал байхгүй талаараа тайлбар, мэдүүлэг өгсөн. 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр У.Т-ын ар гэрийн зүгээс хохирол төлбөр төлж барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй талаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлж өргөдөл гаргасан байна. Миний үйлчлүүлэгч хохирогчоос уучлалт гуйж, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж, гомдол саналгүй болгосон. Хохирогч Б.Г-гийн зүгээс гомдол саналгүй гэх өргөдөл гаргасан. Шүүхээс шийдвэр гаргахдаа хохирогчийн хүсэлтийг харгалзан үзэж өгнө үү. Миний үйлчлүүлэгч У.Т-ын хувьд бол урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж гэмт хэрэгт холбогдсон. У.Т- нь эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Том охин Т.С- 10 настай, дунд охин Т.М- 7 настай, бага охин Т.С- 2 ой гарантаа. У.Т-ын эхнэр М.С- нь одоогоор хүүхдүүдээ хичээл, сургуульд нь зөөгөөд ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. У.Т-ын хувьд дизайнер мэргэжилтэй, мөн хөтлөгчийн дамжаа сургалтад хамрагдаж сертификатыг нь авсан учраас сүүлийн жилүүдэд хурим найр , арга хэмжээ, үсний найр, шинэ жил, сэвлэг үргээх ёслол, эвентүүд хөтлөх гэх мэт арга хэмжээнүүдийг хөтөлдөг. Арга хэмжээ, үйл ажиллагаа бүр өөр өөр байгаагаас шалтгаалж, хөтлөх үнийн дүн өөр өөр байдаг. У.Т-ын хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж эхнэр болон 3 хүүхдээ тэжээн тэтгэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "... гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Миний үйлчлүүлэгч У-гийн Т-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээр хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял болох торгох ялыг оногдуулж анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй маргаж оролцсон гэсэн хэдий боловч прокурорын зүгээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэж, түүнд торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Гэвч анхан шатны шүүх шүүгдэгчийг гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийж, ухамсарлахгүй байгаа тул торгох ял оногдуулах боломжгүй байна гэж үзэж 4 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг У.Т-д холбогдох 2306030782711 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

Шүүгдэгч У.Т- нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хард рок”-ын хойд талд байрлах 226 дугаар байрны баруун урд хохирогч Б.Г-тэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа үл ялих зүйлээр шалтаглаж хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хх 33),

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх, шуурхай удирдлагын тасгийн Дуудлагын лавлагааны хуудас (1 хх 34),

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1 хх 35-36),

хохирогч Б.Г-гийн “...Ууж сууж байгаад нэг залуутай нь үг хаялцаад багахан маргалдсан чинь хажуугаас нь Т- гэдэг залуу нь чи яагаад манай найзад томроод байгаа юм гээд шууд миний баруун нүд рүү гараараа 1-2 удаа цохисон. Би цохихоор нь босоод зугтаасан чинь араас ирээд дагз руу нэлээн хэд цохисон. Би доошоо тонгойгоод нүүрээ хамгаалаад толгойгоо барьж байсан. Тэгээд би зугтааж байгаад буцаж саад руу ороод надтай юм ярьж байгаад Т- нь дахин нүүр рүү 2-3 удаа цохисон. ...Би зодуулчхаад маргааш өглөө нь зодуулсан газартаа очсон чинь Т- гэх залуугийн унаж байсан цэнхэр өнгийн Приус 30 загварын машин байрандаа байсан. Утасны дугаарыг нь харсан чинь 9С- гэсэн дугаартай байсан. Би энэ дугаараар нь Facebook-ээс хайж үзсэн чинь У-гийн Т- гэсэн залуугийн хаяг гарч ирсэн. Зургийг нь харсан чинь өөрөө мөн байна лээ. (1 хх 39, 41-42),

гэрч Э.О-ийн “...Маргааш өглөө нь буюу 2023 оны 05 дугаар сарын 27-ны өглөө сэрээд харахад манай нөхрийн баруун талын нүд нь хавдаад хөхөрсөн байхаар нь нүд чинь яагаад хавдаад хөхөрчихсөн юм гэсэн чинь нэг хүнтэй муудаад гээд надаас нуугаад олигтой зүйл хэлээгүй. Тухайн өдрийнхөө үдээс хойш нь дахиад асуусан чинь ойрхон хамт караокед ч гэлүү хамт сууж байсан хүмүүстэйгээ муудалцаад цохиулчихсан гэж ярьж байсан санаж байна. ...” (1 хх 46),

гэрч Х.Т-ийн “...Бид нартай пиво ууж байсан залуу намайг л зодох гээд дайраад байсан уу гэхээс манай найз У.Т-тай нэг удаа ам мурийж муудалцсан зүйл байхгүй. ...Харин ч намайг зодох гээд ардаас хөөгөөд байхаар нь би цагдаа дуудаад тарцгаасан. ...” (1 хх 52- 53, 115-116) гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 7001 дүгээр “...Б.Г-гийн биед баруун талд духны хөндийн ар хананы зөрүүтэй хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод дээд хананы зөрүүтэй хугарал, хамрын яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээ үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” (1 хх 55-57) гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч У.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч У.Т-ын хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд “...баруун талд духны хөндийн ар хананы зөрүүтэй хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод дээд хананы зөрүүтэй хугарал, хамрын яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал...” гэсэн хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч У.Т-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нараас “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхдүүдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээр хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял торгох ялыг оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Мөн хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний халдашгүй байдлын эсрэг хууль бусаар халдаж, хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шүүгдэгч У.Т-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч У.Т-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрлийн алийг сонгон хэрэглэх, ямар хэмжээгээр оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготойгоос гадна гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг.

Хэдийгээр шүүгдэгч У.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт багтдаг бөгөөд Б.Г-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний биед “баруун талд духны хөндийн ар хананы зөрүүтэй хугарал, баруун хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн доод дээд хананы зөрүүтэй хугарал, хамрын яс, таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завжинд шарх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” амь насанд аюултай буюу ямар нэгэн өөрчлөлтгүй бие организмын жам ёсны байдлыг нь алдагдуулжээ.  

Шүүгдэгч У.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогчид учирсан гэмтэл зэргээс дүгнэвэл шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасны дагуу давж заалдах шүүхийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч У.Т-ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан, түүний хувийн байдал, мөн хохирогчийн “...гомдол саналгүй...” зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-д 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч У.Т- нь шийтгэх тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор заасан 117,000 төгрөг, мөн хохирогч Б.Г-д хохирол, хор уршигт 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч У.Т-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч У.Т-ын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЦТ/781 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-д 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч У.Т- нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 117,000 төгрөг, хохирогч Б.Г-д 3,000,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч У.Т-, түүний өмгөөлөгч Б.Буянхишиг нарын гаргасан давж заалдах  гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар У.Т-ын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 74 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                                         Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

     ШҮҮГЧ                                         Н.БАЯРМАА

     ШҮҮГЧ                                         Т.ШИНЭБАЯР