Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/750

 

2026            06            08                                                                           2026/ДШМ/750        

 

 Э.Х-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч М.Цэрэнбат,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч М.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Х-т холбогдох эрүүгийн 2408012391439 дугаар хэргийг 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Э-иний Х-, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух, /РД: ЙЭ-/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1005 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Э.Х- нь өөрийн өмчлөлийн “Н-” ХХК-ийн нэрээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 015/2019 дугаартай дугаартай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр НХААГ-19/104 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг иргэн Ц.Б-тай байгуулж 2019 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Б- дугаар цэцэрлэг, Б- дүгээр сургууль, Б- дугаар сургуулийн дээврийн ажлыг хийж гүйцэтгэх ажлын хөлс 53,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 91,409,197 төгрөг буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 144,497,197 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э.Х-т холбогдуулан ирүүлсэн эрүүгийн хэргээс “шүүгдэгч Э.Х- хохирогч Ц.Б-ыг гэрээгээр халхавчлан залилж 53.000.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Х-ыг гэрээгээр халхавчлан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг хуурч, хохирогчийн засварын ажлын хөлс болох 91.409.197 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Х-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Э.Х-ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Иргэний хуулийн Б-7 дугаар зүйлийн Б-7.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-аас 53.409.197 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч М.Цэрэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх 2026/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолоор Э.Х-т 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага шүүгдэгчийн хувийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай тохироогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 6.1.2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Э.Х- хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж эхлэхээс өмнө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ц.Б-д хохирол төлбөрийг төлөхөө удаа дараа илэрхийлж байсан. Э.Х- нь хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө 15,000,000 төгрөг, 38,000,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 53,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн. Анхан шатны шүүх хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийхдээ “шүүгдэгчийг хохирогчид учруулсан хохирол болох 91,409,197 төгрөгөөс 38,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан” гэж дүгнэсэн учир давж заалдах гомдол гаргах хүртэлх хугацаанд Э.Х- шүүхийн шийдвэрт дурдсан үлдэгдэл 53,409,197 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогчийн хувьд хохирол төлбөрийг хүлээн авч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Э.Х- нь нийт дөрвөн хүүхэдтэй бөгөөд ээжийнхээ асрамжид байгаа 17 болон 15 настай хоёр хүүхдээ тэжээн тэтгэдэг. Харин бага хоёр хүүхэд нь 2 нас 5 сартай, 8 сартай нярай насных учир эхнэр С.Б- нь гэртээ сууж хүүхдүүдээ асардаг. Э.Х- барилгын инженер мэргэжилтэй бөгөөд өөрийн болон эхнэрийнхээ нэр дээрх барилгын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Э.Х-ыг хорих ял шийтгэх тохиолдолд түүний хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байгаа юм.

Иймд Э.Х-ын хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан нөхцөл байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан үзээд гэм буруугаа ухаарч нийгэмших боломж олгон хорих ялыг торгох ялаар сольж ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо төлсөөр ирсэн. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж, харамсаж байна, хоригдож байх хугацаандаа их зүйлийг ойлгож, ухаарлаа. Иймд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн маань гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Э.Х-т холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.Х- нь өөрийн өмчлөлийн “Н-” ХХК-ийн нэрээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ТГ-.../2022 дугаар ажил гүйцэтгэх гэрээг иргэн Ц.Б-тай байгуулан 2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 91,409,197 төгрөгийг гэрээгээр халхавчлан өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1 хх 17),

хохирогч Ц.Б-ын “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зүс таних Э.Х- гэх залуу надад ажлын санал тавьсан юм. Тэр нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Б- цогцолбор” сургуулийн засварын тендерийг авсан. Та тухайн сургуулийн дээврийн засварын ажлыг хийж өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би иргэн Э.Х-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ц-” төвийн 602 тоотод байх “Н-” ХХК-ийн оффис дээр нь уулзалдаад “Ажил гүйцэтгэх” гэрээ хийсэн юм. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сард тухайн сургуулийн дээврийн ажлыг бүрэн хийж дуусгасан юм. Би тухайн үед сургуулийн дээврийн засварын ажлыг хийхдээ өөрөөсөө 60,000,000 төгрөгийг гаргаж материал авч засвар хийсэн. Би сургуулийн дээврийн засварын ажлыг хийж дуусгаад Э.Х-аас материал авсан 60,000,000 төгрөгөө буцааж авсан боловч ажлын хөлсөө авъя гэхэд мөнгөний боломж муу байна боломжтой болохоороо өгье гэж хэлээд намайг хүлээлгэсэн. Би удаа дараа залгаж ажлын хөлсөө нэхэж 2 жил болсон. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э.Х- нь надад хандаж дахин ажлын санал тавьсан. Би тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “А-” оффисын 204 тоот өрөөнд очиж уулзахад, мөн “Б- цогцолбор сургууль”-ийн дээврийн ажил хийх тендерт ялчихлаа та энэ ажлыг хийгээд өгөөч би бүх зардлыг нь гаргаад та хийгээд өгвөл мөнгө орж ирнэ та орж ирсэн 91,409,197 төгрөгийг нь аваарай, би өөрөө энэ ажлыг хийж чадахгүй байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч мөн “ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, 2021 оны 11 дүгээр сарын дундуур ажлыг дуусгаж өгсөн юм. Тухайн ажлын мөнгө 2021 оны 12 дугаар сард Э.Х-ын компанийн дансанд орсон байсан. Би Э.Х-аас мөнгөө авъя гэхэд би тэр мөнгийг өөр ажилд оруулчихсан гэж хэлээд шалтаг тоочиж өдийг хүрээд байна. Э.Х- нь 2021 оны 07 дугаар сард манай эхнэрээс 4,400,000 төгрөг авсан байсан. Би энэ Э.Х-аас ажил гүйцэтгэсэн 145,809,197 төгрөгөө олж авмаар байна. ... Би Х- гэж хүнээс сургуулийн дээврийн ажил хийж гүйцэтгэсэн 91,000,000 төгрөг. Урьдын ажлын 53,000,000 төгрөг, манай эхнэрээс авсан 4,400,000 төгрөг нийт 148,400,000 төгрөг болсон. Мөн тухайн үеийн ханшаар долларын ханшийн зөрүүг бодож үзэхэд 6,300,000 төгрөг болж байна. Харин Х-аас авсан 15.000.000 төгрөгийг хасаж 139,700,000 төгрөгийг нэхэмжилнэ. 2022 онд Х- манай эхнэртэй уулзаж өр авлагаа гараараа бичиж өгөөд тэрнээс хойш Х- эхнэр бид хоёрт 60.000.000 төгрөг өгөөгүй. ...” (1 хх 20-29, 2 хх 17),

гэрч Э.Б-ын “...Би “Н-” ХХК-д 2019 оноос 2020 оны сүүл хүртэл ажиллаж байсан. Намайг ажиллаж байх үед би зөвхөн бичиг цаас, гүйцэтгэлийг нь хариуцаж ажилладаг байсан. Ер нь бол манай ахын компани байгаа юм, Э.Х- гээд. Х- ах бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Намайг ажиллаж байхад Х- ах ойр ойрхон хөдөө яваад ерөөсөө бичиг цаасны ажил уяад байсан болохоор би өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Миний санаж байгаар 240 хүүхдийн цэцэрлэг, Баянгол дүүрэгт, Дарханд билүү нэг анагаахын их сургуулийн дээврийн засварын ажлыг авч байсан. Энэ намайг уг компанид шинээр орсон байхад Хосоо ахын авчирч гарын үсэг зуруулдаг Б- сургуулийн хичээлийн 2 дугаар байрны дээвэр шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байна. Би “Н-” ХХК-д захирлаар ажиллаж байх үед банкны гарын үсэг бүгд Х- ах дээр байсан, над дээр нэг ч банкны гарын үсэг байхгүй байсан. “Н-” ХХК-д харьяалагдаж байгаа данснууд бүгд Х- ах мэддэг бөгөөд би банкны мөнгө төгрөгт нь оролцдоггүй байсан. Компанийг хэзээ шилжүүлж өгснөө санахгүй байна. ...” (1 хх 30-32),

гэрч Б.О-ийн “...Би Б- гэх хүний эхнэр байгаа юм. 2019 оны ажил дээр бүүр миний зээлийн картыг авч яваад О- эгчээ ёстой мөнгө орж ирэнгүүт өгнө гэж хэлээд барилгын материал авч байсан. Х- барилгын материалыг авсан мөнгөө надад буцааж өгсөн. Харин ажлын хөлсийг нь өгөлгүй таг алга болсон. Тэгээд нэг жилийн дараа билүү сайн санахгүй байна. Миний оффист Х- орж ирээд надаас дахин мөнгө гуйсан. Би тэгэхээр нь одоо чамтай харьцмааргүй байна, чи урьдын мөнгөө өгдөггүй байна лээ гээд явуулсан юм. Тэгтэл манай нөхөр Б- надад хэлэлгүй сүүлийн ажлын дээврийн материалыг авахын тулд өөрийнхөө эгч Ц.Ц-гийн банканд хадгалж байсан 9,000 ам долларыг авч дээврийн материал авч 2021 онд сургуулийн дээврийн ажлыг надад хэлэлгүй хийж гүйцэтгэсэн байсан. Х-т 2019 онд болон 2021 онд залилуулаад 2022 онд оффис дээрээ гараар бичүүлж авсан 140,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг өгөөгүй явж байгаад танай цагдаагийн хэлтэст өргөдөл нөхөр маань өгснөөр надад 2025 оны 03 дугаар сард 15,000,000 төгрөг л өгсөн. Миний хувьд маш их гомдолтой байна. Яагаад гэхээр миний хүүхэдтэй ялгаа юу байхав гээд итгээд, сэтгэл гаргаад дэмжээд явсан. Хожим цагдаад өгье энэ залилан хийгээд байна гэхээр нь хэрэггүй айлын хүүхдийг хэрэгт оруулж яах вэ боломжтой болохоороо өгөх байлгүй гээд хараад яваад байсан сэтгэл рүү минь ус цацаж одоо бүр надад 60,000,000 төгрөг өгсөн болоод явах юм. Би энэ хүнд тусалж явсан байхад ингэж байгаад гомдож байна. ...” (2 хх 14-15) гэсэн мэдүүлгүүд,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9/12358 дугаартай албан бичиг (1 хх 95-112),

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Н-” ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн НХААГ-19/104 дугаартай “Сургууль цэцэрлэгийн барилгын их засварын ажил-4” 37, 39, Б-, Б-, Б- дугаар цэцэрлэгийн гэрээ (1 хх 63-67),

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 015/2019 дугаартай “Н-” ХХК, “М-” ХХК-ийн хооронд байгуулагдсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар (1 хх 79-84),

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ТГ-.../2022 дугаартай “Н-” ХХК, Туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан “ажил туслан гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар (1 хх 85-86),

Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/1968 дугаартай албан бичиг (1 хх 157-221),

“Н-” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банканд байршдаг төгрөгийн 341303396875 дугаартай харилцах дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 хх 224-227) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Х-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, шүүгдэгч Э.Х-ыг гэрээгээр халхавчлан хохирогч Ц.Б-ыг төөрөгдөлд оруулж 2019 онд Чингэлтэй дүүргийн Б--р цэцэрлэг, Б--р сургууль, Б--р сургуулийн дээврийн ажлыг хийж гүйцэтгүүлсний хөлс 53,000,000 төгрөгийг өгөөгүй хохироосон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ... Э.Х-ыг өөрийн өмчлөлийн “Н-” ХХК-ийн нэрээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ТГ-.../2022 дугаар ажил гүйцэтгэх гэрээг иргэн Ц.Б-тай байгуулан 2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс болох 91,409,197 төгрөгийг гэрээгээр халхавчлан өөртөө шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн үйл баримтыг үндэслэлтэй сэргээн тогтоон дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.  

Шүүгдэгч Э.Х-ыг гэрээгээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон шүүгдэгч Э.Х-ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Х-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч М.Цэрэнбатаас “....Э.Х-ын хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулсан нөхцөл байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан үзэн хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Э.Х- 2021 оны 9 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажлыг 91,409,197 төгрөгийн ажлын хөлсөөр хийж гүйцэтгүүлэхээр хохирогч Ц.Б-тай тохирч уг гэрээний хөлс болох 91.409.197 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалздаг.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Х-аас 53,409,197 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гаргахаар заасан хохирол төлбөрийг шүүгдэгч Э.Х- нь 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 18,000,000 төгрөгийг тус тус төлж, баримтыг давж заалдах гомдлын хамт хэрэгт хавсарган ирүүлжээ.

Давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Э.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулахаар заасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, мөн хохирогч Ц.Б- нь “гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбарыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэж, ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Х-т анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Х-ын эрхэлж буй ажил, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс энэ өдрийг хүртэлх цагдан хоригдсон нийт 61 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 915,000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч М.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Х-ыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Х- нь давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ц.Б-д 53,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг магадлалд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/956 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Х-т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Х-т 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Х-т мэдэгдсүгэй.” гэж,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Х-ын цагдан хоригдсон 61 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 915,000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж, түүний эдлэх торгох ялын хэмжээг 14,085.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч М.Цэрэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Э.Х- нь хохирогч С.Ц-д 53,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Э.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

      ШҮҮГЧ                                        Н.БАЯРМАА

                             ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР