| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 2429001040148 |
| Дугаар | 2026/ДШМ/30 |
| Огноо | 2026-05-20 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Наранхүү |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/30
Я.*******ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Наранхүү /цахим/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.******* /цахим/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Эрхэмбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Наранцэцэг /цахим/,
Шүүгдэгч: Я.******* /цахим/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Я.*******ад холбогдох 2429001040148 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Я.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS:6264-2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ын цагдан хоригдсон 153 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, ялаас хасаж,
Шүүгдэгч Я.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******аас оршуулгатай холбоотой болон бусад зардалд 10,755,510 төгрөг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5- т зааснаар шүүгдэгч Я.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 195,000,000 төгрөг, нийт 205,755,510 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******д олгохоор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс болон баримтгүй зардал нийт 28,451,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Я.*******ын холбогдсон хэргийн улмаас насанд хүрээгүй А.*******ын амь нас хохирсон нь хүнд хор уршиг хэдий ч оролцогчид бүгд л харамсал илэрхийлж байгаа болно. Хэргийн бодит нэг зүйлд анхаарал хандуулах, "Морио унуулах гэхэд олмоо бариад очдог" нь энэ хэргийн гол зангилаа энд байна гэж үзэж байна.Энэ талаар гэрчүүд болон Я.******* гэрчээр өгсөн анхны \хх67\ мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд гэм буруутайд тооцож буй бол мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчмыг анхан шатны шүүх харгалзан үзэж Я.*******ад хариуцлага хүлээлгэхдээ хорих ял шийтгэхгүйгээр зорчих эрх хязгаарлах хариуцлага хүлээлгэх боломжтой байсан болно.Мөн анхан шатны шүүх "эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй" харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцсон нь хорих ял оногдуулах шаардлагагүйг илэрхийлж байна.
Я.*******ад холбогдох хэргийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоол,2025 оны 04 сарын 30-ны өдрийн 33 дугаар магадлал зэргийг Монгол улсын дээд шүүхийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 2025\ХШТ\85 дугаар тогтоолоор хүчингүй болгосны нэг үндэслэл нь 197,670,000 төгрөг гаргуулсныг "үндэслэлгүй" гэж үзсэнийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.*******ад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоолын 13 дугаар хуудас Гэмт хэргийн улмаас учирсан хохирол. хор уршгийн талаар хэсэгт; Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0825/4234 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримтууд болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 тус Тус үндэслэн 195,000.000 сая төгрөг байхаар тогтоосон.
Монгол улс анх удаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоож, мөнгөн хэлбэрээр хохирогчид олгох хуультай болсон. Дагаж нэмэлт, өөрчлөлт орох хуулиудын нэг нь Иргэний хууль байсан бөгөөд 5111 дүгээр зүйлийн 511.5-т сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зохицуулалт мөн орсон. Уг маргааныг Улсын дээд шүүхийн 85 дугаар тогтоолоор шүүхэд буцаасан.
Ингэхдээ 2 үндэслэл дурдсан бөгөөд үйл баримтыг нягталж дүгнэлт хийх болон сэтгэл санааны хохирлын хэмжээг үндэслэлгүй тогтоосон байна гэж дүгнэсэн.
Улсын дээд шүүхийн 85 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн 5 дугаар зүйлд “Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 197,670,000 төгрөгийг шүүгдэгч Я.*******аас гаргуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ Энэ дүгнэлтээр сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагаар гаргуулж холбогдох дүнг нөхөн төлүүлэх агуулга бүхий дүгнэлт хийсэн.
Прокурорын зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй сэтгэл санааны хохирлыг шинжээчийн дүгнэлтээр төлж барагдуулсан, оршуулгын зардлыг мөн төлсөн талаар тайлбар хийсэн. Гэвч шүүхээс дээрх дүгнэлтийг үндэслэн зэрэглэлд хамаарахгүй дүнгээр тооцож шийдвэрлэсэн. Тус тогтоолын 8 дугаар тал үндэслэх хэсэгт амь хохирогч А.******* нь талийгаачийн хувцас хэрэглэл ашиглаагүйгээс эсхүл олмоор гуяыг нь даруулж морь унуулснаас амь нас хохирсон талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай..." гэж дүгнэсэн.
Нэгдүгээр хавтаст хэргийн 23-24 дүгээр тал гэрч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мэдүүлэгт ''Манайх хашаандаа 20 гаруй адуу тэжээдэг. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манайх 6 ширхэг морио унах гэж сумын товоос хойш морь барианы талбай орсон. Тухайн үед манай морийг Билэг гээд манай хуурай дүү ирээд манай морьдыг аваад явсан. Тухайн үед талийгаач А.******* ******* хамт морио хөтлөөд явсан...Тэгээд би *******, талийгаач А.******* нарыг хамтдаа явж бай гээд эхнэр *******ыг ажилд нь хүргэж өгөөд очъё гэсэн..." гэх мэдүүлэг.
Мөн *******ын “Талийгаач зайдан морь унадаг байсан бөгөөд морь хүчтэй давхиж уралдахад хөлийн олмоор даруулж унадаг байсан. Тухайн үед манай хүүхэд хүний морь унаад зангийн мэдэхгүй болохоор хөлөө олмоор даруулж унасан байх гэж бодож байна."
Нэгдүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал гэрч *******ийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт "...******* ах надаас чи морь унах уу гэхээр нь би тэгье гэхэд 6 ширхэг морио хөтлөөд сумын товоос хойш морь барианы талбай явж бай ах нь *******ыг ажилд нь хүргэж өгөөд очъё гэсэн. Тухайн үед талийгаач А.******* надтай хамт морио хотлоод сумын төвийн хойно байрлах морь бариа явсан.'' гэх мэдүүлэг.
Өмнөговь аймаг дах бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаар дүгнэлтийн дүгнэлт хэсгийн 3-т “А.******* нь гавал ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ." гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтэд хөлийг нь олмоор даруулж уясан нөхцөл байдлаас болж амь үрэгдсэн талаар дурдаагүй. Хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй учир гавал яс хугарч нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр амь хохирогчийн аав *******ын мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг болон бусад гэрч шүүгдэгч нарын мэдүүлгээс амь хохирогч А.*******ын морь унасан үйлдэл өөрийн гэрийн хашаанаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн морь унахаас үл хамааран гэрээсээ 6 ширхэг морь хөлслөх ажлаар гэрээсээ эхэлж унадаг. Энэ үед хамгаалалтын хувцсыг хууль ёсны асран хамгаалагч болох ******* хариуцах ёстой байсан. Хэрэв “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувиас. морины хэрэгсэлд тавих шаардлага ММS:6264-2018 стандарт’ зөрчсөн гэж үзвэл *******т энэ үүрэг байсан.
Энэ үйл баримтын улсын дээд шүүхээс олж тодруул холбогдох ажиллагааг хийж дүгнэ гэсэн боловч анхан шатны шүүх болон прокурорт хүсэлт гаргасан ч энэ ажиллагаа одоо болтол хийгдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорт удаа дараа хүсэлт өгсөн боловч хангаж шийдвэрлээгүй гэжээ.
Шүүгдэгч Я.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие бага насандаа аав болон ахынхаа хамт адуу маллан морь унаж, морь уяж, уралдаж морин дэл дээр хүүхэд насаа өнгөрүүлсэн болохоор бага насаа дурсаж ганц хүүгээ морь унаж сургаж монголынхоо өв соёлыг тээж залгамжлах, түгээн дэлгэрүүлэх байх гэсэндээ ганц 2 адуу хүүдээ авч өгч уяж сойж эхэлсэн. Гэтэл тэр нэгэн айдаст хар өдөр манай гэр бүл болон тэр гэр бүлд маш том гай дайрсан юм. Үнэхээр тэр өдөр тэр адгуус амьтныг ямар ааш гаргахыг би үнэхээр мэдээгүй би одоо болтол ийм зүйл болсонд итгэж чадахгүй байгаа. Тэр хайран хүү эндсэнд би үнэхээр их харамсаж байна. Миний болгоомгүй байдлаас болж тэр сайхан хүүгийн алтан амь эрсэдсэнд би аав, ээж ар гэрээс нь өршөөл гуйж байна.
Би үлдсэн насандаа хийх сайн үйлс болгоноо тэр хүүгийн төлөө аав, ээж ах дүүгийнх нь төлөө хийж бүтээх болно. Маш их харамсаж байна. Тэр хүүгийн ар гэрээс намайг уучилж өршөөж өгөхийг хичээнгүйлэн гуйж байна.
Тухайн осол болсноос хойш миний бие болон миний эхнэр, манай ах дүүсийн төлөөлөл талийгаач хүүгийн ажил явдалд оролцож буяны ажлын зардал мөнгөнд нэмэр болж Монгол хүний зан заншлын дагуу оролцож өнгөрөөсөн. Ажил явдлаас хойш аав, ээж хоёртой нь уулзах зөвшөөрөл авч бид 4 нэг удаа уулзсан. Миний хувьд юу гэх, яах учраа олохгүй байсан хойдын буяныг л сайн хийхийг бодож байсан. Аав, ээж хоёрт нь осол болсон газар нь суварга болгож шүтэж байх, сумын гандан дээр хүүгийн нэр дээр маанийн үсэгтэй хүрд байгуулах саналуудыг хэлж зөвшөөрвөл би хийе гэсэн ч тэд зөвшөөрөөгүй. Надад хариу хариу өгөөгүй. Өөр ямар буян хийх талаар санаа бодолтой байгааг асуухад бидэнд ямар нэгэн зүйл хэлээгүй. Ээжээс нь ямар номууд уншуулах талаар асууж эхнэр бид 2 хот орж номнуудыг уншуулсан. Тэрнээс хойш аав, ээж хоёртой нь уулзах хүсэлт тавихад аав нь огт уулзаагүй, ээж нь 2 удаа сумаас гадагш хээр намайг дуудаж уулзсан. Энэ үедээ өөр өөр эрэгтэй хүмүүстэй ирж уулзсан. Тэр уулзалтаар би мөн л одоо яах вэ, юу хийх үү, одоо яах ёстой вэ, ах нь юу хийх вэ? яахаа мэдэхгүй байна гэж асуухаар яах уу яах уу л гэх юм, мөнгө авъя гэж хэлүүлэх гээд байгаа юм уу гэж уурлаад байсан түүнээс хойш уулзахаас үнэхээр айгаад байдаг болсон. Энэ уулзалт болгонд би намайг уучлаарай гэдэг үгнээс өөр үг би хэлж чадаагүй хэлэх ч эрх байхгүй гэдгээ мэдэж байсан. Үүнээс хойш эхнэр бид 2 хүүгээ алсдан эхийн сэтгэлийг бодож аль болох нүдэнд нь өртөхгүй тайван байлгах юмсан гэж ярилцаж яах учраа олохгүй айж эмээсэн гунигласан байдалтай байдаг болсон. Гэтэл нэг өдөр хүүгийн ээж нь бие давхар болсныг сонсоод үнэхээр их баярлан хүү нь иргээд ирж хүү төрөөсэй хэмээн залбирч бурхандаа мөргөдөг болсон. Тэрнээс хойш аль болох тайван байлгах юмсан уулзъя энэ тэр гэж нүдэнд нь харагдаж уур бухимдлыг нь хүргээд яах вэ гэж бодож ажил гэр хоёроос өөр газраар явахаа больж 5-10 төгрөг өгч буяны үйл хэрэгт нь нэмэр тус болоосой л гэж бодохоос өөр хийж чадах зүйл үнэхээр олдоогүй.
...Миний гэр бүлд та бүхний өршөөл энэрэл маш их хэрэгтэй байгааг ойлгож хүлээн авч уучилж, өршөөхийг хүсэж байна. Миний бие ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Энэ хэрэг явдлаас хойш ажлаасаа халагдсан, тухайн хэрэг болох үед цалингийн зээлтэй байсан, хэрэг болсноос хойш айлд буяны мөнгө өгөх бусад зүйлд зориулахаар нэмж зээл авах, ах дүүгээс өр зээл тавих гэх мэтээр маш их өрөнд орсон. Эхнэр маань нялх хүүхэдтэй ажил хийх боломжгүй манай амьдрал үнэхээр хэцүү байдалд байна.
Миний хүүхдүүд Монгол улсын иргэн Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд хар бараан амьдрал хагацал гэдэг зовлонг битгий үзүүлээч гэж эцэг хүний хувьд тэнгэрт байгаа аав, ээжийнхээ нэрийг барьж гуйж байна. Төрийн минь сүлд өршөөл энэрлээ хайрлахыг өвдөг сөгдөн гуйж байна. Би өнөөдөр 46 настай элэгний B,D вирустай, элэгний хатуурал цероз гэсэн оноштой эмчийн хяналтад байдаг. Би цаашдаа хэд наслахаа мэдэхгүй энэ өвчнөөр олон жил амьдрахгүй байх гэж маш их айдаг. Энэ үлдсэн богино хугацаанд үр хүүхэдтэйгээ байх эцэг хүний үүргээ биелүүлэх, ханьдаа нөхөр хүний үүргээ биелүүлэх мөн талийгаач хүүгийн араас үлдсэн насандаа сайн үйл хийж буян болох, аав, ээжид нь учруулсан хохирол төлбөрөө төлөх боломжоор хангаж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор Э.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх бүрэлдэхүүн оногдуулсан ял 1-ээс 5 жилийн хорих ялын дунджаас доогуур ял оногдуулсан. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бага насны хүүхэд амь насаа алдсан гэмт хэрэг, учирсан үйл баримтад ял оногдуулсан. Ингэж ял оногдуулахдаа шударга ёсны зарчимд бүрэн нийцсэн. Уг ялын үр нөлөөтэй байдал, ялын зорилгод нийцсэн учраас хөнгөрүүлэн үзэх үндэслэл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч зам тээврийн ослоор хүн нас барахад тэнсээд байдаг, морь унаад хүүхэд унахаар тэнсдэггүй, ямар ялгаа байгаа юм бэ гэж яриад байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, тэмдэглэл, шийтгэх тогтоолд дурдагдсан байдаг. Бага насны хүүхдийн амь нас хохироосон үйлдэл нь ялын үр нөлөөтэй байдалд нийцээд зогсохгүй шударга ёсны зарчимд нийцэж байгаа учраас энэ ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэж ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хоёрдугаарт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй холбоотой шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт дээр Иргэний хуулийн 511.5-д зааснаар анхан шатны шүүх гаргасан. Ингэхдээ нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн оногдуулснаа тайлбарласан байдаг. Харин хүн амын дундаж наслалтаа тооцсон аргачлал нь статистикийн хорооны судалгаа нь үндэслэлгүй гэдэг зүйлийг ярина уу гэхээс бусдаар насны зөрүү аль ашигтай байдлаар нь тооцож болохгүй гэсэн зүйл байхгүй. Сүүлийн үед Дээд шүүхээс хийж байгаа энэ тайлбар 150 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээгээр гээд аль ашигтайгаар нь шийдвэрлэж байгаа. Тэгэхээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг эрүүгийн хэрэгтэй нь хамт шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт Иргэний хуулийн 230, 497, 511.5 гээд Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд гээд гаргуулах эрх олгосон хэм хэмжээнүүд бүрэн хуульчлагдан зохицуулагдсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Шийтгэх тогтоолын 12, 13 дугаар талд шүүх бүрэлдэхүүн гаргасан үндэслэлийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарласан. Ингэхдээ хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинж, хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүй, бусад үйлдлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр болгоомжгүй бусад үйлдэл гэдэгт улсын яллагч томилолтоор орж байгаа прокурорын хувьд олмоор даруулсан үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон шалтгаант холбоотой гэж үзэж дүгнэсэн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй, анхан шатны шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Амь нас нь хохирсон хүүхдээс гадна мэргэжлийн, хуулийн, онолын дүгнэлтийг бид нар энэ танхимд зайлшгүй хийх шаардлагатай нөхцөл байдал үүсдэг. Хурдан морь унаад эрсдээд байгаа, цаашдаа ч гэсэн иймэрхүү асуудлууд гарахад морь уясан уяач бүгдийг нь 2 жилийн хугацаагаар хорих ял өгөөд 200,000,000 төгрөгөөр хохирол учруулсан гээд торгодог жишиг байх юм уу, эсвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд хүн мөргөж, амь насыг нь хохироогоод сэтгэл санааных нь хохирлыг төлж барагдуулаад торгуулийн ял аваад байгаа энэ хоёрын ялгаа юу вэ гэдэг дээр шүүх байгууллага онолын хэмжээнд дүгнэлт хийх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр тухайн адгуус гэгдэх амьтан Я.*******тай ямар шалтгаант холбоотой, магадгүй эмнэг морийг унуулахын тулд хүүхдийн хөлийг олмоор дарсан үйл баримт байгаа юм уу гэдэг дээр шүүхээс хангалттай дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Улсын дээд шүүхээс Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу сэтгэл санааны хохирлыг тогтоодог аргачлалыг хэрэглэнэ үү, үүнийг хэрэглэхгүй байна гэдэг үндэслэлээр буцаасан. Тэгэхээр сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор дүгнэлт нь 3 дугаар зэргээр гардаг. 2025 оны 12 дугаар сарын 15-ны 4234 дугаар дүгнэлтийг үндэслээд гэж шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан. Үүнийг үндэслэлийн 3 дугаар зэрэглэлээр хохирлын хэмжээ гарч ирэх ёстой байсан. Энэ хохирлын хэмжээ гарч ирэхэд холбогдох төлбөр тооцоо, холбогдох хохирлуудыг Я.*******ын зүгээс бүгдийг нь төлж барагдуулсан. Шүүгдэгчийн зүгээс бусдад төлөх хохирол төлбөргүй гэдэг байр сууринаас шүүх хуралдаанд орсон. Харамсалтай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд байдаггүй, статистикийн үндэсний хороо нэг зүйлийг баримтлаад шийдчих шиг болсон. Гэтэл 2010 оны 88 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Засгийн газраас баталсан хүний хөгжлийн индексийг тооцох аргачлал гэж байна. Энэ нь магадгүй барьж шийдэх эрх зүйн акт байсан уу? эсвэл Өмнөговь аймгийн олон нийтэд илэрхий байгаа статистикийн 2023 оны хүн амын дундаж наслалтыг бариад шийдэж байгаа нь хууль тогтоомжид хэр нийцэж байгаа, үндэслэл бүхий юм бэ гэдэг дээр эргэлзээтэй байна. Сүүлд Улсын Дээд шүүхээс сэтгэл санааны хохиролтой шийдвэрлэж байгаа хэргүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 99 сая орчим төгрөгөөр шийдвэрлэж байгаа практикууд байна. Харамсалтай нь энэ кэйс дээр ийм үндэслэлгүй өндөр дүн тавьж байгаад үнэхээр гомдолтой байна. Гуравдугаарт Я.*******ын энэ үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байсан уу? болгоомжгүй амь насыг нь хохироосон бол түүндээ харамсаж, гэмшиж байгаа үйлдэл, нөхцөл байдлын талаар шүүхээс дүгнэлт хийж чадаагүй. Энэ хүнийг энд хорьж суулгаснаар хохирогчийн төлбөр мөнгийг барагдуулах, эсвэл цаашдаа сайн дураар төлж барагдуулахтай холбоотой үйлдлүүдийг нь хязгаарлаж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийн энэрэнгүй байх зарчим гэм бурууг нь ухааруулах гэдэг юм уу? эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хэтэрхий өндөр, хэтэрхий хатуу, ийм давхар ял оногдуулсан үйл баримтууд байгаа учраас эдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээр давж заалдах гомдлын үндэслэл, агуулгыг тайлбарлаж байна. Я.*******ад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж, дээр нь хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд, хуулийн хүрээнд нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэх боломжоор хангаж дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдлын гол агуулга нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх дараах 2 зүйл дээрээ өөрчлөлт хийж өгнө үү гэсэн хүсэлттэй гомдол гаргасан. Нэгдүгээрт анхан шатны шүүх 205,750,590 төгрөгийг Я.*******аас гаргуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад үндэслэлгүй вэ гэхээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 3.2 дугаар зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох зүйл заалт, мөн Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн 2024 оны тогтоолоор сэтгэцэд учруулсан хохирлыг үндэслэл бүхий тогтоож зэрэглэл тогтоох ёстой гэсэн зүйл заалт байдаг. Мөн анхан шатны шүүх захирамжаараа сэтгэцэд учирсан хохирлыг Шүүх шинжилгээний үндэсний төвөөр гаргуулъя гэж гаргаад шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулсан. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4234 шинжээчийн дүгнэлтээр хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Энэ аргачлалаар тооцож үзэхэд хэрэг учрал болсон 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Үүнийг 13 дахин үржүүлээд үзэхэд 8,890,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах нь үндэслэлтэй гэж тооцсон. Дээр нь оршуулгын зардал 39,207,410 төгрөг гарсан. Ингээд нийт хохиролд 44,890,000 төгрөгийг төлөх ёстой байсан. Я.*******ын зүгээс 44,000,000 төгрөгийг төлсөн гэдгийг анхан шатны шүүх дүгнэсэн. Хохиролд 205,750,590 төгрөгийг гаргах юм уу, 44,000,000 төгрөгийг гаргууллаа гээд хохирогч талд хүүхэд буюу амь хохирогч буцаж ирэхгүй. Нөгөө талаар шүүгдэгч Я.*******ын хувьд ажил төрөл хийгээд хэдэн төгрөгийн хохирол байх юм, цаашид энэ үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийлж байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй гэж бодож байна. Дараагийн нэг үндэслэл нь Я.*******ыг холбогдуулан гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялаас гадна эрх хязгаарлах ялыг оногдуулж болохоор заасан. Тэгэхээр хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад байлгаснаар энэ хүний эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагдана. Зорчих эрх хязгаарлах ялаар хорих ялыг сольж байгаа нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор оногдуулах боломжтой гэсэн 2 үндэслэлээр гомдол гаргасан. Энэ үндэслэлүүд нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхэд хууль зөрчихгүй нөхцөл байдалд болно гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч Я.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэр осол болох үед адгуус амьтан ааш гаргах үед би үнэхээр ямар ч арга хэмжээ авч чадаагүй, барьж, зогсоох боломж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Малтай ойрхон харьцдаг, ойр байдаг хүмүүст хэнд ч хэзээ ч хэлэхгүйгээр ирж болох ийм аюул ирсэн. Цаашдаа бусад хүмүүст сургамж болоосой гэж хүсэж байна. Үнэхээр хэлж ирээгүй, хийсээд гэнэт л ирсэн аюул, осол болсон. Миний хувьд тэр хүүг хүчээр морь унуулах, чаддаггүй зүйлийг нь хүчээр хийлгэх гэж хүчилж, загнасан, зандарсан, хүүг хорлох санаа зорилго надад байгаагүй. Яасан гэж өөрийн хүү шиг нялх амьтныг хорлох санаа надад төрөх билээ. Үнэхээр санамсаргүй осол болсон. Энэ үйлдэлд гар бие оролцоод тэр хүүхдийг зодож, нүдээд алдчихсан юм шиг, үнэхээр буруутай, буруугүйгээ сайн ойлгохгүй байна. Би морь унуулаагүй бол тэр хүүхэд амьд байх байсан гэж бодож байна. Тэгэхээр миний буруутай, буруугүйг Монгол Улсын шүүх шударгаар шүүгээд тогтооно гэж бодож байна. Миний бие учруулсан хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлж байна. Үүнийг төлөхийн тулд надад ажил хөдөлмөр хийх боломж олгож өгнө үү гэж би шүүхээс гуйж байна. Энд хоригдлоо гээд тэр айлын төлбөр төлөгдөхгүй, тэр айлын гомдол барагдахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломж байгаа бол тэрүүгээр нь шийтгэж өгнө үү. Би ажил хөдөлмөрөө хийгээд учруулсан хохирол, төлбөрөө төлөөд явъя, ийм боломжоор хангаж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Я.*******ын үйлдэлд буюу нийгэмд аюултай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл холбогдлын талаар эрх зүйн оновчтой дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн эрх зүйн дүгнэлтийг хийж гэм буруутайд тооцсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл ноогдуулж өгнө үү гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар үйлдэл холбогдолтой нь маргаж байна. ...Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэгийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүхээс үндэслэлгүйгээр тогтоогоод байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэдэг үйл баримтыг агуулсан нөхцөл байдлаар гомдлоо гаргадаг. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг арилгах тал дээр шүүхийг хууль зөрчөөгүй гэж үзнэ. Шүүх хууль зөрчөөгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ. Яагаад үндэслэлтэй вэ гэхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөр хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл гээд таслал тавиад, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүү, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж хуульд хуульчилсан. Тэгэхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирогчид ашигтайгаар гэсэн заалтыг үндэслэж хохирлыг гаргуулахаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр тогтоогоод 8,890,000 төгрөг гаргуулах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Наранцэцэг, П.Эрхэмбаяр өмгөөлөгч нарын хувьд зэрэглэл гэдэг хүн нас бараагүй үйл баримт болсон нөхцөл байдалд зэрэглэлийн хүснэгтийг ашиглаад явах боломж байгаа. Гэтэл эрдэнэт хүний амь нас эрсэдсэн байхад 3 дугаар зэрэглэлээр гаргуулъя гэж байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Ийм учраас өмгөөлөгч Д.Наранцэцэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байна. П.Эрхэмбаяр болон Д.Наранцэцэг өмгөөлөгч оногдуулах ял шийтгэлийн тал дээр шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн нөхцөл байдал байна. Хүний амь нас эрсэдсэн ийм нөхцөлд шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл нь тухайн үйлдэл холбогдолд нь тохирсон гэж үзэж байна. ...Нас барсан хүүхдийн аав н.******* гэдэг хүний буруутай үйлдэл байхад энэ хийсэн үйлдлийг нь Я.*******ад хамаатуулж гэм буруутайд тооцож хуулийг буруу хэрэглэсэн гэдэг агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийг анхан шатны шүүхээс зөв хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэдэг үндэслэл байвал шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж болно гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл хэргийн хүрээнд байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хэрэг гарсан. Өнөөдөр 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хэрэг учрал болсноос хойш 2 жил 2 сар болж байна. 2 жил 2 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөх боломж байсан уу, байсан. Гэтэл 2 жил 2 сарын хугацаанд хохирол төлбөрөө төлөөгүй, гэм буруу дээрээ маргасан хэвээр үргэлжилж байгааг давж заалдах шатны шүүх бүхэлдэхүүн анхаарч үзнэ үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байсан буюу нас барсан хүүхдийн аав нь байдаг. Тийм учраас зөв зүйтэй ярих шаардлагатай. Яагаад хууль буруу хэрэглэсэн гэж үзээд байгаа, ямар хуулийг хэрхэн яаж буруу хэрэглэсэн талаарх хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийг ингэж хэрэглэж байгаа нь Улсын Дээд шүүхийн дээрх хуулийг тайлбарласан ийм тогтоолтой зөрүүтэй байна гэдэг байдлаар тайлбарлах ёстой. Гэтэл ийм жишиг байгаа, ингэж шийдвэрлэж байгаа гэдэг байдлаар гомдолдоо дурдаад ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг дээр яагаад маргаад байгааг ойлгохгүй байна. Хүүхдийн амь нас хохирсон, түүнчлэн Улсын Дээд шүүхийн 25 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоолын 3.3 дээр юу гэж заасан бэ гэхээр хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх гэж заасан. Ингэхдээ жишиг аргачлал буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй гэж байна. Тэр хүснэгтэд юу гэж заасан бэ гэхээр биед нь гэмтэл учраагүй зөвхөн сэтгэцэд гэмтэл учирсан, мөн хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг, хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийн буюу амь насанд аюултай амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн гэмтэл, хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу үлдэц уршиг бүхий гэмтлээс үүссэн сэтгэцийн эмгэг гээд үүгээр юуг илэрхийлээд байна вэ гэхээр хүний амь нас хохироогүй, хүний бие, эрүүл мэндэд нь учирсан хохиролтой холбогдолтой асуудал байна. Тэгэхээр энэ дээр үндэслэлтэй зөв дүгнэлт хийж сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэсэн. Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа 3 дугаар зэрэглэлд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүсэх сэтгэцийн эмгэг гэж байгаа. Гэтэл энэ хэрэгт эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар хүндэвтэр хохирол учирсан зүйл байхгүй. Харин эсрэгээрээ хүүхэд амь насаа алдсан хохирол, хор уршиг учирсан. Ийм учраас сэтгэцэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан үндэслэлээр гаргуулан шийдэж байгаа нь хууль зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд маш их гомдолтой байна. ...Хуулийн хүрээндээ хүн санамсаргүй асуудал гаргасан гээд байгаа болохоос биш, бүхэл бүтэн “Энержи ресурс” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын ажлыг 7, 8 жил хийсэн гэдэг байж, тухайн үед миний хүүгийн эрсдэлийг яагаад бодож үзээгүй юм, тэр хүүхдийг хүн чинээ гэж бодоогүй. Наад хүүхэд чинь эцэг, эхдээ эрүүл саруул, эсэн мэнд гүйж байсан. Өөрөөс нь гуйхад зөвшөөрөөгүй байхад хүүхдээ явуулаад хүүхэд нь миний хүүг гуйж унуулсан гэдэг. Миний хүү тэгэхэд дуртай дургүй гутлаа чирээд явсан гэж яригддаг. Гэтэл одоо энэ муу ямар босож ирэх биш гэсэн янзтай өөрөө олмоо чирээд намайг даруулаад хүлээд өг, намайг алаад өг гэсэн янзтай ирсэн гээд яриад байх юм. Жаахан ч гэсэн хүн чанар, хүн сэтгэл байгаасай гэж би хүсэж байна. Миний хүүгийн амийг хөнөөчхөөд жилийн ойн дээрээ ахиад хүний хүүхэд алах шахаад, тэр хүүхэд Өмнөговь аймгийн эмнэлгийн сэхээнд орсон. Би тэр бүгдийг нь мэдэж байгаа. Ийм байхад энэ хүнийг хүмүүжүүлээсэй гэж би хүсэж байна. Анхан шатны шүүх хуралд улсын яллагч 3 жилийн ял гэхэд шүүгч нь 2 жилийн ял өгсөн. Үүнийг би эсэргүүцэж байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс санал асуухад би яллах дүгнэлтийг 5 жилээр үйлдмээр байна гэж хэлсэн. Дээрээс нь би амийг амиар ч гэж хэлсэн. Би одоо ч гэсэн амийг амиар төлүүлмээр байна. Хүн надад ингэж хандаж байхад чиний сэтгэлийг өөрт чинь гаргамаар байна. Би чамд хүн сэтгэл гаргаж зөндөө чимээгүй явсан. Гэтэл би эх хүн үнэхээр гол зурагдаж, миний тэвчээрийн шандас дуусаж байна. Та нар намайг тамлах гэж, намайг чадах гэж шат шатны шүүхэд дахин дахин гомдол гаргаж, ийм үйлдэл үзүүлж байгаа. Үүнийг сөхрөөе, тарчлааж тамд нь хүргэе гэсэн байдалтай. Я.******* чи намайг асуудалгүй тамд унагачихсан. Одоо болохоороо бугуйвч зүүе. Би ажлаа хийе, мөнгөө төлье гэж яриад байх юм. Өмнөх 2 жил гарны хугацаанд яагаад ийм зүйл бодогдож байгаагүй юм бэ? Энэ талаараа бод. Өчигдрийн асуудлыг би өнөөдөр яриагүй. Намайг 100 сая төгрөг, 60 сая төгрөг авсан гэж гудмаар нэг ярьдаг. Би чам руу нэг удаа ч залгаж үзээгүй. Нэг ч удаа чамд асуудал тарьж үзээгүй. Хана хүртэл чихтэй гэж би хурал болгон дээр хэлдэг. Би маш их гомдолтой байна. Би амийг амиар нь төлүүлмээр байна. Үнэхээр миний тэвчээр дууслаа. Та нарын гомдлыг чинь өчнөөн сонсож, давж заалдах шатны шүүхэд гурван удаа гомдлоо, Улсын Дээд шүүхэд нэг удаа гомдол гаргасан. Энэ бүгдэд би өөрөө биечлэн оролцдог. Одоо үнэхээр шантарч, халирч байна. Та нарын эцсийн зорилго чинь намайг тарчлаая, тамлая, зовооё гэсэн байдалтай байна. Үүнээс чинь болж би өөрөө ч амьд явах хүсэлгүй болж байна. Би үхээд өгье, эсвэл Я.******* чи нэгийг алж чадсан юм чинь намайг алаад өг, гэр бүлээр нь алаад өг, өөр чамаас хүсэх юм алга. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Я.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNЗ:6264- 2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...2024 оны 03 сарын 13-ны өдөр ...манай хүү манай хуурай дүү *******ийн хамт манай хашаанаас морь унаад сумын төвийн хойно байрлах морь бариа руу морь унахаар явсан. Намайг ажил дээр байж байхад манай нөхөр ******* миний гар утас руу 14 цаг 30 минут орчимд залгаад хүү ******* ухаангүй байна хурдан эмнэлэгт ир гэсэн. Намайг сумын эмнэлэг дээр очоод хүлээн авах руу ороход манай хүүхэд нүд халтирам, аймаар байсан. Би хүлээн авах руу нэг удаа орсон бөгөөд эмч нар ээж нь орооч гэж дуудаад байсан. Тухайн үед би орж чадаагүй. Би өөрөө сэтгэл санаа хүнд болоод шоконд ороод юу болж байгааг мэдээгүй. Намайг очиход өөд болсон юм шиг санагдсан. Тухайн үед эмч нар хиймэл амьсгаа хийж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Ц.*******ын “...Тэгээд аав хээр азаргыг эмээллээд надад унуулах гэхэд А.******* би хээр азаргыг унаж үзье гэсэн. Тэгээд би аавдаа хандаж манай найз А.******* эмээлтэй морь унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хээр азаргын эмээлийг авахад А.******* өөрийнхөө хөл дардаг олмыг аваад ирэхэд хээр азарга дээр аав мордуулж өгсөн бөгөөд тухайн олмоор А.*******ыг даруулж тэгээд бид хоёр хойшоо 5 км зайд явах гээд хоорондоо юм яриад зэрэгцээд шогшоод явж байсан чинь А.*******ын унаж байсан хээр азарга гэнэт булгиад найзыг маань аваад явсан. Тухайн үед аав машинаасаа буугаад А.*******ын араас гүйгээд тухайн морийг гүйцээгүй. Манай найзыг хээр морь булгиад морь бариа руу аваад буцаад давхичихсан. Тэгээд Ө.******* ах А.*******ын унаж байсан морины өөдөөс тосож очоод тухайн морийг барьж зогсоосон. Тухайн үед манай найз мориныхоо гэдэс доор байсан. Тэгээд хөлийн олмын уяаг тайлаад аав Ө.******* ахыг гэрийнхэнд нь хэлээрэй ах нь сумын эмнэлэг явлаа гээд аав машинтай А.*******ыг эмнэлэг авч явсан. Тухайн үед А.*******ын нүүр нь цус болсон байсан бөгөөд манай найз дуугарахгүй сонин амьсгалаад байсан. Тэгээд би найзыгаа унтаж болохгүй шүү гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Тэгээд сумын эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Ө.*******ийн: “...Тэгээд А.*******, ******* хоёр морио унаад хажууд нь Я.******* ах портер машинаа унаад дагаад 1 км гаруй явж байсан би морь бариан дээр морины уяаны орооцолдоог тайлж байхад А.*******ын унасан хээр морь булгиад байх шиг болсон тэгээд би морио унаад А.*******ын өөдөөс амдаад давхиж байхад А.******* мориноосоо унаад чирэгдсэн. Тэгээд би морийг барьж авахад А.******* мориноосоо чирэгдсэн, толгойн зүүн хэсгээс цус гарсан, ухаангүй байсан. Тэгээд би талийгаач А.*******ын хөлийг нь уясан олмыг тайлж байхад Я.******* ах ирээд А.*******ыг шууд сумын эмнэлэг аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дугаартай “А.******* нь гавал ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-58 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЕГ0825/4234 дугаартай “...М.*******ын сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоохоор эмнэл зүйн ярилцлага, ажиглалт, үндсэн асуумж, тусгайлсан аргачлал ашигласан. ...Дүгнэлт. 1. М.Мөнхжаргалын сэтгэцэд болсон хэргээс шалтгаалж уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хавтаст хэргийн 195-197 дахь тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.******* нь “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь “...амь хохирогчийн аав *******ын мэдүүлэг, гэрч *******ийн мэдүүлэг болон бусад гэрч шүүгдэгч нарын мэдүүлгээс амь хохирогч А.*******ын морь унасан үйлдэл өөрийн гэрийн хашаанаас эхэлнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн морь унахаас үл хамааран гэрээсээ 6 ширхэг морь хөлслөх ажлаар гэрээсээ эхэлж унадаг. Энэ үед хамгаалалтын хувцсыг хууль ёсны асран хамгаалагч болох ******* хариуцах ёстой байсан. Хэрэв “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас морины хэрэгсэлд тавих шаардлага ММS:6264-2018 стандарт’ зөрчсөн гэж үзвэл *******т энэ үүрэг байсан. Энэ үйл баримтын улсын дээд шүүхээс олж тодруул холбогдох ажиллагааг хийж дүгнэ гэсэн боловч анхан шатны шүүх болон прокурорт хүсэлт гаргасан ч энэ ажиллагаа одоо болтол хийгдээгүй. Өмгөөлөгчийн зүгээс прокурорт удаа дараа хүсэлт өгсөн боловч хангаж шийдвэрлээгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг нь “Я.*******ад холбогдох хэргийг 2025 оны 02 сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоол,2025 оны 04 сарын 30-ны өдрийн 33 дугаар магадлал зэргийг Монгол улсын дээд шүүхийн 2025 оны 07 сарын 02-ны өдрийн 2025\ХШТ\85 дугаар тогтоолоор хүчингүй болгосны нэг үндэслэл нь 197,670,000 төгрөг гаргуулсныг "үндэслэлгүй" гэж үзсэнийг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.*******ад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх гомдлуудыг тус тус гаргасан байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон шүүгдэгчийн тайлбар, дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Я.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж дүгнэв.
“Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгддэг гэмт хэргээс ялгагддаг, гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Я.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвийн хойно байрлах хурдан морь барианы газарт 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр азарга насны хурдан морь хөлслөх ажилд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага ММЗ:6264- 2018 стандарт”-ыг хангаж хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй өөрийн уяж сойж буй хээр зүсмийн морийг насанд хүрээгүй А.*******ад унуулсан үйлдэл нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэх хууль зөрчсөн үйлдэл болох бөгөөд хоёр хөлийг нь олмоор даруулж унуулсны улмаас хурдан мориноосоо унаж, чирэгдэн гавал ясны хугарал гэмтлийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь “бусад болгоомжгүй үйлдэл”-д хамаарч байх тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн зэрэгцээ хэргийн зүйлчлэл, гэм бурууд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д ”Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж хуульчилсан ба хуулийн энэхүү зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байна.
Монгол улсын хэмжээнд “хүний нас, хүн амын дундаж наслалтыг” Статистикийн тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан “Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлт тооцох аргачлал”-ын дагуу тогтоодог байна.
Статистикийн тухай хуулийн 3 дугаар зүйлд:
1/"статистикийн мэдээлэл" гэж нэгдсэн хөтөлбөр, аргачлалаар цуглуулж боловсруулсан эдийн засаг, байгаль, нийгмийн холбогдолтой тоон мэдээллийг;
2/"статистикийн үйл ажиллагаа" гэж статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалахыг;
3/"статистикийн мэдээлэгч" гэж статистикийн мэдээлэл, судалгаанд хамрагдсан, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
4/"статистикийн мэдээллийг хэрэглэгч" гэж статистикийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хуулийн этгээд, Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
5/"албан ёсны статистикийн мэдээлэл" гэж Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээллийг;
8/"захиргааны статистикийн мэдээлэл" гэж Үндэсний статистикийн хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулсан мэдээллийг.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлд: Статистикийн үйл ажиллагааны зарчим ийнхүү тусгагджээ.
1/албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх;
2/шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;
3/мэдээлэл үнэн, бодитой байх;
4/мэдээлэл шуурхай байх;
5/статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх;
6/статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх;
7/статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах.
Мөн хуулийн 5 дугаар зүйлд.Статистикийн мэдээллийн хэлбэр
1.Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.
3.Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар, бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана.
6 дугаар зүйл.Албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлт, түүнийг гаргах үндэслэл
2/хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт;
а/ хүн амын тоо, нас, хүйс,
б/ хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт, гэрлэлт, гэр бүл цуцлалт;...зэрэг үзүүлэлтийг тусгажээ.
Анхан шатны шүүх дээрх хууль, бусад холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас гаргасан аргачлалыг үндэслэн тогтоосон “албан ёсны статистикийн мэдээллийн үзүүлэлт”-г үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4, 5 дахь дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж хуульчилсантай нийцсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.
Түүнчлэн “Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлт тооцох аргачлал”-д: Монгол Улсын хүн амын статистикийн үзүүлэлтүүдийг олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлж, хүн амын үзүүлэлтүүд болон нэгдсэн үзүүлэлтийн систем бий болгох, статистикийн мэдээллийг цуглуулж, нэгтгэн боловсруулж, ашигладаг бүх шатны байгууллагууд болон ажилтнууд, хэрэглэгчдийг нэгдсэн ойлголт, тодорхойлолт, арга зүй, аргачлалаар хангах, үйл ажиллагаанд нь нэвтрүүлэхэд оршино....хэмээн нийтлэг үндэслэлээ тодорхойлсон байна.
“Хүн ам зүйн статистикийн үндсэн үзүүлэлтүүдэд”-хүн амын тоо, түүний хүйс, насны бүтэц, төрөлт, нас баралт, гэрлэлт, гэр бүл салалт, тухайн улс оронд шилжин ирэгчид, шилжин явагчид болон дотоодын шилжих хөдөлгөөний талаарх статистик үзүүлэлтүүдийг хамруулна.
15. Нас: Төрсөн өдрөөс эхлэн (он, сар, өдөр) бүтэн жилүүдээр тооцсон хугацаа буюу төрсөн сар, жилийн асуултын хариултад суурилсан тооцоогоор илэрхийлсэн хугацааг нас гэнэ.
17. Дундаж наслалт: Шинээр төрсөн (төрөх үеийн) хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг (жил) хэлнэ.
18. Дундаж наслалтын хүснэгт: Тухайн хүн амын тухайн хугацааны насны бүлгийн нас баралтын коэффициентоор тооцсон дундаж наслалт, нас барах магадлалыг нас /эсвэл насны бүлэг/ тус бүрээр харуулна. Дундаж наслалтын хүснэгтээс хүн амын нас баралтын талаар тодорхой, иж бүрэн дүр зургийг харж болно...гэж, аргачлалын III.-н 1.7-д хүн амын дундаж наслалтыг тооцох арга зүйг тус тус тодорхойлжээ.
Улмаар энэхүү аргачлалыг үндэслэн Үндэсний статистикийн хорооноос хүн амын дундаж наслалтыг, хүйс аймаг, нийслэл, жилээр нь гаргасан ба Үндэсний статистикийн хороо нь Статистикийн тухай хуулиар бүрэн эрх, үйл ажиллагааг нь баталгаажуулсан төрийн байгууллага мөн юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т Танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтаар шинжлэн судлахгүй талаар хуульчилсан тул танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий нотлох баримт буюу 2023 оны байдлаар Өмнөговь аймгийн хүн амын дундаж наслалт эрэгтэй хүйсийн хүний хувьд 69.46 нас байсан ба эрх бүхий төрийн байгууллагаас хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд, салбар шинжлэх ухааныхаа арга зүй, аргачлал болон олон улсын нийтлэг арга зүйд нийцүүлж, тулгуурлан хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтийн нэг болох тоон үзүүлэлт, хүн амын дундаж наслалтыг тогтоосон “захиргааны хэм хэмжээний акт”-г ашиглан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасныг хууль зөрчсөн, таамаглалд үндэслэсэн, хууль эрх зүйн орчин байхгүй, хуулиар зохицуулаагүй харилцаа гэх мэтээр дүгнэх нь хуульд нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд өмгөөлөгч нарын “2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4234 шинжээчийн дүгнэлтээр хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Энэ аргачлалаар тооцож үзэхэд хэрэг учрал болсон 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан. Үүнийг 13 дахин үржүүлээд үзэхэд 8,890,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулах нь үндэслэлтэй”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд байдаггүй, статистикийн үндэсний хороо гэж нэг зүйлийг баримтлаад шийдчих шиг болсон. Гэтэл 2010 оны 88 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Засгийн газраас баталсан хүний хөгжлийн индексийг тооцох аргачлал гэж байна. Энэ нь магадгүй барьж шийдэх эрх зүйн акт байсан уу? эсвэл Өмнөговь аймгийн олон нийтэд илэрхий байгаа статистикийн 2023 оны хүн амын дундаж наслалтыг бариад шийдэж байгаа нь хууль тогтоомжид хэр нийцэж байгаа, үндэслэл бүхий юм бэ гэдэг дээр эргэлзээтэй байна....” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ талаарх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалтын зорилго нь гэмт хэргийн төрөл, ангилал, гэм буруугийн хэлбэр, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон сэтгэцийн эмгэгийн зэрэглэл зэргээс үл шалтгаалан амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах явдал юм.
Бусдын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон энэ хэргийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.*******ын сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэглэлийг харгалзахгүйгээр нөхөн төлөх төлбөрийн хэмжээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Шүүгдэгч Я.*******ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. шүүгдэгч Я.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, Д.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2026/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА
[1] data.1212.mn/pxweb/mn/NSO/NSO__Regional%20development__Population%20and%20household/DT_NSO_0300_030V1.px/table/tableViewLayout2/