| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 182/2018/01042/И |
| Дугаар | 210/МА2019/00035 |
| Огноо | 2018-12-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2019/00035
Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02072 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч хэлтэс холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б миний бие 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ч ... хэлтэст үйлчлэгчээр ажилд орж, 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаад 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа орсон.
2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцсан ажил үүргээ хангалтгүй хийж байгаа гэж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ... хэлтсийн үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзаяагийн тайлбарт: Нэхэмжлэгч Б нь тус хэлтэст 2011 оноос хойш үйлчлэгчээр ажиллах хугацаандаа цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа байнга хангалтгүй биелүүлдэг бөгөөд удаа дараа удирдлага болон ажилчдаас шаардлага тавьж байсан боловч алдаа дутагдлаа засч залруулахгүй байсан. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгч Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т үйлчлэгчийн ажлын чиг үүргийг заасан ба үүнд байгууллагын ажил эхлэхээс өмнө байцаагч ажилтнуудын өрөө тасалгааг цэвэрлэж бэлэн байх, их цэвэрлэгээг тодорхой хугацаанд хийж байх, ажлын ая тухтай орчинг бүрдүүлэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллах ёстой байтал ажилчдаас цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байгаа тухай удаа дараа санал гомдол амаар болон бичгээр ирсний дагуу Бт 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүргүүлэн улмаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Бийг ... хэлтсийн Үйлчилгээний тасгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ... хэлтсээс 3 523 555 төгрөгийг гаргуулж Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Б-ийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ч хэлтэст үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар Г.М улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, ... хэлтсээс 141 527 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... мөн ажилтан өөрөө хүсээгүй байхад түүний хүсэлтийг үндэслэн ажлаас халсан хуулийн заалтыг баримталсан ... гэжээ. Тухайн тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 гэж бичигдсэн нь техникийн алдаа буюу бичиглэлийн алдаа бөгөөд уг заалт нь 38 дугаар зүйлийн 38.1.2 буюу ажил олгогч санаачилсан гэх заалтыг бичих ёстой байсан талаар шүүхэд тайлбарласан боловч хүлээж аваагүй. Тушаалын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 юм. Мөн шүүх хуралдаанд гэрч Э.А, Д.Э нар ... үйлчлэгч Б цэвэрлэгээг хангалтгүй хийдэг байсан ... талаар мэдүүлсэн боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ... ажил мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй ... гэж үйчлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохгүй гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эсэхийг тогтоох ёстой. Үйлчлэгч Б-ийн цэвэрлэгээ үйлчилгээг хангалтгүй хийдэг байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Гэвч шүүхээс гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.2-т хуулийн 40.1.2-т заасан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан хэдий ч үйлчлэгчийн ажлын байранд мэргэжил шаарддаггүй бөгөөд үүнийг тайлбарт заасан комисс, хөндлөнгийн байгууллага, магадлах комисс нь шалган тогтоох боломжгүй, зайлшгүй шалган тогтоох болон дүгнэх боломжит ажлын байр биш юм. Үйлчлэгчийн ажлын байрны гол зорилго нь цэвэрлэгээ үйлчилгээг сайн хийж гүйцэтгэх ёстой байтал үйлчилгээ хангалтгүй байгаа талаар удаа дараа ажилчдаас гомдол ирсэн, мөн удирдлагаас ажил үйлчилгээгээ сайжруулах талаар үүрэг өгсөн боловч ажлын үр дүн сайжраагүй. Тухайн цэвэрлэгээ үйлчилгээг хүртэж буй ажилтнууд л үйлчлэгчийн ажлын ур чадвар сайн эсэх, ажилдаа тэнцэх эсэх талаар дүгнэлт өгөх боломжтой. Нэхэмжлэгч нь өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж байсан талаар шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй ба байнга ажилдаа хариуцлагагүй ханддаг байсан. Шүүх тухайн ажлын байр зайлшгүй шалган тогтоох боломжтой ажлын байр мөн, биш эсэх талаар дүгнэлгүй хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ч хэлтэс холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч ... хэлтэс нь нэхэмжлэгч Бийг 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс үйлчлэгчээр ажиллуулж байгаад 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/030 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ..., заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх3/
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа Б нь цэвэрлэгээ үйлчилгээний ажлаа байнга хангалтгүй гүйцэтгэдэг, ажилчдаас цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаа талаар гомдол ирсэн, удирдлагаас шаардлага тавьдаг боловч ахиц гардаггүй байсан гэж тайлбарласан байна. /хх13/
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг баримталсан байх бөгөөд уг зүйл заалтыг техникийн алдаа байсан, ажил олгогчийн санаачлагаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж хариуцагч тайлбарласан байна.
Хэргийн 24, 25, 26 дугаар талд авагдсан мэдэгдэх хуудас гэх баримтад нэхэмжлэгч Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай бичигдсэн байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нөхцөлд энэ талаар салбарын буюу мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлт гарсан байх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчийг ажил мэргэжилдээ ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл үйлчлэгчийн ажлын байранд тусгай мэргэшил, мэргэжил шаардаагүй, харин ур чадварын хувьд ажлын цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай байх, ажлын ачаалал даах чадвартай, хариуцлагатай байхыг шаардсан боловч тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд уг ур чадварт тэнцэхгүй байгаа талаар хариуцагч нь ямар нэгэн нотлох баримт, дүгнэлт гаргаагүй байна.
Хэдийгээр ажилтнуудаас нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн талаар гомдол гаргаж байсан боловч энэ нь хөдөлмөрийн гэрээг ажилтан ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шууд цуцлах хангалттай үндэслэл болохгүй.
Харин ажил олгогчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчид хүргүүлсэн байх ба энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг заасан ба нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил уг үндэслэлд хамаарахгүй байна.
Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад Р.М гэж хэргийн оролцогч биш этгээдийн нэрийг заасан байна. Үүнийг нэхэмжлэгч Б гэж өөрчилнө.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/02072 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтын Г.М гэснийг Б гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
А.МӨНХЗУЛ