Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 127

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.Ат холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 С.Ат

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.А нь 2018 оны 06 сарын 21-ний шөнө 01 цаг 10 минутын үед Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 285 дугаар галт тэрэгний 20 дугаар вагонд зорчиж явахдаа бусадтай нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан ба тус вагонд албан үүргээ гүйцэтгэж байсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь гаргасан зөрчлийг таслан зогсоох, иргэдийг амгалан тайван зорчиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль ёсны шаардлага тавихад түүний нүүрэн тус газар нь цохиж, өмсөж явсан албаны дүрэмт хувцасыг урах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг хийсэндээ харамсаж байна. Араас нэг хүн хурдан яваач гээд байхаар нь цагдаа байна гэж бодоогүй цохьсон. Цагдаа цохьчихлоо гэхээр нь л мэдсэн гэв,

 

Шүүгдэгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....архины талыг уугаад байж байтал вагоны цагдаа нар ирсэн. Ингээд бид нарыг архи ууж байна гээд өөрсдийнхөө вагон руу аваад явсан. Вагоны голд явж байхад нэг хүн миний араас хурдан яваач ээ гээд түлхсэн. Тэр үед миний урд талд нэг цагдаа явж байхаар нь ард явж байсан хүнийг манайхнаас нэг нь намайг түлхсэн байна гэж бодоод эргэж хараад нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохьсон. Би цагдаагийн албан хаагчийн нүүрэн тус газарт нь цохиж хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6, 48-р хуудас /,

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн ахлах ахлагч Г.Тын хамт суудлын 285 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэсэн. ... шөнө явж байхад 01 цаг 10 минутын үед галт тэрэг Айраг өртөө өнгөрөөд явж байхад 20 дугаар вагоны үйлчлэгч “тамборт 3 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд мөн тамхи татаад байна" гэсэн дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа Г.Тын хамт очиход 2 хүн 20 дугаар вагоны тамборт аяганд архи хийсэн уугаад зогсож байсан. .... 19 дүгээр вагонд явж байхад А явахгүй гээд байхаар нь цаашаа яв гээд араас нь түлхсэн чинь эргэж хараад миний зүүн талын нүд болон баруун талын шанаа руу хоёр гараараа 2 удаа цохьсон....."гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

 

Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... намайг Э тамборт хүрээд ир гэж дуудахаар нь яваад очиход Э, А хоёр архи барьчихсан зогсож байсан. Тухайн үед тэр хоёр нилээд согтуу байсан бөгөөд би “архи уухаа болио ямар нэгэн асуудал үүснэ шүү" гэж хэлсэн, удалгүй хоёр цагдаа хүрээд ирсэн, цагдаа нар ирээд бичиг баримт шалгасан бөгөөд А тухайн хоёр цагдаатай согтуудаа маргалдсан, тэгсэн нөгөө хоёр цагдаа өрөө рүүгээ дагуулж явахаар болсон. Би урд нь гараад түрүүлээд гараад явсан ба миний араас нөгөө хоёрыг цагдаа аваад явсан. Би түрүүлээд 19 дүгээр вагоны тамборт гараад зогсож байхад нөгөө хэд ирэхгүй байхаар нь тэндээ хүлээгээд байж байтал нэг цагдаа намайг цохьчихлоо гээд хүрээд ирсэн. Тэр цагдаагийн баруун талын шанаа нь улайсан хувцасных нь зүүн гарын манжатик урагдсан байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

 

Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....20 дугаар вагоны үйлчлэгч А “"манай вагонд хэдэн хүмүүс архи уугаад байна, цагдаа дуудаад өг" гээд дамжуулаад хэлчих гэсэн, цагдаа ирээд 20 дугаар вагон руу орсон бөгөөд 20 дугаар вагонд архи уугаад байсан гэх 2-3 хүнийг дагуулаад манай вагоны голоор явж байсан. Тэр хүмүүсээс арай согтуу нь гайгүй байсан нэг ах манай вагоны тамборт гадаа зогсож байсан. Тэгсэн түүнтэй хамт явж байсан намхан биетэй, архи барьсан, нилээд согтуу байсан нэг ах цагдаагийн албан хаагчтай явахгүй гээд хэсэг ноцолдсон. Тэгээд явахгүй энэ тэр болж байснаа зүүн талын нүд рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тухайн үед би вагоныхоо ажлын өрөөний урд талд зогсож байсан чинь тийм асуудал болсон бөгөөд цохиулсан цагдаа нь над дээр ирээд “манай нөгөө цагдааг дуудчих” гээд би хамт явсан цагдааг нь дуудаж өгсөн...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед би Аыг урдаа гаргаад харин миний ардаас А, цагдаа Б нар явж байсан бөгөөд Э гэх залуу нь зөрчил гаргасан Аийг явуулахгүй гээд байхаар нь хамт авч явахаар болоод Аийн урд нь оруулаад явсан. Э гээд байгаа залуу хамт явж байгаад местэн дээрээ очсон юм шиг байгаа юм. А түрүүлээд дараагийн вагон руу орох гээд тамборт гараад би араас нь явж байхад намайг үйлчлэгч дуудаад танай цагдааг хүн цохьчихсон гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Галт тэрэг Айраг өртөөнөөс хөдлөөд, 00 цаг өнгөрөөд явж байхад 4 хүн вагоны тамборт архи барьчихсан хажууд нь ундаа тавьсан ууж байсан. Тэнд очоод би “архи ууж болохгүй” гэж хэлэхэд “архи уухаараа яадаг юм" гээд тэнд байсан намхан биетэй залуу хэлэхээр нь "цагдаа дуудлаа шүү" гэхэд “тэр цагдаагаа дууд, тэрнээс чинь би айх юм уу” гэсэн утгатай үг хэлээд тавьсан шаардлагыг минь тоохгүй байсан. Ингээд би тухайн галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаад дуудлага өгсөн. .... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...вагонд орсоныхоо дараа А, Даваа, А, Батпүрэв бид нар ууж байгаад үлдсэн гэх 0.75 литрийн хэмжээтэй архи хуваагаад уух гээд вагоны тамборт зогсож байсан чинь вагоны цагдаа ирсэн. Тухайн үед би согтсон байсан бөгөөд А тухайн цагдаа нартай маргалдсан юм шиг байгаа юм. Би Аийг дагуулаад цагдаа нартай хамт явсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлтэнд: Б.Бын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 13-р хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83 / зэргийг шинжлэн судлав.

         

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.А нь 2018 оны 06 сарын 21-ний шөнө 01 цаг 10 минутын үед, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 285 дугаар галт тэрэгний 20 дугаар вагонд зорчиж явахдаа бусадтай нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргаж, тус вагонд албан үүрэгээ гүйцэтгэж байсан Төмөр зам дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б нь гаргасан зөрчлийг таслан зогсоох, иргэдийг амгалан тайван зорчиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль шаардлага тавихад нь түүний нүүрэн тус газар нь цохиж, өмсөж явсан албаны дүрэмт хувцсыг урах зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч С.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг хийсэндээ харамсаж байна. Араас нэг хүн хурдан яваач гээд байхаар нь цагдаа байна гэж бодоогүй цохьсон. Цагдаа цохьчихлоо гэхээр нь л мэдсэн гэв, Шүүгдэгч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... миний урд талд нэг цагдаа явж байхаар нь ард явж байсан хүнийг манайхнаас нэг нь намайг түлхсэн байна гэж бодоод эргэж хараад нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохьсон. Би цагдаагийн албан хаагчийн нүүрэн тус газарт нь цохиж хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 19 дүгээр вагонд явж байхад А явахгүй гээд байхаар нь цаашаа яв гээд араас нь түлхсэн чинь эргэж хараад миний зүүн талын нүд болон баруун талын шанаа руу хоёр гараараа 2 удаа цохьсон....." гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... А тухайн хоёр цагдаатай согтуудаа маргалдсан, ... нэг цагдаа намайг цохьчихлоо гээд хүрээд ирсэн, тэр цагдаагийн баруун талын шанаа нь улайсан хувцасных нь зүүн гарын манжатик нь урагдсан байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....нэг ах цагдаагийн албан хаагчтай, явахгүй гээд хэсэг ноцолдсон. Тэгээд явахгүй энэ тэр болж байснаа зүүн талын нүдрүү нь гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг үйлчлэгч дуудаад танай цагдааг хүн цохьчихсон гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Галт тэрэг Айраг өртөөнөөс хөдлөөд, 00 цаг өнгөрөөд явж байхад 4 хүн вагоны тамбор дээр архи барьчихсан хажууд нь ундаа тавьсан ууж байсан. Тэнд очоод би “ архи ууж болохгүй” гэж хэлэхэд “ архи уухаараа яадаг юм" гээд тэнд байсан намхан биетэй залуу хэлэхээр нь "цагдаа дуудлаа шүү" гэхэд “тэр цагдаагаа дууд, тэрнээс чинь би айх юм уу” гэсэн утгатай үг хэлээд тавьсан шаардлагыг минь тоохгүй байсан. Ингээд би тухайн галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаад дуудлага өгсөн. .... гэсэн мэдүүлэг, Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...вагонд орсоныхоо дараа А, Даваа, А, Батпүрэв бид нар ууж байгаад үлдсэн гэх 0.75 литрийн хэмжээтэй архи хуваагаад уух гээд вагоны тамборт зогсож байсан чинь вагоны цагдаа ирсэн. Тухайн үед би согтсон байсан бөгөөд А тухайн цагдаа нартай маргалдсан юм шиг байгаа юм. Би Аийг дагуулаад цагдаа нартай хамт явсан... гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ... дугаартай дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Ат холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ат холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаанд тэнсэж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

 

           4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар С.Ат хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           5. Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Х.ГАНБОЛД