Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/33 

 

 

Б.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.*******насан,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******,

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын гаргасан давж заалдах гомдлоор Б.*******д холбогдох 2628000400052 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* хотхоны ******* дүгээр байрны 35 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ц.*******ын толгойн тус хэсэгт дарсны шилэн лонхоор нэг удаа цохиж, үснээс нь зулгааж бие, эрх чөлөөнд нь халдаж, биед нь толгойн хуйх, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.*******насан нь Б.*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овгийн *******ын *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-Эрдэнийг 550 (таван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжилсэн зээлсэн мөнгө гэх 7,000,000-8,000,000 төгрөгийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******т 1,000,000 (нэг сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 260,700 (хоёр зуун жаран мянга долоон зуу) төгрөгийн хохирол төлбөр тус тус төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие энэ хэргийн улмаас өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Энэ хэрэг гарснаас хойш байнгын эмчилгээ хийлгэж, сэтгэл санаа маш их тайван бус байдалтай байна. Гэтэл энэ хэргийг шалгасан мөрдөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, энэ талаар надад тайлбарлаж ойлгуулалгүй надаар гарын үсэг зуруулж авсан байсан, энэ бүхэнд нь миний бие маш их гомдолтой байна, миний эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Миний бие эмэгтэй хүн энэ хэргийн улмаас нүүрэн хэсэгтээ ил харагдах сорвитой болсон, гоо сайхнаараа хохирсон байхад шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол гэсэн дүгнэлт гаргасныг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ талаараа мөрдөгчид, шүүх хурал дээр амаараа тайлбарласаар байхад миний хүсэлтийг хүлээж аваагүй.

Хэргийн улмаас барьсан тавьсан ч мартаж, сэтгэл зүйгээрээ асар их хохирсон, хийсэн үйлдэл, хэлсэн үгээ тэр дор нь мартаж, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байхад мөрдөгч, прокурор, шүүхээс өмгөөлөгч авах эрхээр хангаагүй миний эрхийг маш их хязгаарлаж зөрчсөн.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

          Прокурор О.*******насан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр буюу 11 сарын дараа мөрдөн шалгах ажиллагаа дуусаж шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу хэргийг шүүхэд шилжсэнээс хойш сарын дараа хэрэг шийдэгдсэн. Энэ хугацаанд хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохиролтой холбоотой дүгнэлт гаргуулахаар санал, хүсэлт гаргаагүй боловч шүүх хурлын үеэр шүүхээс шийтгэх тогтоолоор хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэлэлцэлгүй орхиод, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хянан шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байдаг. Иймд хохирогч сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хөнгөн зэргийн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдолд дурдсан байна. Энэ гомдлын тухайд хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Ц.*******ын биед учирсан гэмтлийн шинжээчийн дүгнэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 72 дугаартай, мөн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэмэлтээр 100 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Дээрх дүгнэлтүүдийг эргэлзээтэй, үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлгүй, дахин дүгнэлт гаргах талаарх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэдэг дээр хэрэг 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарч, 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхээр хянан хэлэлцэгдсэн. Мөрдөн байцаалт прокурорын шатанд хохирогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг тайлбарлаж өгсөн болох нь шүүхийн тэмдэглэл, хавтаст хэрэгт авагдсан хохирогчид эрх, үүрэг танилцуулсан баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй байдаг. Шүүх, прокурор, мөрдөгчийн зүгээс зайлшгүйгээр энэ хохирогчийг өмгөөлөх шаардлагыг хангах үүрэг хүлээхгүй. Нэгэнт хохирогч хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлээгүй. Энэ талаарх санал, хүсэлтээ шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд гаргаагүй учраас өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Иймд хохирогчоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сэтгэл санааны байдлаараа хохирчхоод одоо сэтгэл зүйн байдал маш тогтворгүй болж, ажлаа ч хийж чадахгүй байдалд хүрчхээд байна. Гэтэл сэтгэл зүйн хохирлоо гаргуулж чадаагүй учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, сэтгэл санааны хохирлоо гаргуулах, мөн бэлэн мөнгө зээлүүлснээ авах хүсэлтэй байна. Тэгээд бие, толгой тархи өвдөөд мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр Улаанбаатар хот руу явж, тархины mri зураг авхуул гэдэг. Толгой маш их таллаж өвддөг. Хамгийн гол нь мөрдөгч дээр асуугдаж байхдаа тэр учир шалтгааныг нь сайн ойлгоогүй. Сэтгэл санааны хохирлоо гаргуулах уу гэхээр нь учир шалтгааныг тайлбарлан хэлээд өгнө үү гэсэн чинь мөрдөгч надад тайлбарлах эрх байхгүй. Та өөрөө судлах шаардлагатай гэсэн. Тэгээд би сэтгэл санааны хохирлоо гаргуулъя гэсэн чинь Улаанбаатар хот руу яв гэсэн боловч надад тэр үед үнэхээр боломж байгаагүй. Архины шилээр цохиулснаас болоод толгойндоо муухай сорвитой болчихсон. Шүүх эмнэлгээс гоо сайхны гэмтэл гэж хэлээгүй, хөнгөн гэмтэлтэй гэж гаргасан. Мөн сэтгэл санааны хохирлоо гаргуулан авч чадаагүй учраас гаргуулах хүсэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх хохирогч Ц.*******ын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* хотхоны ******* дүгээр байрны 35 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ц.*******ын толгойн тус хэсэгт дарсны шилэн лонхоор нэг удаа цохиж, үснээс нь зулгааж бие, эрх чөлөөнд нь халдаж, биед нь толгойн хуйх, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.*******насан нь шүүгдэгч Б.*******-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

      Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-Эрдэнийг 550 (таван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* хотхоны ******* дүгээр байрны 35 тоотод тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан Ц.*******ын толгойн тус хэсэгт дарсны шилэн лонхоор нэг удаа цохиж, үснээс нь зулгааж бие, эрх чөлөөнд нь халдаж, биед нь толгойн хуйх, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө үүрээр ******* манай гэрт согтуу ирэхээр нь гэртээ оруулаад амрааж үлдээгээд би өөрөө ажилдаа явсан, ажил дээрээ байж байтал ******* араас залгаад хоол унд байна уу танай гэрт гээд байхаар нь ажлаа дуусгаад гэртээ очтол ******* шарталтын байдалтай байсан. Би чи ер нь манайхаас яв гээд хэлтэл миний хоолойноос боогоод муужруулахад би өөрийн мэдэлгүй өмдөндөө шээсэн байсан. Тэгээд ухаан ороод байж байтал манай гэрт байсан шилтэй дарсыг задалж уугаад үлдсэн дарстай шилээр нь миний толгой руу цохиж миний толгойг хагалсан. Миний толгойн зулай хэсэг рүү цохиж толгой хагалаад үснээс зулгаагаад намайг явуулахгүй байсан. Би Б.*******эс миний толгойноос цус гараад байна түргэн дуудаад өг гэтэл түргэн дуудаж өгөөгүй. Хэсэг байж байгаад такси дуудаад эмнэлэг рүү хамт явж БОЭТ-ын яаралтай тусламж дээр очиж үзүүлээд 3-4 оёдол тавиулсан. Эмчдээ хэлэхдээ би өөрөө ширээ мөргөсөн гэж хэлээд оёдол тавиулж байсан. Оёдлоо тавиулчхаад рентгений зураг авхуулсан, томографын зураг авхуулах байсан боловч тухайн үед томографын аппарат нь эвдэрсэн байсан учраас зураг авхуулж чадаагүй тэгээд эмнэлгээс гараад иртэл Б.******* яваад өгсөн байсан. *******-Эрдэнийг мөнгө гуйгаад асуух болгонд нь өгдөг байсан, нийтдээ 7-8 сая орчим төгрөг өгч байсан. ... зээлсэн мөнгөө авмаар байна.(хавтаст хэргийн 11-13 дахь тал)

Иргэний нэхэмжлэгч М.Булганчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... ургийн ын ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд 260,688 төгрөгийн тусламж, үйлчилгээг авсан болох нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байгаа. Тухайн лавлагааг хэрэгт хавсаргаж өгнө. ... Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй." (хавтаст хэргийн 45-46 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ӨМГ0726/072 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.*******ын биед толгойн хуйх, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Өмнөговь аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн ӨМГ0726/100 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд: “Ц.*******ын биед толгойн хуйх, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэг болон мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

Иргэн Ц.*******аас бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системээс авсан лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх улсын яллагч болон хэргийн оролцогчийн тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******-Эрдэнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* “...мөрдөгч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, ...миний эрхийг хязгаарласан, хүсэлтийг хүлээж аваагүй. Мөрдөгч, прокурор, шүүхээс өмгөөлөгч авах эрхээр хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хуульчилсан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, нэхэмжилж буй эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг шүүхээс тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэхдээ гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх замаар арилгадаг.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Асуулт: Танд одоо нэхэмжилж байгаа зүйл, гомдол санал байна уу? гэхэд, Хариулт: Одоо би Б.*******тэй холбоотой байхдаа өгч байсан мөнгөнүүдээ авмаар байна. Миний Б.*******д өгч байсан авч өгч хохирлыг маань барагдуулж өгнө үү. Мөн одоо толгой тархи өвддөг, эргэдэг, мартаж санадаг болсон учир эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэх зардал гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-н 13 дугаар хуудас/-ийг өгсөн боловч 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “ Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй учир нь мөнгө төгрөгийн боломж тааруу учраас Улаанбаатар хотруу явах боломжгүй байна. Хаан банк болон Голомт банкнаас хуулга авах боломжгүй байна удаан хугацаа өнгөрсөн учраас” гэсэн тайлбар /хх-16 дугаар хуудас/ гаргаж, тус өдөр хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. /хх-81 дүгээр хуудас/

Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээс шүүх хуралдаан даргалагч: Одоо нэхэмжилж байгаа зүйл байна уу гэхэд, хариулт: Байхгүй гэх тайлбарыг тус тус гаргасан, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “сэтгэл санаагаар маш хохирч, тайван ажлаа хийж чадахгүй байдалд байна” гэж мэдүүлсэн ба мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй болно. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад “...*******-Эрдэнийг мөнгө гуйгаад асуух болгонд нь өгдөг байсан, нийтдээ 7-8 сая орчим төгрөг өгч байсан... зээлсэн мөнгөө авмаар байна” гэж мэдүүлж байх боловч эдгээр нэхэмжлэлтэй холбоотой холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжилсэн зээлсэн мөнгө гэх 7,000,000-8,000,000 төгрөгийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гаргасан “анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.*******ын “анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Т.ДЭЛГЭРМАА

                                                                                            Л.УГТАХБАЯР