Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01570

 

 

      2022              08               22                                              210/МА2022/01570

 

 

 

Ш.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01662 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Бы хариуцагч МОХНН УТЗд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Баярсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр МОХНН УТЗтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын ажилд томилогдсон. Миний хөдөлмөрийн гэрээг 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хугацаагүйгээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн ажилласан. Гэтэл Замны даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаартай тушаалаар хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөн хүний нөөцийн албаны мэдэлд шилжүүлсэн. Миний бие МОХНН УТЗл 28 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд дор дурдсан шалтгаануудыг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Замын даргын хаврын үзлэг шалгалтанд хангалтгүй бэлтгэсэн гэдэг нь үндэслэлгүй бөгөөд Замын даргын 2021 оны хаврын үзлэг нь манай байгууллага дээр ирээгүй ба тодорхой үүрэг даалгавар өгөөгүй. Тус тушаалд заасан үйлдвэрийн үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн гэдэг нь мөн үндэслэлгүй бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг 100-100,6 хувь давуулж биелүүлэн, үйлдвэр байгуулагдсан 23 жилийн түүхэнд хийгдээгүй өндөр бүтээмж гарган ажиллуулсан. МОХНН УТЗын Замын 1 дүгээр орлогч И.В.Милостныхын удирдсан үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй, тасалсан гэдэг шалтгаан нь үндэслэлгүй бөгөөд тус хуралд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10:00 цагт өөрийн ажлын өрөөнөөс, ажлын хэрэгцээний компьютер ашиглан оролцсон ба ирцийг холбоочдод бүртгүүлэн оролцсон. Хурлын явцад 12:40 минутанд Ковид-19 өвчний ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиулан ариутгалын бодис цацаж байсан ажилчид интернэтийн холболтын төхөөрөмж рүү бодис цацсанаас үүдэн цахилгаан гэмтэл гарч, рүтер шатаж интернэт тасарсан. Улмаар 12:50 минутанд өөрийн гар утсаар хуралд эргэж холбогдон хариу өгч, нөхцөл байдлаа ойлгуулах гэсэн боловч тухайн үед асуудлыг хүлээж аваагүй. Би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2021 оны 9 дүгээр сарын Сахилгын арга хэмжээ авсан тушаалд хүндэтгэлтэй хандсан. Мөн нягтлантай холбоотой асуудалд хүндэтгэлтэй хандсан. н.Чинсүх гэдэг хүн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн дарга болсон ба 3 дугаар сард гомдол гаргаснаас биш үүнээс хойш гомдол гаргаж байгаагүй. Ш.Бтай холбоотой ажлаа сайжруулах талаар нэг ч албан бичиг ирж байгаагүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: МОХНН УТЗын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/2/113 дугаар тушаалаар Ш.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хяналт тавиагүйн улмаас байгууллагад нь санхүүгийн зөрчил илэрсэн болох нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтаар тогтоогдсон тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. МОХНН УТЗын даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/2/147 дугаар тушаалаар Ш.Б нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй белүүлсэн, Замын даргын намрын үзлэг, шалтгалтад хангалтгүй бэлтгэсэн, хаврын үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй тасалсан, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан тул сахилгын давтан зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Түүнчлэн Ш.Бы ёс зүй, зан харилцааны талаар 2021 оны 2 дугаар сараас хойш ажилтнууд болон Үйлдвэрчний эвлэлийн холбоо, орон нутгийн захиргааны байгууллагаас удаа дараа гомдол бичгээр ирүүлж байсан байна. Эдгээр ажилтнууд болон ажилтнуудыг төлөөлөн тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан удаа дараагийн гомдол хүсэлттэй холбогдуулан төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу УБТЗ-ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Т-81/01/35 дугаартай төлөвлөгөөт шалгалтын удирдамж батлагдан, хяналт шалгалт явуулж, 8 дугаар сарын 13-ны өдрийн Т-61/04/28 дугаар шалгалтын тайлан гарсан байдаг. Шалгалтаар хаягдал төмрийн орлогыг бүрэн гүйцэт авдаггүй, борлуулсан хаягдал төмрийн орлогыг байгууллагын дансанд тушаахгүй, ажилтны хувийн дансанд хийдэг, материалыг өөрийн өртгөөс доогуур үнээр борлуулсан санхүүгийн зөрчил гаргасан, мөн тухайн байгууллагад ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байхад ажил гүйцэтгэсэн мэтээр нэр бүхий 19 хүний нийгмийн даатгалыг төлж, нийгмийн даатгалд тайлагнаж, байгууллагаас нийт 8,580,079.14 төгрөг төлсөн санхүүгийн зөрчлийг мэдсэн атлаа шуурхай арга хэмжээ аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй, хариуцлага тооцох хугацаа алдсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. Шалгалтын тайлангийн дагуу 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шуурхай хурал хийж, Ш.Бд хугацаатай үүрэг өгч, алдаа дутагдлаа засах боломж олгон, үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн. 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч Д.Даваахүүгээс УБТЗ-ын даргад хандан, ажилтнуудыг төлөөлөн албан бичгээр хүсэлт ирүүлсэн ба энэ нь шалгалтыг хамрах хугацаанд хамаарахгүй тул албан бичгийн дагуу шалгалт хийгдээгүй, Дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тусгагдаагүй. Ш.Б удаа дараа ноцтой зөрчил гаргасан боловч түүнд алдаа дутагдлаа залруулах боломж олгосон, хугацаатай үүрэг даалгавар өгсөн болох нь хяналт шалгалтын тайлан болон 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогддог. Гэвч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Замын даргын намрын үзлэгийн комисс Төмөр бетон дэрний үйлдвэрт очиж, ажилтай нь танилцах үед Монголын төмөр замчдын холбооны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга болон үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, ажилтнуудын төлөөллөөс Ш.Бы талаар өмнө шалгагдаж байгаагүй асуудлаар замын нэгдүгээр орлогч дарга болон үзлэгийн комисст хандан, дахин гомдол гаргасан. Үүнд: үйлдвэрийн хашаанаас удаа дараа ажлын бус, шөнө оройн цагаар үйлдвэрийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд зүйлийг хулгайгаар гаргасан, худалдан борлуулж байгаа талаар дурдаж, ачиж гаргасан эд зүйл, ачсан машины дугаар зэрэг баримттайгаар гомдол гаргасан.

Түүнчлэн тус үйлдвэрийн нэг цехийн байрыг үзэхэд л цэвэрлэгээ хийгээгүй, бохир байсан тул Замын даргын намрын үзлэгт бэлтгээгүй, маш хангалтгүй байсан төдийгүй Замын нэгдүгээр орлогч даргаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу хариуцсан удирдлагын хувьд ажилтнуудынхаа гомдол, саналыг ч шийдвэрлэж чадаагүй болох нь тогтоогдсон. Замын даргын намрын үзлэгийн дүнг хэлэлцэх цахим хурлын үед Замын нэгдүгээр орлогч дарга Төмөр бетон дэрний үйлдвэрийн дарга Ш.Баас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, зөрчлөө арилгасан эсэхийг асуухаар нэр дурдсан боловч Ш.Б тухайн үед байгаагүй, хуралд оролцоогүй байсан тул Замын удирдлагын зүгээс түүнийг зөрчлөө арилгаагүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул хуралд оролцохоос зайлсхийсэн, удаа дараа боломж олгосон байхад байгууллагаа удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй, байгууллагаас нь зөвшөөрөлгүй эд хөрөнгө гаргаж байгаад хяналт тавиагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон, өмнө сахилгын шийтгэл ногдуулснаас зөрчил давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтнууд болон тус үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын удаа дараагийн гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар Ш.Б нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, байгууллагыг удирдлагаар хангаж ажиллаагүй болон Хөдөлмөрийн дотоод журам, Нийгэмлэгт мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрчсөн болох нь тогтоогдож, сахилгын давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Намрын үзлэгээр хангалттай үнэлэгдсэнээр гэрчилгээ олгогдсон гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа. Гэвч гэрчилгээнд үнэлгээ тавигдаагүй байна. 9 дүгээр сарын 15-ны өдрийн тушаалын үндэслэл хэсэгт шуурхай хурлын тэмдэглэл, Дотоод аудитын тайланг үндэслэл болгосон. Уг тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэл зөвхөн нягтлан бодогчтой холбоотой гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрч Б.Батбаатар нь интернэтийн шугам сүлжээг мэддэг хүн биш. Энэ асуудлыг хариуцдаг байгууллага нь тусдаа бий. Нийгэмлэгийн нэгдүгээр орлогч дарга нь ажлаас халах шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн. Түүнд 2020 онд эрх олгож, үүнээс хойш Замын дарга гадаад улсад яваад эргэж ирээгүй, нас барсан. Нийгэмлэгийн дүрмийн 24 дүгээр зүйлд зааснаар даргыг нэгдүгээр орлогч орлоно. Бүх үйл ажиллагааг эзгүйд нь хэрэгжүүлэх эрх олгогддог учир тушаал гаргасан нь үндэслэлтэй. 2007 оны Төмөр замын тээврийн тухай хуульд ажлаас халах тухай зохицуулалт орсон байгаа. Нийгэмлэгийн нийт 121 байгууллагаас намрын үзлэгээр 3 байгууллага үнэлгээ аваагүй. Үүний нэг нь Төмөр бетон дэрний үйлдвэр байсан. Интернэттэй холбоотой актын тухайд гуйж байгаад бичүүлсэн гэдэг. Фото зурагнууд нь цахим хурал болсны маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр байсан учир 11 сарын 09-нд очоогүй гэж үзнэ. 2021 оны 11 дүгээр сарын 04, 09-ний өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдээр ажил олгогчийн гаргасан тушаалд заасан зөрчлүүдийг үйлдсэн нь тогтоогдож байна гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 128 дугаар зүйлийн 1281.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ш.Быг МОХНН УТЗын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч МОХНН УТЗаас 9,122,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, цалинтай тэнцэх олговорт илүү нэхэмжилсэн 2,585,607 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай 1997 оны хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Ш.Бы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг МОХНН УТЗд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 160,911 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй бөгөөд үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

          4.а. Гэрч Б.Батбаатарын мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримттай зөрчилдөж байгааг анхаарч үзээгүй.

          4.б. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цахим хурлын ирцийн бүртгэлд дарга гэж бүртгэгдээгүй болохыг шүүх үнэлээгүй. Тус цахим хурал нь 10:00-13:30 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд цахим хурал явуулах журмын дагуу хурал эхлэхээс 10 минутын өмнө ирцийг бүртгэж баримтжуулсан бөгөөд ирц бүртгэлд нэр нь байхгүй байгаа нь тухайн хурал эхлэхэд болон хурлын явцад нэхэмжлэгч Ш.Б нь байгаагүй, хуралд оролцоогүй болох нь ирц бүртгэл болон хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгааг анхаараагүй.

          4.в. Мөн ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүргийг хэрхэн биелүүлээгүй талаар тушаалд тодорхой заагаагүй байна” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан.

          Түүнчлэн, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 55 тоот хурлын тэмдэглэлд дарга Б.Баяраа, Ганбаатар нар үйлдвэрийн хөрөнгө шамшигдуулсан талаар 11 төрлийн асуудлыг танилцуулсан. Зарим ажилчид ашиг олох зорилгоор үйлдвэрийн эд хөрөнгө шамшигдуулж, хувийн үйлдвэрлэл явуулдаг талаар замын даргад танилцуулсан гэх баримтуудаар зөрчил гаргасан нь тогтоогддог.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байгууллагын хуралд Ш.Б оролцсон. Шүүхийн шийдвэрийн 14-т 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн цахим хуралд нэхэмжлэгч Ш.Б “дарга аа би байна” гэж хэлсэн нь тэмдэглэлд тусгагдсан байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч тушаалын үндэслэл болсон уг цахим хурлыг таслаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цар тахлын улмаас тухайн хурлын танхимд ариутгал явагдсан бөгөөд ариутгалын бодис нь техник, төхөөрөмжид орж гэмтэл учирснаар Ш.Бы өрөөний интернэт тасарсан. Уг интернэтийн шугам сүлжээ нь инженер техникийн ажлын өрөөнөөс салаалдаг. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа нь тусгай сүлжээгээр явагддаг. Гомдолд дурдсанаар нэг сүлжээнд холбогддоггүй. Мөн интернэт сүлжээнд гэмтэл гарсан тул засварлаж акт үйлдсэн. 10 дугаар сарын 28-ны өдрийн хурлыг Ш.Б дарга явуулсан бөгөөд байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг илрүүлж, түүний дагуу аудит, шүүхийн байгууллагад хандаж буруутай этгээдээр төлөөлүүлсэн. Байгууллагын үйл ажиллагааны зарим дутагдалтай асуудлаар аудитын хурал хийсэн. Мөн хурлын тэмдэглэлд Ш.Б токарийн машин авч явсан нь гүтгэлэг байсан бөгөөд шалгалтын явцад нотлогдоогүй, мөн хуучин дарга нарын гэр бүл, ах дүүсийн байдлууд нь ажил хийхэд бэрхшээлтэй байдлыг үүсгэдэг гэж дурдсан. Мөн шүүх талууд хаврын үзлэгийн талаар маргаагүй гэж дүгнэсэн. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төмөр бетон дэрний үйлдвэрийн хаврын үзлэг явагдаагүй гэж тайлбарладаг. Намрын үзлэг явагдсан бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан. Хариуцагч талаас намрын үзлэгээр хариуцлагагүй ажилсан гэж тайлбарладаг. Гэтэл Төмөр бетон дэрний үйлдвэрийн дарга Ш.Б удирдсанаас хойш санхүү, эдийн засгийн байдал эрс сайжирсан талаар баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

            2. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч МОХНН УТЗд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаангүй.

            МОХНН УТЗын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/II/113 дугаар тушаалаар Ш.Бд үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалд Ш.Б гомдол гаргаагүй байна.

3. Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/II/147 дугаар тушаалаар Ш.Быг сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх 13-15/ Ш.Б нь уг тушаалд заасан үндэслэлийг эс зөвшөөрч, гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Талууд сахилгын давтан зөрчил тогтоогдсон эсэх талаар маргасан.

4. Хариуцагч байгууллага татгалзлын үндэслэлээ “...ажилтан Ш.Б нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй биелүүлж, Замын даргын намрын үзлэг шалгалтад хангалтгүй бэлтгэсэн, Замын даргын хаврын үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, “УБТЗ” ХНН-ийн Замын нэгдүгээр орлогч даргын удирдсан үзлэгийн дүнгийн хуралд оролцоогүй тасалсан, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, сахилгын давтан зөрчил гаргасан” гэж тайлбарладаг. Уг тайлбараа нотлох үүргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээнэ.

4.а. Хэрэгт авагдсан Төмөр бетон дэрний үйлдвэрийн 2021 оны 10 дугаар сарын 28, 2021 оны 11 дүгээр сарын 04, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдээс үзвэл тухайн хурлаар дутагдуулсан эд хөрөнгийг холбогдох этгээдээр төлүүлэх, хариуцлага алдсан ажилтнуудад арга хэмжээ авах, гомдол, хүсэлтийг холбогдох газарт хандан шийдвэрлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн ба эдгээр нь үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ нэхэмжлэгч Ш.Быг хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийг эргэлзээгүй нотлохгүй байна.  

4.б. Улаанбаатар төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргалд гаргасан гомдол авагдсан байх ба тухайн гомдолд дурдсан асуудал нь эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй.

4.в. Мөн МОХНН УТЗын Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостныхын удирдсан үзлэгийн дүнгийн хурлын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн акт болон нэхэмжлэгчийн бичсэн мессеж, гэрч Б.Батбаатарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тухайн өдрийн хуралд Ш.Б суусан болох нь нотлогдсон.

4.г. Улаанбаатар төмөр замын Төмөр бетон дэрний үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргалд гаргасан гомдол нь нэхэмжлэгч Ш.Быг сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримтыг нотлохгүй.

4.д. Нэхэмжлэгч Ш.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ямар үүргийг, хэрхэн зөрчсөн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Ш.Быг МОХНН УТЗын Хөтөл дэх Төмөр бетон дэрний үйлдвэрийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

5. Нэхэмжлэгч Ш.Бы нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн заалтын зөв баримтлаагүй, хуучин Хөдөлмөрийн тухай хууль батлагдсан огноог алдаатай бичжээ. Уг алдааг залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцнэ. 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/01662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын “1997” гэснийг “1999” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “7 дугаар зүйлийн 4.1.5 дахь хэсэгт” гэснийг “41 дүгээр зүйлийн 41.1.5-д” гэж, “56.2” гэснийг “56.1” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,911 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД      

                          ШҮҮГЧИД                                   С.ЭНХБАЯР          

                                                                              Д.БЯМБАСҮРЭН