Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/34

 

П.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор О.Батнасан,

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа

Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/157 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Батнасангийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.*******д холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч П.******* нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 15 минутын орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Арслан хотхоны зогсоолын талбай дээр “Тоёота Приус Апьфа” загварын ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчиж явсан 7 настай, эрэгтэй Б.*******ийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь П.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх:

Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Прокуророос хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зөөврийн диск-д авагдсан бичлэг, тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/147, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/238, 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2026/22 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар яллагдагч П.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдсон гэж үзэж, гэм буруутай эсэхийг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал, гэм буруугийн асуудлыг шүүх тогтоох боломжтой, хангалттай, хүрэлцээтэй нотлох баримтууд хэрэгт цугларсан гэж дүгнэсэн.

“Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа”-нд мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагааг хамааруулан үзэх ба шүүгчийн 2026/ШЗ/157 дугаар захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан болно.

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэгийн шинжээч Р.*******ын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/147 дугаартай дүгнэлтэд: “...******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн, ...Насанд хүрээгүй хохирогч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай...”,

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэгийн шинжээч Б.*******, Э.*******, Г. нарын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/238 дугаартай дүгнэлтэд: “...Б.*******ий асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно." гэсэн заалтыг зөрчсөн нь уг осол гарах нөхцөлийг, Тоёота Приус Альфа маркийн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...”,

-Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэгийн шинжээч Б., Л., Ш. нарын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 20263/22 дугаартай дүгнэлтэд: “...жолооч П.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10”10. Хөдөлгөөний дараалал нь дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Тухайн нөхцөлд насанд хүрээгүй Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай байна” зэргээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүгүй, тухайн гэмт хэрэг нь жолооч П.*******гийн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан болох нь тогтоогдсон.

Дээрх 2025/147, 2026/22 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч Б.*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай талаар дүгнэсэн нь хоорондоо зөрүүгүй ба 2025/238 дугаар дүгнэлтэд насанд хүрээгүй Б.*******ий асран хамгаалагч нь хүүхдийг харгалзах хүнгүйгээр хөдөлгөөнд оролцуулсан, энэ нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн боловч насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь зам тээврийн осол гаргаагүй.

Түүнчлэн зам тээврийн осол, хэргийн үед насанд хүрээгүй хохирогч, бусад этгээд нь осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх талаар шинжээчийн 2025/147, 2025/238 дугаартай дүгнэлтүүд зөрүүтэй гэж үзсэн тул 2026/22 дугаартай дүгнэлтийг дахин гаргуулж зөрүүг арилган, осолд буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоолгосон ба тус дүгнэлтээр насанд хүрээгүй Б.*******, түүний хууль ёсны төлөөлөгч нарыг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэж үзэн, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор тайлбарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлгийн зарим зүйл, хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарт шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөөгүй үндэслэлээ өөрсдийн гаргасан шийдвэрт заавал заахаар, шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэхдээ нотлох баримтаар тооцсон болон тооцоогүй үндэслэлээ дүгнэлт, магадалгаа бүрээр шүүх шийдвэртээ заавал тусгахаар заасан.

Тус тайлбарт тайлбарласнаар шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй эсэх, хүлээн зөвшөөрөгдсөн эсэх зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тогтоох боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт бус шүүх хуралдааны явцад, шүүхийн хэлэлцүүлгээр талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотлон тогтоохоор заасан бөгөөд энэ нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар илэрнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй ба шүүхээс нотлох баримтуудыг харьцуулан дүгнэх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгчийн захирамжид шинжээчийн дүгнэлтүүдийг иш татаж, тэдгээрийг үнэлж дүгнэлт хийн, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоогоогүй талаар болон тусгай мэдлэгийн хүрээнд гаргаж буй шинжээчийн дүгнэлтэд тавигдах мөрдөгчийн асуулт оновчтой бус болохыг дурдаж хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцээгүй.

Учир нь, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг шинжлэн судлахгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шатанд, шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэх байтал шүүх ийнхүү шинжээчийн дүгнэлтүүдийг агуулгаар нь иш татаж, тэдгээрийг үнэлж дүгнэх байдлаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн ажиллагаа бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Дээрх үндэслэлээр хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэлээ.

Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/157 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2026/ШЗ/157 дугаартай захирамжаар П.******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, яллагдагчийн гэм буруутай үйлдэл, шалтгаант холбоо, гэм хор учирсан байдал бүгд нотлогдсон. Шинжээчийн дүгнэлтүүд нь зарим асуултад зөрүүтэй хариулт өгсөн байдаг ч энэ нь хэрэг буцаах үндэслэл биш. Шүүгч өөрийн дотоод итгэлээр нотлох баримтыг үнэлж шийдвэрлэх ёстой. Тиймээс анхан шатны шүүх хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Иймд дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэж Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/157 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 157 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

   Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гомдол болоод прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэргийн хүрээнд авагдсан, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар анхан шатны шүүх хуралдааныг товлон зарлаад энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байхад шүүх үндэслэлгүйгээр хэргийг буцаасан гэх байр суурийн хувьд адилхан байна.

Шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлт хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэх шалтаг шалтгааныг хэлж шүүгчийн захирамжийн үндэслэлийг шүүх хуралдаан дээр тайлбарласан.

Хэргийн хүрээнд авагдсан шинжээчийн дүгнэлт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт гээд өөр бусад хэргийн хүрээнд авагдсан баримтаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулаад байх шаардлагагүй. Шүүх хуралдаан дээр аль ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд мэтгэлцэх зарчим хэрэгждэг учир хэргийг прокурорт буцаахгүйгээр анхан шатны шүүхээр өмгөөлөгчийн зүгээс шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Болормаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай өмгөөлөгч Н.Гарьдхүүгээс гаргасан гомдол болон эсэргүүцлийг дэмжиж байна. ...Хамгийн гол нь хүүхдийн эрх ашгийг хамгаалж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл болон гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.*******г 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цаг 15 минутын орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8 дугаар баг, Арслан хотхоны зогсоолын талбай дээр “Тоёота Приус Альфа” загварын ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчиж явсан 7 настай, эрэгтэй Б.*******ийг мөргөсний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар түүний үйлдлийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн “хэрэгт авагдсан 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №2025/147 ...,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №2025/238 ...,  2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №2026/22 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд “...зам тээврийн осол мөн эсэх, жолооч П.******* болон насанд хүрээгүй хохирогч Б.******* нар Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн эсэх” асуултад хариулсан хэдий ч асуулт Б, В-д тавигдсан “...Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад ямар нэгэн нөлөө үзүүлсэн эсэх” гэх асуултад шинжээч нар хариулаагүй, орхигдуулсан байгаа нь дүгнэлт бүрэн бус байхаас гадна гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй.

Яллагдагч П.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.10. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн, аль эсхүл Б.*******ий асран хамгаалагч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “25.3. Унадаг дугуйг 10 хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр зөвхөн явган хүний зам дээр, харин 10-аас 14 хүртэлх насны хүүхэд явган хүний зам болон түүн дээр тэмдэглэгдсэн унадаг дугуйн замаар унаж хөдөлгөөнд оролцож болно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс шалтгаалж уг зам тээврийн осол гарсан эсэх, эсхүл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ӨМГ0825/038 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтэд “Б.*******ий сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0826/403 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлтэд “Б.*******ий сэтгэцэд учирсан хор уршиг гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэж бие биеэ үгүйсгэсэн хоёр дүгнэлт авагдсан байх бөгөөд энэхүү хоёр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй болохыг давхар нотлох ажиллагааг хийгээгүй орхигдуулжээ. ...Шүүх дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр яллагдагч П.*******д холбогдох ******* дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.” гэх дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудалд шүүх хуралдаанд дуудах ...шинжээчтэй холбоотой санал хүсэлтийг хэлэлцэхээс гадна, шүүгч өөрийн санаачилгаар шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхтэй байхаар мөн зүйлийн 6 дахь хэсэгт хуульчилсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.21 дүгээр зүйлд заасан журмын дагуу шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой бөгөөд энэ нь гучин тавдугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатанд хамаарч байна. 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж шүүх үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ.” гэж тус тус заасан ба энэхүү ажиллагааг шүүхийн шатанд хийж гүйцэтгэх боломжтой талаар хуульчилсан ба зайлшгүй хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 болон 6 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, дээрх ажиллагаануудыг мөн шүүхийн шатанд хийж гүйцэтгэх боломжтой байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж хуульчилсан ба шинжээч нарын дүгнэлтийг оролцогчид шинжлэн судлаагүй, энэ талаар талууд тэгш эрхийн зарчимд үндэслэн мэтгэлцээгүй байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад урьдчилан дүгнэлт хийх эрх хуулиар олгогдоогүй ба энэ нь төвийг сахисан байр сууринаас хэргийг хянан шийдвэрлэх шүүх, шүүгчийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй юм.

          Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан бүхий л ажиллагааг дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шатанд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай хяналтын прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

          Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр тогтов.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЗ/157 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

         2. “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасангийн бичсэн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүүгийн гаргасан гомдлыг тус тус хангасугай.

         3.  Яллагдагч П.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсүгэй.

       4. Яллагдагч П.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

        6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА

                                 ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                                                Х.ГЭРЭЛМАА