Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2026/ДШМ/741

 

2026           06            04                                                                        2026/ДШМ/741

 

Г.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аззаяа,

шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.О-д холбогдох 2406 05924 3353 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Ш- овгийн Г-гийн О-, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, артилерчин мэргэжилтэй, “Э-” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух, /РД: УЭ-/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;                        

Шүүгдэгч Г.О- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа болон орлогын бэлэн мөнгийг хувьдаа завшиж, тус компанид 112,802,169.48 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.О-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.О-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.О-гээс 72.630.993 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х- /“Б-” ХХК-д/ олгож, шүүгдэгч Г.О- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Г.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хохирол барагдуулах 5 хоногийн хугацаанд хөөцөлдөх байсан зээл амжиж гараагүй учир 72,630,993 төгрөгийн хохирлыг барагдуулж амжаагүй. Тус хугацаанаас хойш зээл гарч, хохирлоо бүрэн барагдуулсан тул надад оногдуулсан ял шийтгэлийг хорихоос өөр төрлийн ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Г.О-гийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцсон бөгөөд төлөх ёстой байсан 102,630,993 төгрөгийн хохирлоос 30 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 72,630,993 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Г.О- нь шүүх хуралдаанд хохирол нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж оролцсон, мөн шүүхээс хохирол төлөх 5 хоногийн хугацаа авсан боловч шинээр ажилд ороод зээлжих эрх хараахан үүсээгүй байсан, мөн бусдаас авах ёстой байсан мөнгө нь хугацаандаа орж ирээгүй зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөрийг бүрэн барагдуулж амжаагүй бөгөөд 30,000,000 төгрөгийг тус хугацаанд төлсөн байна. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирлын мөнгө нь орж ирснээр 2026 оны 04 сарын 20-ны өдөр хохирогч “Б-” ХХК-д төлөх ёстой 72,630,993 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна. Иймд Г.О- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, мөн хохирол нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг тул дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оноосон 2 жил 6 сарын хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Аззаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.О- нь анхан шатны шүүх хуралдааны үеэр  “Б-” ХХК-д учруулсан 102.360.000 төгрөгийн хохирлоос 30.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, ял шийтгэл оногдуулсан. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан хэлэлцэхээс өмнө хохирогчид учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр болох 72.360.000 төгрөгийг төлж, “Б-” ХХК-ийг хохиролгүй болгосон. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байгаа тул прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.О- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б-” ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хооронд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох бараа болон орлогын бэлэн мөнгийг хувьдаа завшиж, тус компанид 112,802,169.48 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-гийн “... Г.О-гийн хувьд манай байгууллагад ажиллах хугацаандаа буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийн хариуцсан бүсийн захиалагч нараас 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт байршилтай “С-” нэртэй дэлгүүрээс 10,020,030 төгрөгийн захиалга авч төлбөрийг байгууллагын бус дансанд авсан... 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Хужирбуланд байрлах “С-” нэртэй дэлгүүрээс 5,076,750 төгрөгийн захиалга авч төлбөрийг байгууллагын бус дансанд авсан зэрэг байгууллагад нийт 112,190,769 төгрөгийн хохирлыг учруулаад байна. Г.О- өөрийнхөө буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд манай байгууллагад хүсэлт бичиж өгч гарын үсэг зурсан. Мөн Г.О- нь өөрөө байгууллагад төлөлт хийх график гаргаж өгсөн. ... Шинжилгээний дүгнэлтээр тогтоосон 41,634,365 төгрөгийн өртэй гэсэнтэй санал нийлж байна, үүн дээр нэмээд Г.О- нь 53,515,534 төгрөгийн барааг захиалагчид нийлүүлсэн хэдий ч тушаах ёстой мөнгөнөөс бага хэмжээгээр авч хувьдаа зарцуулаад хуримтлагдан дараагийн захиалгаар өмнөх өрөө дарснаас нийлж хуримтлагдсан төлбөр нь болсон. Уг 53,515,534 төгрөгийн үнийн дүнг анх үүссэн өрийг тогтоох гэхэд хувиасаа төлсөн байгаа нь харагдаж байгаа ба өмнөх өрийг одоо авсан захиалгаар дарсан учир шууд батлагдах боломжгүй сүүлийн баримт л үлдэж явсан. Эцэстээ өөрөө төлж дийлэхээ байгаад энэ өрөө хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд уг өрийг тогтоон харах боломжгүй байсан байх. ... Харин мөн шинжилгээгээр тогтоож чадаагүй 15,382,150 төгрөгийг Г.О- нь өөрийн хариуцдаггүй бүс дээр өөрийн нэрээр бараа захиалга хийж бараагаа бэлнээр аваад үл мэдэх газарт зарж борлуулсан ч төлбөрийг байгууллагад тушаагаагүй байгаа тухай олж тогтоож чадаагүй байна. Энэ талаар Г.О- өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Дээрх 15,382,150 төгрөг нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүс-2 Орчлон чулуун овоо чиглэлд 6,074,600 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр бүс-1 Ц- наран цайз чиглэлд 5,030,400 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бүс-2 Хужир булан чиглэлээс 5,573,890 төгрөгийн захилга тус тус хийн нийт 15,382,150 төгрөгийн барааг өөрийн хариуцдаггүй бүсээс захиалга хийн төлбөрийг хувьдаа авсан зэрэг 2 асуудлыг олж тогтоож чадаагүй байна. Дээрх 53,515,534 төгрөгийн тооцоог гаргах ажлыг манай тал Г.О- өөрийг нь байлцуулж байгаад хийсэн учир маргах зүйлгүй байсан, мөн 15,382,150 төгрөгөө хүлээн зөвшөөрч байсан. ...” /1 хх 24-25/,

гэрч Н.Н-гийн “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ролтон гоймон захиалан авсан бөгөөд 607,200 төгрөг болж байсан. Энэ тооцоог 2024 оны 07 дугаар сарын 10-ны дотор “Б-” ХХК-н дансанд хийх ёстой байсан ч падаанаа алга болгоод мартчихсан байсан. Удалгүй 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр надаас “өнгөрсөн сарын өр байна, танайхаас авлагатай байна, төлөх хэрэгтэй” гэснээр би Г.О-д 607,200 төгрөгийг бэлнээр өгсөн. Г.О- нь надад “яг одоо тооцоогоо авна, би өрөнд ороод байна” гэж хэлсэн. ...” /1 хх 27/,

“Бэст фортуна аудит” ХХК-н шинжээчийн “... эцсийн байдлаар Г.О- нь 112,802,169 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. ...” гэсэн  2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/79 дүгээр дүгнэлт /1 хх 124-148/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх 15-16/, “Б-” ХХК-н 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 24/343 дугаар хүсэлт /1 хх 17-19/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 32-34/, “Б-” ХХК-н анкет /1 хх 47-51/, “Б-” ХХК-н захирлын 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21/068 дугаар тушаал, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 21/249 дүгээр тушаал /1 хх 52, 60/, “Б-” ХХК болон Г.О- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, байгууллагын нууц хадгалах гэрээ, хамтран ажиллах гэрээ, барьцааны гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /1 хх 60-65/, ажил албан тушаалын тодорхойлолт /1 хх 83-87/, шүүгдэгч Г.О-гийн “Б-” ХХК-д гаргасан өргөдөл /1 хх 88-94/, “Б-” ХХК-н худалдааны төлөөлөгч Г.О-гийн хариуцан ажиллаж байсан бүсийн 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 2024 оны 07 дугаар сарын 31-ний хоорондох тайлан /1 хх 112-119/, “Б-” ХХК-д төлөх өр төлбөрийн үлдэгдлийн тооцоо /1 хх 119/, “Б-” ХХК-н эзэмшлийн хаан банкны 5Н-1 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 120/, Г- овогтой О-гийн эзэмшлийн Хаан банкны 5Н-4 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 149-199/ зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Г.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын үлдэгдэл төлбөр болох 72,630,993 төгрөгийг нөхөн төлснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.О-гийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 52 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /52х15,000=780,000/ эдлэх ялаас нь хасаж /11,000,000-780,000=10,220,000/, түүний эдлэх ялыг 10,220,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацааны дотор буюу 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.О- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2026/ШЦТ/1023 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Г.О-г 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял ...” гэснийг “... шүүгдэгч Г.О-г 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-гийн нийт цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /52х15,000=780,000/ 11,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж /11,000,000-780,000=10,220,000/, түүний эдлэх ялыг 10,220,000 /арван сая хоёр зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.О- нь шүүхээс оногдуулсан 10,220,000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.О- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.О- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч “Б-” ХХК-д 72,630,993 /далан хоёр сая зургаан зуун гучин мянга есөн зуун ерэн гурав/ төгрөгийг төлснийг дурдаж, шүүгдэгч Г.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй сулласугай. 

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                       Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР