Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0576

 

З.Л-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч З.Л нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч З.Л-ийн гаргасан давж заалдах гомдлоор, З.Л-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т хариуцлага тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 2 дахь заалтаар Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 /хорин гурван сая найман зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч З.Л давж заалдах гомдолдоо: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэр нь нэхэмжлэгч З.Л миний нэхэмжлэлийн шаардлагын гол маргаан болох Ховд аймгийн Засаг дарга асан Д.Г-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр буюу ажилд орохоос нэг жилийн өмнө халж байгааг ярьсныг бичихгүйгээр зарим ярьсан зүйл, хуулийг дутуу буюу нэмж мушгин гуйвуулах байдлаар агуулгыг алдагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүдгэрүүлж хууль бус шийдвэр гарган Монгол Улсын нэрийн өмнөөс уншсанд гомдож Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж 46 дугаартай шийдвэрийн тогтоох нь хэсэгт тайлбар гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Л-ийн “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар “З.Л-г ажилд томилох тухай” захирамжийг илт хууль бусад тооцуулах, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 24 хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 23832403 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд болон даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай хэмээн шийдвэрлэсэнд гомдож байгаагийн үндэслэл нь:

Ховд аймгийн Засаг дарга асан Д. Г 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Б/65 тоот “З.Л-г ажилд томилох тухай” Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн захирамжилсан нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 224 дугаар тогтоолд заасны дагуу З.Лхамүүг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд томилсон.

2. З.Л-ийн ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгийг хавсралтаар баталж, 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөрт багтаан зохих журмын дагуу ажил хүлээлцүүлж, холбогдох тооцоог хийхийг ажлын хэсэгт даалгасугай хэмээн Ховд аймгийн Засаг дарга Д.Г гарын үсэг зуржээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан боловч Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажил нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасанчлан төрийн захиргааны албан тушаал бөгөөд 7.3.2-т зааснаар эрхэлсэн түшмэл, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх, 11 дүгээр зүйлийн 11.4-д заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоох гэжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйл. Захиргааны актын нэмэлт зохицуулалт 38.2.5-д “Захиргааны актаар хожим бий болох, өөрчлөгдөх, эсхүл нөхөн гүйцээх үүргийн үндэслэлийг тодруулах”, 38.3-д “Нэмэлт зохицуулалт нь захиргааны актын зорилго, агуулгад нийцсэн байна” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүйгээс Байгаль орчны газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг төлөөлөх, удирдан зохион байгуулах, төсвийг захиран зарцуулах, тушаал гаргах гэх мэт ажиллагаа зохицуулагдахгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангахгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл 43.1-д “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэсэн заалтыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөрт багтаан зохих журмын дагуу ажил хүлээлцүүлж, холбогдох тооцоо хийхийг ажлын хэсэгт даалгасугай хэмээн ажлаас халж захирамжилсан нь ажилд орох өдрөөс нэг жил буюу 368 хоногийн өмнө байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “утга, агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасанчлан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай акт нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай тогтоолыг хэрэгжүүлээгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь заалт Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ заалт зөрчигдөж байна.

З.Л би 2017 оны 09 дүгээр сарын 11-нд актыг гардаж авснаар Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны акт хүчин төгөлдөр болох захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсан мөн Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ” хэмээн заасан байдгаас 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаар захирамжийг биелүүлэх гэтэл хууль бусаар чөлөөлөгдсөн иргэн З.Л намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасанчлан ажилд орох 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн өмнө буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-нд халсан нь хэрэгжих үндэслэлгүй илт хууль бус захиргааны акт байсан.

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажлыг хүлээж авсан Л.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 11-нд ажил хүлээлцэх үед тухайн байгууллагын дотоод журам, стратеги төлөвлөгөө, 2017 оны төсвийн сар улирлын хуваарь, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүртгэл судалгаа, архив зэргийг хүлээлгэж өгөөгүйгээр тэдгээрийг архивын өрөөнд цоожлоод түлхүүрийг нь өөрийн биедээ авч Улаанбаатар хот руу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр байгууллагын даргыг дуудсан сургалтад явсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогч Г.Ч-ын мэдүүлгийн доороос 13-17 дугаар мөрөнд бичигдсэн.

Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Л.Б нь байгууллагын даргын баталгаат гарын үсгийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 захирамжтай холбогдуулан мөн өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны хооронд цуцлуулаагүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05/2195 дугаартай албан тоотод 2017 оны 09 дүгээр сарын 19-өөс 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Кувейт судалгааны төвд зохион байгуулагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эрх зүйн асуудал” сэдэвт сургалтад Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Л.Б оролцсоныг баталгаажуулсан баримт ирүүлсэн нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамж нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2017/0199 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай тогтоолыг ажлын 9 хоногт хэрэгжүүлж байгаа “дүр эсгэн” хууран мэхэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т “3ахиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй гэж хуульчилсан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үл тоомсорлон хууран мэхэлсэн мөн хэргийн явцад Ховд аймгийн Засаг дарга Д.Г 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б/67 дугаартай тушаалыг хуурамчаар үйлдэн “гүтгэсэн” учир Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.7.1-д заасанчлан “дүр эсгэн” биелүүлсэн учир хариуцлага хүлээх учиртай.

Ховд аймгийн Засаг даргатай ажлын өрөөнд нь уулзаж хууль бус захиргааны актын он сар өдрийг үзүүлж ярьсан боловч тодорхой шийдвэр гаргаагүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 21 -ний өдөр өмгөөлөгч Даваасүрэнгийн хамт Захиргааны ерөнхий хуулийн 45 дүгээр зүйлийн 45.1, 45.2 дугаарт заасанчлан захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх тухай гомдол бичиж өмгөөлөгчийн хамт гарын үсэг зураад өөрийн биеэр гарт нь өгсөн .

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасанчлан шийдвэрээ цуцалж дахин захирамж гаргах гомдлыг 2017 оны 10 дугаар сарын 02-нд гаргасанд 2017 оны 10 дугаар сарын 17-нд 4/2358 дугаараар Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.М-ын гарын үсгээр тодорхой бус хариу өгч шийдээгүй учир дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “3асаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно заасанчлан Монгол Улсын Ерөнхий сайд У.Х-д хандсанаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ХЭГ/1987 дугаартайгаар Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т хариу ирүүлсэн боловч 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 24 дүгээр тогтоолын хавсралт Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 7 дугаар зүйлийн 7.3-т  Төсвийн байгууллага гарын үсгийн баталгааг энэхүү журмын 3 дугаар хавсралтын ТТ-3 маягтаар үйлдэн нотариатаар батлуулан 1,2 дугаар гарын үсэг зурах эрх олгосон болон томилогдсон шийдвэр, энэхүү журмын 7.2-т заасан зөвшөөрлийн хамт харьяа Төрийн санд хүргүүлэхээр журмалсан ба баталгаат гарын үсгээр эрх зүйн үйлчлэл явагдана.

Ховд аймгийн Засаг дарга Д.Г-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасанчлан хууль бус захиргааны актаас хамааралтайгаар З.Л миний гарын үсэг баталгаажаагүй нь эрх зүйн үйлчлэлд ороогүйг нотлох ба Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т “Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ” хэмээн хуульчилсан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” гэж хуульчилсан бөгөөд дээрхи хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гарах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасанчлан Засаг дарга асан Д.Галсандондогийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай захирамжаар 3.Лхамхүү миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын ажилд ороогүй байгаагаас ажил хүлээж авах Б/65 мөн чөлөөлөгдсөн гэх 2017оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийн ажил хүлээлцэх актанд гарын үсэг зураагүй бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажилд гарын үсэг баталгаажаагүйгээс цалин авах эрх нээгдээгүй бөгөөд авах эрх ч надад байхгүй.

 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/65 дугаартай “З.Л-г ажилд томилох тухай” захирамжтай ижил дугаартай байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1-д “...захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх ...” заалтыг зөрчсөн бөгөөд Засаг дарга асан Д.Г-ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн Б/65 дугаар захирамж нь илт хууль бус байгаагаас 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/65 дугаартай захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-т “Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус болсноос өөрөө цуцална” гэж ойлгож байна. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” хэмээн заасан нь хэрэгжихгүй байгаа нь олон талаар харагдаж байгаагаас нэхэмжлэгч З.Л миний нэхэмжлэлийн шаардлагыг хууль бусаар шийдвэрлэсэнд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шүүхийн шийдвэрт хуулийн зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч З.Л-ээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 3 шатны шүүхийн шийдвэр гарч ажилд эгүүлэн авахдаа Хөдөлмөрийн тухай хуулиар бус Төрийн албаны тухай хуулиар томилох ёстой байсан, тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, төрийн албан хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах эрхтэй...” хэмээн маргажээ.

Харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч З.Л-г шүүхийн шийдвэрийг биелүүлж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилсон бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байсан нь нотлох баримтуудаар нотлогддог, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэж үзэх боломжгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тушаал гарах үед З.Л нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байсан тул эрх үүргийнхээ хүрээнд акт гаргасан...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд маргаж буй Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “З.Л-г ажилд томилох тухай” Б/65 дугаар захирамжаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 199 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 224 дүгээр тогтоолыг үндэслэн нэхэмжлэгч З.Л-г тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд томилсон байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “З.Л-г ажлаас чөлөөлөх тухай” Б/65 дугаар захирамжаар хууль тогтоомжид заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан бөгөөд Ховд аймгийн Засаг даргын захирамж нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн байна.

Нэхэмжлэгч З.Л нь төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргах эрхтэй хэдий ч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээний асуудалд хамаарч байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосон өндөр насны тэтгэвэр тогтоолгох 60 насанд хүрсэн тохиолдолд захиргааны байгууллагын санаачлагаар ажлаас чөлөөлөх хууль зүйн боломжтой, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас хүртэл ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэх эрхтэй тул дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж гаргасан хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэж гомдолдоо дурьдах боловч нэхэмжлэгч З.Л-ийн хувьд 1957 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн байх бөгөөд тэрээр ажлаас чөлөөлсөн захирамж гарах үед Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай  хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.

Маргаан бүхий захирамжийн дугаар давхардсан талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн, энэ талаарх баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу захиргааны байгууллага актаа засах боломжтой бөгөөд энэ үндэслэлээр уг актуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

Ховд аймгийн Засаг дарга Д.Г-т Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7.1-д заасны дагуу хариуцлага тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж зөв дүгнэсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн заалтыг баримтлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...54.1.2...” гэснийг “...54.1.1...” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...54.1.2...” гэснийг “...54.1.1...” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ