Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 441

 

Х.О-, Б.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр магадлалтай, Б.М-, Х.О- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Д овогт Х-н О-,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б-н М.

Х.О-, Х.М- нар нь 2020 онь; 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хаан банкны гадна хоорондоо тааралдан, хардалтын улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.О-, Б.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-, Б.М- нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

шүүгдэгч Х.О-, Б.М- нар нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар даалгаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтыг “шүүгдэгч Х.О-аас 621,400 төгрөг гаргуулж хохирогч Б.М-д олгож" гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаа гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд ..оролцогч оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол оролцуулна гэж заасны дагуу өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гарган өгч улмаар тус хуралд оролцох боломжгүй, Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд зарлагдсан шүүх хуралдаантай давхцал үүссэн гэх шалтгаанаа тодорхой дурдаж Х.О-ад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтийг бичгээр гарган өгсөн. Хүсэлт хэрэгт авагдсан байгаа. Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч надад хурлын товыг боломжит хугацаанд мэдэгдсэн гэх зүйлийг хэлж байгаа боловч тус хуралдаан зарлагдахаас өмнө Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын шүүхээс 2 шүүх хуралдааны товыг түрүүлж мэдэгдсэн, мөн өөрийн боломжит цаг хугацаагаа хэлж шүүх хуралдаанууд товлогдсон учир давж заалдах шатны шүүх хуралд оролцох боломжгүй болсон. Нөгөөтээгүүр Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд оролцоход өмгөөлөгч миний бие 300 км-ийн зайтай газар хүрэлцэн очиж хуралд оролцдог, зам муу, нүүрс тээврийн тэрэг ихтэй замын хөдөлгөөн аюултай байдаг тул заавал 1 хоногийн өмнө очиж байж тус хуралдаа очиж оролцдог. Тэгэхээр хүсэлтээ хуульд зааснаар бичгээр гарган өгсөн, мөн сум дундын шүүхийн шүүх хуралдааны товыг хуулбарлан өгсөн атал хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь өмгөөлөгч миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-д заасан :....хүн бүр хуулийн шүүхийн өмнө өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.13-т заасан ....давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлан эдлүүлээгүйд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ...шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу ...оролцогчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно. 5 дахь хэсэгт ...талууд хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ...ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгч болно гэж тус тус заасан. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжиж хэргийн оролцогч талууд өөрийн санал, дүгнэлтээ батлах зорилгоор шүүх хуралдаанд орж мэтгэлцдэг. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн оролцогч нэг талыг шүүх хуралдаанд оролцуулсан нь өмгөөлөгч миний мэтгэлцэх эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдаан дээр Х.О-ын ял хөнгөрүүлэхтэй холбоотой нотлох баримтыг гарган өгөх байсан боловч шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангаагүйгээс нотлох баримт гарган өгөх эрхийг эдлүүлээгүй ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд дээрх нөхцөл байдлыг анхааран үзэж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг хангуулах үүднээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн хурал хойшлуулах хүсэлтийг хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон. Харин шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад прокурор болон Б.М-ын өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийг дэмжиж оролцсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг үндэслэн Х.О-, Б.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.О-, Б.М- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч нар бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон гэж дүгнэн шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Учир нь тус шүүх шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан “шүүх хуралдаан давхацсан тул хуралдааныг хойшлуулах талаар гаргасан” хүсэлт, түүнд холбогдох баримтууд болон тус хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг хянан хэлэлцээд хүндэтгэн үзэх шалтгаан бүхий уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.

Иймд хяналтын шатны шүүхэд гаргасан өмгөөлөгч Ц.Баярмаагийн гомдол болон шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлтийг хүлээн авч магадлалыг хүчингүй болгож, Х.О-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр магадлалыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Х.О-ын өмгөөлөгч Ц.Баярмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН