Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Т.ОюунЖ,

шүүгдэгч/хохирогч С.О, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч/хохирогч С.М, түүний өмгөөлөгч Б.Нандинчулуун нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _________ нарт холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших А интернет тоглоомын газрын гадаа иргэн С.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.М нь 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших А интернет тоглоомын газрын гадаа иргэн С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ:

“...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орой “А” интернет тоглоомын газарт тоглож байсан. Зургуулаа дарааллаад суугаад тоглож байсан. Цаана сууж байсан Л жаахан тоглоом муу тоглодог. Бид нар 2 дахь тоглоомоо тоглож байсан. Тухайн үед Оын эхнэр нь төрсөн байсан. Ар гэрээс нь залгаад утсаар яриад яваад байсан. Тэр хооронд бид нар тоглоомоо тоглоод Лг тахиа гээд баатар аваад тоглоё гээд ярьж байсан. Тоглоомын баатрууд нь амьтны нэртэй байсан. Би Лг тахиагаа аваад тоглооч ээ чамаас болоод хожигдоод байна гэж хэлэхэд О чиний тахиаг яагаад бид нар аваад тоглох ёстой юм гээд маргалдсан. Чамтай яриагүй байна гэсэн чинь намайг лоолой гэж доромжлоод хэрүүл үүссэн. Намайг доромжлоод байхаар нь би явлаа гээд цамцаа өмсөөд гараад машинаа халаагаад байж байхад араас О ахтайгаа гарч ирсэн. Бид хоёр маргалдаад байж байгаад нөгөө хэд чинь гарч ирлээ хоёулаа болъё гээд маргалдахаа болиод байж байхад О шууд цохиод өшиглөөд тэгээд би хойшоо унахад миний амнаас цус гараад шүд унасан байсан. О хүрч ирээд дээрээс цохисон. Тэгээд О ахтайгаа цаашаа яваад өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ:

“...Мэдүүлэг өгөхгүй...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.М мэдүүлэхдээ:

“...Миний уруул сэтэрээд 4 оёдол тавиулсан. Шүд хугарч унасан. Шүдээ хийлгэж амжаагүй байгаа. Одоо шүдээ хийлгүүлчихвэл гомдол саналгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О мэдүүлэхдээ:

“...Би нурууны бэртэл авсан. Мөн хуучин ломбодуулж байсан ломботой шүд унасан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Оын өгсөн:

“...Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эхнэрээ 1-р төрөх дээр эргээд явж байтал 16 цагийн үед манай найз М залгасан байсан. Тэгээд утсаа автал хаана байна гэхээр нь би эхнэрээ эргээд явж байна гэхэд эхнэр чинь эмнэлэгт хэвтсэн байгаа юм уу тэгвэп орой зав гарга уулзая гэхээр нь завгүй байна гээд салгасан юм. Дахиад залгахаар нь эгчдээ та авдаа гээд утсаа өгсөн юм, манай эгч утас аваад эхнэрээ эргэх гээд орсон байна, гарч ирэхээр нь залгуулъя гэж хэлсэн. Охин маань халуунтай байхаар нь өдөржингөө эмнэлэг дээр сахиж байгаад орой 21 цагийн үед гэртээ хариад байж байтал М дахиад над руу залгаад хаана явж байна гэртээ ирсэн биздээ хурдан гараад А-д хүрээд ир гэсэн. Би би хадам ах Бын хамт 21 цаг өнгөрөөгөөд очсон. Намайг тэр интернэт тоглоомын газарт очиход М миний өмнөөс өдөржингөө залгаад байхад утсаа авахгүй их зан гаргаад байгаарай гээд уурлаж байсан би хариуд нь охин хатгаа аваад өдөржингөө эмнэлэг дээр байхад яах гэж залгаад байсан юм гээд хэсэг маргалдаж байгаад тоглохоор суусан. Манай хадам ах Б оюуны хомсдолтой юм тэгээд тэр газар надаас энэ компьютэрийг яаж асаах вэ гэж асуухад М хажуу талаас компьютерээс асааж чадахгүй бол яах гэж энд орж ирсэн юм тэр шар хадандаа очиж хэвтэхгүй гээд доромжлоод байсан. Тэгээд тоглоомоо тоглоод сууж байгаад тоглож байсан тоглоомноос болж хоорондоо маргалдаад хэрэлдсэн. Ооо би чамайг ална аа чи их том болжээ өөдөөс юм хэлээд гээд над руу гараа далайж байсан. Би одоо болиоч гэхэд миний сууж байсан сандлын ар талд тохсон байсан куртикээ аваад миний зүүн чих хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, тэгээд түрүүлээд гараад явсан. Би удалгүй найзуудтай нь мөн ахтайгаа 5-лаа араас нь гарсан. Гарч ирэх үед намайг цамцны захаар боосон, хамт байсан хүмүүс тухайн үед салгасан. Салгаж байх үед миний хавирга руу өшиглөсөн. Цааш намайг явж байтал араас ирээд дахиад боогоод машины багаж хэсэг рүү налуулаад боогоод байсан. Салгах гэж байгаад миний цамцны зах хэсгийг урсан байгаа. Урагдсан цамцаа тайлаад дан майктай байхад дахиж ирээд майкны мөрөөр боогоод доош нь дарсан би амьсгалж чадахгүй болоод хойш гэдийгээд түлхээд зугтахад амнаас нь цус гарсан байсан. Гүйж ирээд дахиад заамдалцаад миний нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд нүүр руү нь цохисон. Тэгэж байх үедээ хойш алхаж байгаад замын бордюр хэсэгт тээглээд унасан тэгээд салсан. Тэгтэл Мын амнаас цус гараад Гэмтлийн эмнэлэг явж урууланд нь оёо тавиулсан. Мөн урд үүдэн нэг шүд нь хөдөлсөн байсан.

Би уг үйлдэлдээ гэмшиж байна. С.М нь баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 48-50, 56-57/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Мын өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой О, Б, Ж, Оын ах, Бий найз Л гээд бид 6-лаа Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг А нэртэй интернэт тоглоомын газар 21 цагийн орчим уулзсан. Тэгээд тэр газраа ороод тоглоомоо тоглож байх үед Оын гэрээс нь утсаар залгаад байсан, тэр үед О жаахан уурлаж уцаарлаад байсан. Би тоглоом тоглож байхдаа хамт тоглож байсан Лг тоглоомныхоо тахиаг хурдан аваачээ гээд хэлсэн. Тэгэхэд дундуур нь О орж ирээд чи өөрөө тэрийгээ аваач, бид нар авах ёстой юм уу гээд бид 2 анх маргаж эхэлсэн. Тэгэхээр нь би чамтай харьцаагүй байна гэхэд О над руу шууд асаад муудалцаж эхэлсэн. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байсан. Арай гайгүй болоод хэрүүл намжаад байж байх үед Оын гар утас нь дахиад дуугараад суудлаасаа босоод утсаар яриад, ядахдаа тоглоом нь дууссан байсан болохоор уурлаад намайг гахай, лоолой гэх мэтээр доромжлоод байсан. Чамаас болж үхчихлээ гээд хэрүүл өдөөд байхаар нь би зүгээр байгаарай гээд гараа далайсан, тэгтэл О гарах уу гээд толгойгоороо дохиод байхаар нь тэгье гээд би түрүүлээд гараад явсан. Гараад машинаа асаагаад явах гээд байж байтал цаанаас О ахтайгаа хамт гараад ирсэн. Гарч ирснээ хөөе чи лоолой минь чи түрүүн юу гээд байсан бэ гэхээр нь би машинаас буугаад өөдөөс нь очоод заамдалцаж аваад маргалдсан. Намайг шууд боогоод авахаар нь адилхан заамдалцаж бие биенээ түлхэлцэж байхад хамт тоглож байсан нэг нь ирээд миний баруун гарыг бариад авахад О намайг 2 гараараа заамдаад авсан. О намайг боогоод байхаар нь гар тавь гээд тавиулаад салсан. Тэгтэл О намайг шууд нүүр рүү баруун гараараа нэг удаа цохиод араас нь толгойны дух хэсгээр шүд рүү мөргөж миний үүдэн дээд талын шүд хугарч, нэг шүд булгарсан. Мөргөлтөнд нь манараад газар унах үед дээрээс ирээд дахиад цохисон. Миний уруул сэтэрч 5 оёдол тавиулсан. Хамт байсан хүмүүс тэгээд салгасан.

Би Оыг цохисон үйлдэл байхгүй. Харин заамдаж түлхэсэн үйлдэл гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 52-53, 60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Мын өгсөн:

“...2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их хүрээ хаан банкны дээд давхарт байрлах интернэт тоглоомын газарт О ахтайгаа тэгээд Б болон түүний найзууд бид нар тоглох гээд 21 цагийн орчимд орсон. Тухайн үед тоглож байгаад тоглоомоос болж О бид хоёр маргалдсан. Маргалдсан уурандаа би гараад машиндаа суугаад явах гэсэн бөгөөд миний араас О ахтайгаа хамт гарч ирээд намайг “хөөе муу лоолой минь хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О дээр очиж бид хоёр зууралдаж ноцолдоод харилцан бие биенээ боолцсон. Тэгээд би Оыг тавиад эргэж хараад явах гэтэл миний шүд рүү нэг удаа мөргөж намайг газар унасан бөгөөд намайг газар унасан байхад нүүрлүү хөлөөрөө 1 удаа өшиглөөд 2 удаа гараараа цохисон. Тэр үед Оын ах /Ж/, Б, Бтэй хамт явж байсан найз /Л/ нар ирж зодооныг салгаж Оыг надаас холдуулсан. Тэгээд би гэмтэл дээр ирээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан. Бид хоёроос өөр маргалдаж зодолдсон хүн байхгүй. Миний биед учирсан гэмтлийг О учруулсан. Ооос өөр надад гар хүрсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч С.Оын өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө 1-р төрх дээр эхнэрээ эргэх гээд очсон юм. Тэр өдрийн 15-16 цагийн хооронд М миний 96760628 дугаар руу 91919630 дугаараас 7-8 удаа залгасан байсан. Би сүүлчийн дуудлагыг нь аваад эхнэр хүүхдээ эмнэлэгт эргээд явж байна яасан гэхэд эхнэр хүүхэд чинь эмнэлэгт хэвтсэн байгаа биздээ орой тоглоё гэхээр нь завгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахиад над руу залгахаар нь эгч Цд утсаа өгөөд ярьчих гэж хэлсэн. Манай эгч Мд эхнэр хүүхэд нь эмнэлэгт хэвтсэн байна яах гээд байн байн залгаад байгаа юм гэж хэлсэн. Орой 20 цагийн орчимд хорооллын эцэст байдаг гэртээ орж ирээд байж байх үед М залгаад чи өдөржингөө муриад алга болчих юмаа, гялс А-д хүрээд ир ярих ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ах Бын хамт А нэртэй тоглоомын газар очсон. Тэгээд А-д орох үед М нь чи одоо өдөржингөө залгаад авахгүй яах гээд байгаа юм гээд намайг хараагаад байсан. Тэгээд тэнд хамт тоглохоор манай ах Б, М, Б, Ж, Мын найз гээд бас нэг залуу байсан. Бүгд тоглохоор сууж байх үед манай хадам ах Б миний эсрэг талд суусан. Б ах тархины саажилтай хүн болохоор компьютерээ асааж чадахгүй надаас асуухаар нь зааж өгөх гэж байхад М нь хажуунаас орж ирээд компьютерээ асааж чадахгүй бол рс тоглож яадаг юм, ингэж байхаар шар хадны эмнэлэгтээ очиж хэвтээч гэж доромжилсон. Би Мд наад хүн чинь тархи толгой муутайг нь мэдсээр байж яах гэж тэгдэг юм гэж хэлсэн. Тэгтэл М чи одоо юу гээд байгаа юм гээд над руу маргалдах гээд дайраад байсан. Тэгэж байгаад тоглож байтал М дахиад над руу тоглоомноос болж дахиад уурласан. Хажуунаас зүгээр сууж байхад хараагаад үгээр идээд байсан. Хариуд нь би чимээгүй бай зүгээр тоглолдоо гэж хэлэхэд мөн л над руу хэлэх хэлэхгүй үгээр дайраад хараагаад байсан. Намайг цохих гээд гараараа зангаад би чамайг өнөөдөр ална гээд суудлаасаа босоод миний сууж байсан сандал дээр тохсон байсан күртикээ аваад гараад ир гээд түлхээд хажуугаар зөрөхдөө миний зүүн чих рүү гараараа атгаж байгаад цохиод гарсан. Хамт тоглож байсан хүмүүсээ хүлээж байгаад 4-5 минутын дараа араас нь гарсан. Гарах үед М машинаа асаалттай орхиод урдаас хурдан алхаад ирсэн. Тэгснээ намайг шууд боогоод машин руу түлхээд зогссон. Тэгж байтал Мын найз Ж, Б салгасан. Салахдаа намайг нэг удаа зүүн эрүү хэсэг рүү цохиод салсан. М дахиж ирээд цамцаар хоолой боохоор нь түлхээд салсан тэр үед мөн намайг өшиглөсөн. Цамцны захаар боогоод байхаар нь цамцаа тайлаад ахдаа өгөөд байж байтал М дахин ирж бид 2 ноцолдсон. Майкны урагдсан мөрөөр хоолой боогоод доош дараад би амьсгалж чадахгүй байдалд хүрээд дээшээгээ огцом өндийсөн. Салаад явж байтал араас ирээд баруун гараараа намайг боогоод сэгсчээд байсан. Намайг цохихоор нь би зөрүүлж цохиод хоолой боогоод сэгчээд байхаар нь салгах гээд М руу түрээд хойшилж байх үед М хөл алдаад унасан. Тэгээд нөгөө хэд маань салгасан. Тэгээд босоод ирэхэд Мын амнаас цус гарч байсан. Миний биед толгой хавдсан, нуруу өвдөөд байгаа. Хоолой зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Бий өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн үеэл М, найз Л, Мын найз О, Оын ах, манай найз Ж нартай хамт Ахуйн үйлчилгээний дэргэд үйл ажиллагаа явуулдаг компьютер тоглоомын газарт үйлчлүүлэхээр очсон юм. Тухайн үед тоглоомноос болж М, О хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. М уурандаа тоглоомын газраас гараад явсан бөгөөд түүний араас О, Оын ах хоёр гараад явсан. Харин Ж, Л бид гурав сүүлд нь араас нь гарсан. Ж, Л бид гурвыг тоглоомын газраас гараад Дурсахуй гээд баарны урд талын зогсоол дээр очиход О, М хоёр хоорондоо заамдалцаад хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Харин Оын ах гэх хүн хажууд нь зогсож байсан. Тухайн үед бид нар тэр хоёрыг найзууд юм чинь ингэсгээд салаад эвлэрчих байх гэж бодоод очилгүй зайтай зогсож байсан. Тэгтэл О Мыг мөргөх шиг болсон энэ үед М газар унахад О Мын нүүрлүү гараараа цохиод, өшиглөж байгаа харагдсан. Тэр үед Ж, Л, Оын ах бид гурав очиж тэр хоёрыг салгаад Оыг Маас холдуулсан. Тэр үед Мын шүд нь хугараад санжигнасан байдалтай уруул нь язарч ангайсан, амнаас нь цус гарсан байсан. Оын биед гэмтэл гэх зүйл байхгүй нүүр амнаас нь цус гарсан зүйл байхгүй байсан. Тухайн үед хэн нэгэн нь давамгай байдалтай байгаагүй. Харилцан нэг нэгнээ боож түлхэлцэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Жын өгсөн:

“...Намайг ажлаа тараад явж байтал манай найз Б тоглоё гэж дуудаад бид 2 ахуй үйлчилгээний автобусны урд талд байдаг А нэртэй тогоомын газар ирсэн. Тэнд очих үед М бид 2-той зэрэгцэж ирээд дараа нь О ахтайгаа хамт ирсэн. Бид нар тоглоод сууж байсан чинь М О нар нь хоорондоо хэрэлдээд байсан. М нь хэл амаар өдөөд хатгаад байсан. Би тухайн үед тоглож байна гэж бодсон. Гэнэт нэг мэдэхэд М босож ирээд Оыг толгойн ар хэсэг рүү алгаараа дагз руу алгадаад гарч учраа олъё гээд байсан. Тэгээд М гараад явсан, араас нь Б, О, Оын ах бид нар гарсан. Тэгтэл М гараад ирэх үед Оыг боож аваад түлхэж шахаад дайраад байсан тэр үед нь би салгасан. Б наад 2-оо орхио хоорондоо учраа ол гэж байсан. М, О нар хоорондоо харилцан цохилцоод байж байгаад М нэг харахад газар унасан байсан. Тэгээд очоод босгох үед амнаас нь цус гарсан байдалтай байсан, тэгээд би яваад өгсөн. Тэр 2 бие биенээ 2, 2 удаа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Лжамцын өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 09-10 цагийн орчимд Б, М, О, Ж, О ах гээд нэг хүнтэй хамт тоглох гээд хороололд байдаг компьютер тоглоомын газарт очсон. Дөнгөж компьютер тоглоомын газарт ороод цагаа аваад суух гэж байхад О, М хоёр юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. М уурлаад гарсан бөгөөд түүний араас О гарсан тийм ч удаагүй тухайн үедээ шууд л Ж, Б, Оын ах бид нар гарсан. Гадаа гарахад О, М хоёр бие биетэйгээ заамдалцаад маргалдаж байсан бөгөөд тэгэхэд би дэргэд нь тамхи асаагаад зогсож байсан. Тэр хоёрыг хоорондоо зодолдохгүй байх гэж бодоод нээх анзаараагүй зогсож байсан. Би тухайн үед буруу харсан байсан бөгөөд М, О хоёр зодолдоод эхэлсэн. Хэрхэн эхэлсэн талаар хараагүй. Нэг хартал М газарт унаж байсан бөгөөд дээрээс нь О унаж байх үед нь нүүрлүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүстэй хамт тэр хоёрыг салгах гээд очсон. Салгах үед Мын үүдэн шүд нь хугарсан ярьж байгаа байдал нь шүдгүй хүн шиг байдалтай ярьж байсан. Оын биед тухайн үед гэмтэл шарх байсан эсэх талаар анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 27/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Э-г байцаасан тэмдэглэл

“...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн улмаас шүд бүхлээрэээ булгарч унах гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд С.Мынн “Өрнөх зам” шүдний эмнэлэгт үзүүлсэн байдлын харахад түүний 2.1-р шүд гурвалжин ½-р хугарсан тогтоогдсон байна. Энэ гэмтэл нь өөрөө С.Мын шүдийг хуулийн хэллэгээр булгарч унасан гэдгийг харуулж байгаа юм. Энэ гэмтлийн улмаас С.М нь хөдөлмөр чадлын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх юм...” гэх мэдүүлэг /хх-н 40-41/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч С.Т-н өгсөн:

“...С.Оын биед тархи дОт, баруун чамархай, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих цохигдох үед, хүзүүнд зулгаралт гэмтэл нь уян зүйлийн үрэх, үрэгдэх, нэдрэгдэж боосон тохиолдолд, цээжинд зулгаралт гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үрэх, үрэгдэх, нэдрэгдэх, шүргэлцэх, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл гэмтэл нь баруун шанаа, чамархай хэсэгт мохоо зүйлийн цохих цохигдох үйлдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6 дугаар шүд гэдэг нь хүний дээд шүдний баруун талын арааг хэлж байгаа юм. Тархи дОт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. С.Оын биед учирсан тархи дОт гэмтлээс бусад гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Оын биед учирсан гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүрэн эдгэрч хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй хэсэг хугацаанд буюу гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндэд түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

С.Оыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзэхэд толгойн зүүн талаар өвдөнө, зүүн талын судас лугшиж өвдөнө, үзлэгт биеийн байдал дунд, нүдний алимны чичирхийлэлт хоёр чиглэлд илэрсэн дагзны булчингийн хөшилт хоёр хуруу, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн натур эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээ тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу хавантай зэргээс дээрхи хүнийг дархи дОт гэмтэлтэй байна гэж тогтоосон. Дээрхи гэмтэл нь хүний бие махбодид шинж тэмдэг илэрснээс дөрвөн долоо хоног хүртэл хугацаанд үргэлжиллэж болдог. Тийм учраас дээрхи гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг хүнд учирсан гэмтлээс шалтгаалж түүний эдгэрэлт, үлдэц, уршиг зэргийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох журамд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн дагуу хувь хэмжээг тогтоож гэмтлийн зэрэгт хамааруулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэмтлүүдэд эрүүл мэндийг сарниулах хугацаагаар гэмтлийн зэргийг тогтоодог...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн __ тоот:

               1. С.Мын биед дээд уруул язарсан шархтай, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд үүдэн 1-р шүдний булгарал, баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэх дүгнэлт /хх-н 29/,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн __ тоот:

               1. С.Оын биед тархи дОт, хүзүү, цээжинд зулгаралт, баруун дээд 6-р шүдний эмтрэл, төвөнх, баруун чамархайнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой дүгнэлт /хх-н 32/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

            - Бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-н 61-62/,

            - Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 64/,  

            - Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 65, 73/, 

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66, 74, 197/,

            - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 112, 113/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч С.М нь 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших А интернет тоглоомын газрын гадаа иргэн С.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Оын “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны ... 20 цагийн орчимд хорооллын эцэст байдаг гэртээ орж ирээд байж байх үед М залгаад чи өдөржингөө муриад алга болчих юмаа, гялс А-д хүрээд ир ярих ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хадам ах Бын хамт А нэртэй тоглоомын газар очсон. Тэгээд А-д орох үед М нь чи одоо өдөржингөө залгаад авахгүй яах гээд байгаа юм гээд намайг хараагаад байсан. ... Гарах үед М машинаа асаалттай орхиод урдаас хурдан алхаад ирсэн. Тэгснээ намайг шууд боогоод машин руу түлхээд зогссон. Тэгж байтал Мын найз Ж, Б салгасан. Салахдаа намайг нэг удаа зүүн эрүү хэсэг рүү цохиод салсан. М дахиж ирээд цамцаар хоолой боохоор нь түлхээд салсан тэр үед мөн намайг өшиглөсөн. Цамцны захаар боогоод байхаар нь цамцаа тайлаад ахдаа өгөөд байж байтал М дахин ирж бид 2 ноцолдсон. Майкны урагдсан мөрөөр хоолой боогоод доош дараад би амьсгалж чадахгүй байдалд хүрээд дээшээгээ огцом өндийсөн. Салаад явж байтал араас ирээд баруун гараараа намайг боогоод сэгсчээд байсан. ...Миний биед толгой хавдсан, нуруу өвдөөд байгаа. Хоолой зулгарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Жын “...Намайг ажлаа тараад явж байтал манай найз Б тоглоё гэж дуудаад бид 2 ахуй үйлчилгээний автобусны урд талд байдаг А нэртэй тогоомын газар ирсэн. Тэнд очих үед М бид 2-той зэрэгцэж ирээд дараа О ахтайгаа хамт ирсэн. Бид нар тоглоод сууж байсан чинь М О нар нь хоорондоо хэрэлдээд байсан. М нь хэл амаар өдөөд хатгаад байсан. Би тухайн үед тоглож байна гэж бодсон. Гэнэт нэг мэдэхэд М босож ирээд Оыг толгойн ар хэсэг рүү алгаараа дагз руу алгадаад гарч учраа олъё гээд байсан. Тэгээд М гараад явсан, араас нь Б, О, Оын ах бид нар гарсан. Тэгтэл М гараад ирэх үед Оыг боож аваад түлхэж шахаад дайраад байсан тэр үед нь би салгасан. ... Тэр 2 бие биенээ 2, 2 удаа цохисон байх...” гэх мэдүүлэг,

 

шинжээч С.Т-н “...С.Оын биед тархи дОт, баруун чамархай, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлээр цохих цохигдох үед, хүзүүнд зулгаралт гэмтэл нь уян зүйлийн үрэх, үрэгдэх, нэдрэгдэж боосон тохиолдолд, цээжинд зулгаралт гэмтэл нь ир, эрмэг зүйлийн үрэх, үрэгдэх, нэдрэгдэх, шүргэлцэх, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл гэмтэл нь баруун шанаа, чамархай хэсэгт мохоо зүйлийн цохих цохигдох үйлдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6 дугаар шүд гэдэг нь хүний дээд шүдний баруун талын арааг хэлж байгаа юм. Тархи дОт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. С.Оын биед учирсан тархи дОт гэмтлээс бусад гэмтэл нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Оын биед учирсан гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүрэн эдгэрч хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй хэсэг хугацаанд буюу гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндэд түр хугацаагаар буюу дөрвөн долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

С.Оыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үзэхэд толгойн зүүн талаар өвдөнө, зүүн талын судас лугшиж өвдөнө, үзлэгт биеийн байдал дунд, нүдний алимны чичирхийлэлт хоёр чиглэлд илэрсэн дагзны булчингийн хөшилт хоёр хуруу, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн натур эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээ тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу хавантай зэргээс дээрхи хүнийг дархи дОт гэмтэлтэй байна гэж тогтоосон. Дээрхи гэмтэл нь хүний бие махбодид шинж тэмдэг илэрснээс дөрвөн долоо хоног хүртэл хугацаанд үргэлжиллэж болдог. Тийм учраас дээрхи гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг хүнд учирсан гэмтлээс шалтгаалж түүний эдгэрэлт, үлдэц, уршиг зэргийг үндэслэж гэмтлийн зэрэг тогтоох журамд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн дагуу хувь хэмжээг тогтоож гэмтлийн зэрэгт хамааруулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэмтлүүдэд эрүүл мэндийг сарниулах хугацаагаар гэмтлийн зэргийг тогтоодог...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12523 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Б.Нандинчулууны гаргасан “...камерын бичлэгт С.Мын харилцан зодолдсон идэвхтэй үйлдэл байна гэж дүгнэсэн. С.О С.Мыг цохиод байхад С.М зүгээр зогсоод цохиулаад байх боломжгүй. Цохисон, гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Гэтэл С.М С.Од ямар үйлдлээр гэмтэл учруулсан нь тодорхойгүй. С.Оын толгойд шүдний ором байдаг. Тухайн үед С.М нь мөргөх үед С.Оын тархинд дОт үүсэх боломжтой. Шинжээчийн дүгнэлтэнд зулгаралт гэмтэл учирсан нь бие биенийгээ харилцан заамдалцах, боох үед үүсэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг үнэн зөвөөр тусгаж бичээгүй. Мөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. С.О, С.М нарын биед дахин шинжилгээ хийлгэх хүсэлтүүд тавьсан боловч удаа дараа татгалзаж байсан. Гэрч А.Б мэдүүлэг өгөхдөө С.О С.Мыг цохиход С.М хойшоо унасан. С.М унах үед С.О очоод 2-3 удаа цохисон гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн С.Оын тархи дОттой, шүдний ломбо унасан гэж дүгнэлт гарсан. Тухайн ломбо хэзээ унасан талаар тогтоогоогүй. Иймд эдгээр үндэслүүдээр С.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх санал гаргалаа.

Шүүгдэгч С.М нь өөрийг гэм буруугүй гэж мэдүүлдэг боловч шүүгдэгч хохирогч нар нь “харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн үйлдэл хиисэн” талаар мэдүүлдэг, тухайн үед хамт явж байсан гэрч А.Б “...Тухайн үед хэн нэгэн нь давамгай байдалтай байгаагүй. Харилцан нэг нэгнээ боож түлхэлцэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23/, мөн гэрч Х.Ж “...Тэгтэл М гараад ирэх үед Оыг боож аваад түлхэж шахаад дайраад байсан тэр үед нь би салгасан. Б наад 2-оо орхио хоорондоо учраа ол гэж байсан. М, О нар хоорондоо харилцан цохилцоод байж байгаад М нэг харахад газар унасан байсан. Тэгээд очоод босгох үед амнаас нь цус гарсан байдалтай байсан, тэгээд би яваад өгсөн. Тэр 2 бие биенээ 2, 2 удаа цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Мыг гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгох өмгөөлөгчийн саналыг  хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

2. Шүүгдэгч С.О нь 2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших А интернет тоглоомын газрын гадаа иргэн С.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Мын “...2017 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их хүрээ хаан банкны дээд давхарт байрлах интернэт тоглоомын газарт О ахтайгаа тэгээд Б болон түүний найзууд бид нар тоглох гээд 21 цагийн орчимд орсон. Тухайн үед тоглож байгаад тоглоомоос болж О бид хоёр маргалдсан. Маргалдсан уурандаа би гараад машиндаа суугаад явах гэсэн бөгөөд миний араас О ахтайгаа хамт гарч ирээд намайг “хөөе муу лоолой минь хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би О дээр очиж бид хоёр зууралдаж ноцолдоод харилцан бие биенээ боолцсон. Тэгээд би Оыг тавиад эргэж хараад явах гэтэл миний шүд рүү нэг удаа мөргөж намайг газар унагасан бөгөөд намайг газар унасан байхад нүүрлүү хөлөөрөө 1 удаа өшиглөөд 2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Бий “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн үеэл М, найз Л, Мын найз О, Оын ах, манай найз Ж нартай хамт Ахуйн үйлчилгээний дэргэд үйл ажиллагаа явуулдаг компьютер тоглоомын газарт үйлчлүүлэхээр очсон юм. Тухайн үед тоглоомноос болж М, О хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж эхэлсэн. М уурандаа тоглоомын газраас гараад явсан бөгөөд түүний араас О, Оын ах хоёр гараад явсан. Харин Ж, Л бид гурав сүүлд нь араас нь гарсан. Ж, Л бид гурвыг тоглоомын газраас гараад Дурсахуй гээд баарны урд талын зогсоол дээр очиход О, М хоёр хоорондоо заамдалцаад хэрэлдсэн байдалтай зогсож байсан. Харин Оын ах гэх хүн хажууд нь зогсож байсан. Тухайн үед бид нар тэр хоёрыг найзууд юм чинь ингэсгээд салаад эвлэрчих байх гэж бодоод очилгүй зайтай зогсож байсан. Тэгтэл О Мыг мөргөх шиг болсон энэ үед М газар унахад О Мын нүүрлүү гараараа цохиод, өшиглөж байгаа харагдсан. Тэр үед Ж, Л, Оын ах бид гурав очиж тэр хоёрыг салгаад Оыг Маас холдуулсан. Тэр үед Мын шүд нь хугараад санжигнасан байдалтай уруул нь язарч ангайсан, амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Х.Жын “...Намайг ажлаа тараад явж байтал манай найз Б тоглоё гэж дуудаад бид 2 ахуй үйлчилгээний автобусны урд талд байдаг А нэртэй тогоомын газар ирсэн. ... Гэнэт нэг мэдэхэд М босож ирээд Оыг толгойн ар хэсэг рүү алгаараа дагз руу алгадаад гарч учраа олъё гээд байсан. ...Тэгтэл М гараад ирэх үед Оыг боож аваад түлхэж шахаад дайраад байсан тэр үед нь би салгасан. ...М нэг харахад газар унасан байсан. Тэгээд очоод босгох үед амнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Лжамцын “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 09-10 цагийн орчимд Б, М, О, Ж, О ах гээд нэг хүнтэй хамт тоглох гээд хороололд байдаг компьютер тоглоомын газарт очсон. Дөнгөж компьютер тоглоомын газарт ороод цагаа аваад суух гэж байхад О, М хоёр юунаас болсон талаар нь мэдэхгүй байна. М уурлаад гарсан бөгөөд түүний араас О гарсан тийм ч удаагүй тухайн үедээ шууд л Ж, Б, Оын ах бид нар гарсан. Гадаа гарахад О, М хоёр бие биетэйгээ заамдалцаад маргалдаж байсан бөгөөд тэгэхэд би дэргэд нь тамхи асаагаад зогсож байсан. Тэр хоёрыг хоорондоо зодолдохгүй байх гэж бодоод нээх анзаараагүй зогсож байсан. Би тухайн үед буруу харсан байсан бөгөөд М, О хоёр зодолдоод эхэлсэн. Нэг хартал М газарт унаж байсан бөгөөд дээрээс нь О унаж байх үед нь нүүрлүү нь гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүстэй хамт тэр хоёрыг салгах гээд очсон. Салгах үед Мын үүдэн шүд нь хугарсан ярьж байгаа байдал нь шүдгүй хүн шиг байдалтай ярьж байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Н.Э-н “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн улмаас шүд бүхлээрэээ булгарч унах гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд С.Мын “Өрнөх зам” шүдний эмнэлэгт үзүүлсэн байдлыг харахад түүний 2.1-р шүд гурвалжин ½-р хугарсан тогтоосон байна. Энэ гэмтэл нь өөрөө С.Мын шүдийг хуулийн хэллэгээр булгарч унасан гэдгийг харуулж байгаа юм. Энэ гэмтлийн улмаас С.М нь хөдөлмөр чадлын тогтонги алдалтанд 5% нөлөөлөх юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12430 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон 145.000 төгрөгийг шүүгдэгч С.Маас гаргаж хохирогч С.Од, 600.000 төгрөгийг шүүгдэгч С.Ооос гаргаж хохирогч М.Мд тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч С.М, С.О нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.М, С.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.М, С.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч, цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцүүлж торгуулийн ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

                  Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 5 ширхэгийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, шүүгдэгч С.О нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч С.М, С.О нарын цагдан хоригдсон 3 хоногийг 15 нэгж буюу 45,000 төгрөгтэй тэнцүүлэн торгуулийн ялаас тус тус хасч тооцсугай.

 

5. Шүүгдэгч С.М, С.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 5 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхийг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Маас гэм хорын хохиролд нийт 145.000 төгрөг гаргуулан хохирогч С.Од, шүүгдэгч С.Ооос гэм хорын хохиролд нийт 600.000 төгрөг гаргуулж хохирогч С.Мд тус тус олгож, хохирогч С.М, С.О нар нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М, шүүгдэгч С.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ