Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01587

 

2022.08.24 Магадлал

 

МОХНН УТЗ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/01658 дугаар шийдвэртэй,

МОХНН УТЗын нэхэмжлэлтэй

АК ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 587,406,577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч МОХНН УТЗ нь АК ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ОГ/21/002 дугаартай 361, 384 дүгээр төмөр замын гармын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа 123,764,016.20 төгрөгийг нэхэмжлэгчийн №4 нэхэмжлэхээр захиалагчид шилжүүлсэн. Гүйцэтгэгч тал нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Улмаар комиссын шийдвэрийн дагуу гүйцэтгэлийн баримт бичиг болон үлдэгдэл 1,113,066,145.80 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэхийн хамт 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Захиалагч тал төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй тул талууд хамтарч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Хариуцагч нь төлбөрийг 2021 оны 12 сард багтаан төлөхөө мэдэгдсэн боловч хугацаандаа төлөөгүй. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 491,229,137.80 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гэрээнд зааснаар алдангийн хэмжээ нь талуудад адилхан байх ёстой гэж үзэж 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 144 хоногоор тооцож 556,488,073 төгрөгийн алданги, гэрээний баталгааны 2.5 хувь болох 30,918,504 төгрөг, нийт 587,406,577 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт 1,236,740,162 төгрөгийн тооцоо үүссэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 123,764,016.20 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 560,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 491,229,137.80 төгрөгийг тус тус төлсөн. Ард капитал ХХК-д хугацаа алдаж санхүүжилт хийгдэж байгаатай холбоотой төлбөрийг удаасан. Санхүүгийн давагдашгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд 2021 оны 07, 08 дугаар сард хийгдэх ажлын санхүүжилтийг авч чадаагүй. Хариуцагч чанарын баталгааны 2.5 хувь болох 30,918,504 төгрөг төлөхийг гэрээнд заасны дагуу алдангийн хэмжээг 0.5 хувиар тооцож 5,565,331 төгрөгийг төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч байгуулгын зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүргүүлсэн албан бичигтээ төлбөрийг 2021 оны 12 дугаар сардаа багтаан барагдуулна гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариу өгөөгүй тул төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд 12 сараас хойш 28 хоногийн хугацаа хэтрэлттэй байгааг мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус харгалзан үзнэ үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч АК ХХК-аас 37,102,204.81 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МОХНН УТЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 550,304,372.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,505,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АК ХХК-аас 5,754,424.23 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6.7а-д заасан алдангийн хэмжээг 0,5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэсэн ба гэрээний 1.6.7б-д 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэсэн заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж шүүх дүгнэн гэрээний нийт үнийн дүн болох 1,236,740,162 төгрөгийн 0,5 хувь буюу 6,183,700.81 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Гүйцэтгэгчийн хүлээх үүрэг хариуцлагад алдангийн хувь хэмжээг хоног тутам гэж оруулсан атлаа захиалагчийн хүлээх үүрэг хариуцлагад хоног тутамд гэж бичээгүй байгаа нь гэрээний талуудын тэгш эрх, чөлөөт байдал болон гэрээний агуулгын хувьд хүсэл зоригийн илэрхийлэл, шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг үндэслэн алданги гэж тооцоолол хийсэн байгаа нь хуулийн үндсэн санааг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль хэрэглээний хувьд алдаатай, үндэслэлгүй болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд хэн аль нь гэрээний хүчин төгөлдөр байдал болоод гэрээний заалтад маргаан үүсгээгүй. Үүнд алдангийн төлбөр тооцохтой холбоотойгоор гэрээнд заасан үүргийнхээ дагуу төлөх үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг илэрхийлсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй гэсэн үндэслэлээр 0,5 хувийн алданги тооцсон нь үндэслэлтэй. Мөн гэрээнд заагдсан ажил нь 1,000,000,000 гаруй төгрөгийн үнэтэй ажил боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн нь 587,000,000 төгрөгийн алдангийн төлбөр нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс төлбөрийн хугацаагаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Хариуцагчийн зүгээс 2 удаагийн оролдлогоор нийт үнийн дүнгийн 10 хувиар эвлэрье гэсэн боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй хэрэг шийдвэрлэгдсэн. Хэрэгт цугларсан баримт болон гэрээ зэргээс дүгнэхэд зайлшгүй тухайн гэрээг тайлбарлах нөхцөл нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд заасан нөхцөл болон гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож үзвэл 6,183,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч МОХНН УТЗд нь хариуцагч АК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрт 1,113,066,145 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 556,533,073 төгрөг, нийт 1,669,599,218 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,051,229,138 төгрөг төлөгдсөн тул гэрээний баталгаа 2.5 хувь буюу 30,873,504 төгрөг, алданги 556,533,073 төгрөг, нийт 587,406,577 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч нэхэмжлэлээс баталгааны 2,5 хувь болох 30,918,504 төгрөг төлөхийг, алдангид 5,565,331 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан ОГ/21/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр МОХНН УТЗ нь АК ХХК-ийн захиалгаар Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон 361, 384 дүгээр км дэх төмөр замын гарамын байгууламжийг барьж шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал нь ажлын хөлсөд 1,236,740,162 төгрөг төлөхөөр тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4. Ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замтай нэг түвшинд огтлолцсон 361, 384 дүгээр км дэх төмөр замын гарамын байгууламжийг барьж шилжүүлэх, өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч АК ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөрт 123,764,016 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,051,229,137.08 төгрөг төлж, 61,837,008 төгрөгийн үлдэгдэлтэй талаар талууд маргаагүй.

5. Ажил гүйцэтгэх гэрээний 1.6.4-д ажлын гүйцэтгэлд 3 жилийн чанарын баталгаат хугацаа олгоно, чанарын баталгааны барьцаа 5 хувь байх, үүнээс 2.5 хувийг гүйцэтгэгч ажлыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа, үлдэгдэл 2.5 хувийг баталгааны хугацаа дууссаны дараа гүйцэтгэгчид төлөхөөр тус тус заажээ.

Гүйцэтгэгч нь ажлыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгсөн байх ба чанарын баталгаат хугацаа дуусаагүй байх тул чанарын баталгааны үлдэгдэл 2.5 хувийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

 

6. Гэрээний 1.6.7.б-д захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ, мөн хуулийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасанд тус тус нийцсэн.

Учир нь талууд гэрээнд алданги гэсэн анзын нэг төрлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаар тохиролцсон гэж, мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан үгийн шууд утгаар тайлбарлана. Талууд гэрээнд хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тодорхойлохдоо гүйцэтгээгүй үүрэг гэснийг, алдангийн онцлог болох хоног тутам тооцох хэсгийг тус тус орхигдуулсныг талууд алдангийн талаар тохиролцоогүй гэж дүгнэхгүй юм.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг буруу тайлбарлан хэрэглэж, нэг удаа 0.5 хувиар алданги тооцно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байгааг залруулав.

 

7. Хариуцагч 1,082,147,640 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлөх байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээнээс хэтэрч байх тул 50 хувиар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй.

 

8. Анхан шатны шүүх гэрээний нийт үнийн дүн болох 1,236,740,162 төгрөгөөс алдангийг тооцсон нь үндэслэлгүй.

Учир нь гүйцэтгэгч ажлыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх үед 3 жилийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй тул чанарын баталгааны үлдэгдэл 2.5 хувийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байсан. Иймд гэрээний нийт үнийн дүн 1,236,740,162 төгрөгөөс чанарын баталгааны үлдэгдэл /30,918,505 төгрөг/ болон урьдчилгаа төлбөр /123,764,016 төгрөг/-ийг хасч тооцвол хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 1,082,147,640 төгрөгөөр тодорхойлогдохоор байна.

 

9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч АК ХХК-аас алданги 541,073,820 төгрөг, чанарын баталгааны 30,918,505 төгрөг, нийт 571,947,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МОХНН УТЗд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,459,253 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/01658 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 37,102,204.81 гэснийг 571,947,324 гэж, 550,304,372.19 гэснийг 15,459,253 гэж, 2 дахь заалтын 5,754,424.23 гэснийг 3,017,687 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,094,983 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.БЯМБАСҮРЭН