Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 764

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Д.Г даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,     

           улсын яллагч А.Мөнхзул,

            шүүгдэгч Ц.Ж, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808001840183 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороо, “Орчлон” хорооллын замын зүүн талд байрлах дулаан гражид тавьсан байсан иргэн  М.Б эзэмшлийн 100.000.000 төгрөгний үнэ бүхий  Ланд крузер-200 маркийн 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  27 дугаар хороо, “Орчлон” хорооллын замын зүүн талд байрлах дулаан гражид тавьсан байсан иргэн  М.Б эзэмшлийн 100.000.000 төгрөгний үнэ бүхий  Ланд крузер-200 маркийн 0000 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч  М.Б  мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим граж дээр ирээд машины кабин дотроос бичиг баримтаа аваад энэ өдөр миний машины дугаар хязгаарлагдсан өдөр байсан тул хаалгыг нь цоожлоод түлхүүрээ орхиод явсан. Учир нь өдрийн цагаар уг граж нь машин угаадаг учир нааш цааш нь хөдөлгөх хэрэг болж магадгүй гэж бодоод орхиж явсан. Тэгээд гадуур ажилтай явж байтал граж түрээслэгч  эмэгтэй  У  утсаар яриад таны машиныг согтуу хүн унаад хашаа мөргөчихсөн байна,  Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь би цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би хэн нэгэнд унаж явахыг зөвшөөрсөн асуудал байхгүй. Миний машиныг унаж гараад хашаа мөргөөд урд талын гупрыг бага зэрэг хагалчихсан байсан болохоор засварын газарт 280.000 төгрөгийн засвар хийлгэсэн. Холбогдогч өөрөө гаргаж өгсөн болохоор нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-8-9/,

- гэрч  Ц.Ун мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг гадуур явж байхад миний ажиллуулдаг угаалгын газрын угаагч  Г утсаар яриад Ц.Ж гражаас хүний Ланд крузер-200 маркийн машиныг аваад  гарчихлаа гэхээр нь  би тэр даруйд нь цагдаагийн 102 руу залгаж  дуудлага өгсөн. Тэгээд граж дээр ирэхэд Д.Г архи уусан согтуу байсан. Би  Д.Гаас юу болсон гэхэд Ц.Ж дэлгүүр явж архи авч ирнэ гээд Ланд крузер машиныг унаад гараад явчихсан гэсэн.  Ц.Ж машинтай явж байгаад баригдаад  цагдаагийн хэлтэс дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх 16-17/

- гэрч Д.Гын мөрдөн байцаалтад өгсөн:... Би У эгчийн ажиллуулж байсан машин угаалгын газар зарын дагуу  ирж ажилд ороод 1 сар гаруй болж байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хийж байтал Ц.Ж ирсэн. Тэгээд хэсэг сууж байгаад ажил гайгүй байгаа юм чинь 2-лаа нэг юм уух уу гэхээр нь би тэгье гэсэн. Тэрийгээ ууж дуусгаад Ц.Ж дахиад  нэг юм ууя, би аваад ирье гэсэн. Тэр үед манайд байнга түрээсээр машинаа тавьдаг, угаалгадаг Б гэдэг ахын машин байсан. Тэр ах өнөөдөр машинаа хөдөлгөхгүй, болохгүй, дугаар явахгүй өдөр, машин ирээд холдуулах болбол гээд түлхүүрээ Жд өгөөд явсан байсан ба тэр машиныг унаад яваад ирье гэхээр нь би  “яршигаа хүн нь ирвэл яах юм бэ” гэхэд “гайгүй ээ, 200 нэг удаа ч гэсэн унаж гангарчихаад ирье л дээ, бүрэн бүтэн авчраад  тавьчихна ш дээ” гээд асаагаад явсан. Тэгээд би удаад байхаар нь эгч рүү нь утасдаж хэлээд тэр хэд цагдаа дуудсан байх. Тэгтэл Ж хайс мөргөчихсөн гээд ирсэн, цагдаа нар ч ирсэн ... гэх мэдүүлэг /хх 70-71/

- гэрчээр  Ц.Жн мөрдөн байцаалтад өгсөн:... Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гражийг хариуцан ажиллуулдаг болохоор өдөр болгон байдаг. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би гадагшаа гарах ажилтай болоод угаагч Гт захиж үлдээгээд явах гэж байхад манай дүү Ж ирсэн. Хамт байж байгаарай гээд явсан. 12 цагийн орчим эгч  У над руу яриад Ж хүний машин унаад гарчихлаа гэж  Г ярьж байна гэхээр нь тэгвэл 102-т мэдэгдсэн нь дээр гэж би хэлсэн. Тэгээд угаагч  Гаас  асуухад  Ж бид хоёр нэг шил архи хувааж уугаад дуусахад  Ж дахиад нэг шил архи аваад ирье, дэлгүүр орно гээд Ланд крузер-200 маркийн машиныг унаад явсан гэсэн... гэх мэдүүлэг. /хх 13-14/

- шүүгдэгч Ц.Жийн мөрдөн байцаалтад өгсөн:... Манай эгч У нь дулаан граж, машин угаалга түрээслэж ажиллуулж байсан. Би тэнд хааяа очиж ажилладаг. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр угаалгын газар очиход машин угаагч Д.Г машин байхгүй шахуу байсан. Манайд байнга түрээсээр машинаа тавьдаг Б гэдэг хүн ирээд өнөөдөр машин явахгүй өдөр, машинаа хөдөлгөх ажилгүй, машин угаалгах, орж гарахад хөдөлгөх ажил гарвал амар биз, би машиныхаа түлхүүрийг орхичихье гээд Ланд 200 маркийн машиныхаа түлхүүрийг өгөөд явсан. Тэгээд машин тэрэг байхгүй шахуу байхаар нь би Гт хоёулаа нэг шил архи уух уу гэхэд тэгвэл тэгье л дээ гэсэн. Тэгээд би авч явсан нэг шил архиа гаргаж уусан. Тэгээд дахиад архи авчрахаар болсон. Тэгээд миний халаасанд хүний Ланд-200-гийн түлхүүр байсан болохоор машинаар явбал түргэн ирэх санагдаад бас гоё машин барьж үзмээр санагдаад машиныг нь асаагаад явсан. Тэгээд дэлгүүр орж архиа аваад ирж явтал зам дээр машинд шахагдаад сандраад дарахдаа хайс дайраад гуприйг нь хагалчихсан. Санаатай гэмтээгээгүй. Тэгээд яваад иртэл бөөн цагдаа сэргийлэх болчихсон байсан. Миний буруу. Би хүний машиныг дураараа асааж давхиагүй бол ийм хэрэг болохгүй байсан... гэх мэдүүлэг /хх 87-88/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Жийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.     

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Ц.Ж нь хохирогчид автомашины эвдрэлд засварын 280.000 төгрөг төлсөн /хх-8-9/, хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:      

            Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Бусад асуудал 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ц.Жийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Жийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г. ГАНБААТАР