| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2510013380640 |
| Дугаар | 2026/ДШМ/588 |
| Огноо | 2026-05-12 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2026/ДШМ/588
2026 05 12 2026/ДШМ/588
Д.Э-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
хохирогч Д.Д-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр,
хохирогч Д.Г-ын өмгөөлөгч З.Хүрэлсүх,
хохирогч Б.Ч-,
яллагдагч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2098 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Сүрмандахын бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Д.Э-ид холбогдох эрүүгийн 2510013380640 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н- овгийн Д-ийн Э-, 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЙД-/;
Яллагдагч Д.Э- нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ц.Ч-ын зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж шилжүүлэн өгсөн хаш хөөргөний шүрэн толгойг хөөргөнөөс нь салгаж дур мэдэн захиран зарцуулж, өөртөө завшиж, хохирогчид 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч М.А-ээс алтан нуухтай, шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг болон дөрвөн хүчтэний зүү ороож оёсон даалингийн хамт бусдад худалдан борлуулж өгнө хэмээн хууран авч 122,977,368 төгрөгийн хохирол учруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан,
2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, хөөрөг хийлгэж, худалдан борлуулахаар төөрөгдөлд оруулан хохирогч Б.М-оос Хаан банкны дансаар 12,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2022 оны 07 дугаар cap, 2023 оны 05 дугаар сард И.Б-д 3 ширхэг хөөргийг нь тээврийн хэрэгслээр сольё, бусдад зарж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 60,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг хөөргийг нь шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан,
2022 оны 01 дүгээр сард урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж хөөргөний шүрэн толгойг нь өөрийн хөөрөгтэй нийлүүлж зарж егье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч Б.Ч-аас 16.120.000 төгрөгийн үнэ бүхий хөөргөний шүрэн толгойг нь шилжүүлэн авч залилсан,
иргэн Д.Г-тай фейсбүүкийн цахим хэрэгслээр танилцан хөөрөг зарж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Тайван Улсаас шүр оруулж ирдэг” мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 15мм голчтой, 17 ширхэг шүр авч ирж өгнө гэж хуурч, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 6,800,000 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр 27,120,000 төгрөг, нийт 33,920,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5Б-1 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Т-ад “би танд ломбардад хураагдах гэж байгаа мөнгөн эмээл хямд үнээр, ёндоо шимтгэл авахгүйгээр олж, бүтэн засаж янзалж өгнө” гэж хэлж мөнгөн эмээлийн зураг үзүүлж төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Т-аас 42,500,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,
мөн ломбардад хураагдах гэж байгаа 2 ширхэг мөнгөн хул аяга 30,000,000 төгрөг гэж байна гэж хэлсний дагуу Ш.Т- нь тухайн мөнгөн аягануудыг худалдаж авсны дараа 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол 97 дугаар байр Т- тоот гэртээ байхад нь яаралтай мөнгөний хэрэг гарлаа, 1 ширхэг мөнгөн аягаа өгч байгаач, хэдэн хоног ломбардад тавиад буцаагаад өгье гэж хэлээд 28,200,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг мөнгөн хул аягийг буцааж өгөлгүйгээр авч явж хохирогч Ш.Т-ад нийт 70,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.Д-д монетон гинж, монетон бугуйвч зэргийг зарж борлуулж өгнө гэж хэлж итгүүлж, төөрөгдөлд оруулж, түүнээс дээрх үнэт эдлэлүүдийг Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Rokmon building" барилгын өмнө уулзаж авч явж зарж борлуулсан гэх боловч, хохирогчид үнийг өгөлгүй залилж, Д.Д-д 21,798,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хуурч, хохирогч Ю.Б-оос Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт Б- гэх барилгын 4 давхарт байхад нь 1 ширхэг мөнгөн аягыг “мөнгийг нь маргааш бүтэн шилжүүлээд өгнө" гэж хэлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1 ширхэг мөнгөн аягыг авч явж, мөнгийг өгөлгүй залилж, хохирогчид 7,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүх өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлээд үндэслэлтэй байна гэж үзэж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах дараах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Үүнд:
Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт хохирлын хэмжээг нийт 345,040,368 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж, яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, түүний хэр хэмжээ нийт 9 хохирогчид 385,040,368 төгрөг гэж, нийт 9 хохирогчид 385,040,368 төгрөгийн хохирол учирснаас хохирогч Ю.Б-ид 7,000,000 төгрөгийн хохирол төлөгдөж 3,779,153,368 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110А дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд “2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Т-ад “би танд ломбардад хураагдах гэж байгаа мөнгөн эмээл хямд үнээр, ёндоо шимтгэл авахгүйгээр олж, бүтэн засаж янзалж өгнө” гэж хэлж мөнгөн эмээлийн зураг үзүүлэн хуурч 40,000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан” гэж, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 110Б дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолд “2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ш.Т-ад “би танд ломбардад хураагдах гэж байгаа мөнгөн эмээл хямд үнээр, ёндоо шимтгэл авахгүйгээр олж, бүтэн засаж янзалж өгнө’’ гэж хэлж мөнгөн эмээлийн зураг үзүүлж төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Т-аас 42,500,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан” гэж хохирол хор уршгийг зөрүүтэй бичсэн. Хохирогч Ю.Б- нь 7,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж мэдүүлсэн байх ба үнэлгээгээр тухайн хөрөнгийг 7,125,000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад хохирогч Ю.Б-ийн 7,000,000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэжээ. Мөн хохирогч Ш.Т- нь мэдүүлэгтээ тухайн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцож эмээл авахаар өгсөн байхад 42,500,000 төгрөгөөр хохирлыг тооцсон, мөн хохирогч Д.Д- ...миний үнэлгээ 20,000,000 төгрөг... гэж мэдүүлсэн байхад 21,798,000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй байдлаар хохирол тооцсон нь ойлгомжгүй байна. Түүнчлэн прокурорын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 110Б дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг яллагдагч танилцуулан мэдүүлэг авахад ...Д- ах ч зарж чадвал тал мөнгийг нь ашиглаж болно гэж надад хэлсэн. Ер нь бол гинж бугуйвч хоёр нь одоо Баянзүрх дүүрэгт ломбардад байгаа болно. ...гэсэн байхад тухайн эд зүйлийг хураан авах ажиллагааг явуулж хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгч барьцаалан зээлдүүлэх газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мөн Бум бум барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд байгаа хохирогч Ш.Т-ын 1 ширхэг мөнгөн царыг битүүмжилж иргэний нэхэмжлэгч Б.Б-д хариуцуулсан байх ба тухайн эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгөх ажиллагааг явуулах шаардлагатай байна. Эдгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулснаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн үнэн зөв тогтооход чухал ач холбогдолтой юм.
Дээрхээс гадна бусад хохирогчийн эд зүйлийг олж тогтоох ажиллагааг нэг мөр явуулах, тогтоогдсон эд зүйлийг холбогдох этгээдээс хураан авч иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татах, эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгөх болон бусад мөрдөн шалгах ажиллагаа явуулах. Прокурорын яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоол болон яллах дүгнэлтэд залилах гэмт хэргийн шинжийг бичихдээ өөр өөр байдлаар бичсэн талаараа дүгнэлт хийгээгүй байгааг анхаарч хэргийн бодит байдалтай нийцүүлэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана: 5.3 дахь заалтад хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ыг тусгана гэж тус тус заасан ба хуулийн эдгээр заалтуудыг биелүүлээгүй, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлын талаар заасан ба уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тус тус нотлон тогтооно гэж хуульчилсан хуулийн заалт хангагдаагүй гэж үзэв.
Дээрх нөхцөл байдлыг нэг мөр шалгаж, оролцогч нарын хуулиар олгосон эрх, үүргийг нь эдлүүлэх, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлэх нь зүйтэй ба шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзээд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Э-ид холбогдох эрүүгийн хэргийг тус прокурорын газарт буцааж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Э-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сүрмандах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээг авч танилцаад хэргийн нөхцөл байдалтай тохироогүй, шүүхийн шийдвэр үндэслэлгүй хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Яллах дүгнэлт болон түүний хавсралтад хэргийн хохирлын хэмжээг бичихдээ тоо, тооцооллын алдаатай бичсэн боловч, үйлдэл тус бүрд хохирлын хэмжээг зөв дүгнэж бичсэн учраас энэ нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхэд онцын ач холбогдолгүй ба шүүх хуралдаанаас өмнө яллах дүгнэлтэд гарсан тоо, тооцооллын шинжтэй техникийн алдааг засаж, яллах дүгнэлтийг дахин гардуулах боломжтой. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яллах дүгнэлтэд гарсан тооны алдааг засаж гардуулах боломжтой боловч, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг засаж гардуулах, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг шүүхийн шатанд гардуулах боломжгүй гэж үзэж хэргийг буцаасан ба хэрэгт байгаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд яллагдагчийн үйлдсэн хөрөнгө завших, залилах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тус тусад нь бичсэн, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд нэгтгэн дүгнэж бичсэн шиг нэгтгэн дүгнэж бичээгүй тул заавал яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолд дахин өөрчлөлт оруулах шаардлагагүй, харин зөвхөн яллах дүгнэлтийг засаж гардуулах боломжтой гэж үзэж байна.
2. 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 110А дугаартай прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдсэнээс хойш яллагдагч нь дуудсан цагт ирж танилцаагүй байхад дахин яллагдагчид холбогдох хэрэг харьяаллын дагуу ирж нэгтгэгдсэн учраас яллах дүгнэлт үйлдэхийн өмнө дахин уг тогтоолыг 2025 оны 12 сарын 12-ны өдөр 110Б дугаараар үйлдсэн тул 110А дугаартай өмнөх тогтоол нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол байхгүй болсон гэж үзэх юм. Уг тогтоолд хохирогч Ш.Т-ын хохирлын дүнг нэгтгэж /2 үйлдэлтэй/ 70,700,000 төгрөгөөр тооцож бичсэн нь зөв бөгөөд, 42,500,000 гэж бичээгүй байхад буруу дүгнэсэн байна. Мөн хохирогч Ш.Т-, Д.Д- нарын хохирлын хэмжээг үнэлгээ болон хохирогчийн мэдүүлгийг үндэслэн тогтоосон нь зөрчилгүй ба, мөн хохирогч Ю.Б-ийн хохирол 7,125,000 төгрөг гэж тогтоогдсон боловч хохирогч 7,000,000 төгрөгийг авсан, нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаар л яллах дүгнэлтийн хавсралтад дурдсаныг хохирлыг буруу, зөрүүтэй тооцсон гэж үзэхгүй үндэслэлгүй юм.
3. Уг хэргийн зарим хохирогч нарын эд зүйл бусдад зарагдсан, бусдын эзэмшилд шилжсэн тохиолдол бүрийг заавал шалгаж, хэнд хаана байгааг нь тогтоож, улмаар хураан авах зэрэг цаашдын ажиллагааг заавал явуулах шаардлагагүй болно. Хэрэгт гэрч Б.Б-д хадгалагдаж байгаа эд зүйлсийг хураан авахаар очиход уг хүн нь эсэргүүцээд эд зүйлсийг мөрдөгчид гаргаж өгөөгүй талаар мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд зүйл, мөнгийг өөрийн эзэмшил мэдэлд авснаар төгсдөг тул яллагдагч Д.Э-ийн хохирогч нараас авсан эд зүйлсийг цаашаа хэрхэн захиран зарцуулсан үйлдэл бүрийг заавал хөөн шалгаж, эзэмшилд нь байгаа иргэдээс заавал хураан авч, буцаан олгох ажиллагааг хийх шаардлагагүй ба энэ нь нэг талдаа яллагдагчид ашигтай, тэрээр хохирлыг биет байдлаар буцаан төлсөн гэх нөхцөл байдлыг үүсгэх ба уг ажиллагааг хэргийг шалгах хугацаанд яллагдагч Д.Э- өөрөө санаачилгаараа хийж болох байсан боловч ингээгүй, мөн хохирогч нарт хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байгаагаас харж болох юм. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдал болон хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогч Б.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй. ...” гэв.
Хохирогч Д.Д-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Д.Д-гийн хохиролд алдагдсан эд зүйлийг банк бус санхүүгийн байгууллагад байгааг олж тогтоосон. Банк бус санхүүгийн байгууллагыг иргэний нэхэмжлэгчээр татаж, хохиролд тооцогдсон эд зүйлийг авч хохирогчийг хохиролгүй болгох нь зүйтэй, өөр нэмж хэлэх санал байхгүй. ...” гэв.
Хохирогч Д.Г-ын өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэмт хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол шүүхийн шатанд гардуулснаар шийдвэрлэх боломжтой талаар шүүх дүгнэсэн үндэслэлтэй. Шүүхийн захирамжид заагдсан ажиллагааг зүйлшгүй хийж хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Д.Э-ийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлтийг гаргасан. Шүүхийн захирамжид дурдсан ажиллагааг нэмж хийлгэх шаардлага байна. Прокурорын зүгээс яллах дүгнэлтийг “тоо нь шинжтэй холбоотой алдаа байгаа учраас засаж гардуулах боломжтой талаар эсэргүүцэлдээ дурдаж” байна. Яллах дүгнэлтийг засаж гаргах ажиллагаа нь анхан шатны шүүхэд хийгдэх ажиллагаа биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурорын шатанд засварлаж, засах боломжтой. Яллах дүгнэлтийг гардуулсантай холбоотой алдааг 3 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрх байгаа. Гэтэл тоо нь шинжтэй алдааг засаж, гэм буруугийн болон давж заалдах хурал дээр гомдол гаргах эрх нь хязгаарлагдах процесс зөрчсөн асуудал байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Э-ид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхээс хохирол зөрүүтэй байдлаар бичигдсэн, ойлгомжгүй, мөн нотолбол зохих байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.
Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж эхлэх бөгөөд нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял шийтгэл оногдуулдаг. Шүүх нотлогдсон байдлын эдгээр хэмжээ хязгаараас давуулан баримт шаардах эрхгүй.
Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй.
Яллагдагч Д.Э-ид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд дурдагдсан хохирлын үнийн дүнтэй холбоотой асуудал дээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, тодруулж бэхжүүлэх шаардлагагүй, шүүхийн шатанд шүүх өөрөө энэ нөхцөл байдлыг илрүүлж дүгнэлт хийсэн байх тул уг зөрүүтэй байдлыг шүүхийн шатанд засаж залруулах боломж байна.
Мөн хэргийг буцааж, ломбардад байгаа эд зүйлсийг илрүүлэх, битүүмжлэх, иргэний хариуцагчийг тогтоох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр буцаах шаардлагагүй гэж дүгнэсэн. Шүүхээс уг ажиллагааг хийж гүйцэтгэх боломжтой байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2098 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Сүрмандахын бичсэн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Яллагдагч Д.Э-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2026/ШЗ/2098 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Д.Э-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ