Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01631

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01631

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И ХХК-д холбогдох

 

2 768 903 609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, Г.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч П.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК болон И ХХК-иудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нууцлалын гэрээ байгуулж И ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газруудад хамтран ажиллах уулзалт хийснээр тус компанитай хамтран ажиллах судалгаа, шинжилгээний ажлууд эхлүүлсэн. Энэ үед хамтран ажиллах орд газруудын хайгуул, нөөцийн тооцоог нягтлан шалгах, техник эдийн засгийн үндэслэлийг үнэлэх, уурхайн үйл ажиллагаанд ашиглах техник технологи, тоног төхөөрөмж, санхүүжилтийн эх үүсвэр, арилжааны банкны зээл зэрэг ажлуудыг судалж байсан. Судалгааны ажлын хүрээнд 2015 оны 10 дугаар сард хамтран ажиллах орд газруудад ашиглахаар төлөвлөсөн тоног төхөөрөмжүүдийг биетээр үзэж танилцах, Голландын Ай Эйч Си майнинг Би Эм компанийн үйлдвэрлэлийн баазтай танилцах, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, төслийн технологийн ашиглалт, инженерингийн зураг, төслийн ажлын хэлэлцээрүүдийг байгуулахаар М ХХК-ийн 3 ажилтан,И ХХК-ийн 2 ажилтан, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Голланд улсын Амстердам хот Ай Эйч Си майнинг Би Эм компанид ажилласан. Томилолтын зардалд 11 441,79 евро х 2 267 /2015.10.06-ны өдрийн арилжааны банкны ханшаар төгрөгт шилжүүлэн тооцвол 25 938 537.93 төгрөг/, Нислэгийн тийзний зардал болох 11 119 300 төгрөг, Бодь даатгал ХХК-иар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалд 72 570 төгрөг, нийт томилолтын зардал 37 130 407.93 төгрөг болсон.

Голланд явсан ажлын үр дүнд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөрИ ХХК-ийн эзэмшилд байгаа ашигт малтмалын ашиглалтын МV-007712, МV-007713И 1, МV-004121 Цагаан эрэг зэрэг тусгай зөвшөөрлүүд бүхийИ алтны шороон ордны төслийг хамтран ашиглахаарИ ХХК-ийн 100 хувийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал У.Мэйстэй түүний гаргасан баталгааг нь үндэслэн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. У.Мэйс нь гэрээний 9 дүгээр зүйлийн хавсралт А-гийн Д хэсэгт заасан баталгаанд гуравдагч этгээдтэй энэхүү гэрээний нөхцөлтэй ижил төстэй гэрээ, хэлцэл хийхгүй, төслийн лицензийн талбайд гуравдагч этгээдийг оруулахгүй, тусгай зөвшөөрлүүдийг гуравдагч этгээдэд борлуулахгүй, бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байхаа баталгаажуулсан.

Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хоёр талаас томилсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, МэйсийгИ ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон. ТУЗ-ийн дарга Мэйс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөрИ төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 2016 онд хийгдэх хөрөнгө оруулалт бас ажлууд төсвийг баталсан. Нэхэмжлэгчийн зүгээс батлагдсан төсвийн дагуу 637 954 820.78 төгрөгийг хамтын ажиллагааны гэрээний 3.3, 6.6-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйИ ХХК руу шилжүүлсэн.

М ХХК-ийн төслийн баг Голландын Ай Эйч Си майнинг Би Эм компанийн мэргэжилтнүүдийг тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийсэн томилолтын зардал, урьж төслийн талбай, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц, хийц эзлэхүүнд дүгнэлт гаргуулах, түүнчлэн нэмэлт геологи судалгааны ажил, төслийн үр ашгийн санхүүгийн тооцоо, татвар, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн судалгаа хийх, гэрээ боловсруулах ажилд тус компанийн төслийн багийн 18 ажилтан нийт 4490 хүн/цаг ажиллаж 68 345 847 төгрөгийн цалин тооцож олгосон ба үүний нийгмийн даатгалын шимтгэл 7 518 043 төгрөг, төслийн багт ажилласан ажилчдын нийт цалин 75 863 890 төгрөгийг гаргуулах.

М ХХК-ийн төслийн хүрээнд 2015 оны 12 сард төслийн үйл ажиллагаанд хэрэглэхИ ХХК-ийн 5 чингэлэг материалыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гаалиар хүлээн авч Эрдэнэт хотод байрлах Эрдэнэт фүүдс ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байрлуулсан.И ХХК-ийн 5 чингэлэг нь 2015 оны 12 дугаар сарын 07-оос 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 693 хоног Эрдэнэт фүүдс ХХК-ийн үйлдвэрийн хашаанд хадгалагдаж байсан бөгөөд Эрдэнэт фүүдс ХХК-иас дээрх 5 чингэлгийн хадгалалтын зардалд М ХХК-иас 18 434 870 төгрөгийг нэхэмжилсэн. Манай компанийн зүгээс хадгалалт, харуул хамгаалалтын зардалд 18 43 870 төгрөгийг Эрдэнэт фүүдс ХХК төлсөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 62/17 дугаар бүхий төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ байгууланИ ХХК-аас тус төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.

Шүүхэд өгөх баримт материалыг нотариатаар батлуулахад 415 000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байгаа. М ХХК 2015 оны 12 сард төслийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр Голомт банкнаас жилийн 25.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 3 000 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн үндсэн төлбөрт 2017 оны 7 болон 9 дүгээр саруудад нийт 284 456 771.95 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 2 715 543 228 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн хугацаанд Голомт банкинд нийт 1 424 370 034.6 төгрөгийн хүү төлсөн. Төслийн үйл ажиллагаанд нийт 769 798 988.71 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэхүү төлбөрийг дээрх зээлүүдийн төлбөрт төлсөн гэж тооцвол М ХХК 323 944 739 төгрөгийн хүүний зардал хэмнэх боломжтой байсан. Үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар эд хөрөнгийн алдагдал буюу хүүгийн хохиролд 323 944 739 төгрөгийг гаргуулах,

М ХХК нь хамтын ажиллагааны гэрээний дагуу Их тохойрлын төсөлд өөрийн ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж зэрэг бүхий л хүчин чадлаар орж ажиллахаар төлөвлөж бусад төслийг зогсонги байдалд оруулсан байсан учраас 2016 оны 5, 6, 7 дугаар саруудад сул зогсолт үүсч, алтны борлуулалт хийгдээгүй. Манай компани жилдээ 600 гаруй кг алтыг Монгол банкинд тушаадаг бөгөөд алтны борлуулалт тасалдсанаас 300 гаруй кг алтыг тушаасан учраас 2016 оны 5, 6, 7 саруудад нийт 1 675 159 881.29 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төсөл хэрэгжсэн бол 2016 онд нийт 14 770 092 000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцоо гарсан бөгөөд үүнээс манай компанид нийт 7 385 046 000 төгрөг ногдох байсан.

Хамтын ажиллагааны гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу төслөөс олох байсан ашгийн нийлбэрээр хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч сул зогсолтын улмаас алдагдал хүлээсэн 1 675 159 881.29 төгрөгийн олох ёстой байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжилж байна.

Хариуцагч нь төсөл хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүргээ биелүүлэхгүйгээр өөр компанитай хамтран тусгай зөвшөөрлүүдийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлан нийт 2 768 903 609 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнээс үүдэлтэй бий болсон шаардлага. Талууд 2015 оны 11 сард Хамтын ажиллагааны санамж бичгийг зураадИ төсөл дээр хамтран ажиллая, судалгаа шинжилгээ хийе гээд 50/50 хувийн хэмжээтэй ашиг, алдагдалын хэмжээгээ хувааж хамтран ажиллах болсон. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны гэрээг талуудын эрх бүхий төлөөлөгчид нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэрээний зорилго ньИ төслийг ашиглалтад оруулах, төслийн үйл ажиллагаанаас аль, аль тал нь ашиг хүртэх сонирхолтойгоор байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд хамтын ажиллагааны зарчим буюу хамтарсан төлөөлөн удирдах зөвлөл байгуулах зарчмаар хамтран ажиллах, мөн гэрээний 3 дугаар зүйлд заасан АНУ-ын санхүүжилтийн корпораци /Overseas private investment corporation/ ОПИК-оос авсан 10 000 000 ам.долларын зээлийн хариуцлага болон тус зээлийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлын санг хамтын ажиллагаандаа оролцуулана, эргээд төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас 12 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг үйл ажиллагааны зардалдаа авна, төслийн хүрээнд М ХХК-аас оруулсан хөрөнгө оруулалтыг төслийн хүрээнд авсан зээлийн санхүүжилтээс төлнө гээд, хамтын ажиллагааны хүрээ, хамаарлыг тогтоосон байдаг.

Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа үнийн дүнгийнхээ нэг хэсэг буюу 713 954 243 төгрөгийг хамтын ажиллагааны бэлтгэл ажиллагааны хүрээнд гарсан зардал гэж тайлбарладаг. Энэ нь дотроо ажилтнуудын цалин 75 999 000 төгрөг гэдэг, ажилтнуудын цалин нь ямар үйл ажиллагаатай холбоотойгоор хэрхэн бий болсон зардал вэ гээд тодруулахаар нэхэмжлэгч талаас холбогдох баримтуудыг өгсөн боловч яг хэрэгт авагдсан баримтын хүрээнд төслийн ямар үйл ажиллагаатай холбогдуулаад гарсан, хэрхэн яаж тооцсон ажилтнуудын цалин гэдэг нь тодорхойгүй байдаг.

2015 оны 3 сараас эхлэн цалингийн тооцоо, цалингийн хүснэгт гэж хэргийн материалд өгсөн боловч энэ нь үндэслэлгүй байгаа юм. Талуудын хамтын ажиллагааны гэрээнд хамтарсан ТУЗ байгуулаад ТУЗ-өөс батласан төсвийн хүрээнд санхүүжүүлнэ гээд заачихсан. Гэрээний 3.3-т зааснаар бэлтгэл ажлын төсвийг хамтарсан ТУЗ нь баталж мөрдүүлнэ гэсэн боловч төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар хэмжээний зардлыг гаргах вэ гэдгийг хамтран баталсан зүйл байхгүй. Ажилтнуудын цалин гэж хэргийн материалд авагдсан цалингийн тооцоолол нь М ХХК болоод тус компанийн толгой компанийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрүүд байдаг. Гэрээгээр бол нэхэмжлэгч нь төслийн бэлтгэл ажлын төсвийн бүхий л ажлыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байдаг учраас энэ нь цалинг гаргуулах үндэслэл болохгүй.

Төслийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан бодит зардал гээд 637 657 820.78 төгрөгийг нэхээд төлбөрийн баримт гаргасан байдаг, төлбөрийн баримтууд нь санхүүгийн анхан шатны шаардлагыг хангахгүй, М ХХК-ийн өөрийнх нь зарлагын баримтууд байдаг. Эдгээр баримт нь санхүүгийн анхан шатны бүрдэл хангахгүй байгаа учраас төслийн үйл ажиллагаатай холбогдохгүй.

Хүүгийн хохирлын хувьд талуудын хоооронд байгуулсан ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй. Хаан банк болон Голомт банкнаас авсан зээл нь М ХХК-ийн өөрийнх нь авсан зээл бөгөөд төсөлд хөрөнгө оруулахаар авсан зээл гэж үзэх үндэслэл болж чадахгүй.

Голланд улсад ажилласан ажилтнуудын зардалд 37 130 407.93 төгрөгийг нэхэмжилдэг. Эдгээр хүмүүс нь 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлд явсан онгоцны билет болон гал тэрэгний билетийн хуулбарыг нотлох баримтаар өгдөг. Гэтэл талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байдаг учраас энэхүү гадаад томилолтын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч талын хүмүүс өөрсдийнхөө компанийн болон хувийн ажлаар явсан эсэх нь тодорхойгүй, ихэнх хугацаагаа Берлинд өнгөрүүлсэн байдаг.

2016 оны 3 дугаар сараас манайхаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн учраас талуудын хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон үүнээс хойш нэхэмжлэгч нь ямар ч санхүүжилт үзүүлээгүй. 2016 оны 5, 6, 7 саруудадИ төсөлд бүх үйл ажиллагаагаа чиглүүлсэн учраас олох ёстой байсан орлого 1 676 159 881 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа нь мөн ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь зөвхөн 2016 оны 5, 6, 7 саруудад төсөл дээр ажиллана гээд сул зогсолт хийсэн юм бол яагаад 300 гаруй кг алт олборлосон байж таарах уу, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагаа 2016 оны 3 дугаар сараас зогсонги байдалд орсон байхад дээрх хугацаанд сул зогссон гэж үзэхгүй.

Хамтын ажиллагаанаас учирсан хохирол гэдэг 2 талаас хамаарахгүй нөхцөл байдлаас болсон. Өөрөөр хэлбэл, ОПИК-оос авсан 10 000 000 ам.долларын зээлийн барьцаанд 007712, 007713, 004121 тоот лицензүүдээ барьцаалсан байсныг нэхэмжлэгч нь мэдэж байсан бөгөөд талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулах үед зээлийн талаар гэрээндээ оруулж өгсөн байгаа. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу Монгол улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг авах үүргээ биелүүлээгүй учраас 10 000 000 ам.долларын зээлийн хугацаа хэтэрч, төлбөр төлөгдөөгүйн улмаас ОПИК нь өөрийн барьцааны эрхийг Финанс энд девелоптент оф майнинг ББСБ ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Ингээд барьцааны эрхийг шилжүүлж авсан этгээд нь лицензийн хоёрыг нь гуравдагч аж ахуйн нэгжид шилжүүлсэн байсан. Манай компани одоо зөвхөн нэг л орд дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайн үедИ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь тусгай зөвшөөрлүүдийг бидний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэх гомдлыг эрх бүхий байгууллагуудад гаргаж байсан байдаг бөгөөд хуулийн дагуу явагдсан гэж үзсэн байдаг.

Их тохойрол ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч нь компанийхаа хувьцааг худалдах замаар н.Чинсанаа гэдэг хүнд шилжүүлсэн. Одоогоор шинэ хувьцаа эзэмшигч нь энэхүү компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа.

Манай компанийн санхүүгийн тайланд тусгагдсан болон байгаа баримтаар бол бид нэхэмжлэлийн шаардлагаас хамтын гэрээний төлбөрт шилжүүлсэн 200 000 000 төгрөг, цалингийн үлдэгдэл, томилолтын замын зардал 100 000 000 төгрөг, зураг төслийн гэрээний урьдчилгаа 52 186 260 төгрөг, нийт 352 186 260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хамтын ажиллагааны гэрээ хэрэгжээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагчИ ХХК-иас 710 735 145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 058 168 464 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 318 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчИ ХХК-иас 3 711 625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Шүүх нэхэмжлэгчийн Хаан банк болон Голомт банктай тус тус байгуулсан зээлийн гэрээнүүдийг талуудын хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан өдрөөс өмнөх цаг хугацаанд байгуулагдсан гэдэг үндэслэлээр эд хөрөнгийн алдагдал буюу хүүгийн хохирол 323 944 739 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. М ХХК-ийн зүгээсИ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг гэсэн гэрээг байгуулсан. Уг гэрээ байгуулагдсанаар талуудын хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд М ХХК-ийн зүгээсИ төслийг санхүүжүүлэх санхүүжүүлэлтийн эх үүсвэрүүдийг хайсны үр дүнд 2015 оны 12 дугаар сард Голомт банкнаас компанийн үйл ажиллагаанд зориулсан эргэлтийн хөрөнгийн зээл буюу 3 000 000 000 төгрөгийн Шугаман зээл авахаар болж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү уг зээлийн гэрээ байгуулагдажИ төслийн үйл ажиллагааг эхлүүлэх санхүүжүүлэлтийг босгосоны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Түүнчлэн Далай ван аудит ХХК-иас М ХХК-ийнИ төсөл оруулсан хөрөнгө оруулалтад хийсэн хараат бус аудитын тайланд хүүгийн зардлын алдагдал 323 944 739 төгрөг болохыг мөн тогтоосон байгаа. Иймд хариуцагчаас тус компанийн хүүгийн зардалд төлсөн 323 944 739 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Шүүх мөн тус компанийн олох ёстой байсан ашиг буюу 1 775 159 881,29 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, М ХХК,И ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан Хамтын ажиллагааны гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд талуудад учирсан хохирлыг тооцох аргачлалыг тохиролцсон. Харин төслийн багийнИ ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 2016 онд олборлолт хийх төлөвлөгөө, үр дүнгийн /ашиг, орлого/ талаар тооцооллоор 2016 онд хамтын ажиллагаа 14 770 092 000 төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гарсан болно. Уг ашгийн 50 хувь нь М ХХК-д хуваарилагдах бөгөөд тус компанийн олох ашиг 7 385 046 000 төгрөг болно. Ийнхүү бид уг 7 385 046 000 төгрөг олох байсан ашгаас 1 675 159 881 төгрөгийг 2016 онд гарсан алдагдалтайгаа дүйцүүлэн нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх 2016 онд алдагдалтай ажилласан 1 675 159 881 төгрөгөө хариуцагчаас нэхэмжилж байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Зүй нь бид гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг үндэслэн олох байсан ашгаа хохиролд тооцон нэхэмжилж байгаа.

Иймд хамтын ажиллагааны гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3, 10 дугаар зүйлийн 10.2, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг үндэслэн хариуцагчаас тус компанийн хамтын ажиллагаанаас олох байсан ашиг 1 675 159 881 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө гарсан зардал гэсэн үндэслэлээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх цалингийн зардал 16 604 967 төгрөг, гадаадад ажилласан ажлын хэсгийн зардал 37 130 407,93 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний дагууИ ХХК-ийнИ төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 2016 онд хийгдэх хөрөнгө оруулалт ба ажлуудын төлөвлөгөөг баталсан. Уг төсөвт дээрх гадаад томилолтын зардал болон цалингийн зардлууд багтсан болно.

Орчуулгын зардал 4 502 250 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 506 750 төгрөг, таксины төлбөр 40 000 төгрөгийн тухайд Хамтын ажиллагааны явцад байуулагдаж буй ихэнх гэрээ хэлэлцээрүүд англи, монгол хэл дээр байгуулагдсан бөгөөд 2 хэл дээрх гэрээ хэлэлцээрүүдийн хувиудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Уг орчуулгын зардал болон такси хөлсөлсөн зардлыг зардалд хамруулан зарцуулсан болно.

Нотариатын зардал 415 000 төгрөгийн тухайд тус компани шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд маш олон бичгийн баримтуудыг нотариатаар баталгаажуулж, орчуулж нотлох баримтын шаардлага хангуулж цуглуулсан. Ийнхүү нотлох баримт цуглуулахад гаргасан зардлыг шүүх шүүхэд өгөх материалын нотариатын зардалд төлсөн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 161 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэрийн зарим хэсгийг дараах гомдлыг гаргаж байна.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд зарцуулсан зардалд 632 863 010 төгрөгийг хангаж шийдвэрлэснээс хариуцагчийн хувьд 280 676 750 төгрөгийн зардлуудыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Төслийн бэлтгэл ажилд зарцуулсан зардалд 280 676 750 төгрөг, харуул хамгаалалтын зардал 18 434 870 төгрөгийг тус тусИ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд:

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд гарсан гэх зардалуудаас 352 186 260 төгрөгийн зардал ньИ ХХК-ийн санхүүгийн тайланд М ХХК-д өглөгөөр бүртгэгдсэн бөгөөд бусад зардлуудын тухайд тайлан тооцоонд бүртгэгдэгүй, тухайн зардлууд ньИ төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан зардал мөн эсэх нь тодорхойгүй, хэргийн материалд цугласан төлбөрийн баримтууд нь нэг талын баримтууд байх тул 299 111 620 төгрөгийн зардлыгИ ХХК төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажилтнуудын цалинд 59 394 455 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалинд 59 394 455 төгрөгийгИ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ М ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарыг дуусах хүртлэх хугацаанд ажилласан хугацааны цалинд 29 394 455 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүхээс нотлох баримтаар гаргасан цалингийн тооцоолол, бусад баримтууд нь М ХХК-ийн боловсруулсан нэг талын баримтууд байх бөгөөд төслийн хүрээнд ажилтнуудын гүйцэтгэсэн ажил, түүнд зарцуулсан цагийн тооцоолол нь уялдаагүй, түүнчлэн 2016 оны 03 дугаар сараас талуудын хамтын ажиллагаа үндсэндээ зогссон байтал 2016 оны 04, 05, 06 дугаар саруудад ажилтнуудын цалин тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нийт 358 506 075 төгрөгийгИ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөх боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Мон дулаан трейд ХХК нь хариуцагчИ ХХК-д холбогдуулан 963 773 201.13 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хэсгийн зардал гэж 37 130 407.93 төгрөгөөр нэмэгдүүлж, олох ёстой байсан орлого гэж 1 768 000 000 төгрөгөөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 2 768 903 609 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 352 186 260 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрчээ.

 

Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нууцлалын гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ тус тус байгуулагдсаныг шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа тэдгээрийн хооронд үүссэн гэж дүгнэсэн нь зөв бөгөөд зохигч маргаагүй.

 

Зохигчид Их тохойрол төслийн хамтын ажиллагааны гэрээний асуудлаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр уулзаж, 5 хүний бүрэлдэхүүнтэй Төлөөлөн удирдах зөвлөл байгуулах, аль нэг гишүүн нь ТУЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэх, гүйцэтгэх захирал болон санхүү эрхэлсэн захирлуудыг шинээр томилох ба хоёр талаас сонгогдсон хүн энэхүү албан тушаалуудыг ээлжлэн гүйцэтгэх, талууд өөрсдийн менежмент, туршлагад үндэслэн мөн төсөл хэрэгжих хугацаанд ямар нэг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахгүй, дангаар гэрээ цуцлахгүй байх баталгааг гаргах, нэхэмжлэгч нь хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч биш тул төслийн нийт цэвэр ашгийн 50 хувийг хуваарилж байх баталгааг тус тус гаргах талаар хэлэлцжээ. /хэргийн 1 дэх хавтас 54 хуудас/

Хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхдугаар хурал 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдаж, уг хурлаар дарга, гүйцэтгэх захирал, санхүү хариуцсан захирлуудыг сонгож, мөн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөрИ ХХК-ийн бүтэц орон тоог батлах, гүйцэтгэх захирлаар Д.Энхтөрийг, хамтын ажиллагааны гэрээнд заасан эхлэлтийн санхүүжилтийг шийдэх, ТУЗ-ийн дарга Уоллас Мэйс нь IHC-ээс тоног төхөөрөмж худалдан авах зээлийн талаар хүсэлт явуулах, олборлолт эхлэх хүртэлх мөнгөний урсгалын тооцоог гаргах асуудлыг тохиролцож, шийдвэрлэсэн байна. /хэргийн 1 дэх хавтас 62, 65 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр төслийн үйл ажиллагаанд оруулахаар заасан МV-007712, MV-007713, MV-004121 тоот тусгай зөвшөөрлүүдийг Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци /ОПИК/-д 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэлээр олгож, үүний улмаас 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 416 дугаар шийдвэрээр барьцааны бүртгэлд өөрчлөлт оруулж, МV-007712 тоот тусгай зөвшөөрөл нь Алтан заамар ХХК-д шилжсэний улмаас уг төсөл цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байна. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчснөөс талуудын хамтран ажиллах гэрээ цаашид үргэлжлээгүй цуцлагдсан үйл баримтыг үгүйсгээгүй.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзаж байгаа бол энэ тухайгаа нөгөө талдаа бичгээр мэдэгдэх үүрэгтэй байтал хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх үйл баримтын талаар бичгээр мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд гэрээний дагуу Төв болон Булган аймгуудийн Бүрэгхангай, Заамар сумууд дахь алтны ордныИ төсөлд хамтран ажиллахаар тохиролцсон боловч хариуцагч нь тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй, тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу тодорхой ажил үүргийг гүйцэтгэж, 637 954 820 төгрөгийг төсөлд зарцуулсан болох нь тогтоогджээ. /хэргийн 1 дэх хавтас 67 дугаар тал/

 

Түүнчлэн, зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г96/15 тоот зээлийн гэрээг төсөл хэрэгжиж, хамтарсан компани байгуулах хүртэл сар бүр 4 500 ам.долларын зээл олгох, түүний хугацааг тогтоох, талуудын эрх үүргийг тодорхойлох, зээлийг буцаан төлөх болон хамтарсан компани байгуулахаар уг компанийн зардал шилжүүлж тооцохтой холбоотой харилцааг зохицуулах зорилгоор байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 36 150 255 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нь холбогдох гэрээ, мөнгөний зарлага, нэхэмжлэх, орлогын баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1 дэх хавтас 110-112, 108, 109, 110, 113, 138, 139, 163 164 дугаар тал/

 

ХариуцагчИ ХХК-ийн захирал У.Мейс нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсад газар дээрх хяналт хийх санал-Ухагч завь болон боловсруулах тоног төхөөрөмжид техникийн үзлэг хийлгэхээр Нидерландын Ай Эйч Си майнинг /IHC LLC/-тай харилцан тохиролцож төлбөрт нь 26 500 еврог төлөхөөр тохиролцсны дагуу төлбөрийг Нидерланд Улсын Ай Эйч Си майнинг-д төлсөн байна. /хэргийн 1 дэх хавтас 113, 114, 116, 3 дахь хавтас 51 дэх тал/

 

Нэхэмжлэгч Мон дулаан трейд ХХК-д хариуцагчИ ХХК нь MV-004121 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2016-2017 оны төлбөр төлүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 29, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд гаргасан тул нэхэмжлэгч 780 000, 50 000 төгрөгийг тус тус олгосноор Ашигт малтмалын газарт дээрх төлбөрүүд төлөгдсөн нь мөнгө хүссэн өргөдөл, зарлагын баримт банкны орлогын мэдүүлгээр тогтоогджээ. /хэргийн 1 дэх хавтас 142-143, 148-150 дугаар тал/

 

Хариуцагч компани нь хамтын ажиллагааны гэрээний төлбөрт шилжүүлсэн 20 000 000 төгрөг, цалингийн үлдэгдэл, томилолтын зардал 100 000 000 төгрөг, зураг төслийн гэрээний урьдчилгаа 52 186 260 төгрөг, нийт 352 186 260 төгрөгийг нэхэмжлэгч өгсөн талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Хан ийст дриллинг ХХК-тай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Төв аймгийн Заамар сум болон Булган аймгийн Бүрэгхангай сумуудын нутагт орших хариуцагчийн хууль ёсны эзэмшлийн MV-007712А /2,534 га/ тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд эрэл үнэлгээний ажлыг буюу 958.40 тууш метр өрөмдлөгийн ажлыг 14 хоногт хийлгэхээр, ажлын хөлсийг 158 136 000 төгрөг байхаар тохиролцож, уг гэрээ биелэгдэж, дээрх төлбөрийг төлсөн нь ажлын төсөв, тооцооны хуудас, томилолт, кассын орлогын ордер зэргээр тогтоогдсон. /хэргийн 1 дэх хавтас 228-231, 44-47, 48-51, 227 дугаар тал/

 

Нэхэмжлэгч М ХХК болон Нүүдэлчин айрон ресорс ХХК-иуд нь Нүүдэлчин групп ХХК-ийн охин компаниудаас шилжүүлсэн зарим төлбөрийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь талуудын байгуулсан Хамтын ажиллгааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу 632 863 010 төгрөгийг, мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 59 394 455 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн харуул хамгаалалтын зардалд төлсөн 18 434 870 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Харин нэхэмжлэгч нь төслийг хэрэгжүүлэхийн тулд Хаан банк болон Голомт банктай тус тус байгуулсан зээлийн шугамын зориулалттай гэрээнүүд нь талуудын хоорондын Хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан төслийн санхүүжилтэд зориулж авсан болон уг зээлийн мөнгө хамтын ажиллагааны гэрээнд зарцуулагдсан гэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул хүүнд төлсөн мөнгийг хохиролд тооцох үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн 2016 оны 5, 6, 7 сард үйл ажиллагаа явуулахгүй сул зогсолт хийсэн учраас Монгол банкинд жилд 600 кг орчим алт тушаадаг байсан бол 300 кг алт тушааж хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Монгол банкинд алт тушааж байсан болон зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу алт олборлосон хамтын үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Далайван аудитын Хараат бус аудиторын тайлангийн дүгнэлт нь хамтран ажиллах гэрээний улмаас олох байсан ашгийн хэмжээг шууд нотлох баримт болохгүй байхаас гадна гэрээний зүйл болох хариуцагчийн нэр дээрх тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлох байсан алтны хэмжээг нотлохгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч М ХХК-ийн бэлтгэл ажилд зарцуулсан 632 905 820 төгрөг, ажилчдийн цалин 59 394 455 төгрөг, харуул хамгаалалтын зардал 18 434 870 төгрөг, нийт 710 735 145 төгрөгийг хариуцагчИ ХХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 058 168 464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Харин шүүх хариуцагч хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол, шилжүүлсэн зүйлийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг хэрэглээгүй, тухайн маргаанд хамааралгүй мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

Иймээс нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1 гэснийг 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 476.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10 448 793 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 1 950 695 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

С.ЭНХТӨР