Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00779

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00779

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Цд холбогдох

 

Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дугаар бичил хороолол, ** дүгээр байр, ** тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай,

 

Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Хариуцагч Д.Ц,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Т, Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай байгууллагаас ЗГ2014/11/01 тоот зээлийн болон БГ2014/1101 тоот барьцааны гэрээ байгуулж 20 000 ам.долларын зээлийг сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 тоот захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сард байгуулан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж үл хөдлөх хөрөнгө манай байгууллагын өмчлөлд шилжсэн. Үүнээс хойш Д.Ц манай байгууллага дээр ирж би байраа худалдаж авч болох уу гэсэн хүсэлтийг зөвшөөрсөн. Худалдаж авч болох боловч урьдчилгаа төлбөр төлөөд үлдсэн мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулаад худалдаж авч болно гэсэн боловч энэ нөхцөл дээр талууд тохироогүй. Түүнээс хойш Д.Ц нь манай байгууллагын байрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, дүгээр байрны 23 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Д.Цгийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э ББСБ ХХК-аас 20 000 ам.долларын зээл авсан. Энэ үед долларын ханш 1 860 төгрөг байхад 20 000 ам.доллар нь 36 000 000 төгрөг болох байсан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 3 500 000 төгрөг төлөөд явж байтал долларын ханш өсөж сард 4 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг болсон, сүүлдээ би сард 5 700 000 төгрөг төлөх болтол өсөхөд төлөх чадвар муудсан, наймаа муу байсан. Би гэрээг сунгах хүсэлт тавихад эдийн засагч гэрээ сунгах боломжгүй гэсэн тул үлдсэн зээлээ хаагаад өөр банкнаас зээл авъя гэтэл манайд төгрөгийн зээл байгаа, манай төгрөгийн зээлд хамрагд, хүү бага, худалдах, худалдан авах гэрээ хийж байж дараагийн зээл гарна гэхээр нь би итгэж чадахгүй байна гээд хэсэг хугацаанд зугтаасан. Тэгээд шүүх дээр 8 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээнд 44 000 000 төгрөгийг төлнө гэж бичсэн, ингээд байрныхаа нэрийг Э ББСБ ХХКйн нэр дээр шилжүүлсэн. Би тухайн үед ойлгоогүй, худлаа ярьж надаар гэрээ хийлгэсэн, зээл гаргаж өгнө гэж байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Надад өөр банкнаас зээл авах боломж байсан. Би байраа чөлөөлж өгөхгүй, байгууллага хохироогүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би зээлийг валютаар төлүүлдэг зээл авах үеийн ханшаар биш тэр өдрийн ханшаар төлүүлж байсан учир зээл төлөхөд хүндрэлтэй байсан. Энэ үед надад танд дахин зээл олгоно, валютын зээлээ төгрөгт шилжүүлнэ, энэ бол танд ашигтай, ингэхийн тулд та эхлээд үл хөдлөх хөрөнгөө манай компанийн нэр дээр шилжүүл, тэгээд байраа манай байгууллагаас 44 000 000 төгрөгөөр худалдан авч байгаа байдлаар зээл өгье гээд яг л дахин зээл өгөх гэж байгаа юм шиг манай гэрт ирж зураг авч, ажлын байранд ирж зээлийн материал бүрдүүлсэн, би энэ үед үнэхээр л дахин зээл өгөх гэж байгаа юм байна гэж итгээд үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгсөн. Гэтэл одоо манай өмч болсон түрээсийн мөнгө өг, гэрээ хий гээд байсан. Намайг хууран мэхэлсэн гэдгийг мэдсэн, үүнийг гэрчлэх хүмүүс байгаа. Энэ компанийн зээлийн эдийн засагч манай ажил дээр олон удаа ирж байсан. Би өөрийн үл хөдлөх хөрөнгөө 44 000 000 төгрөгт өгнө гэж байхгүй. Намайг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа тул төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож дээрх үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд сэргээн тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан нотлох баримтаар шүүхэд өгсөн. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлсэн гэх шинжүүдийг агуулаагүй байна. Хууран мэхэлсэн гэх үйлдэл нь баримтаар нотлогдоогүй. Тухайн үедээ та зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй үлдэгдэл нь 44 788 041 төгрөг байсан, 16 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн нотолгоог гаргаж ирүүлээгүй. Өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийсэн нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өөрийн гараар Улсын бүртгэлийн хэлтэст бичиж өгсөн хүсэлт байгаа. Эвлэрлийн гэрээнд 44 000 000 төгрөгийн үлдэгдлийг өөрийн хөрөнгөөр, барьцаа хөрөнгөөр хангана гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээг баталгаажуулаад төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хийсэн. Таны хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нөгөө тал хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Иймд хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцох үндэслэлгүй гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Э ББСБ ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Цд үүрэг болгож, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Э ББСБ ХХК-ийн Д.Цтэй 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрх сэргээлгэх тухай Д.Цгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цсээ 70 200 төгрөгийг гаргуулж Э ББСБ ХХК-д олгож, Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан, хууль сануулан авсан гэрч нарын мэдүүлгээ үндэслэлгүй дүгнэн, нэхэмжлэгчийн хууль бус шаардлагыг хамгаалсан шийдвэр гаргасан явдалд бид гомдолтой байгаа тул давж заалдах шатны шүүхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Хариуцагч би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 ам.долларыг худалдаа, наймаа хийх зорилгоор авсан. Зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлж нийт 29 сая төгрөг төлсөн, зээл авах үед ам.долларын ханг 1 860 төгрөг байсан бөгөөд эргэн төлөх үед ам.долларын ханш өсөж 2 500 төгрөгт хүрсэн нь бидэнд хүндрэлтэй байдал үүссэн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д заасны дагуу үүрэг үүсэх үеийн ханшийг баримтлах, ам.долларыг монгол төгрөгөөр шилжүүлэн бодож зээлийг тооцох зэргээр ярилцаж байсан боловч тохиролцоонд хүрээгүй ба зээлдэгч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг манай байгууллагын нэр дээр шилжүүлбэл үлдэгдэл мөнгө шүүгчийн захирамжаар эвлэрсэн 44 000 000 төгрөгийг эргүүлэн хүүтэйгээр зээлэх буюу үл хөдлөх хөрөнгийг манай байгууллагаас худалдах, худалдан авах гэрээ байгуулан эргүүлэн авч байгаа байдлаар зохицуулж болох гэсэн санал гаргасныг зөвшөөрч хууртагдан гэрээ, хэлцлийг хийж, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийг хийлгэсэн. Иймээс эрх шилжүүлэх гэрээг хууран мэхлэх, зээл олгоно гэж төөрөгдөлд оруулах аргаар хийсэн гэж Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл гэж дүгнэн үзэж, мөн хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд зааснаар нэхэмжлэл гаргасан бөгөөд мөн энэхүү гэрээ, зээлдэгчийн үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.19-д заасан хүчин төгөлдөр бус байх тухай хуулийн заалтыг буюу мөн хуулийн 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай болон Компанийн тухай хуулиудад заасан эрхээ зөрчин гэрээг байгуулан, өмчийн эрхийг шилжүүлэн авсан ба шүүх гэрээг байгуулсан хугацаа болон гэрээний нөхцөл, дээрх хуулиудад зааснаар дүгнэн үзэхэд үл хөдлөх хөрөнгийн эрхийг хууран мэхлэх буюу зээл олгоно гэсэн төөрөгдөлд оруулан өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, хууль дүрмээр олгосон эрхээ зөрчин өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болохыг төвөггүй тодорхойлон дүгнэх байсан. Хэрэв үлдэгдэл төлбөрт барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх бол үл хөдлөх хөрөнгө, байр зах зээлийн ямар үнэтэй, үнийн зөрүүг хэрхэх ёстой зэргийг тохиролцон шийдвэрлэх ёстой. Тохиролцохгүйд хүрвэл шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шийдвэрлэх журамтай. Гэтэл хууль, дүрмээ зөрчин бусдын гачигдсөн байдлыг далимдуулан хууран мэхлэх, бусдыг төөрөгдөлд оруулах замаар өмч хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, анхан шатны шүүх шударга бус аргаар олсон өмчлөх эрхийг хамгаалж, намайг хохирооосон шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн хууль бус дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус аргаар хийсэн гэрээ хэлцлийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэгчид төлөх ёстой буюу эвлэрлийн гэрээний дагуу төлөх ёстой 44 000 000 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлөх болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Э ББСБ ХХК хариуцагч Д.Цд холбогдуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг Д.Цгийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 20 000 ам.долларын зээлийн гэрээ байгуулагдаж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаартай, 000125388 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан ба зээлдэгч зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44 788 041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар хариуцагч 44 788 041 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хэргийн 7-8 дугаар тал/ Уг шүүгчийн захирамжид зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, эсхүл барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчаас нэхэмжлэгч байгууллагад шилжүүлэх талаар заагдаагүй байна.

 

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 22, 08 дугаар сарын 24-ний өдөр Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээнүүд тус тус хийгдсэн байх ба 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээгээр төлбөр төлөгч Д.Ц нь сайн дураар 44 788 041 төгрөгнийн төлбөрт тооцон үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2205005543 дугаартай, 000125388 тоот гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг Э ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11-1074308 тоот Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүргтгэлийн 000510646 дугаартай гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 7, 11, 78, 83 дугаар тал/

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана., 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу худалдахыг шаардах эрхтэй болохыг зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, барьцааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө байгаа тохиолдолд уг барьцаагаар үүргийг хангахтай холбоотой худалдах асуудлыг шүүх шийдвэрлэх журамтай. Харин барьцааны зүйлийг худалдан борлуулах арга хэлбэрийн талаар талууд хуульд зааснаас өөр аргыг сонгож, хүсэлт санал гаргасан тохиолдолд шүүх эд хөрөнгийг өөр аргаар худалдах талаар шийдвэрлэж болох талаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт заасан.

 

Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн БГ, 2014/11/04 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шүүгчийн захирамжид заагдсан өр төлбөрт тооцон хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зорилго байгаагүй гэж маргасан, уг орон сууцыг хариуцагч буцаан худалдан авах хүсэлтийг гаргаж байсан гэж нэхэмжлэгч тайлбарласан, гэрч нарын мэдүүлэгт Та барьцаа хөрөнгийг манай нэр дээр шилжүүлсний дараа буцаан худалдаж авъя, гэхдээ манайд ямар нэгэн баталгаа өгөөгүй. Валютын зээлийг монгол мөнгө болгож өгнө гэж Нараа гэрийн зураг аваад явсан, анх зээл авахад зураг авч байсан шиг орж ирээд зураг авсан гэж мэдүүлсэн зэргийг харьцуулан үнэлэхэд хариуцагч Д.Ц орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнээс хангуулах хуулиар тогтоосон дээрх журмыг талууд зөрчиж хэлцэл хийжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэж байх боловч уг гэрээнд орон сууцыг хэдэн төгрөгөөр үнэлсэн буюу шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн төлбөрийн хэмжээ, орон сууцны үнийн зөрүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй байх тул худалдах замаар эд хөрөнгийг захиран зарцууласан гэж үзэхээргүй байна.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгч нь хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан, хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгөө одоог хүртэл бодитойгоор эзэмшиж байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхааралгүй үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хариуцагч Д.Цг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 23 тоот орон сууцнаас Д.Цг албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хууль зөрчсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, мөн хуулийн 56.5 дахь хэхэсгт зааснаар хариуцагч Д.Цгийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 23 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2018/00239 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дугаар бичил хороолол, ** дүгээр байр, ** тоот орон сууцнаас Д.Цг албадан гаргуулах тухай нэхэмжлэгч Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 8 дугаар сарын 24ий өдөр Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Д.Цгийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 23 тоот орон сууцыг өмчлөх эрхийг сэргээсүгэй. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э ББСБ ХХК-аас 381 890 төгрөгийг гаргуулж, хариуцагч Д.Цд олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Цгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХТӨР