Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 743

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх- Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Оюунжаргал,                                                               .

шүүгдэгч Ш.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас ___________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________________

Шүүгдэгч Ш.Ань 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо Модны хоёрын автобусны буудлын хойд талд Тоёота приус маркийн __________ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Мото ямаха маркийн улсын дугааргүй мопедийг мөргөж, жолооч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Амэдүүлэхдээ:

“...Би маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.А-гийн өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10 цаг 12 минутын үед Гранд плазагаас дээшээ буюу урдаасаа хойшоогоо Модны 2-ын тэнд байдаг такси зогсдог зогсоол дээр зогсох гээд өөрийн эзэмшлийн __________ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байгаад гэрлэн дохиотой уулзвараар зүүн гар тийш эргэж ороод мотоциклтой хойноос урагшаа явж байсан хүнийг мөргөж осол гаргасан юм. Осол гаргасны дараа 103 руу өөр хүн залгаад би өөрөө 102 руу залгаж дуудлага өгөөд цагдаа, түргэн ирээд түргэн нөгөө хүүхдийг аваад гэмтлийн эмнэлэг явсан, би газар дээр цагдаагаар хэмжилт хийлгээд араас нь эмнэлэг явсан юм. Осол болох үед би эрүүл архи хэрэглээгүй байсан бөгөөд бороо ороогүй, нартай, үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөн сийрэг байсан бөгөөд би 10 км/цагийн хурдтайгаар явж байсан. Хохирогчид 390.000 төгрөгийг өгч зарцуулсан байгаа. Цаашид нэхэмжилсэн хохирол мөнгийг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 83-86/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Тын өгсөн:

            “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг өнгөрч байхад өөрийн ажилладаг ажлын газраас гараад Модны 2-ын 59-р байранд очих гээд улсын дугаар аваагүй мото ямаха мопедийг жолоодоод ганцаараа хорооллоос ертөнцийн зүгээр хойноос урагшаа замын баруун талын урсгалд 2-р эгнээнд явж байтал зүүн талын урсгалаас баруун эргэх приус ________ машины жолооч би чигээрээ явж байхад харахын завдалгүй урдуур буюу миний мопедийн хажуу талаас ирээд мөргөсөн. Би баруун урд зүгт мөн мопед баруун тал руугаа үсэрч шидэгдэж газарт унасан юм. Би газарт унаад хэвтэж байхад амьсгалж чадахгүй босож чадахгүй байсан удалгүй түргэн ирээд аваад явсан. Осол гарсан зам дээр хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, бороо ороогүй, гэрэл дохиогүй уулзвар байсан. Би бол А үнэмлэх мопед жолоодох эрхийн үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцсон мөн надад машин барих жолооны үнэмлэх байхгүй болно. Миний ойлгосноор би чигээрээ явж байхад хажуу талаас приус машин ирээд мөргөж осол гаргасан юм. Надад шүүх эмч үзээд гарсан дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд учирсан. Нийтдээ 18 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэхэд жолоочоос 316.000 төгрөгийг авсан, миний зүгээс эмчилгээндээ 190.500 төгрөгийг нэхэмжилж байгаа цаашид эмч 6 сар эмчийн хяналтанд байна, цус тогтоох тариа бусад эмчилгээнд хэрэглэх тарианууд хийлгэж байгаарай гэж мөн өвчин намдаах лаа байнга хэрэглэж байгаарай гэж зөвлөсөн. Мопедийг бол осол болохын урд өдөр 2,200,000 мянган төгрөгөөр худалдаж авсан бөгөөд сая үнэлгээтэй танилцсан 1,290,000 төгрөгийн үнэлгээ гарсан ойлгож мэдэж авлаа. Хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа учраас жолооч залууд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-н 26-28/,

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгийн өгсөн:

            “...Одоо мотоциклийн нийт үнэ болох 2.200.000 төгрөгийг нэхэмжилж авна, нэхэмжилсэн мөнгийг төлсөн тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэнэ биз...” гэх мэдүүлэг /хх-н 138-139/,

           

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн _____ тоот: 

            1. У.Тын биед Хэвлий битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун хөлийн 3,4,5-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, баруун өвдөг, шилбэний зулгаралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн шилбэний зулгаралт, зүүн өвдөгний зулгарсан шарх, зүүн гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 69х/,

 

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн _________ тоот: 

            1.2. Талийгаач Ц.Тын цогцост шинэ гэмтэл тогтоогдсонгүй. Хэвлийн хөндийн мэс заслын дараахь байдал, дэлүүний наалдац, сорвижил тогтоогдлоо. Уг хуучин гэмтэл нь үхлийн шалтгаанд ямар нэг нөлөөгүй болно.

            3. Дээрх хуучин гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.

            4.5. Химийн шинжилгээгээр цусанд 0,8 промилли, ходоодны шингэнд 0,6 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Хорт бодис болон эмийн бодис, хүчил, шүлт илэрсэнгүй.

            6. Талийгаачид амьсгал бүтэлтийн шинж илэрсэнгүй.

            7. 2018-08-17-ны 0950  цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 6-8 цаг орчим болсон байна.

            8. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна.

            9. Талийгаач нь амьсгалын замын химийн бодисын хордлогоор нас баржээ. Ахуйн хэрэглээний газ буюу бутаны хий үнэрлэсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 142-143х/,

 

            Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 444 тоот:

            1. Зам тээврийн осол хэргийн материалд авагдсан үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, хохирогчийн мэдүүлгийг үндэслэхэд Т.Приус маркийн __________ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Ань МУ-ын ЗХД-ийн 7.12 дахь заалт “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

            2. Ямаха. Мажести маркийн улсын дугааргүй мотоцикл нь мопед ангилалд хамаарахгүй тул түүнийг жолоодож явсан Ц.Т нь МУ-ын ЗХД-ийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ:” гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон байна.

            3. Уг зам тээврийн осол хэрэг гарахад замын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-н 81/,

 

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-10/,

            - Хохирогч Э.Тын өвчний түүхийн хуулбар /хх-н 45-56/,

            - Мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /хх-н 141, 152/,

 

            Шүүгдэгч Ш.А-гийн хувийн байдалтай холбоотой:

            -Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 89/

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 90/

            - Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 112/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ш.Ань 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Тоёота приус маркийн __________ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.12-т заасан  “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Мото ямаха маркийн улсын дугааргүй мопедийг мөргөж, жолооч Ц.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Ш.А-гийн “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... өөрийн эзэмшлийн 54-41 УНН улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа явж байгаад гэрлэн дохиотой уулзвараар зүүн гар тийш эргээд ороод мотоциклтой хойноос урагшаа явж байсан хүнийг мөргөж осол гаргасан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Тын “...2018 оны 6 дугаар сарын 11-ний өглөө 10 цаг өнгөрч байхад ... приус ______________ машины жолооч би чигээрээ явж байхад харахын завдалгүй урдуур буюу миний мопедийн хажуу талаас ирээд мөргөсөн. Би баруун урд зүгт мөн мопед баруун тал руугаа үсэрч шидэгдэж газарт унасан юм. Би газарт унаад хэвтэж байхад амьсгалж чадахгүй босож чадахгүй байсан удалгүй түргэн ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ______ тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн _________ тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-10/, хохирогч Э.Тын өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Тээврийн прокурорын газраас Ш.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ш.А-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Эрүүгийн гэмт хэргийн хохирогч Ц.Т нь амьсгалын замын химийн бодисын хордлогоор буюу тус гэмт хэрэгт хамааралгүй байдлаар нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн 7563 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд, хохирогч Ц.Тын хууль ёсны төлөөлөгчөөр Д.Сг томилсон тогтоол хавтаст хэрэгт авагджээ. Хохирогч Ц.Тын хууль ёсны төлөөлөгч Д.С нь хавтаст хэрэгт “...одоо мотоциклийн үнэ болох 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгийг төлсөн тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлэнэ биз...” хэмээн мэдүүлэг өгсөн байх ба хавтаст хэргийн 141, 153-р талуудад мөнгөн шилжүүлгийн баримт авагдсан, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С нь шүүгчийн туслахад “...цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” хэмээн утсаар мэдэгдсэн байх тул шүүгдэгч Ш.А-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.А-д 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жил, 1 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн онцлог зэргийг харгалзан шүүгдэгч Ш.А-д 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Ш.А-гийн 343748 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, 01383184 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч -------г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.А-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Хэрэгт битүүмжлэгдсэн Тоёота Приус маркийн ______ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Ш.Абусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ш.А-гийн ______ дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, ________дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ