Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 554

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч В.Б нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч В.Б 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүр дотор иргэн Ж.Эыг Солонгос улсын виз гаргуулж өгнө гэж  15 сая төгрөг авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би Эаас Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хэлж 15 сая төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулчихсан. 15 сая төгрөгнөөс 6 сая төгрөгийг төлчихсөн. Үлдсэн 9 саяыг төлж барагдуулах талаар Этай тохирсон байгаа. Би ийм хэрэг хийсэндээ маш их гэмшж байна гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогчоор Ж.Э мөрдөн байцаалтанд: 2017 оны 7 дугаар сарын эхээр манай эхнэрийн аавын нутгийн эгч Б гэх хүнтэй танилцаад би эхнэртэйгээ хамт Солонгос улсын виз гаргуулахаар болж ...бэлнээр 5 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 6-нд 3 сая , 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 сая төгрөг гэх мэт өгсөөр нийт 15.000.000 сая төгрөг өгсөн ба Б одоог хүртэл Солонгос улсын виз гаргаж өгөөгүй байна. Бэд та одоо миний  визийг гаргаж өгөхгүй юм бол миний мөнгийг өг гэхэд 2017 оны 11 дүгээр сарын эхээр надаас авсан мөнгөө эргүүлж өгч эхэлсэн. Тэгээд надад нийт 5.650.000 төгрөг өгсөн. Одоо 9.365.000 төгрөг өгөх дутуу байгаа. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг, 

 

Гэрч Ч.Саранчимэг мөрдөн байцаалтанд: Манай авга эгчийн нэг нутгийн хүн гэх Б гэдэг хүнтэй Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байх Гранд плаза дээр ирж уулзсан. Бтэй танилцахад Солонгос улсын Ким гэх нөхөртэйгээ хамт Солонгос улсын Тэ Жон гэх хотод монгол хоолны газар ажиллуулдаг тэндээ нэг охинтойгоо хамт амьдардаг, амралтаараа Монгол улсад ирээд найзынхаа нотариатын газар туслахаар ажиллаж байгаа гэж хэлсэн. 2 хоногийн дараа над руу Б залгаад Солонгос улс руу явах юм уу явахаар бол сургуулийнхаа баримт бичиг тодорхойлолтууд 5 сая төгрөгтэй авчирч өг гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 5 сая төгрөг, бичиг баримтын хамт Бэд өгсөн. Тэгэхэд дахиад явах хүн байна уу 4-5 хүн авч 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хамт явна, хичээл 5-ны өдөр эхэлнэ, хүн олж өгөөч гэж хэлэхээр нь  нөхөр Эын бичиг баримтыг бүрдүүлээд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 5 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 460022537 дугаарын данс руу шилжүүлэн Б дээр очсон. Сургалтын төлбөрөө 100 хувь төлж байж сургуулиас урилга ирэх гээд байна гэж хэлэн 3 сая төгрөгийг шаардахаар нь Бийн Худалдаа хөгжлийн 460022537 дугаарын данс руу 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлж, 2 сая төгрөгийг бэлнээр нөхөр Эын хамт очин Гранд Плаза дотор Бэд өгсөн. 2017 оны 9 дүгээр сард дөхөөд ирэхээр нь Б рүү утсаар залгахад утсаа авахгүй, авахдаа хөдөө орчуулагчаар явж байна гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр уулзахад виз чинь гарсан 10 дугаар сарын 3-ны өдөр явахаар болж хойшиллоо миний ажил болохгүй байна, паспорт чинь  гарсан гэсэн. Паспортоо үзье гэхэд үзүүлэхгүй маргааш нөгөөдрөөс үзүүлье гээд байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй болохоор нь 2017 оны 10 дугаар сарын эхээр Гранд плаза дээр очиход Бийг ажлаасаа гарсан гэсэн.  /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр В.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 6 дугаар сарын сүүлээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Плаза дотор нотариатын туслах хийж байхад Саранчимэг нь Солонгос улс руу гаргах хүн мөн үү гэж хэлэн ирж анх танилцсан. Намайг Солонгос улсын иргэнтэй гэр бүл болохоор Солонгос улс руу гаргана гэж Саранчимэг бодсон байх. 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Саранчимэг миний ажиллаж байсан Гранд Плаза дотор ирээд паспорт зураг авчирч өгөхдөө бэлнээр 5 сая төгрөг өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 5 сая  төгрөг миний Худалдаа хөгжлийн банкны 460022537 дугаарын данс руу шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 2 сая төгрөгийг Э, Саранчимэг нар нь надад авчирч өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 3 сая төгрөг 460022537 дугаарын данс руу хийсэн. 2017 оны 8 дугаар сарын сүүлээр миний нөхөр Ким Юун Мин намайг хаяж Солонгос улс руу явсан болохоор Эрдэнэчимэг, Саранчимэг хоёрыг хүмүүстэй уулзаж Солонгос гаргах асуудал бүтэхээргүй болсон. Тэгэхээр нь тухайн хоёр хүнээс авсан мөнгөө хувийнхаа хэрэгцээнд зарцуулаад л дууссан. Нотариатын ажлаасаа гараад сургалтын төвд  ажиллаж байх хугацаандаа Эаас авсан мөнгөө бага багаар төлсөөр байгаад 15.000.000 төгрөгнөөс 9 сая төгрөгийг өгөх үлдсэн. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

В.Бийн дансанд орлого хийсэн баримт /хх-ийн 27/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор В.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-йн 31/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Б 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 21-ний хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза дэлгүүр дотор Солонгос улсын виз гаргаж өгнө гэж 15 сая төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчоор Ж.Эын”...бэлнээр 5 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 6-нд 3 сая, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 сая төгрөг гэх мэт өгсөөр нийт 15.000.000 сая төгрөг өгсөн. Одоо 9.365.000 төгрөг өгөх дутуу байгаа” /хх-ийн 11/, гэрч Ч.Саранчимэгийн”... бэлнээр 5 сая төгрөг, бичиг баримтын хамт,  Бэд өгсөн...нөхөр Эын бичиг баримтыг бүрдүүлээд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 5 сая төгрөгийг...3 сая төгрөгийг...2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлж, 2 сая төгрөгийг бэлнээр нөхөр Эын хамт очин Гранд Плаза дотор Бэд өгсөн” /хх-ийн 25/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон  В.Бийн дансанд орлого хийсэн баримт /хх-ийн 27/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар яллагдагч  В.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...тухайн хоёр хүнээс авсан мөнгөө хувийнхаа хэрэгцээнд зарцуулаад л дууссан...” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч В.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч В.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “үлдэгдэл 9 сая төгрөгөө ...2018 оны 9 дүгээр сарын 01-ний дотор авахаар болж бид сайн үндсэн дээр харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг В.Бэд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Бийг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.  

 

5.      Хэрэгт шүүгдэгч В.Б хохирогч Ж.Эад үлдэгдэл 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн байгааг дурьдсугай.

 

6.      Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.      Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ