| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 500/2016/0054/э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2016-11-29 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 763
С.Доржпүрэвт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Дэлгэрдалай,
Шүүгдэгч С.Доржпүрэвийн өмгөөлөгч Б.Уранчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр С.Доржпүрэвт холбогдох 201626010568 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овогт Соронзонболдын Доржпүрэв, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага-Нарангийн 43-24 тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар: /ШУ88112013/.
С.Доржпүрэв нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага-Нарангийн 43 дугаар гудамжны 24 тоотод Э.Энхтүвшинтэй маргалдаж, түүний хэвлийн баруун хэсэгт хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Доржпүрэвт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч С.Доржпүрэвт холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов. Үүнд: Гэрч О.Анхбаатарын мөрдөн байцаалт /1хх-ийн 136-140/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт ноцтой зөрүү үүсгэсэн. Тухайлбал: Гэрч О.Анхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...анх байцаагч Ууганбаатарт мэдүүлэг өгсөн, Өлзийдэмбэрэлд мэдүүлэг өгөөгүй, анх мэдүүлэг өгөхөд шөнийн 12 цаг өнгөрсөн байсан, дараа дахин мэдүүлэг өгсөн цаг хугацаанд би Ховд аймагт байсан, мэдүүлэгт болон согтуурлын зэрэг шалгахад /1 хх-ийн 45, 57/ хөндлөнгийн гэрчээр оролцоогүй байхад орсон гэж зуруулсан, зарим гарын үсэг нь минийх биш байна...” гэх, мөн мөрдөн байцаалтад “...харанхуй байсан учир хэвтэж болон сууж байсан хүний нүүр царай, хувцас хунарыг хараагүй...” гэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “...хувцас, нүүр царайг тодорхой харсан, хашааны өдрийн гэрэл тусч байсан...” гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн тул дахин шалгаж, хариуцлагын асуудлыг нэг мөр шийдвэрлэх.
2. Гэрч О.Анхбаатар, хохирогч Б.Энхтөр нарын хэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу худал мэдүүлсэн эсэхийг шалган тогтоох. Б.Энхтөрийн хохирогчоор /1 хх-ийн 112-115/ өгсөн мэдүүлэгт “...тухайн зодооны дараа гэрээс гараагүй, ээж гаргаагүй...” гэж мэдүүлсэн нь гэрч О.Анхбаатарын мэдүүлэгтэй зөрүүтэй буюу хэн аль нь худал мэдүүлэг өгсөн байх үндэслэлтэй байна.
3. Т.Энхтөрийн ээжээс анхлан мэдүүлэг авсан эсэх, уг мэдүүлэг хавтаст хэргээс алга болсон эсэх асуудлыг шалгах.
4. Т.Энхтөрийн биед гэмтэл учруулсан сэдэлт, шалтгаан нөхцөл, бусад асуудлыг нэг мөр, бүрэн шалгах, зөв зүйлчлэх. Б.Энхтөр хохирогчоор /1 хх-ийн 112-115/ өгсөн мэдүүлэгтээ өөрт учирсан гэмтлийн талаар мэдүүлсэн, түүний биед хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд учирсныг шинжээч тогтоосон /2 хх-ийн 18/ байна. С.Доржпүрэвийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татан байцаагаагүй атлаа тухайн зүйлээр ял нэмж сонсгосон /3 хх-ийн 19-20/, тийнхүү ял нэмж сонсгосон атлаа С.Доржпүрэв нь болгоомжгүйгээр хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, ойлгомжгүй /3 хх-ийн 22/.
5. Зарим нотлох баримтын эх сурвалжийн зөрүүг арилгах, бодит байдлыг тогтооход чиглэсэн ажиллагаа хийх шаардлагатай. Б.Энхтөрийн хохирогч, сэжигтэн, яллагдагчаар /1 хх-ийн 112-115, 2 хх-ийн 84-93/ өгсөн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна мөн шүүгдэгч С.Доржпүрэвийн мэдүүлэгтэй зарим талаар зөрүүтэй байх тул энэ хүрээнд зохих ажиллагаа хийх.
6. Хэрэв Б.Энхтөрийг хүн амины гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй гэж үзсэн тохиолдолд түүнийг тухайн хүн амины гэмт хэрэгт гэрчээр тогтоон байцаах шаардлагатай. Б.Энхтөр нь өөрт учирсан гэмтлийнхээ хувьд хохирогчоор өгсөн мэдүүлгийг өөр бусад гэмт хэргийн нотлох баримтын эх сурвалж болгон үнэлэх боломжгүй болно.
7. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн мэдүүлсэн зарим мэдээллийг шалган шийдвэрлэх. Шүүгдэгч С.Доржпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт “...Т.Энхтөр надад хэрэг хүлээчих гэсэн, ... үүнийг манай эхнэр, бусад хүмүүс мэднэ, Энхтөрд учирсан гэмтэл өмнө учирсан байсан” зэрэг асуудлаар мэдүүлсэн.
8. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Б.Энхтөрийн гар утасны дугаарын дуудлага, бусад мэдээллийг шалгах. Тус хэрэгт талийгаачийн гар утасны дугаарт үзлэг хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой мэдээлэлгүй байх ба гэмт хэрэгт гарсан цаг хугацааг тогтооход ач холбогдолтой, 20.33 гэх цаг хугацаа нь /1 хх-ийн 83/ гэмт хэрэг гарсан өдрийнх биш байна. Харин талийгаач нь Б.Энхтөрийн гар утаснаас аав руугаа, аав нь тухайн гар утас руу эргүүлэн залгасан талаар мэдээлэл байх тул энэ хүрээнд зохих ажиллагаа хийж, мэдээлэл, баримт сэлтийг лавшруулан шалгах зайлшгүй шаардлагатай.
Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхгүй байх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчихгүйн тулд уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь, Шүүхийн тогтоолд "Хохирогч Б.Энхтөр", "Хохирогч Т.Энхтөр" гэх байдлаар нэг хүний тухай асуудлыг шалгуулах шаардлагатай гэж үзэн дурьдахдаа хохирогчийн овгийн үсгийг 2 өөр байдлаар бичсэн байна. Түүнчлэн шүүхийн тогтоолын зарим заалт буюу 1, 2, 3, 6, 7, 8 дахь заалтыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал, Тогтоолын 1 дэх заалтад “Гэрч О.Анхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт ... анх байцаагч Ууганбаатарт мэдүүлэг өгсөн, Өлзийдэмбэрэлд мэдүүлэг өгөөгүй, анх мэдүүлэг өгөхөд шөнийн 12 цаг өнгөрсөн байсан, дараа дахин мэдүүлэг өгсөн цаг хугацаанд би Ховд аймагт байсан, мэдүүлэгт болон согтуурлын зэрэг шалгахад хөндлөнгийн гэрчээр оролцоогүй байхад орсон гэж зуруулсан, зарим гарын үсэг нь минийх биш байна гэх, мөн мөрдөн байцаалтад ... харанхуй байсан учир хэвтэж болон сууж байсан хүний нүүр царай, хувцас хунарыг хараагүй гэсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт ... хувцас, нүүр царайг тодорхой харсан, хашааны өдрийн гэрэл тусч байсан гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн тул дахин шалгаж, хариуцлагын асуудлыг нэг мөр шийдвэрлэх" гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар талд гэрчээр О.Анхбаатарыг ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Өлзийдэмбэрэл 2016 оны 03 дугаар сарын 05-ны 21 цаг 58 минутанд байцаалтыг эхэлж, 22 цаг 40 минутанд дуусгасан, 2 дахь байцаалтыг мөн Б.Өлзийдэмбэрэл 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 10 цаг 30 минутанд эхэлж 11 цаг 42 минутанд дуусгаж, мэдүүлгийг өөрт нь танилцуулахад үнэн зөв бичигдсэн байна гэж, мөн харсан зүйлийн байрлалыг өөрийн гараар зурж үзүүлсэн зургийн хамт хавсаргаж, өөрийнхөө гарын үсгийг зурсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 136-137-р тал/
Түүнчлэн гэрч О.Анхбаатарын гарын үсэг нь энгийн нүдээр харсан ч өөр, илтэд зөрүүтэй гэх байдал байхгүй бөгөөд мэдүүлэг өгсөн атлаа " ...Өлзийдэмбэрэлд мэдүүлэг өгөөгүй, анх мэдүүлэг өгөхөд шөнийн 12 цаг өнгөрсөн байсан, дараа дахин мэдүүлэг өгсөн цаг хугацаанд би Ховд аймагт байсан" гэж шүүх хуралдаанд яах гэж илтэд худлаа мэдүүлээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд гэрч О.Анхбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар улсын яллагчаас тусгайлан гаргасан санал байхгүй болно. Гэрч О.Анхбаатар нь эхний байцаалтанд мөрдөн байцаагчийн тавьсан “Энэ үед гудамжинд өөр хэн нэгэн байсан уу?, хэвтэж байсан хүний биед гэмтэл шарх, ойр орчимд нь цус нөж байсан уу?” гэсэн асуултанд "Намайг гудамж руу орох үед энэ хоёр хүнээс өөр хүн гудамжинд байгаагүй. Харанхуй байсан болохоор тэр хэвтэж байсан хүн нь гэмтэл, шарх авсан эсэх талаар огт мэдээгүй, согтуу тасраад уначихсан л байна гэж бодоод гэрт орсон. Дараа нь цагдаа ирээд надаас үзсэн харсан зүйлийн минь талаар асуугаад хамт гарч гэрэл тусгахаар нь харахад хажуу бөөр хавьд нь цус болчихсон харагдаж байсан" гэсэн мэдүүлэг, 2 дахь байцаалтанд мөрдөн байцаагчийн тавьсан "Та талийгаач Э.Энхтүвшин болон Энхтөр, Доржпүрэв нарыг урьд өмнө нь таньж мэдэх үү" гэсэн асуултанд "...Би тухайн өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 05-ны орой манай хашааны гадна байсан хоёр хүн хэн байсныг мэдээгүй. Би хашаа руугаа орох үед ямар ч л байсан хашааны гадна том хаалганы тэнд хоёр хүн байж байсан. Нэг нь хэвтэж байсан, нөгөөх нь дэргэд нь сууж байсан. Би тэр хүмүүсийг архи уучихсан, согтуу хүмүүс байна гэж бодоод хашааны үүднээс холд, яв гэж хэлээд гэр рүүгээ орсон. Удалгүй 20-30 минутын л дараа байх цагдаа нар орж ирээд "хашааны чинь үүдэнд хүн хэвтэж байна, таньж мэдэх үү, гараад хараадхаач" гэж хэлэхээр нь би цагдаад хандан "уг нь хоёр хүн байсан, нэг нь хэвтэж байсан, нөгөөх нь дэргэд нь сууж байсан" гээд өөрийн харсан зүйлээ хэлээд цагдаатай хамт гарч харахад хэвтэж байсан хүн нь л байсан, сууж байсан хүн нь алга байсан. Анх хэвтэж байсан газраасаа өөр газарт буюу хашааны хаалганы хойд талд нь доошоо харчихсан хэвтэж байсан. Цагдаа уг хүнийг татаж гэдрэг нь эргүүлж, утасныхаа гэрлийг тусгаж царайг нь надад харуулахад нүүр нь халцарчихсан, шороо болж халтартсан байсан ба би тэр хүнийг хэн гэдгийг нь таниагүй. Би маргааш нь 7 буудлын тийшээ ажилдаа явчихсан юм. Тэндээ байрлаж 1 cap орчим болсон. Дараа нь Бага-Наран руу гэрлүүгээ явж байгаад манай гудамжны Оюунтуяа эгчтэй таарсан. Оюунтуяа эгч надаас танай хашааны үүдэнд нас барсан хүний хажууд сууж байсан хүн хэн байсан юм бэ, чи царай зүс, хувцас хунарыг нь сайн харсан уу" гэж асуухаар би "сайн хараагүй, нэг нь хэвтэж байсан, нөгөөх нь сууж байсан, бараан хувцастай л хүмүүс байсан" гэж, ... Ер нь бол би талийгаач Энхтүвшинг зүс мэднэ, гэхдээ тухайн үед бол хараад таниагүй, царай зүс нь аймаар болчихсон байсан, хувцас хунар нь цус болчихсон байсан учраас айж балмагдаад лавшруулж ч сайн хараагүй. Энхтөрийг бол мэдэхгүй, Доржпүрэвийг бол Оюунтуяа эгчтэй хамт явж байхыг нь ганц, хоёр удаа харж байсан. Зүс үзсэнээс өөрөөр сайн мэдэхгүй. Оюунтуяа эгчийн гэр манайхтай ойрхон, нэг гудамжинд манайхаас урагш хоёр айлын цаана байдаг юм. Сүүлд нь бас талийгаачийн төрсөн дүү Энхдөлгөөн надад утсан дээрх нэг бичлэг үзүүлээд тухайн үед талийгаачийн хажууд байсан хүн энэ бичлэг дээр байна уу гэж харуулсан. Би бичлэгийг хараад тэнд сууж байсан хүний царай зүс, хувцас хунарыг тухайн үед сайн харж чадаагүй учраас мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр бичлэг нь бол дэлгүүр дотор юм худалдаж авч байгаа хүмүүсийн бичлэг байсан" гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаагчийн тавьсан “Тухайн үед талийгаачийн дэргэд сууж байсан хүн хэн байсан гэдгийг та таньж мэдсэн үү?, Та үүнийг тодорхой хэлж чадах уу?” гэсэн асуултанд "Би тэр хүн хэн байсныг тодорхой хэлж мэдэхгүй, тухайн үед 20 цагийн орчим байсан болохоор харанхуй болчихсон байсан, манай гудамж гэрэлтүүлэг байхгүй, үзэгдэх орчин харанхуй байсан учраас би тэр сууж байсан болон хэвтэж байсан хүний царай зүс, хувцас хунарыг сайн анзаарч хараагүй. Хоёулаа л бараан хувцастай байсан" гэж тус тус мэдүүлснийг байцаалтын тэмдэглэлүүдэд тодорхой тусгасан байна. Гэтэл гэрч О.Анхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлж байгаа асуудлыг дахин шалгаж хариуцлагын асуудлыг тодруулах гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч О.Анхбаатарын 2 удаагийн мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй, харин шүүх хуралдаанд өгсөн зөрүүтэй мэдүүлэгт илт хөтлөгдсөн байдал харагдаж байна. Түүнчлэн гэрч О.Анхбаатар нь хэрэг асуудал болсон талаар харсан, үзсэн гол гэрч биш бөгөөд шүүх хуралдаанд "...хувцас, нүүр царайг тодорхой харсан, хашааны өдрийн гэрэл тусч байсан" гэж өгсөн мэдүүлэг нь хавтаст хэргийн 15-17 дугаар талд хавсаргагдсан хэргийн газрын үзлэгээр үзэгдэх орчин хязгаарлагдмал, харанхуй байсан болох нь бэхжүүлэн авсан фото зургийн үзүүлэлтээр нотлогдон, гэрч О.Анхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэнэ.
Тогтоолын 2 дахь заалт "Гэрч О.Анхбаатар, хохирогч Б.Энхтөр нарын хэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу худал мэдүүлсэн эсэхийг шалган тогтоох Б.Энхтөрийн хохирогч /1 хх-ийн 112-115/-оор өгсөн мэдүүлэгт "...тухайн зодооны дараа гэрээс гараагүй, ээж гаргаагүй тухай мэдүүлсэн нь гэрч О.Анхбаатарын мэдүүлэгтэй зөрүүтэй буюу хэн аль нэг нь худал мэдүүлэг өгсөн байх үндэслэлтэй байна" гэжээ. Гэрч О.Анхбаатар, хохирогч Б.Энхтөр нарын хэн нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй буюу худал мэдүүлснийг шалган тогтоох гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь гэрч, хохирогчийн хэн алинд нь хууль сануулж байцаалт авсан, өөрсдийн үзсэн харсан зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэгтэй субъектүүд учраас хэний, ямар мэдүүлэг нь хэргийн ямар эх сурвалжийг зааж чадахгүй, хэрхэн зөрүүтэй байгаа талаар шүүх тодорхойлж дурьдаагүй тул гүйцэтгэх боломжгүй байна.
Тогтоолын 3 дахь заалтад "З.Т.Энхтөрийн ээжээс анхлан мэдүүлэг авсан эсэх, уг мэдүүлэг хавтаст хэргээс алга болсон эсэх асуудлыг шалгах" гэжээ. Хэрэгт Б.Энхтөр гэж хүн сэжигтэн, яллагдагч, хохирогчоор тогтоогдон шалгагдаж байсан ба Т.Энхтөр гэж хүн байхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудтай бүрэн дүүрэн танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэргийн 162-163 дугаар талд Б.Энхтөрийн ээж Б.Амаржаргалаас 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэг нь хэрэгт байсаар байхад хавтаст хэргээс мэдүүлэг алга болсон асуудлыг шалгах гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Тогтоолын 6 дахь заалтад "Хэрэв Б.Энхтөрийг хүн амины гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй гэж үзсэн тохиолдолд түүнийг тухайн хүн амины гэмт хэрэгт гэрчээр тогтоон байцаах шаардлагатай. Б.Энхтөр нь өөрт учирсан гэмтлийнхээ хувьд хохирогчоор өгсөн мэдүүлгийг өөр бусад гэмт хэргийн нотлох баримтын эх сурвалж болгон үнэлэх боломжгүй болно" гэжээ. Шүүхийн тогтоолд "Б.Энхтөрийг хүн амины хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл нотолгоо тогтоогдоогүй гэж үзсэн тохиолдолд түүнийг тухайн хүн амины гэмт хэрэгт гэрчээр тогтоон байцаах" гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийг зөрчсөн заалт тул хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт ач холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж хуульд томъёолсон байхад энэ хэрэгт хохирогчоор байцаагдсан хүнийг яагаад гэрчээр байцаалгах гээд байгаа болох, юуг тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн хавтаст хэргийн 112-115 дугаар талд Б.Энхтөр нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн, хэрэг явдал болсон талаар бүхий л асуудлыг тодорхой мэдүүлсэн байдаг бөгөөд шүүхийн тогтоолд дурьдсанчлан "...өөрт учирсан гэмтлийнхээ хувьд хохирогчоор өгсөн мэдүүлгийг өөр бусад гэмт хэргийн нотлох баримтын эх сурвалж болгон үнэлэх боломжгүй" гэсэн нь үндэслэлгүй болох нь мэдүүлгээс тодорхой харагдана. Шүүхийн тогтоолд зааснаар Б.Энхтөрийг гэрчээр байцаасан тохиолдолд тухайн хүн нэг цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн байцаан шийтгэх ажиллагааны бүхий л оролцогч /хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч/ болж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тогтоолын 7 дахь заалтад "Шүүх хуралдаанд шүүгдэгчийн мэдүүлсэн зарим мэдээллийг шалган шийдвэрлэх. Шүүгдэгч С.Доржпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт...Т.Энхтөр надад хэрэг хүлээчих гэсэн, ... үүнийг манай эхнэр бусад хүмүүс мэднэ, Энхтөрд учирсан гэмтэл өмнө нь учирсан байсан зэрэг асуудлаар мэдүүлсэн" гэжээ. Шүүгдэгч С.Доржпүрэв нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35, 36 дугаар зүйлд зааснаар "...өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй" байхаар заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлгээ өөрчлөх, шинээр өөр зүйл мэдүүлэх эрхтэй этгээд юм. Түүнчлэн шүүгдэгч С.Доржпүрэв нь мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд энэ талаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Б.Энхтөрд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болох талаар шинжээч дүгнэлтдээ дурьдсан, нөгөө талаар энэ гэмтлийг санаатай учруулсан гэх байдал тогтоогдоогүй тул прокурорын шатанд С.Доржпүрэвд холбогдох "Б.Энхтөрд хөнгөн гэмтэл учруулсан" гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Иймд шүүгдэгчийн мэдүүлж байгаа дээрх зүйлийг шалгах шаардлагагүй бөгөөд ач холбогдолгүй гэж үзэж байна.
Тогтоолын 8 дахь заалтад "Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Б.Энхтөрийн гар утасны дугаарын дуудлага, бусад мэдээллийг шалгах, тус хэрэгт талийгаачийн гар утасны дугаарт үзлэг хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой мэдээлэлгүй байх ба гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтооход ач холбогдолтой гэх 20:33 гэх цаг хугацаа нь /1 хх-ийн 83/ гэмт хэрэг гарсан өдрийнх биш байна. Харин талийгаач нь Б.Энхтөрийн гар утаснаас аав руугаа, аав нь тухайн гар утас руу эргүүлэн залгасан талаар мэдээлэл байх тул энэ хүрээнд зохих ажиллагаа хийж, мэдээлэл, баримт сэлтийг лавшруулан шалгах зайлшгүй шаардлагатай" гэжээ. Шүүх тогтоолдоо "...Тус хэрэгт талийгаачийн гар утасны дугаарт үзлэг хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой мэдээлэлгүй байх ба гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтооход ач холбогдолтой гэх 20:33 гэх цаг хугацаа нь /1 хх-ийн 83/ гэмт хэрэг гарсан өдрийнх биш байна. ..." гэж дүгнэсэн атлаа Б.Энхтөрийн гар утаснаас аав руугаа залгасан талаар шалгаж, лавлагаа авах нь хэргийн ямар нөхцөл байдлыг, юуг тодруулахад ач холбогдолтой баримт болох талаар дурьдаагүй бөгөөд үүнийг шалгах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн С.Доржпүрэвт холбогдох энэ хэрэгт ганцхан О.Анхбаатар гэрчээр мэдүүлэг өгөөгүй, өөр бусад олон хүн гэрчээр байцаагдаж хэргийн талаар мэдүүлсэн байдаг. Үүнийг шүүх харгалзан үзэж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Тухайлбал: Гэрч Х.Номин "Манай нөхөр урьд өдөр нь ажил дээрээ ээлжинд гараад 2016 оны 03 дугаар сарын 05-ны 10 цагийн үед гэртээ ирсэн. Манай ээж 11 цагийн үед над руу залгаад хүрч ирж хоол унд ид гээд би том хүүгээ аваад машинаа унаад Бага-Наран орж, эгч Оюунтуяаг аваад аавындаа очсон. Оюунтуяаг авахаар гэрт нь очиход хамтран амьдрагч Доржпүрэв нь байхгүй, гэртээ ганцаараа байсан. Аавынд байж байгаад би 15 цагийн үед нөхөр рүүгээ залгаад хүрээд ир гэж хэлсэн. Нөхөр бага хүүгээ аваад такси бариад хүрч ирсэн. Бүгдээрээ хоол унд идэж байгаад 19 цаг өнгөрөөгөөд аавынхаас гарсан. Оюунтуяа эгчийг гэрт нь хүргэж өгөх гээд Бага-Наран руу явсан. Нөхөр машинаа барьж явсан. Оюунтуяа эгчийн гудамж руу ороод явж байтал манай нөхөр энд нэг хүн хэвтэж байна, осгоод үхчих вий дээ гэж хэлээд хажуугаар нь өнгөрөхдөө машиныхаа явдлыг удаашруулж машиныхаа цонхоор хараад цус нөж болчихсон байна, цагдаа дуудъя гээд өөрийнхөө 88019069 дугаарын утсаар 102 дугаарын утас руу залгаад дуудлага өгсөн. Манай хүн чих жаахан хатуу учраас дуудлага өгч байх үедээ аан аан гээд цаад ярьж байгаа хүнийхээ дууг нэг их сайн сонсож чадахгүй байх шиг байхаар нь би утсыг нь аваад үргэлжлүүлээд ярьсан. Цаанаас нь дуудлага өгч байгаа хүний нэр хэн билээ гэхээр нь Номин гээд өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэгээд эгчийн гадаа ирж зогсоод эгчийг буулгасан. Эгч та нар хүүхдийнхээ малгайг орхичихсон байна лээ, би аваад ирье гээд гэртээ орсон. Нөхөр гэдэс эвгүйрхээд байна гээд жорлон руу нь орсон. Эгч хүүхдийн минь малгайг аваад хүрч ирсэн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээгээд машин дотроо сууцгаасан. 15-20 орчим минутын дараа цагдаагийн машин хүрч ирсэн. Эгчийг тэнд нь буулгачихаад цагдаагийн машин руу дөхөж очоод нөхөр маань овог, нэр, утасны дугаар, хаягаа бүртгүүлээд одоо явж болох уу гэхэд болно гэхээр нь явсан. Гэртээ дөнгөж ороод байж байтал манай нөхөр рүү Оюунтуяа эгч залгасан. Би нөхрөөсөө яасан, юу болов гэж асуухад Доржоо нь согтуу байна гэнэ, гэр нь цустай байна гэнэ, Оюунтуяа уйлаад байна гэж хэлсэн. Би эргүүлээд Оюунтуяа руу залгаад яав, юу болсон юм бэ гэж асуухад Доржоо согтуу байна, гэрт цус болчихсон байна, өдөр залгахад Энхтүвшинтэй хамт байна гэсэн, нөгөө гудамжинд хэвтэж байгаа хүн чинь Энхтүвшин биш үү, очоод үзээдхээч, мөн байвал цагдаа аваад хүрээд ир гэж хэлсэн. Нөхөр бид хоёр машинтайгаа хүрч ирэхэд цагдаа нар хамгаалалтын тууз татчихсан байсан. Манай нөхөр цагдаатай очиж уулзаад тэр хэвтэж байгаа хүний царайг харах гээд дөхөж очсон. Би араас нь явж очиж харахад Энхтүвшин мөн байсан. Тэгээд цагдаад хандан “манай эгч над руу залгасан, наад хүнийг чинь алсан хүн манай эгчийнд байж магадгүй, тийшээ очъё” гээд цагдаа дагуулаад эгчийн гадаа очсон. Энэ айл гэж хэлээд нөхөр бид хоёр оролгүй үлдсэн. Цагдаа нар Доржоог аваад машиндаа суулгаж байгаа харагдсан. Би арынх нь гудамжаар тойрч эгчийндээ орох гэтэл эгч хашааныхаа үүдэн дээр гарч ирчихсэн зогсож байсан. Байцаалт авна гээд нэг цагдаа эгчийг аваад явсан. Би араас нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Ийм асуудал болсон” гэж тодорхой мэдүүлсэн. Гэрч Б.Бат-Эрдэнэ "Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст машинт эргүүлийн офицер ажилтай. 2016 оны 03 дугаар сарын 05-ны орой 19 цагт ээлж хүлээн аваад Сэлбэ-115 дуудлагын автомашинтай СХД-ийн 3, 26 дугаар хороодын нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 20 цаг 10 минутын л орчим байх Сэлбэ-10 /СХД дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрээс/-аас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага-Нарангийн 43 дугаар гудамжинд цустай хутгалдчихсан хүн хэвтэж байна гэсэн дуудлага өгсний дагуу уг газарт очиж шалгахад 30 орчим насны эрэгтэй хүн дээш харж хэвтсэн байдалтай, хэвлийн баруун хэсгээс цус гарч, хувцас хунар нь цус болсон байдалтай, нас барчихсан бололтой хэвтэж байхаар нь шууд 103 дуудаж, хэргийн газрыг хамгаалалтанд авч, хэлтсийн жижүүрт эргэж мэдэгдээд жижүүрийн бүрэлдэхүүн дуудсан. 103 ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Хэлтсээс мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Сайнбаярын удирдсан бүрэлдэхүүн ирсэн. Биечилсэн сурвалжлага хийж, анх дуудлага өгсөн Номин гэх эмэгтэй, түүний нөхөр Насанжаргал гэх хүмүүстэй уулзаж ярилцахад энэ хүн бол бидний таньдаг хүн байна, энэ хүний амь насыг хохироосон асуудал Доржоо гэдэг хүнтэй холбоотой юм байна, эд нар хамт архи уусан байна гэж хэлээд дагуулан явж, тэр Доржоо гэдэг хүний гэрийг зааж өгсөн. Тэгээд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Сайнбаяр, шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Пүрэвсүрэн нарын хамт уг айл руу ороход тэр Доржпүрэв гэгч нь орон дээрээ сууж байсан. Эхнэр Оюунтуяа гэх эмэгтэйтэй нөхөртөө "чи архи уугаад ийм л зүйл болох гээд байсан шүү дээ" гэж хэлж байсан. Би Доржпүрэв гэгчээс "цагдаагаас явж байна, ямар асуудлаар явж байгааг ойлгож байна уу?" гэж асуухад толгой дохьсон. Тэгээд би гавлаад авч гарах үед байшингийн үүдний таамбарынх нь довжоон дээр бариул хэсэг нь хоёр талдаа шар өнгийн металлаар бөгжилсөн, иш нь ногоон өнгийн иштэй, махирдуу хэлбэртэй хутга байсан. Мөрдөн байцаагч, шинжээч нар тэр айлд үзлэг хийхээр болсон. Би тэр Доржпүрэвийг жижүүрийн машинд суулгаж хэлтэс рүү явуулсан. Ийм л асуудал болсон" гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Гэрч Б.Насанжаргал мөн тодорхой мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд бусад бичгийн баримтууд хэрэгт авагдсан байхад энэ хэргийн талаар О.Анхбаатар, Б.Энхтөр нараас өөр гэрчилж мэдүүлэх хүн байхгүй мэтээр дүгнэлт хийж хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасан нь үндэслэлгүй, тогтоолд дурьдсан зарим зүйл нь мөрдөн байцаалтын шатанд хийгдсэн ажиллагаанууд байх тул Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 115 тоот шүүхийн тогтоолын зарим заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Талийгаачийг хамгийн сүүлд харсан хүн нь гэрч О.Анхбаатар байдаг. Мөрдөн байцаалтын шатанд О.Анхбаяр нь анхан шатны шүүх хуралдаан дээр “мэдүүлэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, 2 дахь мэдүүлгийг өгсөн гэх цаг хугацаанд би Ховд аймагт явж байсан, яагаад миний гарын үсэг энд зурагдсан болохыг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр О.Анхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдэд зөрүү үүссэн. Мэдүүлгийн зөрүүг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргах боломжгүй байдал үүссэн тул шүүхийн тогтоолын 1, 2 дахь заалт үндэслэлтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж заасан байдаг. Энд “...мэдэж байгаа” гээд таслал байдгийг анзааралгүйгээр хуулийг буруу ойлгосон байна. Тухайн хэрэг болсон газарт талийгаачтай Б.Энхтөр, С.Доржпүрэв нар хамт байсан. Гэтэл Б.Энхтөр нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй, хохирогч, шүүгдэгч, гэрчийн алинаар нь ч тогтоогдоогүй байна. Хэргийн нөхцөл байдлыг тодорхой мэдэж байгаа Б.Энхтөрөөс мэдүүлэг авах шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарахад талийгаачтай нийлээд гурван хүн байсан тул би энэ хэргийг С.Доржпүрэв, Б.Энхтөр нар хамтран үйлдсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд С.Доржпүрэв, Б.Энхтөр нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байсан боловч Б.Энхтөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосноор энэ хүн одоо гадуур чөлөөтэй явж байна. Яагаад тухайн үед хамт байсан 3 хүний нэг нь хохирогч болоод, нөгөө нь шүүгдэгч болчихоод байхад Б.Энхтөр зүгээр явж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар прокуророос асуухад “би сайн мэдэхгүй байна” гэж хариулсан” гэв.
Шүүгдэгч С.Доржпүрэвийн өмгөөлөгч Б.Уранчимэгээс: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. Иймд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангажээ.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэхийн зэрэгцээ дараах байдлыг шалган тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь хэргийн үйл баримтын талаар бодитой дүгнэлт хийх нөхцлийг бүрдүүлэхээр байна.
Яллах дүгнэлтэд “...С.Доржпүрэвийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Энхтүвшинтэй маргалдаж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан...” гэсэн байх бөгөөд ямар нотлох баримтыг үндэслэн хувийн таарамжгүй харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь тодорхой биш байна. Иймд согтуурсан үедээ, шалтаг шалтгаангүйгээр бусдыг санаатай алсан байж болох нөхцөл байдлыг шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн зохих хэсгээр зүйлчлэх нь зүйтэй.
С.Доржпүрэвийн согтуурсан үедээ, бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр довтолсон үйлдлийг таслан зогсоох гэсэн Б.Энхтөрийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хуульд нийцүүлэн гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох шаардлагатай.