Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0220/З |
Дугаар | 221/МА2018/0544 |
Огноо | 2018-10-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2018/0544
2018 оны 10 сарын 17 өдөр |
Дугаар 221/МА2018/0544 |
Улаанбаатар хот |
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Н.Э, гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Д.Ш, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч Ц.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Э” ХХК-ийн захирал Д.Ш давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Хариуцагч Байгаль орчин, аялал жуучлалын сайдаас маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох, эрх олгох тухай” А/290 дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг биелүүлж гаргасан захиргааны акт юм.
Харин анх маргаан бүхий актаар хүчингүй болсон 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц гарч гаргах, давхцал apилrax тухай” А/225 дугаар тушаал нь мөн л Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг биелүүлж гарсан байсан.
Гэтэл А/225 дугаар тушаал нь гуравдагч этгээд “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бодит байдалд биелэгдэх боломжгүй, үр нөлөөтэй байх зарчимд нийцээгүй захиргааны акт байсан тул гуравдагч этгээдээс хууль бус захиргааны акт гаргасан албан тушаалтны үйлдлийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандсаныг тус байгууллага хүлээн авч, ашиг сонирхлын зөрчилтэй болохыг тогтоож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц гарч гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаалыг хууль, тогтоомжид нийцсэн эсэхийг шалгуулахаар хүргүүлсэн байдаг.
Ийнхүү хариуцагчаас 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц гарч гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаалыг хууль зөрчсөн болохыг тогтоож, тухайн захиргааны акт хууль бус бол захиргааны байгууллага өөрөө хүчингүй болгох эрх, хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Иймээс нэхэмжлэгчийн хууль ёсны гэж маргаж буй 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц гарч гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаал нь хууль бус болохыг эрх бүхий байгууллага болон тухайн актыг гаргасан захиргааны байгууллага хууль бус болохыг тогтоож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийг биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох, эрх олгох тухай” А/290 дугаар тушаалыг гаргасан. Иймээс маргаан бүхий А/290 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж заасан үндэслэлээр захиргааны байгууллагаас захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байхаар хуульд тусгагдсан байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрийн дагуу дахин захиргааны акт гаргах тухай болоод захиргааны актын агуулгын тухай шүүхийн шийдвэрийг гардаж авахад мэдсэн тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т “Дараах тохиолдолд энэ хуулийн 40.4-т заасан шаардлага хамаарахгүй”, 40 дүгээр зүйлийн 40.5.2 дахь хэсэгт заасан хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол” гэж заасантай нийцэж байх тул анхан шүүхийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй гэх дүгнэлт үндэслэлгүй болно.
2.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 0024 дүгээр шийдвэрт “...“Э” ХХК-д газар олгохдоо “Э” ХХК-ийн газартай давхцуулж газар олгосон байна. “Эзэнт” ХХК нь газрын төлбөр төлж байсан тул газрын эрхийг шууд хүчингүй болгох боломжгүй тул талуудын эрхийг хангаад хэн алины нь эрхийг хөндөхгүйгээр захиргааны акт гаргахыг даалгаж” шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхээс нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын газар ашиглах эрхийн талаар дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх “Э” ХХК-д 3 га газар ашиглах эрхтэй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй төдийгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай зөрчилдөж байгааг анхаарч үзсэнгүй. Тэрчлэн дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох” гэж заасны дагуу газрын хэмжээг тогтоох эрх хэмжээг хариуцагчид хуулиар олгосон байхад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан хууль ёсны захиргааны актыг шүүх үндэслэлгүйгээр захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд шууд байдлаар нөлөөлж, хэдэн га олгох тухай зааж байгаа нь төрийн эрх мэдэл хувиарлах онолыг зөрчөөд зогсохгүй, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс нөлөөлсөн үйлдэл болох юм. Шүүх газар олгодог байгууллага биш бөгөөд холбогдох захиргааны байгууллагад хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхэд халдсан шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
3.Шүүхийн шийдвэрт “...гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй, ашиглах эрхийг хөндөх үндэслэл тогтоогдоогүй байхад захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах хуульд заасан журмыг зөрчин, хуульд нийцээгүй актыг гарган нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул...” гэжээ.
Гэтэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар ашиглах эрхийг хөндөх үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад шүүхийн үзэж буйгаар захиргааны акт гаргах ёсгүй гэж үзвэл маргаан бүхий актаар хүчингүй болсон 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар шийдвэр мөн л гарах ёсгүй.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байхад тухайн маргаан бүхий актыг газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй буюу захиргааны актын илт хууль бус байх шинжид хамаарах нөхцөлөөр тайлбарлаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн шийдвэр байна.
4.Анхан шатны шүүх “...хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Орц, гарц гаргах, давхцал арилгах тухай” А/225 дугаар тушаалыг гаргасан атлаа, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн А/290 дүгээр тушаалыг дахин гаргасныг зөвтгөх боломжгүй, нэгэнт шүүхийн шийдвэрийг биелүүлээд гаргасан акт байхад дахин акт гаргаж үүнийгээ “хэн нэгнийх нь эрхийг зөрчихгүйгээр дахин акт гаргах” тухай шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй...” гэжээ.
Гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргасан нь хууль зөрчсөн байх тул хуулиар олгогдсон захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа шийдвэр, үйл ажиллагаагаа хүчингүй болгон зөвтгөж, хуульд нийцүүлэн гаргасан үйлдлийг шүүхээс буруутгаж, шүүхийн шийдвэрийг биелүүлж гаргаж байгаа бол хууль зөрчсөн байх эсэх нь хамаагүй, ганцхан удаа л акт гаргах ёстой гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүхээс энэ мэтээр хууль зөрчиж гаргасан захиргааны актыг захиргаа өөрөө хүчингүй болгож, хуульд нийцсэн захиргааны акт гаргаж байгааг буруутгаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс ноцтойгоор, бүдүүлгээр зөрчихийг захиргаанд үүрэг болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна.
5.Нэхэмжлэгч “Э” ХХК-иас нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлохдоо маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох шаардлага буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” заасан шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандсан байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн буюу шүүх хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ баримтлах хуулийн заалтыг баримтлаагүй байгаа нь маргаан бүхий захиргааны актын үйлчлэл хэрхэх нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг үүсгэсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлүүд дээрх байдлаар тогтоогдоно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, маргаан бүхий тушаалыг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэв.
Сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалын үндэслэл болсон Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 24 дүгээр шийдвэрт “...нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газар ашиглах эрхийг хэн хэнийх нь эрх, ашгийг зөрчихгүйгээр, өөрөөр хэлбэл тухайн аманд нь газрын давхцлыг арилгах байдлаар дахин шийдвэрлэх бүрэн боломжтой...” гэж дүгнэн одоогийн нэхэмжлэгч “Э” ХХК-д анх 3 га газрыг шилжүүлэн олгосон Сайдын 2011 оны А-491, гуравдагч этгээд “Э” ХХК-д 2.0 га газар олгосон 2007 оны 242 дугаар тушаалын тус компанид холбогдох хэсгийн “Э” ХХК-ийн ашиглах газартай давхцал бүхий хэсгийг тус тус дахин шинээр захиргааны акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.
Гэтэл дээрх тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын амны хязгаарлалтын бүсэд “Э” ХХК-д 2.84 га, “Э” ХХК-д 1.36 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь хэлбэрийн хувьд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн мэт боловч агуулгын хувьд “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 3.0 газрыг багасгах байдлаар “Э” ХХК-ийн 2.0 га газрын хэмжээг 2.84 га болгон нэмэгдүүлснээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан дээрх дүгнэлттэй зөрчилдсөн, мөн ийнхүү багасгаснаараа нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцээгүй байна.
“Э” ХХК-ийн давж заалдах гомдолд дурдсанчлан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт “...“Э” ХХК-д газар олгохдоо “Э” ХХК-ийн газартай давхцуулсан…” гэсэн дүгнэлт огт хийгдээгүй, харин “…2000-2009 оныг хүртэлх хугацаанд “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2.0 га газрын талбайн солбицол тодорхойгүй байсан талаар, мөн энэ тохиолдолд иргэн Д.Ц 2005 онд 3.0 га газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгосныг буруутгах үндэслэлгүй болохыг тус тус дүгнэснээс гадна газрын давхцлын тухайд “…2011 онд Д.Ц “Э” ХХК-д 3.0 га газрыг шилжүүлэн ашиглуулахаар шийдвэрлэх үед давхцалтай болохыг мэдэх бүрэн боломжтой, өөрөөр хэлбэл энэ үед давхцлыг арилгах боломж хариуцагчид бүрэн байжээ…” гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүсэлтийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 959 дүгээр албан бичгээр хүргүүлсэн саналд “…газрын давхцлыг арилгаж, эргэлтийн 4 цэг бүхий нийт 2.1 га газрыг “Э” ХХК-д ашиглуулах эрх олгох боломжтой” гэж үзсэн боловч энэхүү саналыг тушаалд хэлбэрийн төдий үндэслэл болгожээ.
Учир нь саналд “Э” ХХК-д олгох газрын хэмжээг 2.1 га гэж тусгасан байхад тушаалд 2.84 га болгон нэмэгдүүлсэн, мөн байршлыг 1 газарт байхаар тусгасан байхад бодит байдалд 2 тусдаа буюу жалганы баруун талд хуучнаар нь 0.68 га /анхнаасаа тохижилт хийгдсэн хэсэг/, маргаан бүхий зүүн талд 2.16 га байхаар шийдвэрлэсэн байна.
Анхнаасаа “Э” ХХК Залаатын аманд 2.0 га газар ашиглах эрхтэй байсан талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалд тодорхой дүгнэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу энэ талаар дахин нотлох шаардлагагүй.
Гэвч газрын давхцал үүсгэхгүйгээр жалганы зүүн талд “Э” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд үүнийг хязгаарлах эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй төдийгүй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ч хязгаарлаагүй, харин ийнхүү олгох тохиолдолд одоогийн нэхэмжлэгч “Э” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхаар дахин захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад түүнд нийцүүлэлгүйгээр гаргасан тушаалыг хууль ёсны гэж үзэх боломжгүй.
Маргаан бүхий тушаалын 1 дэх заалтаар хүчингүй болгосон 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаал нь анх шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, газрын давхцлыг арилгах зорилгоор гарсан байх бөгөөд уг тушаалын хавсралтын 2-т зааснаар эргэлтийн 5 цэг бүхий 1 байршилд нийт 2.0 га газрыг “Э” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн ч энэхүү тушаалыг эс зөвшөөрч тус компаниас Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасантай холбоотойгоор одоогийн тушаал гарсан болохыг хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрдөг.
Тус газрын 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн “Гомдол шилжүүлэх тухай” 05/8782 дугаар албан бичигт “…газар ашиглах эрх эхэлж үүссэн “Э” ХХК-ийн эрх, ашгийг зөрчиж шийдвэрлэсэн…” гэх агуулга тусгагдсан, мөн 2000 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн тухайд 2.0 га газрын байршлыг жалганы зүүн бус баруун талд байхаар солбицлыг тогтоосон нь газрын үр өгөөж, байршлын хувьд ашиггүй байхыг үгүйсгэхгүй, Авлигатай тэмцэх газрын дээрх шаардлага ч энэ хүрээнд гарсан байх магадлалтай.
Иймд эдгээр нөхцөл байдлыг дахин нягтлан үзэж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ашиглах эрх бүхий 3 га газрын хэмжээг багасгахгүйгээр дахин шинээр захиргааны акт гаргах нь зүйтэй бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд дахин акт гаргаагүй тохиолдолд одоогийн маргаан бүхий тушаал хүчингүй болж, ингэснээрээ уг тушаалаар хүчингүй болгосон тушаалуудын холбогдох хэсгийн үйлчлэл сэргэснээр Сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/225 дугаар тушаалын дагуу Залаатын амны жалганы зүүн талд нэхэмжлэгч “Э” ХХК 3.0 га, баруун талд гуравдагч этгээд “Э” ХХК 2 га газрыг тус тус ашиглах үр дагаварт хүргэх болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2018/0482 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн А/290 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол Сайдын дээрх тушаал хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж тус тус өөрчилсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН