Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 75

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “II” дугаар танхимд нээлттэй хийж, иргэн Н.Э ын гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Засгийн  газраас олгох мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г г овогт Н ийн Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаартай тушаалаар Завхан аймгийн Шилүүстэй суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажилласан ба үргэлжлүүлэн Завхан аймгийн Нөмрөг суманд хэсгийн төлөөлөгч, Тэс сумын Цагдаагийн хэсэгт мөрдөн байцаагчаар тус, тус шилжин томилогдож 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл буюу аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил 4 сар цагдаагийн алба хаагчаар ажилласан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт:

“Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутамд олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэсэн, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох тухай тогтоолын 11 дүгээр зүйлд: “Энэ журмын 8,9 дүгээр зүйлд заасан судалгаа, баримт бичгийг Цагдаагийн төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажилласан хугацааг тооцон мөнгөн урамшил олгох шийдвэр гаргуулах саналаа Цагдаагийн төв байгууллагын даргад

уламжлан шийдвэрлүүлнэ” гэсэн заалтуудын дагуу миний бие нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа буюу аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажилласан хугацаагаа гүйцээгээд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тэтгэмжид хамруулах талаар хүсэлтээ Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Э ын нэр дээр гаргаж, тухайн үед ажиллаж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Ч оор цохолт хийлгүүлэн, бичиг хэргийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Б.Г ээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнд тавиулж, хүргүүлсэн.

Уг хүсэлтийн дагуу асуудал шийдэгдэхгүй, ямар нэгэн хариу ирэхгүй болохоор нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр мөн хүсэлтээ дахин гаргаж, бичиг хэргийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Б.Г ээр Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнд тавиулж, Завхан аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсэн.

Уг хүсэлтийн дагуу мөн л асуудал шийдэгдээгүй ба ямар нэгэн хариу ирээгүй.

Ингээд миний бие нь 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон Цагдаагийн алба хаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Тавдугаар тойргийн Тахарын албаны Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр албанаас чөлөөлөгдөж, гэр бүлийн хамт Япон улсад 2 жилийн хугацаатай түр оршин суухаар явсан юм.

2015 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсаас хамт Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б.Б утсаар холбогдож “...Завхан аймгийн цагдаагийн газрын хүний нөөцийн ажилтан Ж.Ц нь над руу утсаар холбогдлоо. Одоо мөнгөн урамшил олгох материал явуулах гэж байна. Мөнгөн урамшил олгож өгнө үү гэсэн хүсэлтийг бид хоёрыг хамт дахиж бичээд яаралтай явуул гэж хэллээ” гэж хэлсэн. Тухайн үед миний бие Б.Б өөс “өмнө явуулсан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар асууж мэдэв үү? Ямар шийдвэр гарсан талаар асууж мэдэв үү” гэж асуухад Б.Б би Ж.Ц гаас:

“Урьд өмнө цагдаад ажиллаж байх хугацаандаа бид нар хүсэлтүүд явуулж байсан, тэр хүсэлтүүд яасан юм бэ?” гэж асуухад Ж.Ц: “Би харин хаана хийснээ олохгүй байна, сая манай байгууллага дээр Цагдаагийн ерөнхий газраас шалгалт ирсэн, шалгалтад бэлдэж материал цэгцэлж шатаасан, тэрэнтэй шатаачихсан юм шиг байна, дахиад өнөөдрөөр хүсэлт бичээд явуулчих” гэсэн хариу өгсөн гэж байсан юм. Тэгэхээр нь би 2015 оны 04 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Э ын нэр дээр мөнгөн урамшуулалд хамруулж өгөх хүсэлтээ дахин Япон улсаас явуулсан болно.

Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Япон улсаас Монгол улсад ирсний дараа буюу 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Б.Б надад “Чамайг цагдаад ажиллаж байх үедээ мөнгөн урамшилд хамрагдах талаар хүсэлт гаргаж байгаагүй” гэх үндэслэлээр мөнгөн урамшилд хамруулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн ЦЕГ-ын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Ө гийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26/3368 дугаартай албан бичиг ирсэн байгаа ба Завхан аймгийн цагдаагийн газрын хүний нөөцийн ажилтан Ж.Ц нь чиний 2014.06.05, 2014.09.25-ны өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг удирдлагадаа танилцуулж, материал бүрдүүлж, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлээгүй, өөртөө дарагдуулж, хариуцлагагүй хандсаны улмаас асуудал ийнхүү шийдэгдсэн байна” гэж хэлснээр уг асуудлын талаар өөрийн гэсэн ойлголттой болж, холбогдох мэдээллийг авсан.

Миний тухайд Цагдаагийн албанд ажиллаж байхдаа, Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах нөхцөл болзолыг хангамагцаа хүсэлтээ холбогдох албан тушаалтанд нь удаа дараа гаргасаар байхад тухайн байгууллагын албан бичиг хэргийг уламжлан хүргэх, материал бүрдүүлэх эрх бүхий алба хаагч болох Ж.Ц нь өөр дээрээ дарагдуулж хугацаа алдсанаар цагдаагийн алба хаагч Н.Э би Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан төрөөс олгох ёстой байсан мөнгөн урамшуулалд хамрагдах ёстой цаг хугацаандаа хамрагдаж чадаагүй байна. Уг асуудлын талаар Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын албаны холбогдох албан тушаалтнаас тухайн үед болсон үйл явдлыг тал бүрээс нь шалгаж тогтоолгүйгээр, намайг “Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүсэлтээ гаргаагүй учир одоо урамшуулалд хамруулах боломжгүй” гэсэн шийдвэр гаргасан байгаа нь хуульд нийцэхгүй шийдвэр гарсан байна гэж өөрийн зүгээс үзэхээр байна.  Миний бие ЦЕГ-ын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Ө гийн гаргасан шийдвэрийг дээд шатны даргад нь хүсэлт гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж байж захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах ёстой гэж бодоод 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Ч хандан урамшуулалд хамруулах талаар хүсэлт хүргүүлсэн боловч дахин ЦЕГ-ын хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Ө гийн гарын үсэгтэй, мөнгөн урамшилд хамрагдах боломжгүй тухай 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 26/4464 дугаартай албан бичгийг Б.Б т ирүүлсэн байсныг 2015 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хүлээн авч танилцлаа.

Н.Э би Цагдагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлагыг бүрэн хангаж, энэ тухайгаа хуулинд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтанд Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүсэлтээ бичгээр гаргаж байсан ба өөрөөс шалтгаалахгүйгээр бусдын хайхрамжгүй, үл тоосон санаатай, санамсаргүй нь тодорхойгүй, буруутай үйлдлийн улмаас уг мөнгөн урамшилд хамрагдах боломжгүй гэх нөхцөл, байдал үүссэн байна.

Гэтэл дээд шатны байгууллага нь дээрх нөхцөл, байдлыг тал бүрээс нь үнэн, зөв тогтоолгүйгээр намайг “Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа хүсэлт гаргаагүй байна” гэсэн үндэслэлээр мөнгөн урамшилд хамруулахаас татгалзсан шийдвэр гаргасан байх миний зүгээс дээрх албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хуульд нийцэж гаргасан шийдвэр гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир танай шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр хандаж байна.

Иймд Цагдаагийн Ерөнхий Газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-Ө гийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 26/3368 дугаартай “Н.Э ын мөнгөн урамшуулалд хамруулах асуудлыг шийдвэрлэх боломжгүй” талаархи албан тоотыг хүчингүй болгож, Н.Э намайг засгийн газраас олгох мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Э ын Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Н.Э Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2009 оны 05 дугаар сараас Завхан аймаг дахь цагдаагийн газрын Шилүүстэй сумын хэсгийн төлөөлөгчөөр, 2012 оны 04 дүгээр сараас мөн газрын Тэс сум дахь сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад Тахарын албанд өөрийн хүсэлтээр шилжин ажиллах болсон тул 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өдрөөс цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна.

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т “аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох”-оор заасан.

Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох хуулийн дээрх заалт нь 1994 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуульд байгаагүй баталгаа юм.

Завхан аймаг дахь цагдаагийн газраас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 36/1-192 албан бичгээр тус цагдаагийн газрын аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа алба хаагчдын судалгааг хурлын тэмдэглэл, холбогдох материалын хамт Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлсэн. Тус албан бичгээр нэхэмжлэгч Н.Э ын материал ирсэн бөгөөд өмнө нь түүнд мөнгөн урамшил олгуулах санал, хүсэлтийг Завхан аймаг дахь цагдаагийн газраас ирүүлж байгаагүй. 

Урамшуулал олгох алба хаагчдын материалыг судлахад Н.Э нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байсан тул түүний материалыг Завхан аймаг дахь цагдаагийн газарт буцаан хүргүүлсэн.

Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 6 дахь хэсэгт “цагдаагийн алба хаагч нь мөнгөн урамшил авах хүсэлтээ тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу албан тушаалтанд бичгээр гаргана” гэж заасан.

Мөн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2-т заасан урамшлыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 буюу түүнээс дээш сарын хугацаагаар ажиллаж байгаа

цагдаагийн алба хаагчид нэг удаа 2014 онд олгох бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа хугацаа нь 60 сар хүрээгүй цагдаагийн алба хаагчид урьд тасралтгүй ажилласан жилийг оруулан тооцож 2015 оноос эхлэн олгоно.” гэж заажээ.

Үүнээс үзэхэд Цагдаагийн албаны тухай хуулийн 39.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшлыг зөвхөн цагдаагийн албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч Н.Э ыг цагдаагийн албанд ажиллаж байх хугацаанд мөнгөн урамшил олгуулах саналыг Цагдаагийн ерөнхий газарт ирүүлээгүй байна.

Иймд Н.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Н.Э нь “Завхан аймгийн Шилүүстэй, Нөмрөг, Тэс суманд цагдаагийн алба хаагчаар 5 жил 4 сар тасралтгүй ажилласан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан мөнгөн урамшилд хамрагдах ёстой, мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч татгалзсан хариу өгсөн” гэж үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Засгийн  газраас олгох мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “мөнгөн урамшлыг зөвхөн цагдаагийн албанд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид олгох зохицуулалттай” гэж мэтгэлцсэн болно.

Шүүх Н.Э ын нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэргийн оролцогч болон төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг аймгийн төвөөс бусад сумдад 60 сараас дээш хугацаагаар ажилласан болон Н.Э ыг мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтийг гаргаж байсан эсэх үйл баримтын талаар маргаагүй болно.

Анх нэхэмжлэгч Н.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар тушаалаар Завхан аймгийн Шилүүстэй сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд улмаар Нөмрөг суманд хэсгийн төлөөлөгч, Тэс суманд мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байжээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар Н.Энхбаярыг тахарын албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан цагдаагийн албанаас чөлөөлсөн бөгөөд тэрбээр цагдаагийн албанд нийт 5 жил 4 сар ажилласан байна.

Нэхэмжлэгч Н.Э нь аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 60 сар ажилласан тул 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшилд хамрагдах хүсэлтээ Завхан аймгийн Цагдаагийн газраар дамжуулан гаргаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Харин Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.-Ө 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаар  албан бичгээр “... Н.Э нарт мөнгөн урамшил олгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна...” гэж мэдэгджээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг таван жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална”,  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам”-ын 2 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч аймгийн төвөөс бусад нэг буюу хэд хэдэн суманд тасралтгүй 60 сар ажилласан бол таван жил тутамд нэг удаа мөнгөн урамшуулал авах эрхтэй” гэж тус тус зохицуулсныг хариуцагч буруугаар тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна гэж шүүхээс дүгнэлээ. 

Тодруулбал, Засгийн газрын 2014 оны 86 дугаар тогтоолын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар болон энэ цаг хугацаанаас хойш аймгийн төвөөс бусад сумдад 60 сар тасралтгүй ажилласан цагдаагийн алба хаагч 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшилд хамрагдах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Н.Э нь цагдаагийн албанд ажиллаж байх хугацаандаа журамд заасан болзлыг бүрэн хангасан байна. 

Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цагдаагийн албаны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцөлийг дордуулахгүй байх арга хэмжээг Засгийн газар авна”,  “Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох” журам”-ын 5 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад сумд томилогдон тасралтгүй 60 сар ажилласан боловч 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өөр албан тушаалд шилжсэн, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон эсхүл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон боловч эргэн ажиллаж байгаа, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан цагдаагийн алба хаагчид энэ журамд заасан мөнгөн урамшлыг олгохгүй” гэж заасан нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө цагдаагийн албанаас халагдаж, чөлөөлөгдсөн иргэдэд хамаарах заалт тул энэхүү зохицуулалт нэхэмжлэгчид үйлчлэхгүй болно. 

Иймд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгээр Н.Э т мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, мөнгөн урамшилд хамруулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2б/3368 дугаартай албан бичгээр Н.Э т мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Н.Э г аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид үзүүлэх мөнгөн урамшилд хамруулахыг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ