Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00479

 

Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05759 дүгээр шийдвэр,           

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 408 дугаар магадлалтай,

Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нарын нэхэмжлэлтэй,

С.Дэлгэр, С.Ганбат нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны өмчлөгчөөр  тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Одонгуа, Б.Анар, өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Одонгуа, Б.Анар, өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагч С.Дэлгэр, өмгөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Одонгуа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр С.Ганбат нь "Сайхан булган” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий инженерээр ажиллаж байх хугацаандаа орон сууцны 01/2011-05-05 тоот гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 60 айлын орон сууцны 12 давхрын “А” байр буюу 70 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 6 жилийн хугацаатай төлбөрийг цалингаасаа сар бүр 1.108.000 төгрөгийг суутгуулахаар тохиролцон захиалж байрны нэг м.кв-ын үнэ нь 1.200.000 төгрөгөөр тооцсоноос гадна хугацаа дуусахаас өмнө ажлаас гарвал байрны 1 м.кв-ын үнийг 1.600.000 төгрөгөөр тооцож төлөхөөр харилцан тохиролцсон. С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т заасны дагуу цалингаасаа суутгуулан 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 29.916.000 төгрөг, 2012 онд 4.626.908 төгрөг, нийт 34.542.908 төгрөгийг төлсөн. “Сайхан булган” ХХК-иас С.Ганбат нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гарах тухай өргөдөл өгч, “Хас дөл” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 05/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн компанид ажилд орохдоо “Сайхан булган” ХХК-д төлөх байрны үлдэгдэл төлбөр болох 50.000.000 төгрөгийг Жаргалсайхан захирлаас авч дүү С.Дэлгэрээр тушаалгаж байсныг би мэднэ. Энэ талаар гэрч Амгаланбаатар, Энхбат нарын мэдүүлэг, Жаргалсайхан захирлын тодорхойлолтоор нотлогдоно. Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Дилавхутагт Жамсранжавын гудамж 34А дугаар байр, 58 тоотын 70 метр квадрат орон сууцыг нөхөр С.Ганбат нь “Сайхан булган” ХХК, “Хас дөл” ХХК-д ерөнхий инженерээр тус тус ажиллаж байх хугацаандаа цалингаасаа харилцан тохиролцож төлбөрийг төлсөн бөгөөд одоо уг байранд Д.Одонгуа, хүү Ганбатын Алтанзул, Батсүхийн Анар, Ганбатын Мандах нарын хамт 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл амьдарч байна. Уг орон сууцыг 85.200.000 төгрөгөөр худалдаж авсан. С.Дэлгэрээс нэг төгрөг ч гараагүй ба энэ хаягт оршин суудаггүй. Харин С.Дэлгэр нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг бий болгоогүй мөртлөө Эрхийн улсын бүртгэлийн газраас өмчлөх эрхийн Ү-2205018797 дугаарт бүртгүүлж гэрчилгээг 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр авсан байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр С.Ганбат, Д.Одонгуа нарын гэрлэлтийг цуцалсан байдаг бөгөөд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар хэн аль нь шаардлага гаргаагүй байдаг. Иймд С.Ганбат, Д.Одонгуа нарын 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд гэрлэлтийн баталгаатай хамтын амьдралтай байх хугацаанд С.Ганбатын “Сайхан булган” ХХК-тай байгуулсан 01/2011-05-05 тоот гэрээний дагуу захиалгаар бариулсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн болохыг тогтоож, С.Дэлгэрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, одоо энэ байранд амьдарч байгаа Д.Одонгуа, Г.Алтанзул, Г.Мандах, Б.Анар нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-д ерөнхий инженерээр ажиллаж байхдаа тус компанитай орон сууц захиалгын 01/2011-05-05 тоот гэрээгээр Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоотын 3 өрөө 70 м.кв орон сууцыг 85 200 000 төгрөгөөр захиалан сар бүрийн цалингаасаа 1 108 000 төгрөгийг төлж 2011 онд 29 916 000 төгрөг, 2012 онд 4 626 908 төгрөг, нийт 34 542 908 төгрөгийг төлсөн. Мөн “Хас дөл” ХХК-ийн захирал Жаргалсайханаас тус компанид ажиллаж байхдаа 50 000 000 төгрөгийг зээлж дээрх байрны үлдэгдэл төлбөр болох 50 000 000 төгрөгийг дүү С.Дэлгэрээр өгүүлж байсныг гэрч Жаргалсайхан, гэрч Амгаланбаатар нар мэдүүлдэг. Нэхэмжлэгч Д.Одонгуатай С.Ганбат нь 2001 оноос нэг гэрт амьдарч байгаад 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж, 2088 дугаартай гэрчилгээг авч байсан. С.Ганбатын нэхэмжлэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2015/05445 дугаар шийдвэрээр С.Ганбат, Д.Одонгуа нарын гэрлэлтийг цуцалсан байдаг. Гэтэл хариуцагч С.Ганбат нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэрлэгчдийн орлогоор шинээр бий болсон хөрөнгөөр Орон сууцны 01/2011-05-05 тоот гэрээг байгуулсан атлаа хариуцагч С.Дэлгэрт дур мэдэн шилжүүлсэн байдаг бөгөөд эрх шилжүүлж авсан С.Дэлгэр өөрийн нэрээр “Сайхан булган” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан байна. Иймд хууль зөрчин хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу С.Дэлгэрийн “Сайхан булган” ХХК-тай байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан С.Дэлгэрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоотын 3 өрөө 70 м.кв орон сууцыг надад хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр дээрх орон сууцыг “Сайхан булган” ХХК-тай гэрээ хийж төлбөрийг цалингаасаа суутгуулж байсан нь үнэн боловч уг байр С.Дэлгэрийн өмчлөлийн орон сууц. Д.Одонгуатай гэрлэхэд тэрээр 2 дагавар хүүхэдтэй байсан ба бидний дундаас 2003 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүү Мандах төрсөн. Үүнээс гадна миний урд эхнэрийн 1 хүү, 2 охин байдаг. Миний бие өөрийн төрсөн дүү С.Дэлгэрээс мөнгө төгрөг авч өөрсдийн өмнөх эхнэрээс төрсөн хүүхдүүдэд өгч туслалцаа үзүүлдэг байсан. Энэ хугацаанд би дүү С.Дэлгэрээс 40 гаруй сая төгрөг зээлсэн. Мөн миний бие хүүхдүүддээ туслах, өөрийн хэрэгцээнд зориулж 50 гаруй сая төгрөгийг “Хас дөл” ХХК-иас зээлж авсан. Би “Хас дөл” ХХК-д ажилд шилжихийн өмнө байрны үлдэгдэл зөрүүг С.Дэлгэрээр төлүүлсэн тул гэрчилгээ түүний нэр дээр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Дэлгэр шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг би өөрийн мөнгөөр худалдан авсан тул уг орон сууц нь нэхэмжлэгч нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Орон сууц захиалан бариулах гэрээ нь яагаад С.Дэлгэр гэдэг хүний нэр дээр шилжив гэж асуугаад байх шиг байна. 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр би хамгийн анхны орон сууц захиалан бариулах, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. С.Ганбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Захиалгын гэрээг хамгийн анх надтай хийсэн. Би “Сайхан булган” ХХК-ийн захиралтай очиж уулзаад “...С.Ганбат гэдэг хүний нэр дээр орон сууц захиалан байгуулах гэрээ байна уу. Хэрвээ байгаа бол гэрээгээ хүчингүй болго” гэсэн. Гэтэл захирал нь С.Ганбаттай байгуулсан ямар нэгэн гэрээ байхгүй. Энэ байр одоо “Сайхан булган” ХХК-ийн нэр дээр байгаа. Хэрвээ 50 000 000 төгрөг чинь танд байгаа бол одоо гэрээгээ хийж болно гэсэн. Энэ байранд өнөөдрийг хүртэл Д.Одонгуа хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа гэдэг үндэслэлээр өөрсдийн байр гэж үзэж болохгүй. Би 2012 онд байрных нь тавилгыг Эрээн хотоос ахтайгаа хамт яваад гэрийг нь тохижуулан өгч байсан. Ахыгаа салаад ирлээ гээд би энэ хүмүүсийг тэр байрнаас хөөгөөгүй. Хэдий миний өөрийн байр ч гэсэн би өөрөө түрээсийн байранд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Дэлгэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Би Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Сайхан булган” ХХК-иас худалдан авсан. Уг байранд миний төрсөн ах С.Ганбат болон түүний салсан эхнэр хүүхдүүд огт хамааралгүй. С.Ганбат нь өөрийн гэсэн орон сууцгүй байсан тул түүний эхнэр хүүхдийн хамт амьдрахыг зөвшөөрсөн байсан. С.Ганбат нь 2015 оны 01 дүгээр сараас хойш уг байранд амьдраагүй, одоо цаашид уг байранд Д.Одонгуа болон түүний хүүхдүүдийг амьдруулах боломжгүй тул нэхэмжлэгч нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 34А дугаар байр, 58 тоот орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 34А байрны 58 тоотоос албадан гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн байрыг тухайн үедээ нөхөр болох С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулж, сар бүрийн цалингаасаа байрны төлбөрүүдийг хийж байсан. Мөн “Хас дөл” ХХК-иас авсан цалингаасаа 50 000 000 төгрөгийн тооцоог хийж дуусгасан ба С.Дэлгэрт хамааралгүй байр. “Сайхан булган” ХХК-тай ямарч эрх зүйн бичиг баримт хийлгүйгээр гэрээг хийж манай гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05759 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн  тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Дилав Хутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоотын 70 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Одонгуа /РД: ХВ62080801/, Г.Алтанзул /РД: УХ92072411/, Б.Анар /РД: УХ94043030/, Г.Мандах /РД: УО03290351/, хариуцагч С.Дэлгэр /РД: ЧЗ71041607/ нарыг тогтоож, зохих бүртгэлд өөрчлөлт хийхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох”, “С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагыг, нэхэмжлэгч нарт холбогдох “Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар болон Г.Мандах нарыг Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 724.300 төгрөгийг, хариуцагч С.Дэлгэрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 408 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/05759 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууц өмчлөгчөөр Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нарыг тогтоолгох тухай, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч С.Дэлгэр, “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нарын хууль бус эзэмшлээс хариуцагч С.Дэлгэрийн Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 34А дугаар байр, 58 тоот орон сууцыг чөлөөлсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...140 500 төгрөг...” гэснийг “...70 200 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Д.Одонгуагийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 583.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч С.Дэлгэрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Одонгуа, өмгөөлөгч Б.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 408 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Магадлалын хянавал хэсэгт “хариуцагч С.Ганбат нь маргаан бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 01/2011-05-05 дугаартай “ Орон сууцыг захиалах “гэрээг байгуулж “Сайхан булган” ХХК нь ерөнхий инженер С.Ганбатын цалингаас 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 34.542.908 төгрөгийг суутган авсан байдаг. Хариупагч С.Ганбат нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Сайхан булган” ХХК-аас гарах өргөдөл өгч, “Хас дөл” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 05/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан тухайн компанид ажилд орохдоо Сайхан булган компанид төлөх байрны үлдэгдэл төлбөр 50 сая төгрөгийг Жаргалсайхан захирлаас зээлж авч төрсөн дүү С.Дэлгэрээр өгүүлж байсныг нэхэмжлэгч Д.Одонгуа мэдүүлдэг ба гэрч Б.Энхбат, “Сайхан булган” ХХК болон “Хас дөл” ХХК-уудын хариуцагч С.Ганбатын цалингаас суутгал хийж байсан баримтуудаар тогтоогддог.

Нэхэмжлэгч Д.Одонгуа хариуцагч С.Ганбат нар нь 2001 оноос хойш нэг гэрт амьдарч байгаад 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулж 2088 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээг авч байсан С.Ганбатын нэхэмжлэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/05445 дугаартай шийдвэрээр С.Ганбат, Д.Одонгуа нарын гэрлэлт цуцлагдсан.

Маргаан бүхий орон сууцны үнэд төлсөн 85.200.000 төгрөг нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойшхи хугацаанд бий болсон, ... өмчлөх, эсхүл зөвхөн эзэмших, ашиглах эрх нь гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн эд юмс, оюуны үнэт зүйлс, эрхийг гэж үзэхээр байгаа юм.

Хариуцагч С.Ганбат нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэрлэгчдийн орлогоор шинээр бий болсон хөрөнгөөр Орон сууцны 01/2011-05-05 тоот гэрээг байгуулсан атлаа хариуцагч С.Дэлгэрт дур мэдэн ямарч эрх зүйн баримт гэрээгүйгээр шилжүүлж байгаа нь хамтран өмчлөх дундын хөрөнгийг нуух, гувчуулах зорилготой байсан гэж үзэж байна.

Орон сууцтай холбоотой бүх төлбөрийг С.Ганбат, Д.Одонгуа нар нь баталгаатай гэр бүл байхдаа төлж байсан нь төлбөр хийгдэж байсан баримтуудаас тодорхой харагдана. Магадлалд тухайн орон сууц захиалгын гэрээг 2013 оны 6 дугаар сарын 01-нд цуцалсан мэт дүгнэжээ. Хэрэгт байгаа нотлох баримтуудаас Орон сууц захиалгын гэрээг албан ёсоор цуцалсан баримт байдаггүй юм.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/Ш32015/18552 дугаартай шүүгчийн захирамжаар 50 сая төгрөгийн орлогын эх үүсвэрээ нотлох баримтаар гаргаж өгөхийг даалгасан захирамж гарсан боловч үүнтэй холбоотой ямарч ажиллагаа хийгдээгүй, захирамжийн заалт хангагдаагүй байхад маргаан бүхий орон сууцыг С.Дэлгэрийн өмч гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг зөрчсөн. Мөн ИХШХШТХ-ийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан Шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болохоор заасаар байтал хариуцагч С.Дэлгэр шүүгчийн захирамжийг биелүүлэлгүй хууль зөрчиж байхад анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж чадсангүйд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэж гарах ёстой байтал орлогын эх үүсвэрээ нотолж чадаагүй хариуцагч С.Дэлгэрийн өмч гэж үзсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хариуцагч С.Ганбат болон нэхэмжлэгч нарын хамтран амьдрах хугацаанд уг орон сууцны үнэд хариуцагч С Ганбатаас төлсөн 34.542.908 төгрөгийн хэмжээнд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Одонгуа түүний хүүхдүүд болох Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нар нь дээрх орон сууцыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу өмч гэж үзэх атлаа С.Дэлгэрийг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энд ганц гэрлэлт цуцлагдаж байгаа эхнэр нөхрийн асуудал биш гэр бүлийн бусад гишүүдийн эрх өөрөөр хэлбэл Д.Одонгуагийн хүүхдүүд болох Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нарын өмчлөх эрх зөрчигдөж байна. Г.Алтанзул, Б.Анар нар нь Д.Одонгуагийн дагавар хүүхдүүд ч гэсэн төрсөн хүүхдийн адил эрх эдлэх ёстойг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Анар, өмгөөлөгч Б.Энхтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/759 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 408 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172 1 172 2.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд

1. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаж буй өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа дээрх маргаан бүхий орон сууц нь хариуцагч С.Ганбатын гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Д.Одонгуа, С.Ганбат нар нь гэр бүлийн хамтын амьдралтай байхад хариуцагч С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-тай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ, С.Ганбат, Д.Одонгуа нарын гэр бүлийг цуцалсан 102/ШШ2015/05445 дугаар шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон. Мөн магадлалд Хариуцагч С.Дэлгэр уг маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлснөөр “Сайхан булган” ХХК үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгч...” гэсэн байгаа нь давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэхэд хүргэж байна. Хариуцагч С.Дэлгэр 50.000.000 төгрөгийн эх үүсвэрээ нотолж чадаагүй. “Сайхан булган” ХХК ямар учраас С.Ганбаттай байгуулсан гэрээгээ цуцлаагүй байж С Дэлгэртэй “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан талаар хариуцагч нар тайлбарлаж, нотолж чадаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг авалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэх нөхцөл гэрээний тал болох С.Дэлгэрийн хувьд үүсээгүй бөгөөд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зүйтэй” гэжээ. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг, эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар зохицуулсан зохицуулалт байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн зохицуулалт мэтээр тайлбарлан хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хариуцагч С.Дэлгэрийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах эрх нь нээлттэй байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг зөвхөн С.Ганбатын цалингаар төлүүлчхээд өөрөө өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авсан байдал харагддаг. Хариуцагч нар хоорондоо үгсэн тохирч гэрлэлт цуцлуулахаас өмнө гэрлэснээс хойш бий болсон "Орон сууц захиалан бариулах гэрээ”-г С.Дэлгэрийн нэр дээр шилжүүлэн улмаар тэр гэрээг үндэслэн С.Дэлгэр нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байдаг.

Иймд хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/759 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 408 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ХЯНАВАЛ

            Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах нар нь хариуцагч С.Дэлгэр, С.Ганбат нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, 34А дугаар байр, 58 тоот орон сууцны  өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248669 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох, С.Дэлгэр болон “Сайхан булган” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа “...орон сууц гэр бүлийн дундын өмч биш” гэсэн тайлбар гаргаж маргасан ба хариуцагч С.Дэлгэр “...орон сууцыг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Одонгуа, хариуцагч С.Ганбат нар 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн,  хүү Г.Мандах 2003 онд төрсөн ба гэрлэгчид 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтээ цуцлуулсан ба энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч С.Ганбат нь “Сайхан булган” ХХК-д ажиллаж байхдаа 2011 оны 5 дугаар сарын 5-ний өдөр тус компанитай Орон сууцны гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороонд баригдах, 60 айлын орон сууцны 12 давхрын 66.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авч, үнэ 79.800.000 төгрөгийг 6 жилийн хугацаанд цалингаасаа суутгуулан төлөхөөр тохирч улмаар 2013 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүртэл хугацаанд 34.542.908 төгрөг төлсөн ба 2013 оны 6 сарын 1-ний өдрөөс “Хас дөл” ХХК-д зөвлөх инженерээр ажиллах болжээ.  

С.Дэлгэр нь “Сайхан булган” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 3-ний өдөр гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6-р хороо, 10 дугаар хороолол, 34/А байрны 58 тоотын 70 м.кв талбай бүхий 85.200.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөн өдөр 50.657.092 төгрөг төлсөн ба улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн нь тогтоогджээ /хэргийн 1 дүгээр хавтас 145-150 дугаар тал/.  

Дээрх 2 гэрээг С.Ганбат, С.Дэлгэр нар байгуулсан, гэрээнд заасан байрны талбай, үнэ нь өөр өөр боловч энэ нь 1 байр болох талаар талууд маргаагүй, харин уг байр Д.Одонгуа, С.Ганбат нарын гэр бүлийн гишүүдийн дундын өмч мөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Одонгуа, Г.Алтанзул, Б.Анар, Г.Мандах,  хариуцагч С.Дэлгэр нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах ба мөн зүйлийн 126.2.1, 126.2.2-т зааснаар гэрлэгчдийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, уг хөрөнгөөр олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь мөн зүйлийн 126.2.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байдаг.

Гэрлэгчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар харилцан бие биедээ шаардлага гаргасан тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт нэхэмжлэлийн үндэслэл болно. Тодруулбал, маргааны зүйл болох орон сууц хариуцагч С.Ганбатын өмчлөлд бүртгэлтэй тохиолдолд нэхэмжлэгч нар нь түүний нэр дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхтэй.

Харин  тухайн орон сууц бусдын тухайлбал хариуцагч С.Дэлгэрийн өмчлөлд бүртгэлтэй тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн дээрх зохицуулалт гэр бүлийн гишүүн бус этгээдэд хамааралгүй юм.

Хариуцагч С.Дэлгэр маргааны зүйл болох орон сууцыг С.Ганбат,  Д.Одонгуа нарыг гэр бүл байх хугацаанд бусдаас худалдан авч үнийг төлж улмаар улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах талаар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан ба мөн зүйлийн 128.2., 128.3.-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ёстой бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

Дээрх зохицуулалтаас үзвэл, гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг зөвхөн уг гишүүн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн тохиолдолд авах бөгөөд гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлд бүртгүүлэхээр гэрлэгчид болон гэр бүлийн бусад гишүүд хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4.-т зааснаар бие биенээсээ шаардах эрхтэй, харин  эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй болно.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох” ба мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх талаар заасан. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзнэ.

С.Дэлгэр нь “Сайхан булган” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, энэ тохиолдолд уг гэрээг зохих этгээдийн тодруулбал нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 128, 106 дугаар зүйлийн дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож, зарим шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагад нийцжээ.

Хариуцагч С.Ганбат нь Д.Одонгуатай гэр бүл байх хугацаанд дээрх орон сууцны үнэд 34.542.908 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул энэ хэмжээг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч С.Ганбатыг гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгийг өөрөөр хэлбэл цалин хөлсөө дур мэдэн зарцуулсан гэж үзвэл өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4.-т зааснаар шаардах эрхтэй, энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой дурджээ.

 Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах” талаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 408 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Анар, Д.Одонгуа, өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гомдлыг хангахгүй орхисугай.          

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 3-ний өдөр  төлсөн 583.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ