Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 336

 

“Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын

улсын байцаагч Х.М, Я.Н нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:           Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:              Г.Банзрагч

                               Х.Батсүрэн

                               Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:    М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,

Нэхэмжлэлийн шаардлага: “...татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах”,

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-ыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь заалтыг баримтлан Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.М, Я.Н нарт холбогдох “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий “Х с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дүгээр магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Х с” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У  гомдолдоо: “...Би Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дүгээр магадлалаар миний гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

4. Ийнхүү шийдвэрлэхдээ захиргааны эрх зүйн маргаанд зөвхөн 30 хоног гэсэн хугацаа үйлчилдэг, дээд шатны байгууллага, албан тушаалтан гэх хуулийн ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэт явцуу болсон байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Өмнөх хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэж тухайн заалтыг буруу тайлбарласан нь магадлалын гол алдаа болсон. Учир нь, энэ заалтад “Шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй” гэж заасан бөгөөд иргэн Б.Батлхагвын гаргасан гомдлыг шийдвэрлэж буй татварын Маргаан таслах зөвлөл нь маргаан бүхий акт гаргасан татварын байцаагч нарын эсхүл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дээд шатны байгууллага эсхүл албан тушаалтан нь биш юм.

5. Тодруулбал, маргаан болох үед буюу 2014 онд мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Татварын алба нь татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, сумын татварын тасаг, татварын улсын байцаагчаас бүрдэнэ” гэж татварын албан бүтцийг хуульчилсан байсан. Харин дээрх хуульд заасан бүтцэд “татварын Маргаан таслах зөвлөл” гэсэн үг үсэг байхгүй байхад тухайн зөвлөлийг шууд дээд шатны байгууллага, албан тушаалтан гэж үзсэн нь үндэслэлгүй. Тиймээс манай маргааны хөөн хэлэлцэх хугацаанд 2002 онд мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт хэрэглэгдэхгүй, харин тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт хэрэглэгдэх юм.

6. Дээрх заалтын дагуу гаргасан шийдвэрийг нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн тул тэр даруй Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл явц хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүйг харуулж байна. Түүнчлэн “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа”, “захиргааны актыг мэдэгдэх” зохицуулалтууд өмнөх /2002 оны хуульд/ байхгүй тул 2016 оны хуулийг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль/ хэрэглэхээс өөр аргагүй. Учир нь, нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн цаг хугацаанаас өмнөх болон хойно үйлчилж буй эрх зүйг ялгамжтай авч үзэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрх зүй, хуулийн эх сурвалж байвал түүнийг заавал хэрэглэх, шийдвэр гаргахдаа ашиглах зарчим үйлчлэх ёстой гэж би харж байна. Дээрх зарчмаар хуулийг тайлбарлан хэрэглэвэл, маргаан бүхий захиргааны акт хүчингүй юм.

7. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмаар мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэсний дагуу “Х с” ХХК-д Маргаан таслах зөвлөл шийдвэрээ мэдэгдээгүй буюу маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр болоогүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг илэрхийлж байна. Түүнчлэн өнөөдрийг хүртэл татварын Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хуульд зааснаар “Х с” ХХК-д мэдэгдээгүй нь татварын Маргаан таслах зөвлөлөөс шийдвэр гарч, улмаар маргаан бүхий захиргааны акт хүчин төгөлдөр болсон, улмаар тухайн актыг үндэслэн “Х с” ХХК-д холбогдуулан шаардлага гаргах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

8. Иймд, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 381 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх “...Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолыг “Х с” ХХК-д мэдэгдсэн болон гардуулсан талаар хариуцагчаас баримтжуулаагүй учир түүнд уг тогтоолыг мэдэгдэж гардуулсан гэж үзэх боломжгүй, ...шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн; давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

10. Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.М, Я.Н нар нь “Х с” ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 170009118 дугаар актаар нийт 11,281,274 төгрөгийн зөрчилд 1,475,627.5 төгрөгийн төлбөр ногдуулсан; нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “...актаар тогтоосон төлбөрийг төлж чадахгүй, харин татварт төлөх ёстой 1,200.0 төгрөгийг ...доод тал нь 3-6 сарын дотор төлөх” талаар гомдол хүсэлтийг гаргасан; тус Маргаан таслах зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “...татвар төлөгчийг удаа дараа дуудаж шаардлагатай материал гаргаж өгөхийг хүссэн боловч ирээгүй нь гомдлыг дахин магадлан хянаж, шийдвэрлэх боломжгүй болгосон, ...актаар тогтоосон төлбөр нь холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоогдсон” гэсэн үндэслэлээр тухайн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

11. Маргаан таслах зөвлөл нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан учир мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан ажиллагаа хийгдсэн гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацааг тоолох учиртай.

12. Өөрөөр хэлбэл, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “...аймаг, нийслэлийн татварын албаны дэргэд татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх эрх бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллах бөгөөд уг зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газар батална” гэж зааснаар Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргааныг хянах тусгайлан эрх олгогдсон, иймээс уг зөвлөлийг дээд шатны байгууллагатай адилтган үзэх тул “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Татварын маргаан таслах зөвлөл нь маргаан бүхий акт гаргасан татварын байцаагч нарын эсхүл Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн дээд шатны байгууллага эсхүл албан тушаалтан нь биш...” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.  

13. Түүнчлэн, нэхэмжлэгч “Х с” ХХК-ийн захирал Б.Б нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Татварын хэлтэст өөрийн биеэр очиж, компанийн татварын өрийн талаарх мэдэгдэх хуудсыг хүлээн авснаар татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг мэдсэн болох нь тогтоогдсон; маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан хугацааг мөн хэтрүүлсэн гэж үзнэ.

14. Иймээс “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа, захиргааны актыг мэдэгдэх зохицуулалтууд өмнөх 2002 оны хуульд байхгүй тул 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхээс өөр аргагүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үгүйсгэгдэнэ.

15. Дээрх үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.