Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 766

 

 

 

 

 

 

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

            Улсын яллагч Ц.Ариунтуяа,

            Хохирогч Ц.Х, 

            Шүүгдэгч А.Ба, А.Бо, тэдгээрийн өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бо, А.Ба нарт холбогдох 1808005370406 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ба нь А.Бо-тай бүлэглэж 2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 00т тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Хтой маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, самардаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

   Шүүгдэгч А.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 00 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Хтой маргалдаж улмаар А.Бтай бүлэглэж Ц.Хийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч А.Ба, А.Бо нар бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 00 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ц.Хг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

- иргэн Ц.Хоос Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-4-5/

            - хохирогч Ц.Хийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Бо гэрт ороод хүүхдийнхээ юмыг авахгүй хөшиг авах гээд байхаар нь чи болохгүй, энэ айлд тавилгатай нь түрээслүүлсэн юм чинь хөшиг авч болохгүй гэхэд А.Бо нь чи битгий солиор, чамд ямар хамаатай юм, чи юу юм бэ гээд учир зүггүй үснээс зулгайж нүүрэн тус газар луу 4-5 удаа самардсан, хажуунаас А.Ба гэдэг дүү нь баруун талын гуяны хэсэг рүү өшиглөсөн. Тэр айлын хүмүүс салгасан...А.Ба намайг заамдаж аваад чи муу юу вэ, муу пизда гээд зогсож байхад А.Бо ирээд нүүр лүү хэд хэдэн удаа самардсан, үснээс зулгаагаад тэр хоёр ээлжлээд хоёулаа дээрээс нүдээд цохиод байсан. Айлын хүмүүс салгах гээд  дийлэхгүй байсан. Ба арай гэж салгатал А.Бо намайг цохиж зодоод л байсан...А.Ба хүмүүсийн дундуур үсэрч ирээд хамар луу баруун гараараа 2 удаа цохисон. Айлын залуу Ба түлхээд авч гарсан,А.Бо өөр нэг залуу аваад гарсан...зүүн нүдний салстын өнгөц шарх, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамрын зүүн сүвний доод зулгарал гэмтлийг А.Бо учруулсан. Хамарт цус хуралт гэмтлийг А.Ба гэдэг нь учруулсан. Эд нарт зодуулснаас болж миний үүдэн шүд эмтэрч унасан... гэх мэдүүлэг /хх-20-21/

- гэрч Н.М мөрдөн байцаалтад өгсөн:..2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21...орой 17 цаг өнгөрч байхад эхнэр А.Бо нь дүү бэрээ дагуулаад шууд орж ирээд хөшиг чүлээ тайлаад эхэлсэн. Х та нарт энэ гэрээс авах юм байхгүй гэхэд А.Бо тэгвэл чиний юм гэж юу байгаа юм гээд Х зүүн гараараа нэг удаа цохиход Х өөдөөс нь түлхтэл А.Ба нь эгчдээ доогуур нь өшиглө, үст гэж хэлэнгээ өөрөө Х толгойн хэсэгт 1 удаа гараараа цохисон, дахин зааж өгөөд Х зодуулаад байсан, би А.Бо А.Ба хоёрын голд зогсоод Х хамгаалах гэж оролдсон...Хийн хамраас цус гарсан, нүүрний энд тэнд эрүү уруул орчим маажиж урагдсан шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-23-24/,

- гэрч Ц.Х мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 21-ний орой “би гаднаас яваад орох үед А.Бо манай эгчийг үсдээд дарчихсан, дүү А.Ба нь зодооныг дөвийлгөөд эгчийгээ дээгүүр нь үст самард, доогуур нь өшиглө” гээд орилж байснаа дээгүүр нь давж үсрээд манай эгчийг цохиод байсан.  Эгч Хийн хамраас цус гарсан, үс нь сэгсийсэн байдалтай байсан... гэх мэдүүлэг /хх-26-27/,             

- гэрч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед бөөн зодоон шуугиан болох үед өрөөнөөсөө гараад очиход А.Бо нь Х гэх эгчийг нүүр амыг нь маажиж цус гаргачихсан хоёр биенээ үсдсэн байдалтай бие биенээ цохих гээд дайралцсан байхаар нь би очиж салгасан. Эрэгтэй дүү нь эгчийгээ наадхыгаа дээгүүр нь цохь доогуур нь ч цохь, өшиглө гээд доргиогоод зодооны хоорондуур нь орж цохих гээд байсан....гэх мэдүүлэг /хх-31/

- гэрч Э.Х мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед А.Ба нь эгчдээ одоо наадхаа доогуур нь өшиглө, дээгүүр үст, доогуураа ажилла гэж хэлэнгээ өөрөө Хийн толгойн хэсэгт нэг удаа гараараа цохисон...Хийн уруулын дээрээс цус гарсан нүүрний энд тэнд, эрүү уруул орчим маажиж урагдсан шархтай байсан...гэх мэдүүлэг /хх-38-39/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1836 дугаартай:...Ц.Хийн биед зүүн нүдний салстын өнгөц шарх, дух зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамар, хамрын зүүн сүвний доор зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-47/,

- шүүгдэгч А.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Манай нөхөр Хү нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12 цаг өнгөрч байхад над руу залгаад би байраа түрээслүүллээ...чи ирж новшоо ав, би байраа түрээслүүлчихлээ, айл нь ирж байна гэсэн...дүү А.Ба, бэр О нарт хэлээд Хү ах чинь байраа түрээслүүлээд архи уучихсан, охин уйлаад байна ханьтай яваадах гэж хэлээд хамт дагуулж явсан, зарим эд зүйлсээ авсан...Маргааш нь очиж үлдэгдэл юмаа авах гэтэл түрээслэж суугаа хүмүүсийн ээж нь бололтой нэг хэл амтай авгай биднийг оруулахгүй гээд маргаан үүссэн...Нөгөө эгч цагдаа дууд гээд цагдаа ирээд мөн хадам эгч Х, Х нар ирсэн. Цагдаад хүртэл би наад хүн чинь удаа дараа архи ууж байна, өгөх газар нь өгнө өө гэж хэлээд, би хүүхдийнхээ юмыг авна гээд дээшээ гэр лүүгээ ороход эгч Х нь дагаж ороод хайрцагтай юман дотор хүүхдийн тоглоом, хөшиг байтал наана чинь юу байгаа юм гэхээр нь “чиний юм юу байгаа юм” гэхэд учир зүггүй өөрөө эхлээд шилбэ орчим өшиглөсөн. Би “чи надад юу авч өгсөн юм” гэхэд дахин үснээс зулгаах гэхээр нь зөрүүлээд би зулгаах үед түүний хамар маажигдсан. Тэнд байгаа түрээслэж байгаа хүү нь биднийг салгасан. Манай дүү А.Ба орж ирж таараад бид хоёрын цохилцооныг хараад болж муу авгайг сайн цохь, хохино гээд хэлээд хайрцагтай юм аваад гарсан. Тэрнээс түүнийг цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-137-138/,

- шүүгдэгч А.Ба гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 01 дүгээр сарын 21-нд...үлдэгдэл хувцсаа авахаар очиход байранд сууж байгаа хүмүүс оруулахгүй байсан, удалгүй хадам эгч нь ирээд хэрүүл маргаан үүсгээд А.

Бо эгчийг Х үсдэж аваад доош дарж муу барилгын янхан, гуйлгачин, чи юутай ирсэн юм гээд зодохоор нь Б эгч биеэ хамгаалж өөдөөс нь зулгаацалдсан,  би салгахаар дундуур нь ортол айлын залуу намайг татаад коридорт гаргасан. Коридорт зогсоод амаараа эгчээ та хүнд дээрэлхүүлж байна, шууд үсдээд өшиглө гэж хэлсэн нь үнэн...гэх мэдүүлэг /хх-141-142/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч А.Б, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч“...бүлэглэн хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх боловч гэрч Н.М, Э.Х, Э.Б, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Б нь гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь тогтоогдож байх тул тухайн гэмт хэрэгт бүлэглэсэн гэж үзнэ.  

Хохирогч Ц.Х нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн хохиролд нийт баримтаар 701.900 төгрөг нэхэмжилсэн /хх-115-116/ байх ба шүүгдэгч нар нь 160.000 төгрөг төлсөн /шүүхийн хэлэлцүүлэгт/, үлдэх 541.900 төгрөгийг нотлох баримтын хүрээнд хангаж, хохирол төлөх хугацааг 3 сараар тогтоов.  

Мөн хохирогч Ц.Х нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял, харин шүүгдэгч А.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өсвөр насны хүүхэдтэй зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.          

Бусад асуудал  

Тус хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээ, хязгаарын хүрээнд хянан шийдвэрлэсэн буюу Ц.Х хэрхэн хохирсонтой холбоотой асуудлыг огт хөндөөгүй, гэхдээ тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн эсэх нь ойлгомжгүй байгааг анхаарахыг тэмдэглэж байна.      

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч А.Б, А.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч А.Бг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Б, А.Б нараас нийт 541.900 төгрөгийг 3 сарын хугацаанд хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Хд олгосугай.  

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Ц.Х нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Б, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР