| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1306/Э |
| Дугаар | 1349 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 1349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч-д холбогдох эрүүгийн 1806063451441 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Ч.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54-16 айлын тоотод өөрийн албан ёсны эхнэр С.Есөнжилийг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч С.Есөнжилийн: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим над руу нөхөр залгаад гэртээ хоол аваад ирээрэй, би гэртээ байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа тараад гэртээ харих замдаа нэг таньдаг хүнтэйгээ таараад нэг нэг пиво уугаад ярьж суусаар байгаад оройтсон. Тэр хооронд нөхөр залгаад би утсаа аваад “чи гараад юм аваад идчих” гэж хэлээд дахин залгахад нь би утсаа аваагүй. Тэгээд сууж байгаад 00 цагийн орчим гэртээ яваад ороход нөхөр гэртээ ганцаараа охин ажилдаа явчихсан байсан. Ирж байна гэчихээд утсаа авахгүй юм хэнтэй байсан юм, би өлсөж үхлээ гээд хоолны хэрүүл хийсэн. Чи ер нь сүүлийн үед оройтож байна, цаанаа хүнтэй болчихсон юм уу гэхээр нь би “чи харин оройтоод байгаа, чи хүнтэй болчихсон юм уу” гээд хэлтэл над руу дайраад толгой руу гараараа 2-3 удаа цохиод авсан. Тэгээд би архи уулаа гээд гараад явсан. Унтаж байсан чинь үүрээр 04 цагийн орчим нилээн халамцуу 2 пиво барьчихсан орж ирсэн. Би орондоо унтаж байсан чинь намайг босгоод “хоёулаа ярилцъя чи яах гээд байгаа юм” гэхээр нь би “өр ширтэй дээр нь чи архи уугаад хардаж сэрдээд байхаар надад хэцүү байна, чи ямар надад нэмэр болж байгаа биш” гэхэд “чиний тэр өр чинь надад хамаагүй, чи намайг элэг барилаа, өөрөө өрөндөө орчихоод намайг оруулсан юм шиг надад хэцүү байна, чи ер нь хэнтэй байсан тэрийгээ хэл” гээд хоёр пивоо хавсрахад 1 шилтэй пиво нь хагартал гартаа үлдсэн хагархай шилээ бариад “хоёулаа үхье би өөрөө үхлээ” гээд өөрийгөө зүсэх гээд байхаар нь би уг шилийг нь холдуулах гээд нилээн ноцолдсон. Тэр үед миний зүүн гарын бугалга зүсэгдсэн байсан. Цус гараад алчуураар дараад нилээн тогтоосон. Тэгтэл миний хоолойг гараараа боогоод шилтэй гараа далайгаад “би чамайг ална хоёулаа үхье” гэхээр нь би шил барьсан гарнаас нь бариад тайвшруулахын тулд “миний буруу, дахин мөнгө төгрөгний асуудал ярихаа больё” гэхэд нилээн удаан ноцолдож байгаад тайвширсан. Би угаалгын өрөөнөөс гараад хаалга руу очиход онгорхой байхаар нь хөл нүцгэн гараад гүйсэн. Гадаа коридорт байхад барьж аваад намайг гэрт оруулаад би дахин гарч ирэхэд коридорт намайг явуулахгүй гэж зууралдаад би нуруугаараа унаад хөлөөрөө нөхрийгөө тийрч өөрөөсөө холдуулаад гарч зугтаасан. Такси бариад гэмтлийн эмнэлэг яваад зүүн гарын бугалган дээр 4 оёдол тавиулсан. Гэмтэл дотор байдаг гэр бүл хүчирхийллийн эсрэг төвд хандах уу гэхээр нь хандъя гэж хэлээд тэндээс 102 дугаар руу залгаад нөхрөө баривчлуулсан. Тэгээд би цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж гомдол гаргаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд маргааш нь нөхрийг гаргана гэхээр нь өөрийн хүсэлтээр түр хамгаалах байранд 28-ны өдрөөс хойш 6 хоног байсан. Өөрийн хүсэлтээр гарсан.
...Бид хоёр суугаад 12 жил болж байна. Гэр бүлийн баталгаатай, нэг охинтой. ...Эмчилгээний төлбөр болон хамт байхдаа авсан банкны зээл, такси баазаас зээлээр авсан машины зээл би төлөлцөж байсан төлбөр, хүүтэй мөнгө хувь хүнээс авсан төлбөрүүдээ нийт энэ хүнээс 15 сая төгрөгөө нэхэмжилж авна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Одончимэгийн: “...Би ажил хийж байсан учир тэр шөнө байгаагүй. Өглөө ажлаасаа ирээд гэртээ ороход аав гэртээ ганцаараа уйлж байсан. Би ээж рүү залгаад гэмтлийн эмнэлэг дээр хувцсыг нь аваад очсон. Гэрт бол зодоон хэрүүл болсон шинжгүй цэвэрхэн байсан. Ээжийн үс арзайчихсан, зүүн нүд нь улайчихсан, зүүн гарын булчин хэсэгтээ боолт хийлгэсэн байсан. Би өмдийг нь сольж өгөхөд ээжийн хөл нь энд тэндээ хөхөрсөн, дух нь хавдсан байсан. Хөл нь эвгүй байгаа бололтой эвгүй алхаж байсан. Гэрээс хөл нүцгэн гарсан бололтой гуталгүй байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,
Мөрдөн байцаалтанд Д.Чын яллагдагчаар /гэрчээр/: “...2017 оны 07 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим би эхнэр рүүгээ залгаад “хаана байна хайр аа би очиж явна хоол байна уу” гэхэд “би бэлэн юм аваад орох уу” гэхээр нь би бууз авчих гэсэн. Тэгээд би гэртээ ороход эхнэр ирээгүй байсан түүнээс хойш утсаа авахаа болисон. Тэгтэл шөнө 02 цаг 30 минутанд орж ирээд угаалгын өрөөнд ваннд усанд ороод хэвтчихсэн. Хэнтэй уусан юм гэхэд ганцаараа уусан гэж хэлсэн. Арай ч ганцаараа уугаагүй байх аа “үнэнээ хэл” гэхэд ганцаараа гэж байна гэхээр нь би “за за гараад хоол идье” гэж хэлээд охины цалин байсан түүнээс 100.000 төгрөг аваад гэрийн ойролцоо байсан баар руу ороод 3 шил пиво 100 грамм виски уугаад 2 шил пиво аваад гэр рүү орсон. Эхнэр унтаж байхаар нь би 2 пивоо тавих гэж байгаад нэгийг нь унагаад хагалтал эхнэр босч ирээд намайг араас тэврээд авсан. Тэр үед нь би гарт барьсан хагархай шилээрээ эхнэрийн зүүн бугалга орчим зүссэн, санаатай зүсье гэж бодоогүй. Эхнэр араас “хайр аа” гээд тэврээд авах явцад зүссэн. Тэгээд ариун цэврийн өрөөнд ороод гарных нь цусыг угааж байтал эхнэр намайг заамдаад “чи одоо намайг аллаа юу” гэхээр нь би нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. Тэгтэл гэрээс хашхичаад гараад гүйсэн. Би архи ууж ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Миний 100 хувь буруу...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №9170 тоот:
1. С.Есөнжилийн биед зүүн бугалганд шарх, хүзүү, дух, баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-27/,
Шүүгдэгч Д.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ч: “Эхнэртэйгээ эвлэрсэн, одоо бидний харилцаа хэвийн байгаа. Хохиролд би 2 сарын цалингаа бүтнээр нь өгсөн” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Чад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ч нь 2018 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54-16 айлын тоотод өөрийн албан ёсны эхнэр С.Есөнжилийг зодож буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтад хохирогч С.Есөнжилийн: “...Унтаж байсан чинь үүрээр 04 цагийн орчим нилээн халамцуу 2 пиво барьчихсан орж ирсэн. Би орондоо унтаж байсан чинь намайг босгоод “хоёулаа ярилцъя чи яах гээд байгаа юм” гэхээр нь би “өр ширтэй дээр нь чи архи уугаад хардаж сэрдээд байхаар надад хэцүү байна, чи ямар надад нэмэр болж байгаа биш” гэхэд “чиний тэр өр чинь надад хамаагүй, чи намайг элэг барилаа, өөрөө өрөндөө орчихоод намайг оруулсан юм шиг надад хэцүү байна, чи ер нь хэнтэй байсан тэрийгээ хэл” гээд хоёр пивоо хавсрахад 1 шилтэй пиво нь хагартал гартаа үлдсэн хагархай шилээ бариад “хоёулаа үхье би өөрөө үхлээ” гээд өөрийгөө зүсэх гээд байхаар нь би уг шилийг нь холдуулах гээд нилээн ноцолдсон. Тэр үед миний зүүн гарын бугалга зүсэгдсэн байсан. Цус гараад алчуураар дараад нилээн тогтоосон. Тэгтэл миний хоолойг гараараа боогоод шилтэй гараа далайгаад “би чамайг ална хоёулаа үхье” гэхээр нь би шил барьсан гарнаас нь бариад тайвшруулахын тулд “миний буруу, дахин мөнгө төгрөгний асуудал ярихаа больё гэхэд нилээн удаан ноцолдож байгаад тайвширсан. Би угаалгын өрөөнөөс гараад хаалга руу очиход онгорхой байхаар нь хөл нүцгэн гараад гүйсэн. Гадаа коридорт байхад барьж аваад намайг гэрт оруулаад би дахин гарч ирэхэд коридорт намайг явуулахгүй гэж зууралдаад, би нуруугаараа унаад хөлөөрөө нөхрийгөө тийрч өөрөөсөө холдуулаад гарч зугтаасан. Такси бариад гэмтлийн эмнэлэг яваад зүүн гарын бугалган дээр 4 оёдол тавиулсан. Гэмтэл дотор байдаг гэр бүл хүчирхийллийн эсрэг төвд “хандах уу” гэхээр нь “хандъя” гэж хэлээд тэндээс 102 дугаар руу залгаад нөхрөө баривчлуулсан. Тэгээд би цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж гомдол гаргаад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд маргааш нь нөхрийг гаргана гэхээр нь өөрийн хүсэлтээр түр хамгаалах байранд 28-ны өдрөөс хойш 6 хоног байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-17-18/,
Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Одончимэгийн: “...Би ажил хийж байсан учир тэр шөнө байгаагүй. Өглөө ажлаасаа ирээд гэртээ ороход аав гэртээ ганцаараа уйлж байсан. Би ээж рүү залгаад гэмтлийн эмнэлэг дээр хувцсыг нь аваад очсон. Гэрт бол зодоон хэрүүл болсон шинжгүй цэвэрхэн байсан. Ээжийн үс арзайчихсан, зүүн нүд нь улайчихсан, зүүн гарын булчин хэсэгтээ боолт хийлгэсэн байсан. Би өмдийг нь сольж өгөхөд ээжийн хөл нь энд тэндээ хөхөрсөн, дух нь хавдсан байсан. Хөл нь эвгүй байгаа бололтой эвгүй алхаж байсан. Гэрээс хөл нүцгэн гарсан бололтой гуталгүй байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22/,
Мөрдөн байцаалтанд Д.Чын яллагдагчаар /гэрчээр/: “...Эхнэр унтаж байхаар нь би 2 пивоо тавих гэж байгаад нэгийг нь унагаад хагалтал эхнэр босч ирээд намайг араас тэврээд авсан. Тэр үед нь би гарт барьсан хагархай шилээрээ эхнэрийн зүүн бугалга орчим зүссэн, санаатай зүсье гэж бодоогүй. Эхнэр араас “хайр аа” гээд тэврээд авах явцад зүссэн. Тэгээд ариун цэврийн өрөөнд ороод гарных нь цусыг угааж байтал эхнэр намайг заамдаад чи одоо намайг аллаа юу гэхээр нь би нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. Тэгтэл гэрээс хашхичаад гараад гүйсэн. Би архи ууж ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Миний 100 хувь буруу...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-37/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №9170 тоот: С.Есөнжилийн биед зүүн бугалганд шарх, хүзүү, дух, баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт /хх-27/ зэрэг болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Д.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Д.Чыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Д.Ч нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч С.Есөнжил гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Д.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806063451441 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Ч-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ч-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Д.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД