| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2019/01724/И |
| Дугаар | 210/МА2019/01978 |
| Огноо | 2019-11-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2019/01978
| 2019 оны 11 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2019/01978 |
Ю.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02049 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ю.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Бад холбогдох, автомашин худалдсан гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Э нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж иргэн Э.Бад өөрийн нэр дээрх 19-60 УНЯ улсын дугаартай суудлын автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдаж өөрийн авга эгч болох Ө.Болорчимэг мөнгийг хүлээн авахаар тохиролцсон. Учир нь Ө.Болорчимэг нь Э.Бын аав С.Энхбаттай найз нөхрийн харьцаатай түүнд тусламж дэмждэг, хэрэгцээтэй үед мөнгө зээлдүүлдэг, буцааж авдаг сайн харьцаатай байсан бөгөөд дүү Ю.Эынхаа нэр дээр шилжүүлсэн байсан автомашиныг С.Энхбатын хүсэлтээр түүний хүү Э.Бад зарсан байдаг. Гэтэл С.Энхбат гэнэт 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд хүү Э.Б авсан машиныхаа мөнгийг төлөхгүй байгаа тул шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжилж байна. Ө.Болорчимэг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э.Бтай уулзаж дээрх автомашины мөнгийг өгөхийг шаардаж, Э.Б зөвшөөрч С.Энхбатын Б.Бөхбат би төлнө гэсэн гарын үсэгтэй бичиг үйлдсэн байдаг. Иймд Э.Бад худалдсан 19-60 УНЯ улсын дугаартай суудлын автомашины үнэ 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн сүүлийн тайлбараараа дахин жич мөнгө нэхэмжилнэ гэж байна. Энэ хүн гэрчийн төлөөлөгч биш. Ю.Эын төлөөлөгч атал гэрчтэй холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргана гэж байна. Ю.Э, Ө.Болорчимэг нарын хооронд хэлцэл хийсэн гэж нэхэмжлэлд бичсэн байгаа нь Ө.Болорчимэгт худалдсан гэж бичсэн зүйл алга. Ө.Болорчимэгт худалдсан гэж нэхэмжлэгч өөрөө үзэж байгаа бол Ө.Болорчимэгээс мөнгөө нэхэмжилж авах эрхтэй. Ю.Э гэх хүнтэй холбоотой худалдах худалдан авах гэрээтэй холбоотой ганц харилцаа байгаа. Өөр харилцаа Ю.Эт байхгүй. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнд төлбөрийг бүрэн барагдуулсан болно гэж бичсэн байдаг. Өмнөх шүүх хуралдаанд ороод хэрэгтэй танилцаад Э.Баас асууж тодруулахад С.Энхбат, Ө.Болорчимэг нарын мөнгө өгч, авч байсан баримт байдаг гэсэн. Банкнаас хуулгыг авах гэтэл банкнаас зөвхөн шүүх шаардсан тохиолдолд хуулгыг гаргаж өгч болно. Мөн өв залгамжлалаар тогтоогдсон бол хуулгыг гаргаж өгч болно гэж хариу өгсөн. Тэгэхээр үүнээс мөнгийг бүрэн төлж дуусгасан гэж нотлогдож байгаа юм. 2014 оны 10, 11 дүгээр сард машины тал мөнгийг төлж авсан. Тэгээд 1 дүгээр сард бүх мөнгийг төлж дуусгаад нэр дээрээ шилжүүлсэн тухай асуудал яригддаг. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөггүй байсан. Сая оны өмнө урьдчилаад машиныг авсан байсан талаар хүлээн зөвшөөрсөн. Машинаа зээлээр өгөөд дараа нь төлбөрийг төлөөгүй байхад бүрэн тооцоо дууссан гэх бичиг хийж өгнө гэсэн ойлголт байхгүй. Тиймээс тухайн үед Ө.Болорчимэг сэтгэцийн хувьд эрүүл учраас гарын үсэг зурахдаа анхааралтай хандсан байх гэж ойлгож байна. Мөнгө өгч авалцах асуудлыг Э.Б, Ө.Болорчимэг нар хоорондоо хийсэн байдаг. С.Энхбат, Ө.Болорчимэг нарын хооронд хийгдсэн гэж байгаа бол С.Энхбат, Ө.Болорчимэгийн дансны хуулгуудыг гаргуулбал энэ талаар тодорхой болох байлгүй. С.Энхбатын дансны хуулгыг гаргуулъя гэж хүсэлт гаргаж чадаагүй. Учир нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулж банкны дансны хуулгыг гаргуулъя гэж бодож байсан. Ө.Болорчимэгийн хувьд хариуцагч байх эсэх асуудал хуулийн зохицуулалтаар явах байх. Гэхдээ Ө.Болорчимэг, Ю.Э нарын хооронд хэлцэл хийгдсэн. Ю.Э, Э.Б хоёрын хооронд худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан болохоос биш мөн чанартаа худалдах худалдан авах үйл ажиллагаанд оролцоогүй. Худалдах худалдан авах ажиллагаанд Ю.Э, Ө.Болорчимэг нар оролцсон. Мөнгө нэхэмжлэх эрх нь хэнд нь байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ. Худалдсан хүнээсээ мөнгөө нэхэмжилж авдаг болохоос биш огт танихгүй хүнээс мөнгө нэхэмжлэх ойлголт байхгүй. Э.Быг Ю.Э огт танихгүй. Энэ машиныг Э.Б Ө.Болорчимэгээс худалдаж авсан гэж ярьдаг. Нэхэмжлэлийн үндэслэл болсон ганц баримт байдаг. Энэ нь талийгаачийг нас барсны дараа 49 хоногийг дуусаагүй байхад Ө.Болорчимэг нь Э.Б руу байнга утсаар ярьж, байгаа газар нь очоод машиных нь урьд очиж машинтайгаа зам хааж зогсож байгаад машин дотроо оруулчихаад гаргахгүй байж байгаад үйлдсэн баримтаа нотлох баримт гэж байгаа. Энэ баримт хуулийн шаардлага хангах баримт мөн эсэх тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Баас автомашины үнэ 8 000 000 төгрөг гаргуулах тухай Ю.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамжны 34 дүгээр байрны 501 тоот хаягтай Шилжээт овогтой Юндэнгийн Эрдэнэбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02049 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсгийн сүүл хэсэгт дүгнэхдээ нэхэмжлэл, маргааны үйл баримт, нотлох баримт,гэрчийн мэдүүлгийг "ойлгомжгүй" гэж дүгнэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн эхэнд хэрэгт байгаа нотлох баримт болон нэхэмжлэлийн талаар дурьдахдаа "нэхэмжлэгч Ю.Э хариуцагч Э.Бад холбогдуулан автомашин худалдсан гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан" болохыг шүүх зөв ойлгож дүгнэсэн байдаг. Мөн "нэхэмжлэгч Ю.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ю.Э, Э.Б нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Э.Бын Ө.Болорчимэгт мөнгө төлөх талаар бичсэн гэрээ хэлцэл байгуулах тухай баримт болон гэрчийн мэдүүлэгт үндэслэсэн гэж тайлбарлаж, 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлиййн шаардлагаа дэмжиж байгаа" талаар дурьдсанаас үзэхэд мөн л зөв ойлголттой зөв дүгнэлт хийснийг хариулж байх юм. Хэрэг маргааны үйл явдал нь дээрх дүгнэлтээс тов тодорхой харагдаж байна. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ю.Э, Э.Б нар автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг 8 сая төгрөгөөр тохирсон, үнийг Э.Б төлөөгүй, Ю.Э аваагүй, ийм учраас гэрээ хийгдсэнээс хойш 6 сарын дараа Э.Б автомашины үнийг төлөөгүй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч төлнө гэдгээ илэрхийлж Ө.Болорчимэг /Ю.Эын авга эгч/-д 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг бүхий баримт үйлдэж өгсөн байдаг. Гэтэл зөв ойлгож, дүгнэж байснаа гэнэт яагаад энэ үйл баримтаас юу нь чухам ойлгомжгүй байна гэж дүгнээд байгааг энэ хэргийг болон шийдвэрийг уншсан хэн боловч ёстой ойлгохооргүй зүйл болсон байна. Гэрч Ө.Болорчимэг шүүхэд мэдүүлэхдээ " дүү Ю.Эаасаа 19-60 УНЯ улсын дугаартай суудлын автомашиныг худалдаж авсан боловч өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан тул уг машиныг цааш нь Э.Бад худалдах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ю.Э, Э.Б хоёр хоорондоо байгуулсан, уг машиныг зарах асуудлыг би зуучилсан, С.Энхбатын /Э.Бын аав, Ө.Болорчимэгийн найз/ 7 зээл, мөнгө авахын тулд/ зээлийн барьцаанд энэ машиныг тавих гэсэн юм төлбөр тооцоо дууссан гэж гэрээнд тусгаад өгөөч" гэсэн хүсэлтийн дагуу "төлбөр тооцоо дууссан" гэж гэрээнд тусгаж өгсөн халаар, тодорхой ойлгомжтой мэдүүлсэн байна. Гэтэл шүүх "худалдах, худалдан авах гэрээ, Э.Бын мөнгө төлнө гэсэн баримтанд дурдсан үйл явдал нь цаг хугацааны хувьд зөрүүтэй" байгаа талаар дүгнэсэн нь ташаа болжээ. Дахин тодруулъя: худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийгдэж үнийг 8 000 000 төгрөгөөр тохирсон, тул үнийг төлөөгүй гэдгээ Э.Б зөвшөөрч 2015 ны 7 дугаар сарын 23-ны өдөр, бичиг үйлдэж гарын үсэг зурсан, өөрөөр хэлбэл гэрээ хийгдснээс хойш 6 сарын дараа мөнгийг нь төлөөгүй байсан гэдэг нь дээрх үйл баримтаас харагдаж байгаа юм биш үү. Худалдах гэрээ нь эхлээд хийгдсэн, дараа нь мөнгийг нь төлнө гэсэн бичиг хийж өгсөн байхад яахаараа цаг хугацааны хувьд зөрүүтэй болчихдог юм бэ? яагаад энэ хоёр нөхцөл байдал хоорондоо хэрхэн холбогдож байгаа нь ойлгомжгүй байгаа юм бэ? Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас дурьдвал "хуульд заасанчлан" нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, баримт бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг тоочиж болохоор байна. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа "автомашины үнэ 8 000 000 төгрөг" гэж тодорхойлсон, гэрч үүнийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ нотолсон, мөн Э.Б автомашины үнийг төлөөгүй гэдгээ, гэрээ хийгдснээс хойш 6 дугаар сарын дараа зөвшөөрч гарын үсэг бүхий баримт үйлдсэн, шүүх хуралдааны тэмдэглэл дээр эдгээр нь бүгд тусгагдсан байна. Энэ үнийн талаар талууд маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч Ө.Болорчимэг "гэрээг нотариатаар батлуулахдаа 8 000 000 төгрөг гэж бичсэн, Ю.Э, Э.Б нарын хоорондын харилцаа" хэмээн өгүүлсэн нь автомашины үнэ дээр 2 тал ямар нэгэн маргаан байхгүйг гэрчилсэн баримт бөгөөд энэ үйл явдлын хувьд Ө.Болорчимэг нь зөвхөн зуучлагч байсан, шүүхийн зөвшөөрснөөр гэрчээр оролцож мэдүүлэг өгч байгаа этгээд гэдгийг ялгаж салгаж дүгнэх ёстой юм. Мөн шүүх хуралдааныг Дараглагч үйл явдал, баримтын талаар Ө.Болорчимэгээс "Энхбатын Э.Б би төлнө гэж бичүүлсэн нь Энхбатыг нас барсаны дараа бичүүлсэн юм уу" гэж тодруулан асуухад "талийгаач 6 дугаар сарын 24-ний өдөр нас барсан, 21 хоногийг нь өнгөрөөгөөд бичүүлсэн" хэмээн хариулсан, дахин Даргалагчаас "автомашин худалдах", худалдан авах гэрээнээс хойш бичүүлсэн юм уу" гэж асуухад "тиймээ, хойш" гэж тов тодорхой хариулжээ. Тэгэхээр Даргалагч өөрөө энэ асуулт, хариултаа ойлгоогүй болж байна. Харин энэ талаар даргалагч хариуцагчийн төлөөлөгчөөс "тооцоо дууссан гэж биччихээд сүүлд нь 7 дугаар сарын 23-ны өдөр энэ мөнгөө төлөгдөөгүй гээд Э.Б яагаад гарын үсэг зурсан юм бэ" гэхэд хариуцагчийн төлөөлөгч "хүчээр зуруулсан, Болорчимэг Энхбат хоёрын хоорондын авалцаж өгөлцсөн асуудлыг бид мэдэхгүй, тооцоо дуусаагүй байсан гэдгийг нотлох баримт байхгүй" гэж хариулсан, Даргалагчаас "Эрдэнэбаярын өмнөөс Болорчимэг нэхэмжлээд байна уу" гэж асуухад хариуцагчийн төлөөлөгч "тухайн үед тооцоо дууссан зэргийг нотлох баримт байхгүй" гэж тус тус хариулжээ. Тэрээр автомашины үнийг төлөөгүй, төлсөн гэдгээ нотлох баримт байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлож, нотлох баримтаа гаргана" гэж заасан. Дээрх хэрэг маргааны шийдвэрлүүлэх явцад, тодоруулбал нэхэмжлэлийн хувийг хариуцагч тал гардан авснаас хойш хариуцагчийн зүгээс хуулийн дээрх заалтын дагуу татгалзлаа нотолсон, нотлох баримт гаргаж өгсөн асуудал хавтаст хэрэг дотор нэг ширхэг ч байхгүй юм. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад мэдүүлэхдээ "мөнгөө төлж байж гэрээ хийгддэг, мөнгөө төлөөгүй байж юу гэж машинаа хүний нэр дээр шилжүүлэх юм бэ" гэхээс өөр зүйл хэлж чаддаггүй бөгөөд гэрээний төлбөрт хэдэн төгрөг төлсөн, хаана хэзээ төлсөн, энэ талаар гэрчлэх этгээд бий эсэх, мөнгө шилжүүлсэн баримт, эсхүл бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, гарын үсэг, ер нь юү ч юм бэ, энэ талаар нотлох ямар нэгэн баримт сэлт, нотолгоо гаргаагүй бөгөөд бодит байдал дээр мөнгөө төлөөгүй учраас татгалзлаа нотлох баримт байхгүй, иймээс нотлох ямар ч боломжгүй юм. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасанчлан нэхэмжлэлиййн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг болон туүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлож чадлаа, харин хариуцагч тал татгалзаж байгаа үндэслэлээ нотлож чадаагүй, нотлох баримт ч байхгүй байна. Харин шүүх хавтаст хзрэгт авагдсан нэхэмжлэх, бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн нотлох баримт зэргийг "цаг хугацааны хувьд зөрүүтэй, хоорондоо хэрхэн холбоодож байгаа нь ойлгомжгүй, үнийн дүн зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар бүрэн нотлоогүй" гэж дүгнэсэн нь хууль зүйн ямар үндэслэлтэй болох нь тодорхойгүй, үйл баримт, бодит байдал, нотлох баримтанд үнэслээгүй дүгнэлт болсон байна. Уг нь шүүх хуралдааны явцад Даргалагч нотлох баримтыг шинжлэн судлаж, зохигч, оролцогч, гэрчээс зөрүүтэй, ойлгомжгүй, тодорхой бус гэсэн зүйлээ дахин тодоруулж, нэмж асууж, дээр дурьдсанчлан эргэлзээгүй бөгөөд тодорхой хариултуудыг аль аль талаас нь авч байсныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байна. Иймээс бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02049 дугаартай шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсэг, тогтоох хэсгийн "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан" гэх хэсгүүдийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд "Худалдах, худалдан авах гэрээ"-ний тухай заалт байгаа. Үүнд "худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө"-ийг худалдан авагчид, "худалдан авагч нь үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр" заасан байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч тал гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй автомашин өгсөн, хүлээн авсан дээр маргаагүй, харин "худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй" гэж маргасан, гэтэл энэ 243 дугаар зүйлийн чухам юуг нь баримтлаад байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа бол дээрх зүйлийн "худалдан авагч хэлэцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй" гэж заасан боловч үүргээ биелүүлээгүй гээд дээрх зүйлийг баримтлах байсан болов уу. Харин Шүүхийн шийдвэрт "нэхэмжлэгч тал шаардлагаа баримтаар бүрэн нотлоогүй" гэж үзсэн байдлаас харвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой байсан юм биш үү. Үүнээс гадна "ТОГТООХ нь" хэсгийн 2 дугаарт "нэхэмжлэгч Э.Б" хэмээн ташаарсныг өөрчлөх ёстой байх. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02049 дугаартай шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ю.Э нь хариуцагч Э.Бад холбогдуулан автомашины үнэ 8 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, автомашины үнийг төлсөн гэж маргажээ. /хэргийн 1, 23 дугаар тал/
Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Ю.Эын эзэмшлийн 19-60 УНЯ улсын дугаартай Тоёота бревис маркийн автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг мөн өдөрт төлөхөөр тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагч Э.Бын аав С.Энхбатаас машины үнэ 9 000 000 төгрөгийг, зээлсэн мөнгийн хамт нийт 12 000 000 төгрөгийг Ө.Болорчимэгт төлөх талаар 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр бичиж өгсөн баримт нь нэхэмжлэгч Ю.Эт дээрх гэрээний дагуу авто машины үнэ төлөх агуулгагүй байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Ө.Болорчимэг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчид автомашины мөнгийг төлсөн талаар мэдүүлжээ. /хэргийн 41-43 дугаар тал/
Түүнчлэн гэрээний 7 дахь заалтад тооцоо дууссан талаар талууд тэмдэглэж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. /хэргийн 5 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/02049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
С.ЭНХТӨР